Monday, September 06, 2010

Zürich, Luzern хотуудаар аялсан нэг өдөр

Өчигдөр буюу 2010-09-04-нд би Швейцарын хамгийн том хот болох Zürich болон Luzern гэдэг хотуудад очоод ирлээ. Тэгээд энэ талаарх тэмдэглэлээ бичиж сууна.
Манай автобус өглөө 8 цагт Freiburg-н KonzertHaus урдаас хөдлөв. Нийт 45 зорчигчтой(2 нь Goethe-Institut-н Zivis бусад нь Goethe-Institut сураглцагч) хөдөлсөн автобус өглөөний 10 цагт Luzern хотод ирэв. Тэнд бид 2 цагийн турш хотоор аялж, дэлгүүр хэсч, зураг авч 12 цагт Zürich хотын зүг явцгаалаа. Харамсалтай нь Zürich хот руу очих замд зам засч байснаас болж түгжрэл үүсч биднийг төлөвлөсөн цагаас 45 минутаар хоцроов. Ингээд бид өдрийн 2 цаг 15 минутанд Zürich хотод ирцгээсэн юм. Zürich хотоор оройн 5 цаг хүртэл дэмий тэнэсний эцэст буцаад Freiburg хот руугаа явцгаалаа. Ингээд Zürich болон Luzern нь миний үзсэн 5 дах болон 6 дахь европын хотууд болов.
Zürich том хот болохоор энд миний зөвхөн нэрийг нь л сонсч байсан алдартай брэндийн дэлгүүрүүд бүгд байна. Мань мэт бол амаа ангайгаад шүлсээ гоожуулаад зогсохоос илүүг хийж чадах биш. Бас тэр Ferrari, Porsche, Kadillac гээд л тэр үнэтэй машинууд чинь хотоор нэг хөлхөлдөж байгаа юм чинь. Тэнд амьдардаг хүмүүс үнэхээр тансаг амьдарч байна даа. Үнэтэй ресторанд хооллоод 500-с дээш евроны үнэтэй брендийн хувцас өмсөөд, алтан цаг зүүгээд, хэдэн сая евроны үнэтэй хаусд амьдраад л. Үнэхээр тансаг. Тэнд шоколадны дэлгүүр зөндөө байсан. Тэнд нэг шоколад 20-30 евроны үнэтэй гээд бод доо. Амсаж үзмээр л байсан ч даанч дэндүү үнэтэй.
Миний одоогоор очиж үзсэн европын бүх хотууд 100-с дээш жил болсон хуучны барилгуудаас гадна орчин үеийн барилгуудаа өдий хүртэл хадгалсаар байгаа нь үнэхээр сайхан санагдсан. Хуучны гудамжууд, барилгууд нь бүх хотод ижил загвартай байгаа нь хэдий өөр хотууд ч гэсэн бүгд түүхийн хувьд хоорондоо холбоотой гэдгийг илтгэнэ.
Хоёр жилийн өмнө өөрийн гэсэн laptop-той болно гэдэг мөрөөдөл байсан ч жилийн өмнө өөрийн гэсэн laptop-той болсон минь бас л нэг баяр хөөр байсан билээ. Миний хувьд ганцхан жилийн өмнө зүгээр л мөрөөдөл байсан зүйлийг Герман орны ард түмний тусламжтайгаар бодит болгосонд тэдэнд үнэхээр баярлахаас аргагүй. Ганцхан жилийн өмнө гадаадад сурна гэдэг зүгээр л мөрөөдөл байсан бол өнөөдөр би 5 тивийн орнуудын оюутан залуустай мөр зэрэгцэн суралцаж байна. Ганцхан жилийн өмнө Парис гэдэг хотод очиж үзнэ гэдэг зөвхөн зүүд л байсан бол өнөөдөр би богинохон ч гэсэн хугацаанд Парис хотыг үзчихсэн байна. Ингээд дараа нь европ тивийг улам ихээр нээж улам их зүйл сурч мэдэн алхам алхамаар амжилтын шатаар дээшээ өгсөж яваа минь ямар их аз жаргал гэдгийг үгээр хэлэхийн аргагүй. Миний амьдралын өмнө энэ том боломжийг нээж өгсөн, намайг дэмждэг бүх хүмүүст талархаад баршгүй.
Гэхдээ бас миний монголын ард түмэн тэр сайхан цэнхэр тэнгэр, уудам тал дээрээ ямар өчүүхэн бас харанхуй амьдарч байна даа гэж бодогдож байсныг нуух юун. Маш олон зүйл дээр тийм бодол төрж байна. Жишээ нь, энд бүх хүмүүс аялдаг. Оюутан сурагчид, хөгшин залуу, баян ядуу гэхгүй бүх европчууд өөрийн бэл бэнчинд тохируулан амралт бүрээрээ аялдаг. Тэд амьдралынхаа зав чөлөөтэй цаг бүрийг ямар нэг өөрийн хийх дуртай зүйлийг хийж, шинэ зүйл мэдэхийн төлөө өнгөрөөдөг. Тэгэхэд бидний монголчуудын хэд нь амралт бүрээрээ аялж чаддаг билээ. Бидэнд чөлөө цагаа өнгөрөөчих газар хичнээн байдаг билээ? Ядаж бидэнд зуныхаа амралтаараа монголынхоо газар нутгаар аялчих боломж хэд гардаг билээ?
Бас өөр нэг зүйл нь монголын тухай мэдээлэл интернэтэд ч тэр ном сонин сэтгүүлээс ч тэр дэндүү ховор олдох юмаа. Энд зүгээр л нэг газрын нэр уул ус юу ч байсан бичээд хайхад мэдээлэл хар түмээрээ олдож байхад монголын тухай хайхад цөөн хэдэн л тоотой сайтууд олдох юм. Яагаад бид гадныхны мэдээллийг орчуулан сайтдаа тавьдаг хирнээ монголынхоо тухай мэдээллийг ийм бага бичиж тавьдаг юм болоо? Бид дэвэн дэлхийн тухай ихийг мэддэгүймаа гэхэд монголынхоо тухай ихийг мэддэг баймаар байна шүү дээ. Жишээ нь, америкийн анхны ерөнхийлөгчийн тухай ч юмуу дунд сургуулийн сурагчаас асуухад лав л олонх нь хэлнэ дээ. Гэтэл монголын анхны ерөнхийлөгч хэн байсныг мэддэггүй дунд сургуулийн сурагч байж л байна. Хүмүүсээ, бид монгол монгол гэж цээжээ балбадаг хирнээ яагаад монголынхоо тухай ийм багыг мэднэ вэ. Саяхан надаас нэг герман хэлний багш монголын хамгийн өндөр уулыг асуухад би хариулж чадаагүй. Би энэ тухай огт мэддэггүйдээ ичсэн. Бид монголын түүх домог, уул усны домог, бөөгийн шашин, морин хуурь, уртын дуу гээд монголын гэсэн тодотголтой бүх зүйлийн талаар бичиж хүмүүст мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн монголоос гадаадад гарсан олон хүмүүс байдаг хирнээ яагаад бусад тэнд очихоор бэлдэж буй нэгэндээ тэнд амьдрал ямар байдаг, юунд анхаарах хэрэгтэй, юу авч явах хэрэгтэй, юу хэрэггүй гээд зөвлөгөө өгдөггүй вэ. Нэтээс аль нэг улсын тухай хотын тухай хайхад цаг агаар, ямар хувцас, юу хэрэгтэй хэрэггүй гээд өчнөөн зөвлөгөө байдаг ч тэр нь монгол хүн монгол хүндээ зөвлөхтэй яаж адил байх билээ. Тэгээд мэдээж тэр мэдээлэл нь англи юмуу ямар нэг гадаад хэл дээр л байдаг. Тийм болохоор гадаадад байгаа хүмүүс тэр орон руу аялалаар, сурахаар аялахаар явж байгаа хүмүүстээ санаа авахаар зүйлүүдийг бичиж байгаасай гэж хүсч байна.
Тийм учраас миний нэгэн адил гадаад орноор тэр тусмаа европ тивд сурахаар ирэх гэж буй оюутан залууст зарим нэг зөвлөгөөг миний зүгээс өгөх хэрэгтэй байх гэж санагдлаа. Энд хоол идэхээс авахуулаад автобус унаа, дэлгүүр, хүмүүсийн зан араншин, соёл иргэншил, цаг агаар, техник технологи гээд маш олон зүйл бидний монгол орноос маш их ялгаатай. Харамсалтай нь бидний олонх нь үүнд ямар ч бэлтгэлгүй ирдэг. Эсвэл зүгээр л энд тэндээс дам сонссон тун бага мэдээлэл, төсөөлөлтэй л ирдэг. Ийм учраас зарим нэг хүмүүст хэрэгтэй гэж бодсон зүйлүүдийнхээ талаар бичиж байхаар шийдлээ.

No comments: