Wednesday, September 15, 2010

Монголч үзэл

Гадаад хүмүүс яагаад монголд аялахаар ирдэг вэ?

Монголчууд ямар нэг азтай хувь зохиолоор бараг хэнд ч дарлагдаж, ямар нэг орны колони болж зовж үзэлгүйгээр амьдарсаар ирсэн азтай ард түмэн юм. Тиймдээ ч өөрийн гэсэн соёл өв уламжлалаа өдийг хүртэл хадгалсаар ирсэн ховорхон завшаантай улс юм. Хэдий Монгол улс Манжийн дарлалд 220 жил болсон хэдий ч бусад орны ард түмнүүд шиг Манжид очиж боолчлогдолгүй өөрийн газар нутаг дээрээ урьдын адил нүүдэлчний амьдралаараа л амьдарч байсан. Монголын ноёдууд ч тэр урьдын адил өөрсдийн янтаг сэнтий дээрээ залардгаараа заларцгааж, тансагладгаараа л тансаглаж байсан билээ. Тиймдээ ч монгол улс тэгтлээ бусад орны дарлалд туйлдан зүдэрсэн удаагүй уудам тал дээрээ уртын дуугаа дуулдгаараа дуулж, адуу малаа хариулдгаараа хариулж, аруул цагаагаа хийдгээрээ хийцгээж, гэр орон эх нутагтаа эрх чөлөөтэй амьдарцгаасаар өдий хүрсэн гэхэд бараг хилсдэхгүй.
Тийм ч учраас олон мянган жилийн өмнөөс эхлэлтэй бидний уламжлал ёс заншил өдийг хүртэл хадгалагдаж, “гэр” орон сууц маань хүртэл огтхон ч өөрчлөгдөөгүйгээр үл барам 21-р зуундаа ч гэсэн (манай дүүгийн хэлдгээр) “бөөрөнхий” цагаан гэртээ амьдарсаар л байгаа билээ. Ингэж уламжлал ёс заншлаа байгаа чигээр нь хадгалагдаж үлдсэн улс орон дэлхий дээр цөөхөн байдаг байх. Ихэнх улс орнууд өөрсдийн ёс заншлаа ямар нэг хэмжээгээр аль нэг улсын колони байснаар эсвэл хүмүүсийн нүүдэл суудал, цагаачлал болон өнөөгийн глобалчлалын үр дүнгээр гээсэн байдаг байхад бидний уламжлал, мухар сүсэг хүртэл бараг л тэр хэвээрээ шахуу үлдсэн байдаг нь гадаадынхны сонирхолыг маш их татдаг юм байна лээ.
Бас нэг сонирхолтой санагддаг зүйл нь монголчууд хэдий цөөхүүлэхнээ ч хаяаг нь дэрлэн оршдог Орос, Хятад гэсэн хоёр том гүрний алиных нь ч соёл иргэншилд усаагүйгээр барахгүй ихэнх жижиг улс орнууд хөрш том гүрнийхээ нөлөөнд орж, их бага хэмжээгээр хэлээр нь ярьдаг байхад монголчууд орос, хятад аль ч хэлээр ярьдаггүй харин өөрсдийн төрөлх хэлээрээ ярьдаг байдал нь. Бидэнд орос хятад бараг англи хэлээр ч тэр ярихаас өөр аргагүй шаардлага бидний өдөр тутмын амьдралд гардаггүй шүү дээ.
Би өмнө нь энэ гадаадууд яагаад монгол гээд нэг ядуу орныг сонирхоод байдгийг гайхаад л байсан чинь учир шалтгаан нь ерөөсөө л энэ байж. Энэ гадаад хүмүүст бол тэнгэр усаа шүтнэ, тахина, байгаль дэлхийнхээ савдаг, эзнийг хооллоно, сүү цацал өргөнө энэ тэр гээд олон зүйл бол байж болохгүй зүйл бөгөөд уул ус агаар тэнгэр эзэнтэй байдаг гэж бидний итгэдэг бөөгийн шашин ч тэдний байгаль дэлхийн тухай үзлээс тэс ондоо байдаг болохоор тэдний сонирхолыг үнэхээр их татдаг бололтой.
Тэгээд би энд ирээд нэг анзаарсан нэг тун сонирхолтой зүйл бол өнөөгийн 21-р зууны соёл иргэншил дунд монголын залуучуудад ч энэ үзэл байдаг юм байна гэж бодогдсон юм. Учир нь гэвэл, монголын бүх төрөл жанрын дуунууд дотор монголын тал, байгаль, уламжлал эсвэл Улаанбаатрын тухай ч юмуу ямар нэг эх орноо магтсан дуу байдаг юм байна лээ. Ганц дан ардын дуу, зохиолын дуу ч биш рок, поп, эстрад, тэр байтугай хип хоп рэп дуу хүртэл байдаг юм байна. Энэ юуг харуулаад байнаа гэхээр хичнээн рок, поп, рэппэр байлаа ч эх орноо хайрладаг, эх орноо гэсэн сэтгэл тэдэнд байгаад байнаа гэсэн үг. Ингэж эх орноо хайрлан хүндэтгэж эх орондоо зориулан дуу, шүлэг зохиодог ард түмэн дэлхий дээр хэд байдаг бол? Үүнд ганцхан эх оронч үзэл ч биш бас арай ондоо сэтгэлгээ цаана нь байгаад байна гэж би бодоод байна л даа. Энэ бол байгаль дэлхийгээ хайрладаг түүндээ шүтэж амьдардаг монгол хүний сэтгэл юм. Монгол хүнд бол эх орон газар дэлхий уул ус бол зүгээр нэг амьдардаг орон сууц биш түүнээс илүү утга учиртай зүйл гэж харуулаад байна л даа. Би үүнийг яаж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна. Эх оронч үзэл бүх улс оронд байдаг ч байгаль дэлхийгээ, уул усаа унасан газар, угаасан ус гэж аав ээж шигээ санан хайрлан хүндэтгэдэг сэтгэл бүх улс орны ард түмэнд байдаггүй л гэж хэлэх гээд байгаа санаа юм. (Тэгж хэлдэггүй юмаа гэхэд “миний дош” гэж ярьдаг биз дээ?)
Миний монголын ард түмэн минь харь оронд зорчиж хэлийг нь сурч, боловсрол эзэмшиж, амьдралаа дээшлүүлн соёл иргэншлээс нь суралцах хэдий сайхан хэрэг ч өөрсдийн төрөлх хэлээ битгий мартаарай. Монгол ёс заншил, хэл, монгол хүнийхээ хэнэггүй хээгүй ч гэсэн цайлган, тусархаг, холын гийчнийг хараад ядарч өлсөж цангаж яваа гээд халуун цай, идээтэй бариад угтдаг тэр сайхан өгөөмөр сэтгэлээ хэзээ ч бүү гээгээрэй. Хол газар яваа нэгнийхээ алтан шар зам нь өлзийтэй байг гээд сүүн цацал өргөдөг сайхан уламжлалаа битгий гээгээрэй. Нэг удаа л монгол хүн болж төрсөн байхад монгол хүн хэвээрээ л үлдэнэ гэдгийг умартаж үл болно. Иргэншлээ сольж харь орны иргэн болсон байсан ч, харьд олон жил амьдарсан байсан ч та монгол хүн хэвээрээ л үлдэх болно. Хөх толботой төрдөг ховорхон ард түмний нэг хэвээрээ л үлдэх болно.
Мартсанаас нээрээ би монголын тухай пресентац тавихдаа монголчууд хөх толботой төрдөг гэхэд манай ангийнхан бүгдээрээ их гайхаж байсан. Бас морин хуурь 2-хон чавхдастай гээд Жанцанноров гуайн Монголын аялгуу гэдэг дууг сонсгуулахад бүгдээрээ гайхаад “энэ хөгжим чинь нээрээ 2-хон чавхдастай юмуу, нээрээ гэж үү. 2-хон чавхдастай хирнээ ингэж дуугарч байгаа юм уу” гэж дахин дахин асуугаад байсан гээ. Даанч би морин хуур дарж чадахгүй л дээ. Чаддаг байсан бол бодитоор үзүүлэхгүй юу.
Жанцанноров гуай үнэхээр ховорхон авъяастай, монголын сайхан хангай, байгалийг хөгжмөөр яаж дүрслэхийг мэддэг хүн байна лээ шүү. Зохиосон аялгуунууд нь цаанаа л нэг хийморлог, сонсоход өөрийн эрхгүй нүдэнд монголын дүр зураг тэр чигээрээ л шууд тархинд бууж байна лээ. Монголын говь, тал, уул, ус, тал дээр байгаа ганц хоёрхон гэр адуугаа тууж яваа адуучин гээд бүгд л шууд тархинд бодит юм шиг л бууж байна лээ. Байгаль дэлхийгээ хайрлан магтсан сэтгэлийг шүлэг, найраглалаар бичиж, дуу болгон дуулж, уран зургаар илэрхийлж болохоос гадна бас хөгжим болгон илэрхийлж болдог гэдгийг жинхэнэ утгаар нь илэрхийлсэн байна лээ дээ. Ийм ховорхон авъяастай хөгжмийн зохиолч тийм олон биш шүү. Би үнэхээр бишрэн хүндэтгэсэн шүү. Монголд очвол энэ мундаг хүний CD-г нь заавал худалдаж авнаа. Уран бүтээлээ цаашид туурвихад нь бага ч гэсэн нэмэр болог. Урлагийг хайрладаггүй юмаа гэхэд хүндэтгэх хэрэгтэй шүү, хүмүүсээ.

Монголчууд яагаад гадаад хэлийг хурдан сурдаг вэ?

Монголчууд бусад зарим орны хүмүүстэй харьцуулахад гадаад хэлийг хурдан сурч, орчиндоо хурдан дасдаг гэдэг. Бас монголчууд гадаадад сурахдаа ч сургуульдаа нэлээд сайн оюутнуудын тоонд ордог ч гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, монголчууд өөрсдийгөө их ухаантай гэж магтах “дуртай”.
Би өмнө нь хүмүүсийн тэгж ярихыг сонсоод их гайхдаг байсан л даа. Харин одоо яагаад гэдгийг нь бараг гадарлаж байна.
Монголчууд хэлний авъяастай байдгийн эхний шалтгаан: Монгол хэл өөрөө бараг дүрэмгүй шахам хэл. Нэг өгүүлбэрийг өгүүлбэрийн гишүүдийнх нь байрыг солиод хэдэн янзаар ч хэлсэн яг л нэг утга илэрхийлдэг. Харин бусад гадаад хэл ингэхийг зөвшөөрдөггүй. Учир нь нэг бол утга нь шал өөр болоод явчдаг. Эсвэл өгүүлбэрийн бүтэц нэг тогтсон маш хатуу дүрэмтэй байдаг. Жишээ болгоод нэг өгүүлбэр авъя л даа: Би дэлгүүрээс талх авсан. Энэ өгүүлбэрийг 3 янзаар хэлж болно. Бас өөрөөр: Дэлгүүрээс би талх авсан. Талх би дэлгүүрээс авсан.
Ганцхан үйл үгийг байранд нь үлдээгээд бараг бусад бүх гишүүдийн байрыг солиод байхад утга нь хадгалагдаж л байгаа биз. Зөвхөн сүүлийн тохиолдолд гол санаа нь талх биш харин дэлгүүр гэдэг дээр төвлөрч байгаа болохоос эхний 2 тохиолдолд яг л ижил утгатай. Заавал өгүүлбэрийн эзэн 1-р байранд байна энэ тэр гэсэн хатуу дүрэмгүй учраас их уян хатан ч гэх юмуу амархан ч юм шиг хэл.
Монгол хэлний онцлог өөрөө ийм болохоор бусад эх хэл нь өгүүлбэрийн хатуу дүрэмтэй хэлтэй орнуудын хүмүүсийг бодвол хэлнийх нь дүрмийг ойлгоход илүү амархан байдаг бололтой. Тухайлбал, яг нэг өгүүлбэрийн гишүүдийн байрлалын тогтсон дүрэмтэй хэлтэй хүмүүс өөр хэл сурахад хэлд орсон цагаас нь тархинд нь тогтчихсон тэр эх хэлнийхээ дүрмийнхээ хажуугаар өөр хэлний дүрмийг ойлгоход маш том бэрхшээл гардаг гэсэн үг л дээ. Харин монгол хэл их “эрх чөлөөтэй” “дүрэмгүй” хэл болохоор өөр ямар ч орны хатуу дүрмийг ойлгохын тулд өөрийнхөө монгол хэлнийхээ дүрэмтэй жишиж ойлгох гэж тэгтлээ их зүдэрдэггүй гэсэн үг л дээ.
Хоёр дах шалтгаан нь: Монгол хэл 35 үсэгтэй. Эдгээр үсэгнүүдийн авианууд бараг ихэнх хэлэнд байдаг авиаг яг ижил аялгаар биш ч ямар нэг хэмжээгээр агуулж байдаг. Зарим орны хүмүүст “р” авиа байдгүйгээс ийм авиаг хэлэх хэцүү байдаг байхад зарим нь “х, ц, ш, ө, ү, л, ф, ё, е” авиануудтай төстэй авиаг хэлэхэд бэрхшээл учирдаг нь миний хамт сурч байгаа бусад оюутнуудаас надад ажиглагдсан. Мөн орон болгон өөрийн гэсэн хэлний өвөрмөц дуудлагатай байдгаас болоод тодорхой хэмжээгээр тэр аялга нь давхар хэлэгдээд байдаг юм байна билээ. Харин монголчуудын хувьд их тод хэллэгтэйгээр ярьдаг учраас дуудлаганы тал дээр бусад орны хүмүүстэй харьцуулахад тун бага бэрхшээл учирдаг.
Өөр нэгэн монголчууд гадаадад ирээд орчиндоо хурдан дасаад сайн сураад байдаг шалтгаан нь монголчуудын өөрсдийн олон мянган жилийн турш өдийг хүртэл хадгалагдан ирсэн өвөрмөц соёл, сэтгэлгээнд байдаг юм байна гэж надад санагдсан. Тийм ч учраас монголчууд бид олон зууны туршид нэгэн хотод төвлөрч иргэншиж суурьшиж ирсэн ард түмнийг бодвол аливаа ямар нэг хууль дүрэм, иргэншилд баригдалгүй, нэг газар байнга суурьшилгүй нүүж сууж амьдарч ирсэн өөрийн өвөрмөц сэтгэхүйтэй ард түмэн билээ. Тиймдээ ч илүү сэргэг тархитай, ямар нэг юманд хүлэгдээгүй баригдаагүй сэтгэлгээтэй. Ямар сайндаа л монголд хууль үйлчилдэггүй шалтгаан нь энэ. Тэгж хууль дүрэм энэ тэрд захирагдаж сураагүй хүмүүс болохоор хүн болгон дур дураараа их бага ямар нэг хэмжээгээр дүрмээ зөрчөөд яваад явдаг хэнэггүй нөхдөө гэж. Сахиулдаг сахидаг ялгаагүй бүгд л.

Monday, September 06, 2010

Германд ажил хийхээр ирж байгаа хүмүүст санаа өгөхөд

Зарим сурахаар ирж байгаа хүмүүс мөн ажил хийж мөнгө олж төлбөрөө хийх, эсвэл амьдралынхаа зардлыг төлөх, эсвэл ажил хийж мөнгө олохоор германыг зорьж байгаа хүмүүст ямар төрлийн ажил энд их олдох боломжтой талаар жаахан санаа өгье гэж бодлоо. Энд цагийн ажил хийхэд ямар төрлийн ажил гэдгээсээ шалтгаалаад янз бүрийн үнэтэй байна. Цагийн ажил хийхэд 1 цагт 8-10 евро орчим байдаг юм шиг байна лээ. Энд хамгийн бага цалин сарын 400 евро байдаг. Манайд бол сарын цалин буюу 1 сард төлдөг байхад энд манайхаас нэг ялгаатай нь ажилласан цагт нь мөнгө төлдөг. Тэгэхээр бага цаг ажиллаж бага мөнгө авах, олон цаг ажиллаж их мөнгө авах нь тухайн хүний өөрийн хүсэл, боломжоос шалтгаална. Хэрвээ мэргэжлийнхээ ажлыг хийх хүсэлтэй бол энд хамгийн их олдох магадлалтай ажил нь анагаахын чиглэлийн мэргэжилтэй хүмүүс болон инженерийн чиглэлийн мэргэжилтэй хүмүүс юм. Учир нь энэ чиглэлийн мэргэжил нэлээн хүнд салбар учраас энэ чиглэлийн мэргэжилийн ажлийн байр нийгмийн ухааны чиглэлийн хүмүүстэй харьцуулахад хүний нөөцийн дутагдал ихтэй байдгаас ажил олдох магадлал илүү өндөр байдаг гэж сонссон. Гэхдээ анагаахын чиглэлээр ажиллах бол энд маш олон хүнд шалгуур тавьдаг бөгөөд шууд эмчээр ажиллах боломж тун хомс. Анагаахын сургуулиуд нь ч маш их өрсөлдөөнтэй байдаг болохоор орохын тулд нэлээн л чардайх хэрэгтэй болдог юм гэсэн. Хэрвээ мэргэжлээрээ ажиллах бол 1-рт, европын стандартад нийцсэн буюу германы боловсролын системтэй дүйцхүйц мэргэжлийн зэрэгтэй байх ёстой, 2-рт маш сайн герман хэлтэй байх ёстой. Энэ хоёр нөхцөлийг хангасан бол 1-2 жилийн гэрээ хийгээд энэ нутагт амьдрах бололцоотой гэсэн үг.
Хэрвээ цагийн ажил хийх бол, энд хамгийн их олддог ажил бол цэвэрлэгээний ажил, айлын гэр эсвэл цайны газарт цэвэрлэгээ хийх, талх нарийн боовны чиглэлийн ажил, тогооч, сувилагч, худалдагч, үсчин, жолооч мөн зэрэг ажил олдох магадлал өндөртэй. Гэхдээ хэрвээ та үсчин эсвэл тогооч бол энд тун боломжийн мөнгө олоод ажиллах боломжтой. Учир нь энд манайхаас нэг ялгаатай нь зоогийн газрууд их олон байдаг. Гэхдээ мэдээж хэлтэй байх шаардлагатай. Манайхан бол тийм их ресторан, кафегаар орж хооллоод байдаггүй ч энд бол хүмүүс маш ихээр үйлчлүүлдэг. Бараг л хаана шинэ аятайхан газар байна гэж хайж байдаг гэхэд хилсдэхгүй. Энд нэг жижигхэн цайны газар нээгээд амьдраад байж болох юм шиг санагдсан. Мөн үсчин хүмүүс гайгүй мөнгө олох боломжтой. Зөвхөн үс засахад 13 евроноос эхлээд хэрвээ угаагаад сэнсдэнэ энэ тэр гэвэл 25 евро орчим болдог шиг байгаа юм. Нэг хүн дээр л иймэрхүү хэмжээний мөнгө олоод байхад тун гайгүй мөнгө болчмоор шиг санагдсан. Тухайлбал оюутан, залуус ихтэй газар арай хямд үнээр нэг салон нээгээд ажиллуулчихад тун боломжийн мөнгө хийчихмээр шиг санагдсан. Гэхдээ бодит байдал дээр ямар байдгийг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ зарын сонингуудад үсчин, тогооч авна гэсэн зарууд зөндөө л байдаг юм байна лээ.
Энэ бүхнийг бичсэн миний санаа бол амьдрах гэж ядаж яваа нэг ч гэсэн монгол хүнд хэрэг болж магадгүй гэсэн сэтгэлийн угаас бичсэн болно.

Унаа

Би энд ирэхээсээ өмнө машин барьж сурах хэрэгтэй гэж ирэхээсээ өмнө 2 сар жолоонд суусан гэж. Тэгтэл үнэн чанартаа машин бол энд бол үнэтэй хэрэглээ байна лээ. Яагаад гэвэл 1-рт, бензин үнэтэй. 1 л бензин 1.50 ч гэлүү тиймэрхүү үнэтэй байдаг гэсэн. Тэгээд ШТГ-ууд нь ихэвчлэн хотын захад байрладаг. Хамгийн хэцүүтэй гол асуудал бол машин тавих газар. Энд 1 өдөр машинаа зогсоолд тавихад лав 30 гаран евро төлдөг гэсэн байх шүү. Машины зогсоол олно гэдэг асуудлаас гадна машинаа тавьсны төлөө бас мөнгө төлөх хэрэг гараад байдаг. Тэгэхээр машин унана гэдэг тийм ч сайхан санаа биш. Миний сонссоноор, тухайлбал Лондонд хот дотор машинаар явах болвол бас мөнгө төлдөг юм гэсэн. Мөн автобус, нийтийн тээвэр ч бас тийм хямд биш. Германд 1 удаа нийтийн тээврээр бол 2 евро 10 цент төлдөг. Зарим европын хотуудад үүнээс арай хямд эсвэл арай үнэтэй ч байж болох юм. Иймээс энд олон хүмүүс дугуй унадаг. Оюутан сурагч, хөгшин хүмүүс, оффис ажилтан ч костюм уначихаад л дугуй жийгээд л яваад байдаг. Дугуйнд бол бензин хэрэггүй, зогсоолын мөнгө төлөхгүй. Тэгэхээр хамгийн хямд арга бол дугуй л байна даа. Тэгэхээр дугуй сайн унаад сурчихвал их зүгээр. Энд хүүхдүүд нь бараг л хөлд орохтойгоо зэрэгцэж дугуй унаж сурдаг. Дунд сургуульд нь жолооны дүрэм, аюулгүй байдлаа хадгалах талаар хичээл ордог гэж байгаа юм. Дугуй унахад бас зарим нэг дүрэм байнаа. Тэрийг нь дагахгүй бол торгуулна. Тухайлбал, оройн цагаар дугуй унахдаа заавал урд хойноо гэрэлтэй, гэрэл ойлгуулагчтай явах ёстой гэх зэрэг. Дугуйны үнэ ямар зориулалттай гэдгээсээ шалтгаалаад 400-1500 орчим евроны үнэтэй байна. Жирийн city bike бол 400-800 гаран евро байна лээ. Харин хуучин дугуй авбал хэр удаан хэрэглэсэн, мөн зориулалтаасаа шалтгаалаад 30-200 еврогоор авна. Мөн заримдаа эвдэрсэн дугуйгаа гудамжинд хаячихсан байдаг юм байна лээ. Дугуй засдаг бол засаад л авчихмаар юм байна лээ. Гэхдээ бас нэг анхаарах юм бий. Дугуй нь техникийн шаардлага хангасан байх ёстой. Хичнээн унаж болж байгаа ч заасан техникийн шаардлага хангаагүй бол мөн торгуульна. Тэрийг нь бас анхаарах хэрэгтэй байдаг юм байна лээ.

Анхаарах зүйл болон хүмүүсийнх талаах бага сага

Европын аль ч оронд цагаачид их байдаг. Тухайлбал туркууд болон дундад азийнхан. Манай монголчууд бол тэднийг халтарууд гэж хочилдог юм байна лээ. Миний сонссоноор дэлхийн 2-р дайны дараагаар европын хотууд маш ихээр сүйрч, бас хүн хүчний дутагдалтай байсан болохоор аль ойроор нь турк болон тэр хавийн дундад азийнханыг хямд үнээр хөлсөлж ажиллуулж байсан гэсэн. Тэд нар европод удаан хугацаагаар оршин суухдаа гэр бүлээ ч авчиран суурьшсан тул дараа нь тэднийг буцаагаад хөөгөөд явуулчихаж болохгүй байсан болохоор эндхийн иргэншил олгосон гэсэн. Энд лав л франц, герман, швейцарт ч бас тэд нар их олноороо байдаг.
Миний анхааруулах зүйл бол, тэдний олонх нь тийм ч итгэж болох хүмүүс биш. Манай герман хэлний курсд мөн тэтгэлгээр сурч буй тэр хавийн орны оюутнууд байдаг ч тэд бол энгийн, сурахын төлөө гэсэн сэтгэлтэй, дажгүй хүмүүс шиг санагдсан. Харин европд хараар ажиллаж суурьшсан гадныхан бол туркууд ч гэлтгүй азиуд ч нэг их сайн нөхдүүд биш. Анх удаа европд ирж байгаа бол эхэлж “халтаруудтай” наймаа хийх хэрэггүй. Нэлээн суурьшаад мөнгөний баримжаатай ойлголттой болсны дараа бол болно. Анхан шатны мөнгөний ханшны талаар ойлголтгүй байвал маны нөхдүүд тэрийг чинь ашиглаад л хульхидаж л орхино. Би Luzern хотод очоод швейцар өөрийн гэсэн мөнгөн тэмдэгттэйг мэдэлгүй нэг эмэгтэйгээс пост карт худалдаж авахдаа лав 2 франк гаран мөнгө хульхидуулаад илүү төлчихсөн байсан. Би тэр эмэгтэйд 5 евро өгөхөд тэр эмэгтэй надад 5 евро 4 франктай тэнцэнэ гэж хэлээд надаас илүү мөнгө авчихсан байсныг дараагийн нэг дэлгүүр орохдоо л мэдсэн. Үнэн чанартаа бол миний махан тооцоогоор бол 1 евро = 1.27 швейцар франк байсан. Тэр эмэгтэй бор царайтай мөн л дундад азийн гаралтай хүн байсан. Харин яг цэвэр европчууд бол тэгж хулхидна энэ тэр гэж бараг байхгүй. Хууль дүрмээ яс дагадаг хүмүүс болохоор тиймэрхүү хулхидна гэсэн зүйлд дургүй байдаг.
Бас туркуудээс гадна оросууд их байдаг. Оросууд их байдгийн шалтгаан нь тэд нар соци нийгмийн үед европын зарим оронтой ойр холбоотой байсан болохоор гэдгийм байна лээ. Энд суурьшсан оросууд их байдаг гэсэн үг л дээ. Гэхдээ оросууд их тод аялгатай ярьдаг. Ялангуяа “р” үсгийг их тод хэлдэг. Тэгээд л аялганаас нь орос гээд мэдчихэж байгаам чинь. Бас орос эмэгтэйчүүд европ эмэгтэйчүүдтэй харьцуулахад нүүрээ их тод буддаг бас илүү ганган хувцасладаг. Өндөр өсгийтэй гутал платье гэх зэрэг. Европ эмэгтэйчүүд тэгтлээ нүүрээ будаад, гангалаад байдаггүй ч эрүүл мэнд биеийн жиндээ дээд зэргээр анхаарал тавьдаг. Бас оросууд сэтгэл хөдлөлөө европчуудтай харьцуулахад маш тод илэрхийлдэг. Гудамжинд чанга чанга хэрэлдэх, шууд л олон нийтийн дунд уйлах, эсвэл уурлавал хараал хэлэх, дороо дэвсэх гэх зэрэг. Харин европчууд тэр дундаа германууд бол түнтийтлээ улайгаад л байгаад байна. Тэгж хашгичаад уйлаад орилоод байна гэж бараг байхгүй. Сэтгэл хөдлөлөө их бага гаргадаг. Жаахан хүйтэн талдаа хүмүүс. Нэг их дотно биш бол тэврээд үнсээд байна гэж байхгүй. Их үсрээд л тохойнд хүрнэ. Германчуудын дэргэд Испани, Францчууд их нялуун хүмүүс байна лээ. Испаничууд их үнсэлцэнэ бас тэврэлцэнэ. Жирийн эрэгтэй найз эмэгтэй найзыгаа ч тэвэрч хацар дээр нь үнсэж мэндэлдэг. Хараад зүгээр найзууд эсвэл хосууд гэдгийг нь ялгахад хэцүү. Италичуудыг бол сайн мэдэхгүй байна. Швейцарчууд болон австричууд бол германчуудын дэргэд илүү тансаглах дуртай хүмүүс шиг санагдсан. Ганган хувцаслаж үнэтэй машин унадаг. Харин германчууд барагтай л бол үнэтэй машин унадаггүй, үнэтэй хувцас хэрэглэл хэрэглэдэггүй. Тийм болоод л тэднийг нарийн, бас цаг нарийн барьдаг гэж дэвэн дэлхийд алдаршуулсан байх. Харин өсвөр насны залуучууд бол нүүрээ будаж гангалдаг юм байна лээ. Цаг барихийн хувьд ганц герман ч гэлтгүй өндөр хөгжилтэй, амьдралын маш хурдтай ритмээр амьдардаг бүх оронд байдаг зүйл бололтой. Гэхдээ испаничууд бол харин цаг барих тал дээр маруухан нөхдүүд байна лээ.

Германд аялахаар болвол

Хэрвээ германд хагас бүтэн сайны өдрүүдээр аялахаар шийдсэн бол хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал бол юугаар явах вэ? юм. Хэрвээ вагоноор явах бол явах өдрөөсөө болж өгвөл долоогоос 2 долоо хоногийн өмнө билетээ захиалбал зүгээр. Учир нь зарим өдрүүдэд зарим цагт хямдрал зарласан байдаг бөгөөд (ихэвчлэн хагас бүтэн сайнд эсвэл пүрэв, баасан гаригуудад) тийм хямдралтай билетүүд нь хурдан дуусчихдаг. Хэрвээ байнга вагоноор явах шаардлагатай байдаг бол 25%-50% хямдралын вагоны карттай худалдаж авбал явах тоолондоо билетний үнээсээ хасуулаад болно гэсэн үг юм. Мөн хагас бүтэн сайнаар группээрээ явбал илүү хямдралтай байдаг ба 5 хүн нийлээд 1 билет аваад мөн хямд үнээр явчих боломжтой байдаг. Хэрвээ цуг явах хүн олдохгүй байвал нэтэд зар тавиад мөн тэр өдөр цуг явах хүсэлтэй хүмүүстэй цуг нийлээд явчих боломжтой.
Өөр нэг боломж нь www.mitfahrgelegenheit.de юм. Энд машинтай хүмүүс өөр хотууд болон өөр улсууд руу машинаараа явах бол хэзээ явах, хэдэн цагт явахаа зар болгон бичээд тавьдаг сайт юм. Энэ нь үндсэндээ машинаараа ганцаараа явах бол бензиний үнэ өндөр тусах учраас мөн тэр зүг рүү явах хүмүүстэй хамтарч замынхаа зардлынхаа мөнгийг хуваагаад явчдаг нэг арга юм. Ингэж явах нь хэн хэндээ ашигтай байдаг. Тухайлбал, өөр нэг германы хот руу вагоноор явбал 35-90 евро болдог бол машинаар ингэж хамтарч явах 10-30 евро л болдог юм. Би ингэж нэг удаа явж үзсэн. Айх аюул бол байхгүй. Энд хууль дүрэм чанга, хүмүүс нь хуулиа яс дагадаг болохоор янз бүрийн аюул, хулгай дээрмийн талаар айлтгүй. Мөн ингэж ойр орчмын европын орнууд руу ч хямд үнээр аялах боломжтой.
Маш чухал нэг зүйл бол пасспорт. Нэг их тэгж сүртэй шалгаад сүйд болдоггүй л юм байна лээ. Гэхдээ авч явахад илүүдэхгүй.
Өөр нэг анхаарах зүйл, богино хугацаагаар аялах бол нэг их олон хэрэгтэй хэрэггүй зүйл авч явах хэрэггүй. Энд хүн хувцаслахдаа яг сонгино шиг л хувцаслахад болно. Бороо орж байснаа гэнэт нар гараад тэгээд салхи үлээгээд л. Нэг тийм урьдчилан хэлэхийн аргагүй цаг агаартай болохоор бороо ороход ч бэлэн, нар гарахад ч бэлэн тийм маягаар л хувцаслах хэрэгтэй. Тодруулбал, нэг футболка, гадуур нь нэг нимгэн цамц, тэгээд нэг арай зузаахан цамц эсвэл борооны цув, зонтик, хөлд маш эвтэйхэн намхан гутал, давуун өмд. Тэгээд нэг хөнгөхөн нуруунд эвтэйхэн үүргэвч, нарны шил, нарны малгай. Гэхдээ мэдээж урьдчилан цаг агаарын мэдээг мэдчихсэн байхад илүүдэхгүй.
Идэх зүйлээ өөрөө бэлдэж байх нь ямар ч тохиолдолд тун хямд шийдэл болно. Гэхдээ хөнгөхөн хачиртай талх, гамбургерийг аль ч хотод олж болно. Гэхдээ том хотуудад хоол хүнс нь бас л үнэтэй л байдаг юм байна лээ. Бас хүнсний дэлгүүрээс илүүтэйгээр хувцас, гутал, үнэт эдлэлийн дэлгүүрүүд л голчлон хотын төвд төвлөрсөн байдаг болохоор бас л амаргүй. Бас өөртөө үйлчилдэг кафе, хоолны газрууд нь илүү хямд байдаг. Харин өөрөө бас аяга тавгаа хураах ёстой байдгийг анхаарах хэрэгтэй. Ресторан бол угаасаа тоймгүй үнэтэйгээс гадна үйлчлэгчид нь заавал цайны мөнгө өгөх дүрэмтэй байдаг. Өгөхгүй ч байж болдог ч гэсэн дор хаяж авсан зүйлийнхээ үнийн 10%-тай тэнцэх мөнгийг үйлчлэгт нь өгөх хэрэгтэй байдаг юм гэсэн. Жишээлбэл, таны авсан зүйлийн үнэ 13 евро болсон бол 1 евро орчим мөнгийг үйлчлүүлэгчид нь цайны мөнгө болгож өгнө гэсэн үг. Би ресторанд орж хоол идээд сүйд болсон зүйлгүй ч нэг удаа ангиараа нэг жирийн нэг ресторанд ороход хоолнууд нь дандаа 7-10 орчим евроны үнэтэй байсан. Зэрэглэл нь ахих тусам хоол нь үнэтэй болдгоос гадна энд манайхан шиг нэг цай, нэг таваг хоол аваад л болчихдоггүй. Эхлээд Vorspeise буюу хоол хүлээж байхдаа идэх салад ч юмуу нэг хөнгөн зууш, дараа нь Hauptgericht буюу үндсэн хоол тэгээд десерт буюу амттан гэсэн дарааллаар иддэг. Тэд нарынх нь үнэ нь нийлээд хамгийн багаар л бол нэг хүнд 30 евро орчим болно. Үнэтэй ресторанд бол 100 орчим болдог гэсэн. Аймаар байгаа биз. Харин энгийн цайны газарт хамгийн хямдаар бол 4 орчим евронд хооллоно. Хэрвээ өөрөө хүнсээ бэлдвэл үүнээс ч хямдаар хооллоно.
Бас нэг баярламаар зүйл нь юу гэвэл хэрвээ та энэ улсад эсвэл европын холбооны аль нэг улсад оюутан байвал бараг бүх зүйлд хямдралтай үйлчлүүлнэ. Автобус унаа, үзвэр, кино театр, музей, номын сан, спорт заал, секц дугуйлан, тэр байтугай зарим шаардлагатай ном, програм хангамжийг ч илүү хямдаар авах эрхтэй. Бараг тал үнээр шахуу хямд үйлчлүүлдэг юм байна лээ. Бараг бүхий л европын орнуудад оюутнууд нь хямд үнээр үйлчлүүлэх эрхтэй олон газрууд байдаг. Ганц германд ч биш шүү! Жишээ нь, би Парисын Луврын музейг үнэгүй үзсэн гээд бод доо!!! Энэ үнэхээр сайхан, тийм биш гэж үү?!
За тэгээд монгол орон минь энэ харанхуй, бас ядуу байдлаасаа гарч их зүйл мэдэж, эндхийн хүмүүсийн нэгэн адил аялж зугаалж чаддаг боломжтой болоосой гэж миний зүгээс чин сэтгэлээсээ хүсч байна.
Хэрвээ асуух зүйл байвал бичиж байвал их баярлана. Би чадах чинээгээрээ хариулахыг хичээнэ.

Германд хог, хаягдлаа ангилж хаядаг

Германд маш олон үйлдвэрүүд байдгаас болж маш их хог хаягдал гарч үүнээс үүдэн бохирдол ихтэй орны тоонд ордог юм гэсэн. Иймд германчууд хог хаягдлын хэмжээг багасгахын тулд хогийг аль болох дахин боловсруулж байхаар шийдэж л дээ. Иймээс германд хогийг 4 ангилж хаядаг: Paper (Papier), Biotonne, Restmülltonne мөн пластмасан хог. Papier гэсэн хогийн сав нь ногоон өнгөтэй байх ба картон болон цаасан хогийг хаядаг. Миний сонссоноор цаасан хогийг жигнэж үзээд тодорхой мөнгө төлж авдаг юм гэсэн. Цаасан хогонд чинь мөнгө төлнө гэсэн үг л дээ.
Biotonne бол био буюу хүнсний гаралтай хог хаягдал юм. Жишээ нь хоол хүнсний үлдэгдэл, цайны шаар, хогийн ургамал зэрэг хогийг хаядаг. Ийм хог хаягдлын хогийн сав нь бор өнгөтэй байдаг.
Пластмасан хог хаягдалд ундааны пиавр сав, шил, лааз, тетрапак сав, гялгар уут, сав зэрэг ордог. Гэхдээ уух зүйл буюу шингэн зүйлийг хоосолж байж хаях ёстой байдаг. Энэ төрлийн хогийг мөн жигнэж худалдаж авдаг бөгөөд үйлдвэрлэлд дахин ашигладаг.
Restmülltonne бол дээрх 3 ангилалын алинд ч орохгүй хаягдлыг хэлнэ. Жишээлбэл, ийм хаягтай хогийн саванд хүүхдийн живх, косметкний хэрэглэсэн хөвөн, хуучин хувцас, гутал гээд янз бүрийн хог хаягдлыг хаядаг бөгөөд ийм хогийн сав нь хар өнгөтэй байдаг.
Иймд хэрвээ германд хогоо хаях шаардлага гарвал ямар хогийг хаяна гэж заасан байна тэр ангилалын хогийн саванд хаяж байх нь тун зүгээр шүү.
Бас пластмасан савтай холбоотой нэг анхаарах зүйл бий. Энд зарим ундаа, уух зүйлийн сав нь Pfand гэдэг зүйлтэй байдаг. Энэ нь юу вэ гэхээр тухайн савны үнэ юм. Тухайлбал та дэлгүүрээс Кола худалдаж авлаа гэхэд тухайн ундааны үнээс чинь гадна Pfand гэсэн нэмэлт 15-аас 25 центийг нэмж авах болно. Энэ нь тухайн ундааны чинь савны үнэ бөгөөд ундаагаа уусныхаа дараа савыг нь дэлгүүрт нь буцааж өгснөөр энэ мөнгөө буцааж авна гэсэн үг юм. Иймд ундаа авах бол ийм бичиг байгаа эсэхийг сайн анхаарах хэрэгтэй. Ихэнхдээ ийм сав нь дээрээ ундааны шилнүүдийн зурагтай байдаг. Хэрвээ та ийм савыг зүгээр л хогийн саванд хаячихвал 25 центээ хогийн саванд хаяж байна гэсэн үг юм. Гэхдээ миний анзаарснаар ихэнх Pfand-тай савнууд нь Коланы төрлийн ундаанууд (лаазтай болон пиавр сав аль аль нь), газтай ундаанууд, цэвэр уснууд байдаг. Харин жүүснүүд ихэнхдээ Pfand-гүй байдаг.
Бас нэг анхаарах зүйл нь шилэн сав юм. Миний нэг сонссоноор шилэн савыг үйлдвэрүүд мөн худалдаж авдаг бөгөөд шилийг тунгалаг буюу цагаан, ногоон, бор шил гэж 3 ангилан худалдаж авдаг гэж сонссон. Гэхдээ чухам хаана яаж авдгийг сайн мэдэхгүй байна. Иймээс шилэн савнуудаа цуглуулаад байхад гэмгүй.

Zürich, Luzern хотуудаар аялсан нэг өдөр

Өчигдөр буюу 2010-09-04-нд би Швейцарын хамгийн том хот болох Zürich болон Luzern гэдэг хотуудад очоод ирлээ. Тэгээд энэ талаарх тэмдэглэлээ бичиж сууна.
Манай автобус өглөө 8 цагт Freiburg-н KonzertHaus урдаас хөдлөв. Нийт 45 зорчигчтой(2 нь Goethe-Institut-н Zivis бусад нь Goethe-Institut сураглцагч) хөдөлсөн автобус өглөөний 10 цагт Luzern хотод ирэв. Тэнд бид 2 цагийн турш хотоор аялж, дэлгүүр хэсч, зураг авч 12 цагт Zürich хотын зүг явцгаалаа. Харамсалтай нь Zürich хот руу очих замд зам засч байснаас болж түгжрэл үүсч биднийг төлөвлөсөн цагаас 45 минутаар хоцроов. Ингээд бид өдрийн 2 цаг 15 минутанд Zürich хотод ирцгээсэн юм. Zürich хотоор оройн 5 цаг хүртэл дэмий тэнэсний эцэст буцаад Freiburg хот руугаа явцгаалаа. Ингээд Zürich болон Luzern нь миний үзсэн 5 дах болон 6 дахь европын хотууд болов.
Zürich том хот болохоор энд миний зөвхөн нэрийг нь л сонсч байсан алдартай брэндийн дэлгүүрүүд бүгд байна. Мань мэт бол амаа ангайгаад шүлсээ гоожуулаад зогсохоос илүүг хийж чадах биш. Бас тэр Ferrari, Porsche, Kadillac гээд л тэр үнэтэй машинууд чинь хотоор нэг хөлхөлдөж байгаа юм чинь. Тэнд амьдардаг хүмүүс үнэхээр тансаг амьдарч байна даа. Үнэтэй ресторанд хооллоод 500-с дээш евроны үнэтэй брендийн хувцас өмсөөд, алтан цаг зүүгээд, хэдэн сая евроны үнэтэй хаусд амьдраад л. Үнэхээр тансаг. Тэнд шоколадны дэлгүүр зөндөө байсан. Тэнд нэг шоколад 20-30 евроны үнэтэй гээд бод доо. Амсаж үзмээр л байсан ч даанч дэндүү үнэтэй.
Миний одоогоор очиж үзсэн европын бүх хотууд 100-с дээш жил болсон хуучны барилгуудаас гадна орчин үеийн барилгуудаа өдий хүртэл хадгалсаар байгаа нь үнэхээр сайхан санагдсан. Хуучны гудамжууд, барилгууд нь бүх хотод ижил загвартай байгаа нь хэдий өөр хотууд ч гэсэн бүгд түүхийн хувьд хоорондоо холбоотой гэдгийг илтгэнэ.
Хоёр жилийн өмнө өөрийн гэсэн laptop-той болно гэдэг мөрөөдөл байсан ч жилийн өмнө өөрийн гэсэн laptop-той болсон минь бас л нэг баяр хөөр байсан билээ. Миний хувьд ганцхан жилийн өмнө зүгээр л мөрөөдөл байсан зүйлийг Герман орны ард түмний тусламжтайгаар бодит болгосонд тэдэнд үнэхээр баярлахаас аргагүй. Ганцхан жилийн өмнө гадаадад сурна гэдэг зүгээр л мөрөөдөл байсан бол өнөөдөр би 5 тивийн орнуудын оюутан залуустай мөр зэрэгцэн суралцаж байна. Ганцхан жилийн өмнө Парис гэдэг хотод очиж үзнэ гэдэг зөвхөн зүүд л байсан бол өнөөдөр би богинохон ч гэсэн хугацаанд Парис хотыг үзчихсэн байна. Ингээд дараа нь европ тивийг улам ихээр нээж улам их зүйл сурч мэдэн алхам алхамаар амжилтын шатаар дээшээ өгсөж яваа минь ямар их аз жаргал гэдгийг үгээр хэлэхийн аргагүй. Миний амьдралын өмнө энэ том боломжийг нээж өгсөн, намайг дэмждэг бүх хүмүүст талархаад баршгүй.
Гэхдээ бас миний монголын ард түмэн тэр сайхан цэнхэр тэнгэр, уудам тал дээрээ ямар өчүүхэн бас харанхуй амьдарч байна даа гэж бодогдож байсныг нуух юун. Маш олон зүйл дээр тийм бодол төрж байна. Жишээ нь, энд бүх хүмүүс аялдаг. Оюутан сурагчид, хөгшин залуу, баян ядуу гэхгүй бүх европчууд өөрийн бэл бэнчинд тохируулан амралт бүрээрээ аялдаг. Тэд амьдралынхаа зав чөлөөтэй цаг бүрийг ямар нэг өөрийн хийх дуртай зүйлийг хийж, шинэ зүйл мэдэхийн төлөө өнгөрөөдөг. Тэгэхэд бидний монголчуудын хэд нь амралт бүрээрээ аялж чаддаг билээ. Бидэнд чөлөө цагаа өнгөрөөчих газар хичнээн байдаг билээ? Ядаж бидэнд зуныхаа амралтаараа монголынхоо газар нутгаар аялчих боломж хэд гардаг билээ?
Бас өөр нэг зүйл нь монголын тухай мэдээлэл интернэтэд ч тэр ном сонин сэтгүүлээс ч тэр дэндүү ховор олдох юмаа. Энд зүгээр л нэг газрын нэр уул ус юу ч байсан бичээд хайхад мэдээлэл хар түмээрээ олдож байхад монголын тухай хайхад цөөн хэдэн л тоотой сайтууд олдох юм. Яагаад бид гадныхны мэдээллийг орчуулан сайтдаа тавьдаг хирнээ монголынхоо тухай мэдээллийг ийм бага бичиж тавьдаг юм болоо? Бид дэвэн дэлхийн тухай ихийг мэддэгүймаа гэхэд монголынхоо тухай ихийг мэддэг баймаар байна шүү дээ. Жишээ нь, америкийн анхны ерөнхийлөгчийн тухай ч юмуу дунд сургуулийн сурагчаас асуухад лав л олонх нь хэлнэ дээ. Гэтэл монголын анхны ерөнхийлөгч хэн байсныг мэддэггүй дунд сургуулийн сурагч байж л байна. Хүмүүсээ, бид монгол монгол гэж цээжээ балбадаг хирнээ яагаад монголынхоо тухай ийм багыг мэднэ вэ. Саяхан надаас нэг герман хэлний багш монголын хамгийн өндөр уулыг асуухад би хариулж чадаагүй. Би энэ тухай огт мэддэггүйдээ ичсэн. Бид монголын түүх домог, уул усны домог, бөөгийн шашин, морин хуурь, уртын дуу гээд монголын гэсэн тодотголтой бүх зүйлийн талаар бичиж хүмүүст мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн монголоос гадаадад гарсан олон хүмүүс байдаг хирнээ яагаад бусад тэнд очихоор бэлдэж буй нэгэндээ тэнд амьдрал ямар байдаг, юунд анхаарах хэрэгтэй, юу авч явах хэрэгтэй, юу хэрэггүй гээд зөвлөгөө өгдөггүй вэ. Нэтээс аль нэг улсын тухай хотын тухай хайхад цаг агаар, ямар хувцас, юу хэрэгтэй хэрэггүй гээд өчнөөн зөвлөгөө байдаг ч тэр нь монгол хүн монгол хүндээ зөвлөхтэй яаж адил байх билээ. Тэгээд мэдээж тэр мэдээлэл нь англи юмуу ямар нэг гадаад хэл дээр л байдаг. Тийм болохоор гадаадад байгаа хүмүүс тэр орон руу аялалаар, сурахаар аялахаар явж байгаа хүмүүстээ санаа авахаар зүйлүүдийг бичиж байгаасай гэж хүсч байна.
Тийм учраас миний нэгэн адил гадаад орноор тэр тусмаа европ тивд сурахаар ирэх гэж буй оюутан залууст зарим нэг зөвлөгөөг миний зүгээс өгөх хэрэгтэй байх гэж санагдлаа. Энд хоол идэхээс авахуулаад автобус унаа, дэлгүүр, хүмүүсийн зан араншин, соёл иргэншил, цаг агаар, техник технологи гээд маш олон зүйл бидний монгол орноос маш их ялгаатай. Харамсалтай нь бидний олонх нь үүнд ямар ч бэлтгэлгүй ирдэг. Эсвэл зүгээр л энд тэндээс дам сонссон тун бага мэдээлэл, төсөөлөлтэй л ирдэг. Ийм учраас зарим нэг хүмүүст хэрэгтэй гэж бодсон зүйлүүдийнхээ талаар бичиж байхаар шийдлээ.