Wednesday, September 15, 2010

Монголч үзэл

Гадаад хүмүүс яагаад монголд аялахаар ирдэг вэ?

Монголчууд ямар нэг азтай хувь зохиолоор бараг хэнд ч дарлагдаж, ямар нэг орны колони болж зовж үзэлгүйгээр амьдарсаар ирсэн азтай ард түмэн юм. Тиймдээ ч өөрийн гэсэн соёл өв уламжлалаа өдийг хүртэл хадгалсаар ирсэн ховорхон завшаантай улс юм. Хэдий Монгол улс Манжийн дарлалд 220 жил болсон хэдий ч бусад орны ард түмнүүд шиг Манжид очиж боолчлогдолгүй өөрийн газар нутаг дээрээ урьдын адил нүүдэлчний амьдралаараа л амьдарч байсан. Монголын ноёдууд ч тэр урьдын адил өөрсдийн янтаг сэнтий дээрээ залардгаараа заларцгааж, тансагладгаараа л тансаглаж байсан билээ. Тиймдээ ч монгол улс тэгтлээ бусад орны дарлалд туйлдан зүдэрсэн удаагүй уудам тал дээрээ уртын дуугаа дуулдгаараа дуулж, адуу малаа хариулдгаараа хариулж, аруул цагаагаа хийдгээрээ хийцгээж, гэр орон эх нутагтаа эрх чөлөөтэй амьдарцгаасаар өдий хүрсэн гэхэд бараг хилсдэхгүй.
Тийм ч учраас олон мянган жилийн өмнөөс эхлэлтэй бидний уламжлал ёс заншил өдийг хүртэл хадгалагдаж, “гэр” орон сууц маань хүртэл огтхон ч өөрчлөгдөөгүйгээр үл барам 21-р зуундаа ч гэсэн (манай дүүгийн хэлдгээр) “бөөрөнхий” цагаан гэртээ амьдарсаар л байгаа билээ. Ингэж уламжлал ёс заншлаа байгаа чигээр нь хадгалагдаж үлдсэн улс орон дэлхий дээр цөөхөн байдаг байх. Ихэнх улс орнууд өөрсдийн ёс заншлаа ямар нэг хэмжээгээр аль нэг улсын колони байснаар эсвэл хүмүүсийн нүүдэл суудал, цагаачлал болон өнөөгийн глобалчлалын үр дүнгээр гээсэн байдаг байхад бидний уламжлал, мухар сүсэг хүртэл бараг л тэр хэвээрээ шахуу үлдсэн байдаг нь гадаадынхны сонирхолыг маш их татдаг юм байна лээ.
Бас нэг сонирхолтой санагддаг зүйл нь монголчууд хэдий цөөхүүлэхнээ ч хаяаг нь дэрлэн оршдог Орос, Хятад гэсэн хоёр том гүрний алиных нь ч соёл иргэншилд усаагүйгээр барахгүй ихэнх жижиг улс орнууд хөрш том гүрнийхээ нөлөөнд орж, их бага хэмжээгээр хэлээр нь ярьдаг байхад монголчууд орос, хятад аль ч хэлээр ярьдаггүй харин өөрсдийн төрөлх хэлээрээ ярьдаг байдал нь. Бидэнд орос хятад бараг англи хэлээр ч тэр ярихаас өөр аргагүй шаардлага бидний өдөр тутмын амьдралд гардаггүй шүү дээ.
Би өмнө нь энэ гадаадууд яагаад монгол гээд нэг ядуу орныг сонирхоод байдгийг гайхаад л байсан чинь учир шалтгаан нь ерөөсөө л энэ байж. Энэ гадаад хүмүүст бол тэнгэр усаа шүтнэ, тахина, байгаль дэлхийнхээ савдаг, эзнийг хооллоно, сүү цацал өргөнө энэ тэр гээд олон зүйл бол байж болохгүй зүйл бөгөөд уул ус агаар тэнгэр эзэнтэй байдаг гэж бидний итгэдэг бөөгийн шашин ч тэдний байгаль дэлхийн тухай үзлээс тэс ондоо байдаг болохоор тэдний сонирхолыг үнэхээр их татдаг бололтой.
Тэгээд би энд ирээд нэг анзаарсан нэг тун сонирхолтой зүйл бол өнөөгийн 21-р зууны соёл иргэншил дунд монголын залуучуудад ч энэ үзэл байдаг юм байна гэж бодогдсон юм. Учир нь гэвэл, монголын бүх төрөл жанрын дуунууд дотор монголын тал, байгаль, уламжлал эсвэл Улаанбаатрын тухай ч юмуу ямар нэг эх орноо магтсан дуу байдаг юм байна лээ. Ганц дан ардын дуу, зохиолын дуу ч биш рок, поп, эстрад, тэр байтугай хип хоп рэп дуу хүртэл байдаг юм байна. Энэ юуг харуулаад байнаа гэхээр хичнээн рок, поп, рэппэр байлаа ч эх орноо хайрладаг, эх орноо гэсэн сэтгэл тэдэнд байгаад байнаа гэсэн үг. Ингэж эх орноо хайрлан хүндэтгэж эх орондоо зориулан дуу, шүлэг зохиодог ард түмэн дэлхий дээр хэд байдаг бол? Үүнд ганцхан эх оронч үзэл ч биш бас арай ондоо сэтгэлгээ цаана нь байгаад байна гэж би бодоод байна л даа. Энэ бол байгаль дэлхийгээ хайрладаг түүндээ шүтэж амьдардаг монгол хүний сэтгэл юм. Монгол хүнд бол эх орон газар дэлхий уул ус бол зүгээр нэг амьдардаг орон сууц биш түүнээс илүү утга учиртай зүйл гэж харуулаад байна л даа. Би үүнийг яаж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна. Эх оронч үзэл бүх улс оронд байдаг ч байгаль дэлхийгээ, уул усаа унасан газар, угаасан ус гэж аав ээж шигээ санан хайрлан хүндэтгэдэг сэтгэл бүх улс орны ард түмэнд байдаггүй л гэж хэлэх гээд байгаа санаа юм. (Тэгж хэлдэггүй юмаа гэхэд “миний дош” гэж ярьдаг биз дээ?)
Миний монголын ард түмэн минь харь оронд зорчиж хэлийг нь сурч, боловсрол эзэмшиж, амьдралаа дээшлүүлн соёл иргэншлээс нь суралцах хэдий сайхан хэрэг ч өөрсдийн төрөлх хэлээ битгий мартаарай. Монгол ёс заншил, хэл, монгол хүнийхээ хэнэггүй хээгүй ч гэсэн цайлган, тусархаг, холын гийчнийг хараад ядарч өлсөж цангаж яваа гээд халуун цай, идээтэй бариад угтдаг тэр сайхан өгөөмөр сэтгэлээ хэзээ ч бүү гээгээрэй. Хол газар яваа нэгнийхээ алтан шар зам нь өлзийтэй байг гээд сүүн цацал өргөдөг сайхан уламжлалаа битгий гээгээрэй. Нэг удаа л монгол хүн болж төрсөн байхад монгол хүн хэвээрээ л үлдэнэ гэдгийг умартаж үл болно. Иргэншлээ сольж харь орны иргэн болсон байсан ч, харьд олон жил амьдарсан байсан ч та монгол хүн хэвээрээ л үлдэх болно. Хөх толботой төрдөг ховорхон ард түмний нэг хэвээрээ л үлдэх болно.
Мартсанаас нээрээ би монголын тухай пресентац тавихдаа монголчууд хөх толботой төрдөг гэхэд манай ангийнхан бүгдээрээ их гайхаж байсан. Бас морин хуурь 2-хон чавхдастай гээд Жанцанноров гуайн Монголын аялгуу гэдэг дууг сонсгуулахад бүгдээрээ гайхаад “энэ хөгжим чинь нээрээ 2-хон чавхдастай юмуу, нээрээ гэж үү. 2-хон чавхдастай хирнээ ингэж дуугарч байгаа юм уу” гэж дахин дахин асуугаад байсан гээ. Даанч би морин хуур дарж чадахгүй л дээ. Чаддаг байсан бол бодитоор үзүүлэхгүй юу.
Жанцанноров гуай үнэхээр ховорхон авъяастай, монголын сайхан хангай, байгалийг хөгжмөөр яаж дүрслэхийг мэддэг хүн байна лээ шүү. Зохиосон аялгуунууд нь цаанаа л нэг хийморлог, сонсоход өөрийн эрхгүй нүдэнд монголын дүр зураг тэр чигээрээ л шууд тархинд бууж байна лээ. Монголын говь, тал, уул, ус, тал дээр байгаа ганц хоёрхон гэр адуугаа тууж яваа адуучин гээд бүгд л шууд тархинд бодит юм шиг л бууж байна лээ. Байгаль дэлхийгээ хайрлан магтсан сэтгэлийг шүлэг, найраглалаар бичиж, дуу болгон дуулж, уран зургаар илэрхийлж болохоос гадна бас хөгжим болгон илэрхийлж болдог гэдгийг жинхэнэ утгаар нь илэрхийлсэн байна лээ дээ. Ийм ховорхон авъяастай хөгжмийн зохиолч тийм олон биш шүү. Би үнэхээр бишрэн хүндэтгэсэн шүү. Монголд очвол энэ мундаг хүний CD-г нь заавал худалдаж авнаа. Уран бүтээлээ цаашид туурвихад нь бага ч гэсэн нэмэр болог. Урлагийг хайрладаггүй юмаа гэхэд хүндэтгэх хэрэгтэй шүү, хүмүүсээ.

3 comments:

Anonymous said...

Saikhan bichleg bna, gehde mongoliin tuuhee sain unshaarai.

Tserenpil said...

Би дунд сургуульд байхдаа түүхийн хичээлд тийм ч дуртай байгаагүй. :-P Гэхдээ одоо түүхийн ном уншинаа. Чиний хэлснээр монголынхоо түүхийг сайн судалнаа. ;) Гэхдээ ямар ном хамгийн сайн бол? Дэндүү нуршуу биш ч гол мэдэж байх хэрэгтэй мэдээлэл агуулсан, юм бодогдуулсан ном байвал зүгээр л байна.

золбаяр said...

монголын ёс, зан заншил ахуйтайгаа нягт холбогдсон байдаг. тиймдээ ч өнөөдрийг хүртэл зарим нэгэн зан заншил, ахуй хэрэглэл нь өнөөдөр ч гэсэн байж л байна. Харин маргааш байх эсэхийг мэдэх юм алга даа.
монголын түүхийг судлан гэвэл хүний нэгэн насны амьдрал багадана. Яахав гол гол үйл явдал болсон он цаг, газар нутаг, нэр усыг мэдэхэд нээг их цаг орохгүй л дээ. гэхдээ цаадах учир шалтгаанийг нь танин мэдэх нь огт өөр асуудал.