Monday, September 06, 2010

Германд хог, хаягдлаа ангилж хаядаг

Германд маш олон үйлдвэрүүд байдгаас болж маш их хог хаягдал гарч үүнээс үүдэн бохирдол ихтэй орны тоонд ордог юм гэсэн. Иймд германчууд хог хаягдлын хэмжээг багасгахын тулд хогийг аль болох дахин боловсруулж байхаар шийдэж л дээ. Иймээс германд хогийг 4 ангилж хаядаг: Paper (Papier), Biotonne, Restmülltonne мөн пластмасан хог. Papier гэсэн хогийн сав нь ногоон өнгөтэй байх ба картон болон цаасан хогийг хаядаг. Миний сонссоноор цаасан хогийг жигнэж үзээд тодорхой мөнгө төлж авдаг юм гэсэн. Цаасан хогонд чинь мөнгө төлнө гэсэн үг л дээ.
Biotonne бол био буюу хүнсний гаралтай хог хаягдал юм. Жишээ нь хоол хүнсний үлдэгдэл, цайны шаар, хогийн ургамал зэрэг хогийг хаядаг. Ийм хог хаягдлын хогийн сав нь бор өнгөтэй байдаг.
Пластмасан хог хаягдалд ундааны пиавр сав, шил, лааз, тетрапак сав, гялгар уут, сав зэрэг ордог. Гэхдээ уух зүйл буюу шингэн зүйлийг хоосолж байж хаях ёстой байдаг. Энэ төрлийн хогийг мөн жигнэж худалдаж авдаг бөгөөд үйлдвэрлэлд дахин ашигладаг.
Restmülltonne бол дээрх 3 ангилалын алинд ч орохгүй хаягдлыг хэлнэ. Жишээлбэл, ийм хаягтай хогийн саванд хүүхдийн живх, косметкний хэрэглэсэн хөвөн, хуучин хувцас, гутал гээд янз бүрийн хог хаягдлыг хаядаг бөгөөд ийм хогийн сав нь хар өнгөтэй байдаг.
Иймд хэрвээ германд хогоо хаях шаардлага гарвал ямар хогийг хаяна гэж заасан байна тэр ангилалын хогийн саванд хаяж байх нь тун зүгээр шүү.
Бас пластмасан савтай холбоотой нэг анхаарах зүйл бий. Энд зарим ундаа, уух зүйлийн сав нь Pfand гэдэг зүйлтэй байдаг. Энэ нь юу вэ гэхээр тухайн савны үнэ юм. Тухайлбал та дэлгүүрээс Кола худалдаж авлаа гэхэд тухайн ундааны үнээс чинь гадна Pfand гэсэн нэмэлт 15-аас 25 центийг нэмж авах болно. Энэ нь тухайн ундааны чинь савны үнэ бөгөөд ундаагаа уусныхаа дараа савыг нь дэлгүүрт нь буцааж өгснөөр энэ мөнгөө буцааж авна гэсэн үг юм. Иймд ундаа авах бол ийм бичиг байгаа эсэхийг сайн анхаарах хэрэгтэй. Ихэнхдээ ийм сав нь дээрээ ундааны шилнүүдийн зурагтай байдаг. Хэрвээ та ийм савыг зүгээр л хогийн саванд хаячихвал 25 центээ хогийн саванд хаяж байна гэсэн үг юм. Гэхдээ миний анзаарснаар ихэнх Pfand-тай савнууд нь Коланы төрлийн ундаанууд (лаазтай болон пиавр сав аль аль нь), газтай ундаанууд, цэвэр уснууд байдаг. Харин жүүснүүд ихэнхдээ Pfand-гүй байдаг.
Бас нэг анхаарах зүйл нь шилэн сав юм. Миний нэг сонссоноор шилэн савыг үйлдвэрүүд мөн худалдаж авдаг бөгөөд шилийг тунгалаг буюу цагаан, ногоон, бор шил гэж 3 ангилан худалдаж авдаг гэж сонссон. Гэхдээ чухам хаана яаж авдгийг сайн мэдэхгүй байна. Иймээс шилэн савнуудаа цуглуулаад байхад гэмгүй.

No comments: