Friday, June 18, 2010

Францын Страссбург хотод 2 хоног буддын шашитнуудын хичээлд суулаа



Би өнөөдөр өөртөө нэг гар утас худалдаж авлаа. Бүтэн цаг гаран эргэлдэж эргэлдэж NOKIA 5230 гэсэн маркийн мөнгөлөг саарал утас худалдаж авав. Гэхдээ бас утас авахаасаа өмнө нэлээн хэд хоног дэлгүүр хэссэн. Тэгээд хамгийн боломжийн үнэтэй дэлгүүрийг нь сонгоод ирж байгаа нь тэр. Тэгээд 2-3 утсан дээр эргэлдээд л яах вэ гээд л бодоод зогсоод л байлаа. Энд хамгийн хямд утас нь 89 euro үнэтэй байлаа. Тэр утас нь мөн Nokia бөгөөд миний хулгайд алддаг утастай төстэй загварын утас байлаа. Бас touchpad-тай утаснууд нь 110-550 euro орчим үнэтэй байлаа. Загвар, үйлдвэр, үзүүлэлтээсээ шалтгаалаад янз бүрийн үнэтэй Samsung, Nokia, Sony Ericsson, LG гэсэн фирмийн утаснууд байв. LG, Samsung 2 нь Nokia-гаа бодвол арай хямд үнэтэй бас өнгө, дизайн нь илүү байв. Жишээ нь намайг эргэлзүүлэхэд хүргэсэн утас бол Samsung фирмийн мөн мэдрэгчтэй дэлгэцтэй, 3.2 megapixel camera-тай гар утас байсан бөгөөд 119 euro үнэтэй байв. Мөн Sony Ericson walkman дэлгэгддэг утас 129 euro байсан. Харин миний авсан утас бол 149 euro үнэтэй 2 megapixel camera-тай, touchpad screen-тай утас юм. Тэгээд л гайхаад л эргэлзээд зогсоод байлаа. Тэгсэн худалдагч нь хүрч ирээд “та юу сонирхосон юм, юу авахаа сайн мэдэхгүй байна уу” гэж асуулаа. Тэгэхээр нь “энэ утаснууд memory card-тай юу” гэж асуулаа. “Хийж болно. Гэхдээ тэр нь тусдаа үнэтэй. Та тусад нь мөнгө төлж авах хэрэгтэй. Утастай цуг ирэхгүй” гэж байна. Тэгэхээр нь утаснуудын тагийг онгойлгож үзэв. Аль улсад үйлдвэрлэснийг нь харах гэж. Тэгсэн Samsung болон LG утаснууд бүгд солонгост үйлдвэрлэгдсэн харин Nokia унгарт үйлдвэрлэгдсэн байв. Тэгээд бодож бодож нэгэнт Европт ирсэн юм чинь Европд үйлдвэрлэгдсэн утас авсан нь дээр гэж бодоод үнэ нь хэдий 30 euro зөрүүтэй байсан ч Nokia-гаа л авлаа. Энэ утастайгаа удаан найзлах байхаа гэж бодож байна. Хар саарал ба мөнгөлөг саарал 2 янзын өнгөтэй байна. Мөнгөлөг саарал өнгөтэйг нь авлаа. Дандаа л хар өнгөтэйг авдаг юм чинь энэ удаа арай өөр өнгөтэйг авч байгаа нь тэр. Хэдийгээр худалдагч нь memory card цуг ирдэггүй гэсэн боловч утас нь дотроо 2 GB memory card-тай юм байна. Бас тус дэлгүүрээс өгсөн урамшууллын дагуу интернэтэд үнэгүй орох эрхтэй юм гэсэн. Гэхдээ би тэрийг нь яаж тохируулахыг сайн мэдэхгүй л байна. Эндээс урьдчилсан төлбөрт дугаар авахдаа пасспорттайгаа ирэх шаардлагатай гэсэн. Утасных нь хайрцагийг онгойлгож үзсэн чинь дотор нь мэдээж цэнэглэгч, чихэвч, гарын авлага, бас гар утсаа машин дотроо бэхлэхэд зориулсан тавиур, интэрнэтэд орж 10 euro дотор дуу татах эрх энэ тэр гэсэн юмнууд байлаа. Харамсалтай нь бүх юм нь герман хэл дээр юмаа. Ер нь хурдан герман хэл сурахгүй бол хаа сайгүй германаар бичсэн юм болгоныг толь бичигээ гаргаж ирж уншаад явна гэж бүтэхгүй хэрэг. Дэлгүүрт зарагдаж байгаа бүх бараа герман хэл дээр. Юу ч гэж байгаам бүү мэд. Зөндөө олон янз, бүгд германаар болохоор аль нь ч ямар ялгаатай гэж байгаа юм бүү ч мэд. Харж байгаад л хамгийн хямдыг нь авч байгаам чинь. Харин тэгж авч байгаа нь талх авахдаа алдаа гаргасан байна лээ. Дутуу болгосон, шарж идэх учиртай талхыг мэдэхгүй авчихсан чинь идээд үзсэн нэг л гашуун сонин амттай байгаад байхаар нь гайхаад уншаад байсан чинь шарж иддэг талх байдаг юм даа. Тэгэхээр нь шараад үзсэн чинь зүгээр амттай болчихож байгаам. Энэ мэт хөглөж л байна даа.




Энд нэг сайхан юм нь хоол хийнэ гэдэг тийм ч их хүнд асуудал биш юм байна. Бүх хоолонд зориулсан махыг янз бүрээр нь хэрчээд амтлаад төдөн хүний порц гээд бичээд савлаад зардаг юм байна. Тахианы, загасны, гахайны, үхрийн хонины, бас банш шиг юмнууд ч байна. Тэр байтугай пизза хүртэл байна гээч. Зүгээр л шарах шүгээндээ хийгээд 10 мин болгоод тэгээд л пизза бэлэн. Би нэг тийм пизза өнөөдөр авсан. Ид шидийг нь удахгүй үзнээ.




Хоол ер нь л үнэтэй байна. Дундаж кафены 1 таваг хоол 4 - 7 euro орчим, ресторанд бол 12-20 орчим euro, зарим өндөр зэрэглэлийн ресторанд бараг 100 орчим euro болдог гэсэн. Тэгэхээр тэр хагас бэлэн бүтээгдэхүүн аваад өөрөө хийгээд идэх нь миний махан тооцоогоор бол лав долоон хоногт 10 euro орчимоор хямд тусна. Гэхдээ хоолнууд нь ер нь л нэг их сайхан гээд хэлчихмээр лав бишээ. Би өчигдөр, уржигдар Францд очиж Америк, Итали, Герман, Австри, Франц орнуудын хүмүүстэй цуг хооллосон. Нэг л хачин зутан шиг л юм идээд байх юм. Адуунд өгдөг овъёос ч билүү тэр юмыг ямар ч их иддэг юм. Нэг л усанд чанасан төмс энэ тэр гэсэн хачин юм л идээд байхын. Хамгийн эхний өдөр идсэн шөл нь харин их амттай байсан. Бороколлитой зутан шөл байхаа. Би тэгж таамаглаж байна. Их гоё амттай байсан. Тэрнээс хойш идсэн юмнууд нэг л бишээ. Талх нь их олон янз бас их гоё амттай. Хоолныхоо дараа заавал нэг амттан иддэг юм байна лээ. Миний очсон тосгон их жижигхэн би 40 мин орчим яваад нэг захаас нөгөө зах хүрчихэж байна лээ. Ямар ч дэлгүүр байгаагүй гээч. Нээх уйтгартай, бүүдгэр, сэрүүхэн. Ганцаардсан гэж жигтэйхэн. Шал дэмий ирлээ дээ гэж бодсон. Гэхдээ яахав дээ. Ээжийн хэлснээр хүний нутаг сайхан ч цаанаа л хүний нутгийн үнэр үнэртээд л байдаг юм даа гээд байсан. Үнэн байна лээ шүү. Хичнээн тохитой, сайхан цэцэрлэгтэй, амар тайван, өндөр хөгжилтэй газар ч гэсэн цаанаа л нэг хүйтэн. Гадаа гарахад ч байшин дотор ч нэг л сэрүүхэн. Хүмүүс нь ч ихэмсэг, хүйтэн, хөндий. Худлаа л нүүрэн дээрээ инээгээд сайнуу энэ тэр гээд мэндлээд байхаас биш цаанаа л нэг хөндий. Тэр байтугай манай хажуу өрөөний монгол эгч ч гэсэн бас л нэг хүйтэн, герман зантай. Байрны эзэн хатагтайтай л мэндэлж, ганц хоёр үг солихоос биш надтай юм бараг ярьдаггүй. Би ч нэг их яриад байя гэж боддоггүй. Бодлоо хуваалцах ч хүн олдохгүй. Би ч удахгүй герман зантай болно байх дөө.












Францчууд их хямсгар, ихэмсэг хүмүүс байна лээ. Хажууд нь байхаар надаас муухай үнэр үнэртээд байгаам болуу гэж өөрийн эрхгүй бодогдохоор тийм хүмүүс байна лээ. Kkk. Гэхдээ үнэн шүү. Хэтрүүлсэн ч юм биш. Хөгшин аавын хэлснээр Италичуудаас Германчууд нь дээр гэж хэлсэн үнэн байна лээ шүү. Яадаг ч байсан тэнд байсан Европ хүмүүс дундаа хамгийн гайгүй зантай хүмүүс нь герман, австри орны хүмүүс байсан. Манай хажуу өрөөнд байсан Австри эмэгтэй явахдаа надад боодолтой Швейцарь чихэр бас нэг Швейцарт 8 сард болох Буддын шашинтнуудад зориулсан хичээлийн хөтөлбөрийн танилцуулга өгсөн. Намайг хэрвээ сонирхвол тэнд очиж суугаарай гэж өгсөн байх л даа. Би л хагас хугас тэгж ойлгосон. Тэр их эелдэг аятайхан эмэгтэй байна лээ. Герман хүмүүс дунд хамгийн эелдэг тусархаг хүн нь манай байрны эзэн хатагтай байсан. Надад үргэлж сайн хандаж байсан. Хаа очиж их найрсаг зантай герман эмэгтэй байна лээ.












Бас эцэст нь хэлэхэд, монголоос германд ирэх гэж байгаа бол биеийн шингэн саван, биеийн тос, үсний тос, гель энэ тэр битгий авчраарай. Би өнөөдөр ердөө 40 центээр биеийн шингэн саван авсан. Монголд ч ийм хямдхан байдаггүй шд. Энд биеийн тос, шингэн саван, гар нүүрийн саван энэ тэр бүх юм есөн жороороо л байдаг юм байна. Үнэ нь ч янз бүр. Гэхдээ яг ямар ялгаатайг одоохондоо олж мэдээгүй л байна. Харин үсний шампунь Head and Shoulders 200 граммтай нь 3.70 euro байсан. Монголоос ийм үнээр 400 грамттайг авна. Шампунь, бие угаадаг порлон, оймс, шархны лент энэ тэр авчрах хэрэгтэй. Энд хамгийн хямд шархны лент 2.57 euro байна. Хамгийн хямд оймс 3 euro байна. Бие угаагч порлон хамгийн хямд нь 1 euro байна. Харин дээр хэлсэнчлэн гар утас, компьютер зэрэг электрон бараа бараг нэг их ялгаагүй үнэтэй байна. Энд хамгийн үнэтэй laptop 1000 орчим euro үнэтэй, хамгийн хямд нь барагцаагаар 280 - 300 орчим euro байна. Хамгийн хямд laptop компьютер Lenovo байсан. Sony илүү үнэтэй. Sony laptop бол монголд бараг л 2 сая орчим байдаг даа, миний санаж байгаагаар. Бараг л тэр орчим багцааны л үнэтэй байна. Миний авсан гар утсыг миний санаж байгаагаар монголоос авбал 300-400.000 орчим болох байсан шиг санаж байна. Тэгэхээр бас харьцангуй боломжийн үнэтэй байна гэсэн үг л дээ. Энд автобус, метро нь үнэтэй. 1 чиглэлд 1 удаа суухад 2 euro 10 цент. Харин 1 сар аль ч чиглэлд хэдэн ч удаа явах боломжтой билет авбал 47 euro байдаг. Үнэтэй л байгаа биз. Гэхдээ өдөрт 2 талдаа 4 euro 20 цент төлж байснаас хямд л даа.



Одоогоор сонин сайхан гэвэл нэг иймэрхүү л байна. Миний байгаа хот их сайхан хот юм гэнээ. Үзэх харах юм ихтэй. Гэхдээ би энүүхэн тойрог дотроо л будилаад явж байгаа болохоор одоогоор нэг их үзэж хараад сүйд болсон юм байхгүй л байна. Бас мөнгөө бодолцохгүй бол болохгүй. Дөнгөж эхлээд л хамаг мөнгөө барчихвал үлдсэн хугацаандаа юугаа идэж өнгөрөөнөө. Ямар ч байсан эхний сардаа энэ байдалтайгаа танилцчихаад, цагийн зөрүү гэдэг юмнаас гарчихаад, мөнгөө яаж ухаантай зарцуулахаа мэдсэнийхээ дараа тэнэх ажилдаа орноо. Kkkk. Би ерөөсөө энэ цагийн зөрүүнээс гарахгүй байнаа. Унтаад л байдаг унтаад л байдаг. Нойр ханадаггүй. Явж байгаад л нэг харахаар л орой болчихсон. Нэг харахаар л өглөө болчихсон байх юм. Хэдэн цаг болоод байгааг ч ерөөсөө мэдэхгүй. Цагийн баримжаа тэр чигтээ алдагдчихсан. Ямар ч л байсан өглөө нэг юм хичээлээсээ хоцролгүй сэрчихээд байгаамаа. Тэрнээс цаашихыг одоо болтол сайн зохицуулж чадахгүй л байна. Цагаа зохицуулж чадахгүй байгаа болохоор даалгавраа л нэг осолдохгүй хийгээд тэрнээс өөр зүйл хийж амжихгүй л байгаад байх юм.

No comments: