Monday, September 06, 2010

Германд аялахаар болвол

Хэрвээ германд хагас бүтэн сайны өдрүүдээр аялахаар шийдсэн бол хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал бол юугаар явах вэ? юм. Хэрвээ вагоноор явах бол явах өдрөөсөө болж өгвөл долоогоос 2 долоо хоногийн өмнө билетээ захиалбал зүгээр. Учир нь зарим өдрүүдэд зарим цагт хямдрал зарласан байдаг бөгөөд (ихэвчлэн хагас бүтэн сайнд эсвэл пүрэв, баасан гаригуудад) тийм хямдралтай билетүүд нь хурдан дуусчихдаг. Хэрвээ байнга вагоноор явах шаардлагатай байдаг бол 25%-50% хямдралын вагоны карттай худалдаж авбал явах тоолондоо билетний үнээсээ хасуулаад болно гэсэн үг юм. Мөн хагас бүтэн сайнаар группээрээ явбал илүү хямдралтай байдаг ба 5 хүн нийлээд 1 билет аваад мөн хямд үнээр явчих боломжтой байдаг. Хэрвээ цуг явах хүн олдохгүй байвал нэтэд зар тавиад мөн тэр өдөр цуг явах хүсэлтэй хүмүүстэй цуг нийлээд явчих боломжтой.
Өөр нэг боломж нь www.mitfahrgelegenheit.de юм. Энд машинтай хүмүүс өөр хотууд болон өөр улсууд руу машинаараа явах бол хэзээ явах, хэдэн цагт явахаа зар болгон бичээд тавьдаг сайт юм. Энэ нь үндсэндээ машинаараа ганцаараа явах бол бензиний үнэ өндөр тусах учраас мөн тэр зүг рүү явах хүмүүстэй хамтарч замынхаа зардлынхаа мөнгийг хуваагаад явчдаг нэг арга юм. Ингэж явах нь хэн хэндээ ашигтай байдаг. Тухайлбал, өөр нэг германы хот руу вагоноор явбал 35-90 евро болдог бол машинаар ингэж хамтарч явах 10-30 евро л болдог юм. Би ингэж нэг удаа явж үзсэн. Айх аюул бол байхгүй. Энд хууль дүрэм чанга, хүмүүс нь хуулиа яс дагадаг болохоор янз бүрийн аюул, хулгай дээрмийн талаар айлтгүй. Мөн ингэж ойр орчмын европын орнууд руу ч хямд үнээр аялах боломжтой.
Маш чухал нэг зүйл бол пасспорт. Нэг их тэгж сүртэй шалгаад сүйд болдоггүй л юм байна лээ. Гэхдээ авч явахад илүүдэхгүй.
Өөр нэг анхаарах зүйл, богино хугацаагаар аялах бол нэг их олон хэрэгтэй хэрэггүй зүйл авч явах хэрэггүй. Энд хүн хувцаслахдаа яг сонгино шиг л хувцаслахад болно. Бороо орж байснаа гэнэт нар гараад тэгээд салхи үлээгээд л. Нэг тийм урьдчилан хэлэхийн аргагүй цаг агаартай болохоор бороо ороход ч бэлэн, нар гарахад ч бэлэн тийм маягаар л хувцаслах хэрэгтэй. Тодруулбал, нэг футболка, гадуур нь нэг нимгэн цамц, тэгээд нэг арай зузаахан цамц эсвэл борооны цув, зонтик, хөлд маш эвтэйхэн намхан гутал, давуун өмд. Тэгээд нэг хөнгөхөн нуруунд эвтэйхэн үүргэвч, нарны шил, нарны малгай. Гэхдээ мэдээж урьдчилан цаг агаарын мэдээг мэдчихсэн байхад илүүдэхгүй.
Идэх зүйлээ өөрөө бэлдэж байх нь ямар ч тохиолдолд тун хямд шийдэл болно. Гэхдээ хөнгөхөн хачиртай талх, гамбургерийг аль ч хотод олж болно. Гэхдээ том хотуудад хоол хүнс нь бас л үнэтэй л байдаг юм байна лээ. Бас хүнсний дэлгүүрээс илүүтэйгээр хувцас, гутал, үнэт эдлэлийн дэлгүүрүүд л голчлон хотын төвд төвлөрсөн байдаг болохоор бас л амаргүй. Бас өөртөө үйлчилдэг кафе, хоолны газрууд нь илүү хямд байдаг. Харин өөрөө бас аяга тавгаа хураах ёстой байдгийг анхаарах хэрэгтэй. Ресторан бол угаасаа тоймгүй үнэтэйгээс гадна үйлчлэгчид нь заавал цайны мөнгө өгөх дүрэмтэй байдаг. Өгөхгүй ч байж болдог ч гэсэн дор хаяж авсан зүйлийнхээ үнийн 10%-тай тэнцэх мөнгийг үйлчлэгт нь өгөх хэрэгтэй байдаг юм гэсэн. Жишээлбэл, таны авсан зүйлийн үнэ 13 евро болсон бол 1 евро орчим мөнгийг үйлчлүүлэгчид нь цайны мөнгө болгож өгнө гэсэн үг. Би ресторанд орж хоол идээд сүйд болсон зүйлгүй ч нэг удаа ангиараа нэг жирийн нэг ресторанд ороход хоолнууд нь дандаа 7-10 орчим евроны үнэтэй байсан. Зэрэглэл нь ахих тусам хоол нь үнэтэй болдгоос гадна энд манайхан шиг нэг цай, нэг таваг хоол аваад л болчихдоггүй. Эхлээд Vorspeise буюу хоол хүлээж байхдаа идэх салад ч юмуу нэг хөнгөн зууш, дараа нь Hauptgericht буюу үндсэн хоол тэгээд десерт буюу амттан гэсэн дарааллаар иддэг. Тэд нарынх нь үнэ нь нийлээд хамгийн багаар л бол нэг хүнд 30 евро орчим болно. Үнэтэй ресторанд бол 100 орчим болдог гэсэн. Аймаар байгаа биз. Харин энгийн цайны газарт хамгийн хямдаар бол 4 орчим евронд хооллоно. Хэрвээ өөрөө хүнсээ бэлдвэл үүнээс ч хямдаар хооллоно.
Бас нэг баярламаар зүйл нь юу гэвэл хэрвээ та энэ улсад эсвэл европын холбооны аль нэг улсад оюутан байвал бараг бүх зүйлд хямдралтай үйлчлүүлнэ. Автобус унаа, үзвэр, кино театр, музей, номын сан, спорт заал, секц дугуйлан, тэр байтугай зарим шаардлагатай ном, програм хангамжийг ч илүү хямдаар авах эрхтэй. Бараг тал үнээр шахуу хямд үйлчлүүлдэг юм байна лээ. Бараг бүхий л европын орнуудад оюутнууд нь хямд үнээр үйлчлүүлэх эрхтэй олон газрууд байдаг. Ганц германд ч биш шүү! Жишээ нь, би Парисын Луврын музейг үнэгүй үзсэн гээд бод доо!!! Энэ үнэхээр сайхан, тийм биш гэж үү?!
За тэгээд монгол орон минь энэ харанхуй, бас ядуу байдлаасаа гарч их зүйл мэдэж, эндхийн хүмүүсийн нэгэн адил аялж зугаалж чаддаг боломжтой болоосой гэж миний зүгээс чин сэтгэлээсээ хүсч байна.
Хэрвээ асуух зүйл байвал бичиж байвал их баярлана. Би чадах чинээгээрээ хариулахыг хичээнэ.

No comments: