Monday, April 30, 2007

Truth

Үнэн гэдэг бол ерөнхийдөө олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зүйл гэж хэлж болно. Үнэндээ хүний ертөнцөд үнэн хэмээгч зүйл байдаггүй юм. Бас худал зүйл ч гэж байдаггүй. Ямар ч зүйлийг няцааж болдог, бас зөвтгөж болдог. Тийм ч учраас дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж байгаа юм. Зарим нэг хүмүүс бусдаас өөрөөр боддог байлаа гэхэд түүнийгээ үнэн болгохын тулд олон хүнд итгүүлэх хэрэгтэй. Хэдий олон хүнд итгүүлнэ төдий хэрээр үнэн гэсэн мөн чанарыг олж байдаг гэсэн үг. Хэдий олон хүн итгэхгүй байна төдий хэрээр худал зүйл болж хувирна. Жишээлбэл, хүн юунаас үүссэн бэ гэдэг асуудалд хүмүүс янз бүрээр хариулт өгдөг ч яг тогтсон буюу батлагдсан зүйл байдаггүй. Энэ тохиолдолд ямар ч хариулт өгсөн гэсэн яг үнэн гэчих арга байдаггүй. Зарим хүмүүс хүн төрөлхтнийг мичнээс (зарим хүмүүс сармагчин гээд байдаг юм, мич юм шүү сармагчин биш) үүсэлтэй, нэг хэсэг нь харь гаригийнхны туршилт, зарим нь бурхны бүтээл гэх. Үүнээс өөр бас олон үзэл байх боловч гол үзэл нь эдгээр юм. Минийхээр хүн мичнээс үүссэн байлаа гэхэд тэр мич нь бас өөр нэг амьтнаас үүссэн л байж таараа шүү дээ. Ингээд яривал дэлхий дээрх амьдрал юунаас үүсээ вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ямартай ч миний мэдхээр ямар нэг органик бус бодисоос органик бодис үүсдэггүй. Тэгвэл энэ органик бодис нь хаанаас гараад ирээ вэ цаашлаад тэр нэг эст ногоон замаг бас хаанаас гараад ирсэн юм бол гэдэг асуудал үүснэ. Энэ тохиолдолд дээр хэлсэн бурхан бүтээсэн эсвэл харь гаригийнхны хийсэн ажил хоёрын нэг болж таарнаа даа. Аль эсвэл энэ хоёр "нөхөр" нэг ч байж мэднэ. Өөрөөр хэлбэл, бурхан хэмээгч гэдгийг хүмүүсийн ойлгодгоос арай өөрөөр хэлбэл, хүнээс илүү ухаантай, илүү төгс шинжтэй, хүнээс илүү оюуны чадамж бүхий "хэн нэгэн" байхгүй юу. Товчоор хэлбэл бүрх талаараа хүнээс хамаагүй илүү "хэн нэгэн". Тэр бидний нэрлэдэгээр мөнөөх харь гаригийнхан ч байж болох. Хэрвээ үнэхээр харь гарийнхан хэмээгч нөхдүүд байдаг л юм бол миний бодоход одоо "ирэх" болсон баймаар юм. Гэхдээ бид хайгаад байгаа үнэнээ болж мэдэхийг үнэхээр их хүсээд байвал эхлээд биднийг бүтээгч тэр "хэн нэгэн" шиг болох хэрэгтэй буюу түүний хэмжээнд очих хэрэгтэй. Тэгсэн цагт бүх зүйл тодорхой болж магад.
Гэхдээ эцэст нь хэлэхэд бид ертөнцийг гурван хэмжээстээр хардаг. Хэрвээ үүнээс илүү олон хэмжээст огторгуйнууд байдаг гэвэл тэр огторгуй бүхэнд өөр өөр ертөнцүүд байдаг гэсэн үг. Мөн энэ ертөнцүүдийн цаг хугацаа нь ч өөрөөр байдаг бололтой. Өөрөөр хэлбэл, тэдгээр "харь гаригийнхан" бидний дэргэдхэн байдаг ч байж магад.

Wall

Анхандаа тэр айдас төрүүлдэг байлаа.
Түүнд дөхөхөөс ч, хүрэхээс ч айж байлаа.
Нэгэн өдөр түүнд жаахан дөхөн очиж удаан ажиглан харлаа.
Тэр үнэндээ миний бодсон шиг тийм аймаар байгаагүйд сэтгэл тайвширан түүнд дээр болгоомжтойхон аажим аажимаар, өдөр өдрөөр, жил жилээр дөхсөөр байлаа. Нэлээн удаан хугацааны дараа түүнд сэтгэл татагдан түүнгүйгээр амьдарч чадахгүй мэт санагдаж эхэллээ. Тэр миний амьдралын нэгэн хэсэг болов. Тэр хэрэгтэй үед хэн ч болж хувирдаг байлаа. Сайн найз, туслагч, багш минь болдог байлаа. Тэр намайг сэтгэлээр унахад зоригжуулж, уйлахад нулимсыг минь арчиж өгдөг байлаа. Тэр намайг энэ хорвоод мэндэлж ухаан орсон цагаас минь эхлэн намайг орхиогүй үнэнч найз минь гэж би боддог байлаа. Гэхдээ би түүнийг хэнээс ч илүү мэддэг, бас тэр намайг хэнээс ч илүү ойлгодог гэж боддог байлаа.
Нэг шөнө хар дарж зүүдлээд, уйлан босч ирэхэд тэр миний дэргэд байсангүй. Түнийг дуудах гэтэл нэрийг нь санадаггүй, гайхан царайг нь санах гэж оролдов. Гэтэл түүний царай ерөөсөө санаанд орж ирэхгүй байлаа. Тэгээд түүний тухай бүх дурсамжаа сэргээхийг оролдов. Гэтэл юу ч санаанд орохгүй л байлаа. Түүнийг санаж чадахгүй, түүнийг дурсах ганц ч зүйлийг авч үлдээгүйдээ өөртөө харамсав. Тэр хэн байваа, хар дарсан зүүд үү, эсвэл сайхан зүүд үү. Ямартай ч тэр хэзээ ч миний дэргэд байгаагүйг би ойлголоо. Тэр бол толинд туссан хуурмаг дүрс, миний оюун ухааны нэгэн үл үзэгдэх хана байж л дээ.

My poems

Би өөрийн зохиосон зарим шүлгээ доор бичлээ.

Би хүлээж байна
Оддыг ширтэх тоолондоо тэдэнтэй уулзахыг хүснэ
Орчлонгийн амьдралыг ажихдаа тэднийг мэдрэхийг хүснэ
Онгон зүрхний тольтоо танин мэдэхийг хүснэ
Омог бардам занг нь огоорон ойлгохыг хүснэ
Хорвоо чи ямар агуу том билээ дээ
Чамайг тания гэвч таних аргагүй
Харъя гэвч харж чадахгүй
Мэдэръе гэвч мэдэрч мэдэхгүй
---------------------------------------------------------
Голын усны мяралзах гялтганаанд
мөнхийн эгшиг шингэж
Тэртээх оддын зүг чимээгүйхэн
урсан хайлна
Салхины сэрвэлзэх чимээнээ
гунигийн дуу сонсогдоход
Санаа алдсан гуниг
баярын мишээлээр солигдоно
Он жил урсан өнгөрөхөд
мөнхийн гэгээ үл тасарна
Онгож гандсан тэр туузны
баяр гуниг ээлжилнэ
-----------------------------------------------------------
Ухаарч амжаагүй байхад минь
холдон одсон
Уулзаж амжаагүй байхад минь
орхиод явсан
Санаж амжаагүй байхад минь
салаад явсан
Саатан уулзаж чадаагүй
чиний дүрийг санахыг хичээнэ
--------------------------------------------------------------
Чиний нүдэн дэхь оч одноос ч хурц
Чиний инээмсэглэл мянган цэцэгсээс ч үзэсгэлэнтэй
Чиний дуу хоолой алтан гургалдайгаас уянгалаг
Чиний үг сэлэмнээс хурц, гэсэн ч дэлбээ мэт зөөлөн
Чиний явсан зам солонгоноос ч өнгөлөг
Чиний алхаа урсах мөрөн мэт дөлгөөн
Чиний ухаан тэнгэр мэт уужим, далай мэт гүн
Чи бол төгс төгөлдөр миний хүрч чадах эцсийн хязгаар
Чамаас цацрах гэрэл нарнаас ч хурц
Хэзээ ч хаанаас ч олж чадах мөртлөө
Хэзээ ч миний дэргэд үлдэхгүй анд минь
Хаа нэгтээ чиний дүрийг харахын тулд
Холын замыг ч тоолгүй туулахсан
Чамд би дурлаагүй, хайрласан юм
Чамайг би харамлаагүй, нандигнасан юм
Чиний төлөө миний хийж чадах бүхэн
Хэний ч юуны ч надад өгч чадахгүй аз жаргал
Намайг өндрөөс унаж явахад хэн ч анзаараагүй
Ганцхан чи л намайг газарт унагалгүй авч үлдэн нисэхийг заасан билээ
Дээгүүр доогуур, үүлэн дээгүүр, газар доогуур
Дахин уулзахдаа хэн байсныгаа хэлээрэй
Чи хэн байсан ч чиний дуу хоолойг хэзээд танина
Чанга биш аяархан шивнэн хэлээрэй
Найз минь надад хэлээч ганцхан удаа
Надад ч
и хэн нэгнийг санагдуулах юм

Monday, April 09, 2007

Хөгшрөлт гэж юу вэ

Нүүрэн дээр нь үрчлээс тогтож, явж хөдлөхөд хэцүү болж, хөл гар нь янгинан өвчин зовлонд нэрвэгдэн, үс нь буурал болохыг хөгшрөлт гэх үү? Үгүй дээ анд минь. Үнийг хөгшрөлт гэлгүй зүгээр л өөрчлөлт гэж болно. Хамгийн гол нь бодож сэтгэж, хүсч мөрөөдөж, зөв бурууг ялгахаа больж амьдралаас залхаж эхэлвэл үүнийг чинь хөгшрөлт гэдэг юм. Хэдэн настай ч бай хамаагүй амьдрах итгэл сэтгэл дүүрэн, зорилго тэмүүлэлтэй байвал болох нь тэр. Би нэг өвөөгийн тухай сонссон юм байна. Тэр өвөө Их Британых гэл үү юу билээ. 93 настайдаа оксфордын их сургуулийн докторийн зэрэг хамгаалсан гэж байгаа. Манайханд 93 нас гэдэг юу вэ? Юун сургуульд сурах байтугай юм болно биз дээ. Зарим нөхдүүд тэр өвөөг ийм хөгшин болж өнөө маргаашгүй болчихоод үхсэнээ хийж сургуульд сурдаг юм, тэр доктороо хэзээ хэрэглэх гэсэн юм гэх байх л даа. Миний бодоход огт тийм биш хүний насыг цаг хугацаагаар биш, тэр хүний сэтгэлгээгээр хэмждэг юм шүү дээ. Хамгийн гол амьдралд юу чухал вэ гэдэг л байхгүй юу. Хамгийн зөв, 100% үнэн байх арга зам гэж огт байхгүй. Хүн болгон л өөрийнхөө "хамгийн" зөв замыг сонгодог. Тэр зам нь заавал хамгийн сайн сайхан, аз жаргалд хүргэх албагүй. Хамгийн гол тэр хүн өөрөө л энэ замыг сонгосондоо харамсахгүй байвал болоо. Миний хөгшрөлтөөс хамгийн их айдаг зүйл нь зөнөгрөл. Зөнөгрөх л юм бол тэгээд л дуусаа. Тэрнээс биш үрчлээс мэт бол байх л зүйл шд. Тэр өвөөгийн хамгийн их баярласан зүйл надад бас их таалагдсан зүйл нь тэр өвөө оройтсон ч гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлсэн нь юм. Хөгшин болсон гээд бууж өгөөгүй нь хамгийн их таалагдсан. Ойлгож байна уу? Биднээс илүү хүчтэй зүйл болох цаг хугацааг ялж чадсан байхгүй юу.
Бидэнд цаг үргэлж сонголт тулгарч байдаг. Гэхдээ энэ сонголт заавал ямар нэг том сонголт, ж-нь ханиа сонгох ч юмуу, мэргэжлээ сонгох ч юмуу тиймэрхүү биш маш олон янзын жижиг сажиг, том янз бүрийн сонголт тулгарч байдаг. Гэхдээ хүмүүс жижиг сажиг сонголт амьдралд нь нэг их нөлөө үзүүлэхгүй юм шиг бодоод байдаг. Гэтэл тэр жижиг сонголтууд нь хүртэл бидний ирээдүйн амьдралд асар их өөрчлөлт авчирч байдаг. Тухайлбал, за байз өнөөдөр гэр лүүгээ энэ замаар нэг л явмааргүй байх чинь. Яах уу? Сурсан замаараа харих уу, өөр замаар явах уу? Тэгээд нөгөөх маань явдаг замаараа явахаар шийдээд явж байтал.................????болдог л байхгүй юу. Тэгэхээр амьдралд жижиг сажиг гэлтгүй сонголтыг зөв хийж сурах хэрэгтэй болно доо. Гэхдээ уул нь хүн хэмээгч чинь эхээс төрөхөөсөө өмнө үүнд нь суралцчихсан байдаг мөртлөө (за байз, өнөөдөр гарчихдаг ч юм билүү. За за болъё. Ээж маань бэлтгэлгүй байх шиг байна) яг цагаа тулахаараа ерөөсөө зөв шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь хачин шүү. Угтаа энэ алдаа гаргах шалтгаан нь "Чи намайг тэг гэж ятгасаар байгаад тийм шийдвэр гаргасан. Энэ бүгд чамаас боллоо", "өө, энэ архинаас л боллоо, архи л уугаагүй бол би гэдэг чинь энхийн цагаан гэмгүй тагтаа шүү дээ", "тэр өөрөө миний урдуур ороогүй бол ийм юм болохгүй байсан. Өөрийнх нь хохь", "ерөөсөө ээжээс л болж байгаа юм. Ээж намайг хөөрхөн төрүүлсэн байсан бол би тэрэнтэй суугаад сайхан байхгүй юу", "энэ хүн хараад байхаар нь би хальтраад уначихлаа гэх ч юмуу" эсвэл "би тэрэнд таалагдах гэж ийм зүйл хийсэн. Тэрнийг хэн миний нүдэнд ийм хөөрхөн харагд гэсэн юм" гэх зэрэг нь ерөөсөө бишээ. Бурхан минь, шалтгаан бол тоо томшгүй л олон бий. Хаа хамаагүй огт танихгүй хүнийг ч буруутгачихаж болно. Тийм шалтгаан үргэлж олддог юм. Тун амархан гээч. Хамгийн хэцүү нь өөрөө яг ямар буруутай вэ гэдгийг олж харах л байдаг юм даа.
PERSONAL QUOTE: Амьдралд санаандгүй болдог зүйл гэж нэг ч байхгүй. Бүх зүйл тухайн хүний хийсэн урьд өмнөх алдаа болон сонголтын үр дагавар байдаг.
Бидний хийсэн өчүүхэн алхам ч бидний дараагийн амьдралыг шийдэхэд хангалттай хүрэлцэнэ. Бид үнэндээ сонголтоос сонголтын хооронд амьдарч байна. Бид өөрөөсөө юуг ч нууж чадахгүй. Үүнтэй адил бид бусдыг, өөрийгөө ч хуурчихаж дөнгөх боловч амьдралыг хэзээ ч хуурч чадахгүй. Нэг талаас биднээс шууд хамаарарлтай байдлаар нөгөө талаас хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөн дор бидний хийсэн зүйлийн үр дүн бидэн дээр эргэж ирдэг. Энэ нь яг жоомтой адил. Яагаав нөгөө овоо босгоогүй бол шаазгай юундаа суунав шүү дээ. Жоом бол амьдрах нөхцөлийг бүрдүүлээд өгвөл баярлаад л үржээд байдаг амьтан. Бид хэдий чинээ бохир заваан байна төдий хэрээр жоом олон үржинэ гэдэгтэй л адил. Аа, бас өөр айлаас жоом орж ирнээ бас. Тэгэхээр бидний хийсэн аливаа алдаа оноо, үйлдэл бүхэн "жоом үржих" нөхцөл болж байдаг гэсэн үг. Тэгэхээр эндээс дүгнэлт хийгээд нэг үгийг хэлчихэж болно. Энэ нь:
PERSONAL QUOTE: Хувь тавилан бидний сонголтоор бий болдог нь үнэн. Бас урьдаас бичигдсэн байдаг нь ч үнэн.
Энэ хоёр үзэл хоёулаа зөв юм. Би хэлсэн шүү дээ. Сайн муу хоёр нэгэн зэрэг хамтдаа оршдог хорвоо шүү дээ энэ чинь.
Тэгэхээр бидний өмнө тулгарах нэг том асуулт бол ЮУГ САЙН ЮУГ МУУ ГЭХ ВЭ? БАС ЗӨВ СОНГОЛТЫГ ЯАЖ ХИЙХ ВЭ? юм. Юун түрүүнд биднийг алдаа гаргах нөхцлийг бүрдүүлэгч нар нь юу вэ буюу "жоомны амьдрах нөхцлийг" бүрдүүлээд байгаа зүйл юу вэ? гэдгийг оношлох нь зүй. Энэ бол тун энгийн. ЕРДӨӨ Л БИДНИЙ ХАРАЛГАН БАЙДЛААС БОЛДОГ ХЭРЭГ. Буруу гэсээр байхад гүйгээд очдог. Үхнэ шүү гээд байхад үсрээд орчихдог. Ердөө л бид "маш ухаантай" мөртлөө цагаа тулахаар гөлөгнөөс долоон дор болчихдогт л байгаа юм. Урд нь томоос том нүх байгааг харсаар байгаад үсэрч орчихоод нисч явахдаа "өө ямар мангар юм бэ? Би нүх байгааг харсан шдээ" гээд л бодоод явдаг байхгүй юу. Эсвэл ерөөсөө анхнаасаа харахгүй явж байгаад уначихаад "ХӨӨЕ ТА НАР ХАРСААР БАЙЖ НҮХ БАЙГААГ ХЭЛЭХГҮЙ ЯАГАА ВЭ? МУУСАЙН АМИА БОДСОН ЮМНУУД. ХАРЖ БАЙГААРАЙ БИ ТА НАРААС БОЛЖ ҮХСЭН ШҮҮ" гээд л дуусдаг байхгүй юу. Яг л ийм зүйлтэй төстэй зүйлийг хийгээд, яриад хэнийг ч хамаагүй буруутгаж сэтгэлээ тайтгаруулаад явдаг байхгүй юу. Хар даа бид яахын аргагүй солиотой хүмүүс мөн байгаа биз. Жинхэнэ солиотонгуудаас ялгагдах ялгаа нь бид ийм тэнэг байдлаа маш чадварлагаар нууж чаддагт л оршино. Жинхэнэ солиотонгуудад ийм чадвар байдаггүй эсвэл үүнийгээ гээчихсэн хэрэг. Бид ийм тэнэг байдлаа хэрхэн нуудаг вэ гэвэл их инээдтэй. Наад зах нь аятайхан харагдахыг хичээнэ. Ганган биш юмаа гэхэд солиотой хүн шиг харагдахгүй байхаар хувцаслана. Бас харьцааны соёл, ёс суртахуун, хууль дүрэм гэдэг гоё гоё нэртэй үгүүдээр халхавч хийн их л мундаг хүний дүр эсгэнэ. Бас тэгээд нэг их шударга хүний дүр эсгэнээ бас. Өөрт нь байгаа ч юмуу байхгүй ч юмуу бүү мэд ямар нэг чухал хүний дүрийг эсгэж явдаг. Бас их гоё гоё юм ярина. (Жишээ нь би яг одоо үүнийг чинь л хийгээд байна.) Нээг их мундаг ухаантай хүний дүр эсгээд ядаж байхад нөгөө дүрдээ итгээд угаасаа л ийм байсан юм шиг бодноо бас. Би ийм хүн биш та нар намайг буруу ойлгосон гэх шиг юм яриад л. Хэн ч намайг мэдэхгүй, ойлгохгүй, би л ганцаараа өөрийгөө мэднэ ч гэх шиг. Үнэндээ өөрийгөө ч мэдэхгүй явж байгаа шд. Цаадах чинь. Өөрийгөө мэдсэн юм бол арай өөр зүйл л хийгээд явж байсан байхгүй юу. Аа бас залуу эмэгтэйчүүдэд анзаарагддаг бас нэг иймэрхүү зүйл. Анх суунгуутаа л хайлсан тугалга шиг хадам аав ээждээ их мундаг ажилсаг бэр болж үзэгдэх гээд л бэлэг сэлт өгөөд л, хоолыг нь хийгээд л, гэрийг нь цэвэрлээд эгээ л хөл долоо гэвэл долоочих гээд л нөхрөө жихтэйхэн халамжлаад жигтэйхээн жигтэйхэн. Гэхдээ ер ийм байдлаар хэр удаан тэсэх юм бол доо чааваас. Хүн л юм болсон хойно нэг л өдөр үглээд л, аашлаад л эхэлдэг байхгүй юу. Эрчүүд нь ч ялгаагүй. Чи миний нар, надад чамаас илүү нь байхгүй, чи бол миний олж болох хамгийн нандин эрдэнэ гэх шиг ярьж авч суучихаад тогоо шиг гэдэстэй болоод нүүрээ ч будаж янзлахгүй, сэвхтээд таргалаад царай алдангуут өөр нэг "хамгийн нандин эрдэнийн" эрэлд гарна даа. нөгөө анчин гуай чинь.
Ийм л учраас бидний хүрээлээд ийм тэнэг тэнэг зүйл хийхэд хүргэдэг бидний нүдийг сохолдог, хаадаг зүйлийг л зөв олж таньж сурах хэрэгтэй дээ анд минь. Наад зах нь иймэрхүү хуурмаг багууд, завсрын салхийг олж харах, мөн нарийвчилбал мөнгө, сайхан хүн гэж хэнийг хэлэх вэ, сайхан харагдах нь сайн уу муу юу, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, үнэртэй ус, хар тамхи, архи, тамхи, секс, алдар нэрд дурлах явдал, хийрхэл, бусдыг дорд үзэх, хов ярих, өөрийгөө хамгийн чухал мундаг хүн гэж бодох, бас өөрийгөө хог шаар гэж бодох, найз нөхөд, дурлал, үерхэл, шохоорхол, гээд л маш олон зүйл ер нь бидний эргэн тойрон болон бидний дотор байх бүх зүйл "жоом үржих бохир орчин" болоход асар их нөлөө үзүүлдэг юм даа. Тийм учраас л би энэ бүхний төлөө өөрийгөө хамгийн гол нь өөрийгөө бүү худалдаарай хэмээн гуйгаад байгаа хэрэг. Энэ бол алдахад эргээд олдоход хамгийн хэцүү бидэнд байгаа хамгийн үнэт баялаг юм шүү. Юу ч хүсч мөрөөдөж болно. Харин үүний чинь золиос чи өөрөө, эсвэл өөр хэн нэгэн байж хэрхэвч болохгүй. Чи өөрөө энэ хорвоогийн алтан наран адил хэнийг ч ялгалгүй гийж, бусдын замаа зөв сонгоход туслах гэрэлт дэнлүү байх ёстой болохоос биш өөрийнхөө, өрөөл бусдын яллан шийтгэгч байж болохгүй. Үгүйдээ л гэхэд өөрийгөө хамгаалж үлдэх хэрэгтэй. Үзэгдэх биегүй, баригдах юмгүй эд шүү дээ эдгээр "хананууд" чинь. Тийм учраас буузэвсэг огт тус болохгүй. Тэмцэх цорын ганц арга бол өөрийгөө хадгалж өөрийгөө энэ бүх бохир зүйлсийн өсөн үржин амьдрах орчин болгож болохгүй.

Woman worth

Энэ хүмүүс гэдэг эгээтэй л энэ хүний нүдний диаметр төд байна, тэгэхээр энэ хүнийг алаг нүдтэй хүний тоонд оруулах хэрэгтэй. Арьс нь төддүгээр зэргийнх юм байна. Тэгэхээр сайхан арьстай хүний тоонд оруулах хэрэгтэй ч гэх шиг. Бараг тэгж хэмжихээ шахах юмаа. Дүгнэх ямарваа нэг арга нь хүн болгоныг л нэг ижил хайрцганд хийгээд багтвал тэнцүүлээд, багтахгүй юмуу жижигдээд байвал тохирох хайрцгаа сонго гэх нь халаг байх юмаа. Тэгээд л хүмүүст зэрэглэлүүд тогтоогоод л. Энэ надад тохирох хүн биш, надад тэнцэхгүй ч гэх шиг. Бүр хөх инээд хүрмээр. Миний зүгээс л гэж хэлэхэд уулын мод урттай богинотой. Өө, энэ мод хамгийн жижиг нь үүнийг тайрч хая гээд л тайрч хаяад байвал ганц ч модгүй болно гэдгийг мэдэж байна уу? Ямарваа нэг зүйлийг хэмжих хэмжүүр болгон нь тусдаа, өөр өөр байдаг юм ш дээ. Зайлуул, цаадах нь намхан ч гэсэн сагслагар, шилмүүстэй, эсвэл их өргөн дээшээ биш хажуу тийшээ тэлдэг л мод байхгүй юу. Аягүй бол их ховор мод байгаад бөөн өрөнд орно. Монголын царай муутай матар хүүхнүүдийг гадаадынхан түүж авч яваад монгол эрчүүд бидэндээ л сайн байхгүй юу гээд байгаа мангарууд!!!. Хөөрхий тэр хүүхнүүд нь "матар" байлаа ч гэсэн ар гэрээ авархаар явж байгаа хөөрхий амьтад байхгүй юу. Би нэг тийм эгчийг мэднэ. Дандаа охинтой айлын 4 дэхь нь гэлүү дээ. Ар гэр нь их хүнд эгч нар нь нөхрөөсөө салсан, сургуульд суръяа гэхээр мөнгө байхгүй, арай ядан хоног өдрийг өнгөрөөж байгаа амьдралаа хараад жаахан ч гэсэн тус болъё гэсэндээ ганц удаа уулзаж байгаагүй солонгос хүнтэй суугаад явчихсан. Хичнээн хэцүү ч гэсэн нөхрөөсөө нуугаад гэр лүүгээ мөнгө явуулаад л. Тэгж өөрийгөө золиослох зүрхтэй ЭР ХҮН гуай нар хэр их бол? Хүний нутагт хүний боол болж яваа тэр хөөрхий эмэгтэйчүүд жаргах гэж тэгсэн гэж та нар бодож байна уу? Магад зарим нь тэгж эндүүрсэн л байх. Гэхдээ нөгөө зарим нь гэр бүлээ тэжээхийн тулд шүү дээ. Яаж тэгж хэлж чаддаг байнаа. Юу ч мэдэхгүй мангарууд байж. Бас нэг эгчийн тухай яръя л даа. Тэр эгч миний бодлоор 30 орчим настай юм шиг байна лээ. Нэгэн төрийн албан хаагч. Цалин нь ямар байх нь хэнд ч ойлгомжтой. Чадан ядан амьдралдаа хүргэдэг. Уг нь нөхөр нь эрүүл саруул байхдаа сайхан амьдардаг байж л дээ. Гэтэл нэг азгүй өдөр нөхөр нь осолд орж, тахир дутуу болж л дээ. Тэр эгч нөхрөө байдаг чадлаараа асарч, мөнгө олох янз бүрийн арга хайж, янз бүрийн ажил давхар хийгээд ч нөхрийнх нь эмчилгээний зардалд хүрэхгүй байж л дээ. Эцэст нь энэ байдлаар ямар ч тусгүй болохыг ойлгоод нэгэн аймшигтай алхам хийсэн. Тэр эгч биеэ үнэлж эхэлсэн. Нөхрөө эдгээхийн тулд тэр шүү дээ. Тэгээд тэр эгч хэлж байгаа юм. Намайг хүмүүс юу гэсэн ч хамаагүй. Нөхөр маань босч явж, ярьж чаддаг болохыг л хармаар байна. Тэр эдгэрээд намайг хаяад явсан ч би гомдохгүй.....гэж хэлж байсан. Эмэгтэй хүний хүч чадал зүрхэн дотроо байдаг юм шүү дээ. Тэгж өөрийгөө золиосолж чадах эрэгтэй хүн хэд бол? Би байхгүй гэж хэлэхгүй. Гэхдээ үнэхээр цөөхөн. Яг л лоттерейд хожихтой л адил ховор үзэгдэл дээ. Магад тэрнээс ховор. Эцэст хэлэхэд эмэгтэй хүн бол ямар нэг ургамал навч биш. Цэцэг цэврүү, навч ургамал ч гэх шиг. Тэд чинь хүн юм шүү дээ. Ямар нэг гоёл чимэглэлийн зүйл, сервантадаа хийдэг сувенир, сейфэндээ хийгээд хадгалдаг мөнгө, үнэт чулуу, тариад ургуулаад байдаг тэр навч цэцэг чинь биш. Ердөө л хүмүүс. Яг л эмэгчин барс шиг хүмүүс, үр хүүхэд гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулж чадах зүрхтэй хүмүүс.
Сонирхуулахад эмэгтэй хүмүүсийн яагаад цэцэгтэй зүйрлэдэгийг мэдэхүү? Ихэнх эмэгтэй хүн өөрөөсөө цэцэгтэй төстэй үнэр ялгаруулдаг болохоор л тэр юм шүү дээ. Гэхдээ хоорондоо огт адилгүй байдаг. Гэхдээ perfume шиг тийм хүчтэй үнэртдэггүй болохоор өөрсдөө ч бусад хүмүүс анзаардаггүй.
PERSONAL QUOTE: Ямарваа нэгэн зүйл өөрийн тогтоогдсон хязгаар дотроо бүхнээс илүү үнэ цэнэтэй байдаг. Бидний хувьд үнэ цэнэгүй ч өөр нэгний хувьд үнэ цэнэтэй зүйл нь байдаг. Аливааг ганцхан өөрт хэрэгтэй гэдэг талаас харж тухайн зүйлийн үнэ цэнийг дутуу үнэлнэ гэдэг нь махан биш оюун ухааны нүдээ алдсан харалган хүний шинж.

Хүсэл, зорилго

Ямарваа нэг зүйлийг төгс хийдэг болно гэдэг нь огт боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Гэхдээ ямарваа нэгэн зүйлд маш сайн мэргэжсэн хүмүүс гэж байдаг. Гэхдээ энэ нь ч тодорхой хүрээний дотор л боломжтой зүйл. Өөрөөр хэлбэл ямарваа нэг анги хамт олны дотор хамгийн сайн нь гэж нэрлэгдэх хэн нэгэн байлаа гэж бодоход хотын хэмжээнд, улсын хэмжээнд, олон улсын хэмжээнд хамгийн сайн нь гэж ярихаар ямар болох вэ? Тэгээд хэн нэгнийг хамгийн сайнд, тэр тусмаа төгс мэргэжилтэнд өргөмжиллөө гэхэд түүнээс сайн нь гарч ирж болохыг үгүйсгэх аргагүй. Маш өрөөсгөл байгаа биз. Тухайлбал хэн нэгэн хүн ямар нэг гадаад хэлийг төгс сурах зорилго тавьсан байлаа гэж бодъё. Энэ огт боломжгүй. Наад зах нь бидний анх эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаас эхлэн сонсч, ярьж өссөн монгол хэлээ ч төгс сайн мэдэх монгол хүн хэр их олон бол? Дүрмийн хувьд л гэхэд андуурч алдаа гаргах явдал их байхаас гадна бидний амьдралдаа ч сонсож байгаагүй монгол үгнүүд хэдэн мянгаараа л байдаг шүү дээ. Тэгэхээр ямарваа нэг хүн өөрийнхөө зорилгод нийцүүлж аливаа зүйлийг сурч, мэддэг учиртай. Тэгвэл зорилго хаанаас бий болдог вэ?
Зорилго хүслээс бий болдог. Зорилгоо хэр их гүн тодорхойлно төдий хэрээр тэр замаар явах аялал урт байна.
Хүсэл бол сайн ч зүйл биш, бас муу зүйл ч бас биш. Гэхдээ сайн эсвэл муу зүйл болж хувирах эсэх нь тухайн хүнээсээ л шалтгаална. Бидний амьдралыг чимж, амьдрах тэнхэл өгдөг зүйлүүдийн нэг бол хүсэл юм. Хүн өөртөө байхгүй ямар нэг зүйлийг бусдаас олж харах үед хүнд хүсэл төрдөг. Тэгээд өөртөө бий болгохыг хүссэн зүйлээ бий болгох ямар арга замыг сонгоно түүнээс хүсэл сайн зүйл болох, муу зүйл болж хувирах эсэх нь хамаарна. Хүслийг зөв зохион байгуулж чадвал энэ нь зорилго болно. Хэрэв хүслийг хэт их дэврээн атаархах сэтгэлээр тэжээвэл энэ нь шунал гэгч зүйл болж хувирна даа. Тэгээд л "шунал ихэдвэл шулам болно" гэгч болно доо. Юуны түрүүнд юу хүсч байгаагаа мэдэх хэрэгтэй. Зорилгоо ч бас зөв тодорхойлох нь чухал. Бас хүсэлдээ хязгаарлалт тавих хэрэгтэй. Гэхдээ хүсэл зогсоно гэж байхгүй л дээ. Хүсэл маш их хүчтэй байх аваас юунд хүргэж ч болзошгүй. Ж-нь амь насаа бооцоонд тавиад үхлийн тоглоомоор нааддаг хүмүүс, янз бүрийн туршилтанд сайн дураараа оролцдог хүмүүсийг энд дурьдаж болно.
Намайг бага байхад эгч маань хааяадаа үлгэр уншиж өгдөг байлаа л даа. Заримдаа уншаад өгөөч гэхээр унтууцаад байдаг байв. Би тэр үед 3 юмуу 4 настай л байсан байх. Тэгээд уншиж өгөхгүй болохоор нь яаж уншихыг заагаад өг гэдэг байв. Хариуд нь эгч маань тэртэй тэргүй чи сургуульд ороод уншаад сурчихна гэдэг байв. Тэгээд би гэдэг нөхөр сургуульд орох цагаа хүлээгээд л байв, хүлээгээд л байв. Тэгсэн ч гэсэн сургуульд орох цаг маань болоогүй л байв. Тэгэхээр нь аргаа бараад өөрөө уншиж сурсан даа. Томчууд тэгээд нээх муухай. Заагаад өгчихгүй. Аргаа барахдаа гэрт байсан орос цагаан толгойн үсгийг дуурайлган бичиж байж бичиж сурав. Гэхдээ Е үсэгийг буруу харуулж бичээд, ш щ үсгийг андуураад байдаг байв. Гэхдээ л би хэний ч туслалцаагүйгээр уншиж бичээд сурчихсан л юм даа. Анхны юм унших оролдлого маань тун амжилттай болсон. Би монгол телевизийн хөтөлбөрийг уншиж байсан чинь ээж хараад маш их гайхаж байсан. Хөөх чи хэзээ яаж уншаад сурчихваа гээд л. Тэгээд л би өөрийгөө зөв уншиж байгааг мэдсэн юм даа. Хүн бол өөрөө асар их баялаг. Тэр тусмаа өөрөө хөгжих асар их чадвартай байдаг.
PERSONAL QUOTE: Хүсэл зогсох хязгаар бол амьдралаас, бас өөр зүйлээс ч тэр хүсэх зүйл байхгүй болвол, амьдралаас залхвал, эсвэл ТӨГС ХҮН болж бүхнийг авсан цагт хүсэл зогсоно. Энэ тохиолдолд амьдрах шалтгаан байхгүй болно. Гэхдээ үхнэ гэж хэлж байгаа хэрэг огт биш. Хийх зүйл зөндөө байсаар байхад дуусчихдаг амьдрал шүү дээ, энэ чинь.
PERSONAL QUOTE: Хүмүүс зовж байх үедээ бусдын амьдралыг сонирхох тэнхэлтэй байдаг. Хүмүүс өөрсдөө зовж байх үедээ бусдын зовлонг хамгийн сайн хуваалцаж чаддаг.

Хайр дурлал хоёрын ялгаа юу вэ?
Хүмүүс ихэнхдээ энэ хоёр зүйлийн ялгааг тийм сайн ойлгодоггүй. Би ч бас сайн мэдэхгүй ч гэлээ өөрийнхөөрөө энэ хоёрын ялгааг хэлье. Аль аль нь сэтгэлд бий болдог зүйл. Хүмүүс "Дурлал амьдралд олон. Хайр бол ганц" гэж яриад байдаг. Гэхдээ би үүнийг үнэн эсэхийг мэдэхгүй. Гэхдээ миний хэлж чадах зүйл бол аль аль нь сэтгэлийн тусгал.
Сэтгэл бол толь. Сэтгэлийн мөн чанар тольтой, бас устай их төстэй. Хүн болгоны мэдрэмж, үзэл бодол өөр байдаг нь угтаа сэтгэлийн энэ чанараас болдог хэрэг. Хүн мэдээлэл хүлээн авах сувгуудаараа орж ирсэн янз бүрийн мэдрэмжийг дотор нь ангилан тодорхой нэр оноож үүнийгээ сэтгэлдээ зурж байдаг. Бид бол зураач. Гэхдээ бидэнд ямар бийр, ямар будаг оногдсоноосоо хамаарч, бас ямар сэтгэгдэл, мэдрэмж төрснөө сэтгэл гэдэг нэртэй цаасан дээрээ зурж байдаг. Тэгээд үүнийгээ дурсамж, хайр, дурлал, аз жаргалтай мөч, хүнд хэцүү цаг, миний хамгийн хайртай хүн, юм, хамгийн дургүй зүйл, хүсэл мөрөөдөл, миний мөрөөдлийн бүсгүй, залуу гэх мэтчилэн нэр өгч үүнийгээ нийтэд нь АМЬДРАЛЫН ТУРШЛАГА буюу МИНИЙ АМЬДРАЛ хэмээн нэрийдэн сэтгэлдээ хадгалдаг юм. Хайр дурлал аль аль нь энэ олон зурагнуудын нэг нь юм.
Хүн болгоны нэг л зүйлийг харж зурсан нь өөр өөр байдаг нь үүнтэй холбоотой. Одоо дотор нь илүү нарийвчлан тайлбарлая. Жишээ нь А гэгч залуу Б гэгч бүсгүйтэй анх удаа уулзлаа гэж бодъё. Энэ үед хэн хэн нь А болон Б гэсэн нэртэй зурагнуудыг сэтгэлдээ зурна. А нь Б-г, Б нь А-гийн зургийг сэтгэлдээ зурна. Тэгээд ярианы өнгө, үзэл бодол, хувцаслалт, гаднах байдал, зан харилцаа, боловсролын түвшин, амьдралын боломж гээд маш олон зүйлийг нь харж байж нөгөө зургаа зурна шүү дээ. Тэгээд энэ бүхнээ нэгтгээд А бол ийм хүн, Б бол ийм хүн гэсэн ойлголтыг авна. Энэ сэтгэгдэл маань дараа дараагийн уулзалтуудад улам бүр батжих юмуу эсвэл, зарим хэсгийг нь баллуурдаж хаяад зарим зүлийг нэмэх гэх мэтчилэн явсаар байгаад хэсэг хугацааны дараа зурсан зураг нь таалагдах юм бол энэ нь дурлал эсвэл дурлалын эхлэл болдог аж. Дурлал гэдэг нь угтаа энэ хүн ерөсөө л миний хайж байсан хүн мөн байна гэх итгэл төрөх үед үүсдэг зүйл юм. Өөрөөр хэлбэл, тэр хүн нь энэ хорвоогийн хамгийн сайхан нь биш гэхэд тийм хүнтэй зүйрлүүлж болохоор харагдаж итгэгдсэн үед дурлал үүсэж байна гэсэн үг юм. Гэтэл хэсэг хугацааны дараа тэр итгэл сэтгэгдэл алга болох ямар нэг зүйл болох үед эсвэл түүнээс илүү сайхан хүн байна гэдгийг мэдэнгүүт дурлал орших үндэн байхгүй болно гэсэн үг юм. Харин хайр бол дурлалаас илүү тогтвортой зүйл. Хайр гэж чухамдаа юу вэ гэвэл хүн төрөлхтөнд байдаг янз бүрийн мэдрэмжүүд дотроос хамгийн нандин гайхалтай бас хүчтэй мэдрэмж юм.
PERSONAL QUOTE: Хэн нэгэн хүнийг хайрлахын тулд ямар нэг шалтгаан байх хэрэггүй. Хайрлаж байгаа нь ч, хайрлуулж байгаа нь ч заавал "хамгийн сайн, сайхан" нь байх албагүй. Өөрөөр хэлбэл, сайнтай муутай нь, сайхантай муухайтай нь яг байгаа чигээр нь хайрлахыг, өөр илүү юуг ч хүсэлгүйгээр хайрлахыг ЖИНХЭНЭ ХАЙР гэж нэрлэнэ. Би чамайг хайрласан чи намайг бас заавал хайрлах ёстой гэж л байвал энэ хайр биш. Хайр бол ямар нэг өр шир, авлага өглөгө биш юм.
Хайранд хамгийн ойр хайр бол ихэнхдээ эхийн хайр байдаг юм даа.
Тэгэхээр жинхэнэ хайраа бэдэрч яваа хөөрхий харалган юмнуудад завсрын салхинууд дундуур салхилаад толгойг нь эргүүлээд алдаа гаргуулаад байхыг нь яанаа. Тийм нөхдүүд уг чанартаа хэн бэ гэхээр нөгөө нэг баг зүүгч хүний зовлонгоор жаргал хийгч нөхдүүд байхгүй юу. Эрэгтэй ч эмэгтэй ч бай ялгаагүй. Ядаж байхад жирийн нэг нөхдүүд нь хүртэл нэг их мундаг амьтан болж харагдах гээд худлаа залаад perfume цацаад мөнгөгүй байж үнэтэй ресторанд орох гэх мэтчилэн. Энэ бүх байдал нь хүмүүсийг танихад тун хэцүү болгоод үүнээс болж хүмүүс амьдралдаа алдаа гаргах нь тун олон. Аль болохоор завсрын салхинуудыг салхилуулахгүй байсан нь дээр байдаг юм даа. Зүгээр л байгаагаараа байж үзээд таалагдахгүй байвал явж л орхихгүй юу. Хэн хэндээ амар. Өчнөөн юм болж болж үр хүүхэд, эхнэр нөхөртөө тулсан хойноо эсвэл тийм болсон хойноо багаа хуулж байснаас хамаагүй хохирол багатай байхгүй юу. Ядаж хүүхэд хэмээгч гуравдагч этгээдийн амьдралыг там болгож зовоохгүй.

Equality

Эрэгтэй болон эмэгтэй хүний эрх тэгш байдлын тухай яриад хэр их хугацаа өнгөрсөн билээ дээ?
Эрэгтэй эмэгтэй хүмүүс бол огт өөр ертөнцүүд юм. Хооронд нь харьцуулах аргагүй. Тэгэхээр тэрхүү тэгшитгэх гээд байгаа үзэл зөв "ажиллахгүй" байгаагийн шалтгаан үүнд оршино. Жишээлбэл: эмч хүнийг программист хүнтэй зүрлүүлж болох уу? Зарим нэг төстэй чанараар нь зүйрлүүлж болох боловч ажилаа гүйцэтгэж чадаж байгаа тэр чадвараар нь яагаад ч зүйрлүүлэх аргагүй. Эмчийн хийж чадахгүй зүйлийг программист хийж, программистийн хийж чадахгүйг эмч хийж чадаж байгаа биз дээ? Үгүй юу? Эрэгтэй эмэгтэй хүмүүс яг л үүнтэй ижил. Эрэгтэй хүнд байхгүй зүйл эмэгтэй хүнд бий. Эмэгтэй хүнд байхгүй зүйл эрэгтэй хүнд бий. Эдгээрийг нэг л янзын хэмжүүрээр хэмжиж болохгүй биз дээ? Энэ чинь яг л усыг метрээр, уртыг литрээр хэмжихтэй адил байгаа биз дээ? Үгүй юу? Төдөн литр зам яваад... гэж яривал ямар байна? Шал тэнэг сонсогдож байгаа биз? Яг л үүнтэй чинь адил байхгүй юу? Тухайлбал дуучин зураач хоёр хүний авъяасыг харьцуулбал дуучны авъяас төдөн см, зураачийнх нь төдөн см юм байна гэж ярих уу?
Өдий хүртэл янз бүрийн үндэстэнүүдийн зан заншил, уламжлал, үзэл бодол, тэр байтугай шашинд тогтож үлдсэн эр хүнийг дээдлэх болсон шалтгаан нь ердөө л нэг талаас нь харж нэг хэмжүүрээр хэмжсэнээс болсон нь тэр юм. Үнэндээ өнгөрсөн зууныг хүртэл хөөрхий эмэгтэйчүүдэд "гавъяа" байгуулах боломж хэр их олдож байсан бол? Гэхдээ энэ хэцүү шуурган дундуур нэрээ үлдээж чадсан цөөхөн ч гэсэн эмэгтэйчүүд байдаг нь сайшаалтай. Өнгөрсөн зуунуудад амьдарч байсан суут хүмүүс, агуу хүмүүс бүгд эрэгтэй байсан гээд байдаг тэр нөхдүүдэд хандаж хэлэхэд тэр үед эмэгтэйчүүдэд сургуульд сурах боломж олдож байсан бол уу гэж асуумаар байна. Хүний тэгш эрхийн тухай яригдах болсон, эмэгтэйчүүд сургуульд сурдаг болсон атал чиний тэр "суут" эмэгтэйчүүд чинь хаана байна гэх бол уу? Тэгж асуувал надад хэлэх хариулт бас бий.
Эрт үед бидний өвөг эцэг ан гөрөө хийж, агуйд амьдарч байх үеэс л энэ ойлголт бий болж эхэлсэн. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсийг бодвол илүү хурд хүч ихтэй учир гэр бүлээ хамгаалж тэжээхийн тулд анд явдаг байв. Энэ нь мэдээж тун чухал үүрэг байв. Харин эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол нэг хэвийн урт хугацааны ажилд илүү сайн тэвчээртэй учир галаа манаж жимс ногоо түүж гэр бүлээ тэжээхэд туслалцдаг байв. Гал манана гэдэг маань тэр үеийн хүмүүсийн хувьд их чухал ажил юм шүү дээ. Нэг л удаа галаа алдвал араатан амьтан дайрна, хоолоо яаж болгох вэ, даарна гээд л, бас дахин гал олохын тулд бөөн юм болно. Үүний дараагаар, овог аймаг яваандаа улс гүрэн бий болж хүмүүс олшрохын хэрээр ганц дан араатан төдийгүй хүн хэмээгч бас нэг "араатанаас" гэр бүл газар нутгаа хамгаалах шаардлага гарч, бас дээр нь өөр бусад руу дайрч, хоол унд бас бус юм булаах шаардлага гарч ирж үүнд нь дандаа эрэгтэй хүмүүс явдаг байв. Их олз олсон сайн дайчдыг шагнах нь зүй. Энэ үеэс л эрэгтэй хүнийг дээдлэх ёс бий болж эхэлсэн хэрэг. Эцэст нь эмэгтэй хүн бол ямар нэг бараа таваар, бэлэг сэлт, боолын үүрэг рольтой болсон хэрэг. Ийм байдал үүссэнээр маш олон мянган жилийн нүүрийг үзсэн. Гэтэл хүний эрхийн коньвенц гараад хэдий хэр хугацаа өнгөрөв? Аан? Энэ богино хугацаа энэ олон жилийн явцад оршин тогтонож бүр түүгээр барахгүй хүний гений нэгэн хэсэг болсон эрэгтэй хүнийг дээдлэх үзлийг алга болж чадна гэж үү? Энэ ойлголт алга болохын тулд дахиад өчнөөн жил өнгөрч, шинэ үеийн хүмүүсийн энэ ойлголтоос огт өөрөөр хүмүүжүүлэхгүй л юм бол ямар ч нэмэргүй. Ер нь эрэгтэй хүмүүс тийм мундаг юм бол бүгдээрээ мандан бадраад явах нь яагаа вэ? Зарим нэг эрэгтэй хүнээс илүү бяртай эмэгтэй хүн гэж байна. Тухайлбал, хүндийн өргөлтөөр хичээллэдэг ч юмуу эсвэл бие хамгаалах урлагаар ч юмуу хичээллэдэг эмэгтэйчүүд бүх эрэгтэй хүнээс биш гэхэд заримаас нь илүү бяртай байж болноо доо. Бас зарим нэг эрчүүдээс өндөр боловсролтой, ухаалаг эмэгтэйчүүд гэж байнаа даа. Гэхдээ хүмүүс хэлдэг л юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүс нийгэмд адил тэгш эрхтэй амьдралд оролцоно гэдэг боломжгүй. Байгаль эхээс ингэж заяасан гээд л. Мөн хуцваа. Хүмүүс л ийм ойлголтыг бий болгосон. Тэрнээс биш бурхан хүмүүсийг бүтээнгүүтээ л "эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү шүү. Сайн санаж яваарай" гэж хэлээгүйг би мэдэж байна. Бидний нэрлэдэг уламжлал, ёс заншил ч үнэндээ үүсмэл зүйл шүү дээ. Хүн үүсэхтэй л хамт үүсчихсэн зүйл огтоос биш. Амьдралд хүний оролцоогүй явагдаж байдаг цөөн хэдэн хууль л байдаг. Бусад нь бүгд үүсмэл. 1+1=5 гэдэг ч үүнтэй төстэй зүйл ярьсан юмуу бичсэн бодсон хүнийг бид тэнэг галзуу гэж нэрлэдэг. Угтаа тэр хүн нь биш бид өөрсдөө тэнэг галзуу байхгүй юу. Энэ тоо, үсэг, хэллэг, он тоолол гээд бидний үнэн гэж бодогддог бүхэн үүсмэл. Үүсмэл зүйлийг өөрчилж болдог юм. Өөрчлөөгүй байсан ч өөрчлөгддөг нь жам юм. Өдийг хүртэл сурсан мэдсэн бүгд худал, хуурамч, үүсмэл гэдгийг бодохоор уур хүрмээр ч гэсэн сохрын газар сохор, доголонгийн газар доголон. Амьдрах л хэрэгтэй. Буруу ч байсан зөв гээд, худлаа байсан ч үнэн гээд явхаас өөр замгүй. Ямар ч гэсэн би хүүхэд гаргадаг л юм бол ийм ойлголтоос аль болох ангид байлгахыг хичээхээс аргагүй. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай ухаантай, хүмүүжилтэй, хүн чанартай, хаана ч амьдарч чадах хүүхэдтэй байх л болоо ш дээ. Шинэ үеийнхэн энэ тогтсон ойлготуудаас салаасай гээд л залбирч байхаас өөр замгүй.
Ямарваа нэг шашинд эрэгтэй хүнийг дээдэлсэн маягийн үзэл бас үнэртээд байдаг нь бас л хүмүүсийн хийсэн ажил. Хаана ч гэлээ нэг азийн нэг оронд эрэгтэй хүн яг цэргийн алба хашиж байгаа юм шиг 2 жил хийдэд шавилах хуультай орон байдаг юм байна л даа. Энэ орон буддын шашинтай орон юм. Тэгээд тэр хийдэд эмэгтэй хүн орохыг хориглодог гэнэ. Учир нь эмэгтэй хүн ариун бус юм гэнэ. Яагаад гэхээр сарын тэмдэг ирдэг болохоор гэнэ. Гэтэл тэр хийдийн цэцэрлэг дотор сармагчингууд дүүлээд л байж байдаг гэх. Тэр нь дотор нь мэдээж эмэгтэй сармагчин байж л таараа. Энэ бол эмэгтэй хүнийг дорд үзэх үзэл байхгүй юу. Тэрнээс биш ямар ч сарын тэмдэгтэй холбоотой биш. Тэрнийгээ л амьхандаа нууж тэгж хэлж байгаа хэрэг.
Гэтэл уг чанартаа бурханы шашинд эмэгтэй хүнийг ялгаварлах үзэл үнэндээ байхгүй юм билээ. Ямарваа нэг хувилгаан хүн эмэгтэй хүн болж төрснийг төрөл доройтлоо гэж үздэггүй. Учир нь эрэгтэй эмэгтэй хүмүүст аль алинд нь хүнд байх ёстой үнэт зүйлүүд, чанарууд байдаг бөгөөд аль аль нь бурханы хутгыг олж болно гэдэг юм билээ. Бас миний нэг уншсанаар бурханы хутгыг олохоор суралцаж буй бодьсадва нар нь энэ олон төрөлт дундаа эмэгтэй, эрэгтэй аль алиных нь төрөлд төрөх ёстой байдаг тухай бичсэн байсан. Учир нь аль алинаас нь суралцах зүйл маш их байдаг гэнэ. Хүмүүс нээрээ хэтэрхий их гуйвуулнаа нээрээ. Бусад шашинд ч тэр тэр байтугай Исламын шашинд ч эмэгтэй хүнийг доорд үзэх ёстой гэсэн сургааль лав л байхгүй байгаа даа.
Ер нь хамгийн зөв зам бол эрэгтэй ч эмэгтэй ч бай хүмүүс өөр өөрсдийн замаараа өөрийнхөөрөө л амьдрах ёстой. Хэн нэгэндээ өөрийнхөө амьдралаа даатгачихаад чи үхвэл би бас үхнэ гээд сууж байж хэрхэвч болохгүй. Үүнээс тэнэг юм гэж байх уу? Зарим нэг охид нэг гайгүй мөнгө олдог залуутай л суучихвал болоо гэж яриад байх юм. Бас эрэгтэй хүн л юм чинь ёстой нөгөө BX-н мангар дуун (My Love) дээр гардаг шиг эр хүн юм чинь тэр бүгдийг хийнэ гээд сууж байх юм. Нөгөөх нь хаяад л явчихвал одоо тэгээд яанаа. Аан? Тэжээгчээ алдсан гээд тэтгэвэр горьдоод явах уу? Мөн олдох байх даа. Хаяагдахад царайлаг марайлаг ёстой пад байхгүй шд. Маамуу гаргаа л бол яйрна шд. Аль болохоор нэг их хамааралгүйгээр тэр тусмаа эдийн засгийн тал дээр. Салсан ч гэсэн бие биенээсээ царай алдахгүйгээр амьдарч чаддаг байх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй бол нөгөө "эрхэм эрчүүд" нар нь гомдол нэхнээ гэж. Нөгөө тэгш эрх гээд байсан нь хаана байна. Би илүүг төлж байна гээд л. Бас нөгөө талаар мөнгө илүү олдог нь гэр дотроо илүү эрх дархтай байдаг нь нууц биш. Иймэрхүү байдлаар хавчигдах нь хэн хэнд нь таалагдахгүй нь лав. Бас надад нэг залуугийн хэлсэн надад ихэд таалагдсан үгийг нь хэлье гэж бодож байна. Тэрний хийдэг ажил нь эхнэрийнхээс нь огт өөр. Тэр залуу хэлсэн үгний санаа нь"хичнээн гэр бүл болсон байлаа гээд хэн нь ч хэндээ хөгжих боломжинд нь дөнгө болж болохгүй. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай гэрлэхээсээ өмнө зорьж байсан зүйлээ гэрлэсний дараа хаяж болохгүй. Харин ч бие биенийгээ улам ихээр дэмжиж амжилт гаргахад нь тус дэм болох ёстой" гэж. Ухаантай залуу байгааз?!. Ийм бодолтой хүмүүс олон байх тусмаа сайн юмсан.