Monday, February 22, 2010

Мөрөөдөл биелэх өдөр

2 сарын 18 өдөр миний олон жилийн мөрөөдөл биелэсэн сайхан зүйл боллоо. Би Европын холбооноос өгдөг тэтгэлэгт тэнцсэн байна. Үгээр илэрхийлэхийн аргагүй ихээр ёстой л магнайгаа хагартлаа баярлалаа. Өөрөөн дотуураа дэвхцэж гүйгээд л....

Өнөөдөр ч гэсэн миний хөөр баяр дуусаагүй л байна. Мөрөөдөл биелэдэг өдөр гэж байдаг л юм байна. Мөрөөдөл биелэдэг юм байна шүү, хүмүүсээ.
Би үнэндээ 2 тэтгэлэгт тэнцсэн шүү. Бүүр 2 тэтгэлэгт гээч. 2-уулаа бүрэн тэтгэлэг. Гэхдээ нэгийг нь сонгох ёстой. Анхнаасаа сонгосон байсан нэгийгээ л сонгоно доо. Би өнөөдөр 3 сарын 14-нд 2 дах тэтгэлгийнхээ
тэнцсэн гэдэг хариуг хүлээж авлаа. Сайхан өдөр. Хорвоогийн эрээн бараантай, жаргалтай, зовлонтой энгийн л нэгэн өдөр. Энгийн нэгэн ням гариг. Гэхдээ миний амьдралд нэгэн шинэ гарцыг нээсэн өдөр.

Тэгээд энэ сайхан хөөр баяртай сайхан дурсамжтай мөчөө бичиж, тэмдэглэж үлдээх хэрэгтэй гэж бодлоо. Цаг хором өнгөрөхийн тоогоор юм болгон хувьсан өөрчлөгдөж, энэ цаг мөчид амьдарч байгаа би гэдэг хүн ч өөр хүн болж хувирсаар л байгаа. Жилийн дараа л гэхэд миний үзэл бодол өөр болчих байх. Тэрнээсээ өмнө амжиж, энэ хором мөчид амьдарч байгаа би гэдэг хүний дурсамж, үзэл бодлыг бичиж үлдээх гэж би энэ бүхнийг бичдэг юм.


Миний амьдрал тийм ч амар хялбар сайхан байсангүй ээ. Бодоод байхад би бараг хэзээ ч хүүхэд байгаагүй юм шиг л. Тоглож наадаж, эрхэлж байсан дурсамж бараг л байхгүйтэй адилхан байх юм. Би энд туулж өнгөрүүлсэн бүхий л амьдралаа тоочихгүй ээ. Гэхдээ л миний МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ ӨДӨР ямар үнэ цэнээр олдсоныг л дурсах гэсэн юм.

Би анх хэний ч тусламжгүйгээр уншиж сурч байхдаа л би насан туршдаа энэ бичиг цаас хоёртой зууралдана гэж мэдсэнгүй ээ. Анх 12 настайдаа анхныхаа өгүүллэгийг бичиж байсан юм. “Агуй” гэдэг нэртэй байсан билүү дээ. Одоо тэр дэвтэр байхгүй ээ. Нүүж сууж явахад л хаягдсан байх. Тэгээд тэр үедээ бичсэн өгүүллэгүүдээ хүүхдийн сонинд хэвлүүлэхийг маш их хүсч байсан ч угийн бүрэг, ичимхий болохоороо зориглоогүй юмаа. Тэгэхэд л би дотроо “дараа нь том болоод нэр хүндтэй, хүмүүс миний үгийг тоож сонсож, миний өгүүллэгийг тоож уншихаар тийм нэр нөлөөтэй болохоороо л заавал нэг ном хэвлүүлнэ дээ” гэж бодсон юм даа. Гэхдээ тэр багийнхаа мөрөөдлөө хаяагүй ээ. Ямар ч л байсан хүн болж төрсөн энэ амьдралынхаа хугацаанд заавал ном бичнэ. Бас хангалттай нэр хүндтэй болж, амжилтанд хүрвэл өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдрал, бага насныхаа тухай бичнээ. Зарим нэг над шиг хүмүүст урам хайрлах байх гэж бодож байна.

Би бусад айлын хүүхдүүд шиг ээж аавдаа эрхэлж, дуртай зүйлээ авахуулж идээд л, хүссэн сургуульдаа сураад л, дуртай зүйлээ хийж өсөөгүй ээ. Тийм боломж ч байгаагүй. Бидний амьдрал ядуу гэж хэлэхгүй ч тийм хангалуун байсангүй. Ямар ч л байсан өдрийнхөө хоолтой. Тэрнээсээ цаашаа гарч чадахгүй, англиар hand to mouth маягаар амьдарч байсан болохоор би хэдий жаахан хүүхэд байсан ч ээжийгээ зовоохгүй гэж бодоод илүү дутуу зүйл ерөөсөө нэхэж байгаагүй юм. Сургуульд явахдаа хоёрхон цагаан цамцтай, ганцхан өмдтэй. Хүүхдүүдэд шоолуулаад, манай сургуулийн хүүхдүүд бүгд боломжийн, хангалуун амьдралтай, тэр байтугай зайрмаг худалдаж аваад тэрүүгээрээ сагсны шийд рүү бөмбөг оруулж тоглоод л. Тэгэхэд би тэгж тоглох нь байтугай, худалдаад аваад идэх ч мөнгөгүй, хараад л шүлсээ гоожуулаад л зогсдог байсан даа. Сургуулиас гэр хүртэл бүтэн 1 цаг явдаг. Хотын зах болохоор автобус ч ховорхон явна. Тэгээд ч 90-ээд оны эхэн болохоор угаасаа автобус унаа ховор байсан даа. Троллейбусаа хүлээж дор хаяж, хамгийн багаар л бодоход 30 мин гадаа хөлдөж үхэх шахан бээрэн зогсдог байсан даа. Нэг юм салгалаад ирэхээр том хүмүүстэй адилхан л чихэлдээд л багтаж орохыг хичээнэ. Багтахгүй бол дараагийнх нь ирэх хүртэл дахиад л бараг 1 цаг хөлдөж үхтлээ хүлээх болохоор дүүжлэгдээд ч гэсэн суухаас өөр замгүй. Автобус хаалга ч хааж чадахгүй болтол чихээд явна. Хаалга нь хаагдахгүй болохоор заримдаа онгорхой чигт нь давхиж өгнө дөө. Ямар сайндаа тэгж дүүжлэгдэж явж байгаад нэг удаа яг автобусан доогуур хальтирч ороод бас нэг удаа автобуснаас шидэгдэж байсан юм даг. Үнэн аз сорьж явж байгаам даа хөөрхий. Тэгж дүүжлэгдэж явахдаа автобусны хүйтэн төмөрт гараа хайруулаад бараг л хуруунууд тасрах гэж байгаа юм шиг өвдөөд, бараг л хуруугаа хөлдөөх шахдаг байсан даа. Тэгж автобусаар явдаг байхдаа би 3 ангид байсан юм байна. Их үсрээд л 9 настай байсан юм байна.

Хичээл дэндүү хүнд, бас ангийн хүүхдүүдийн дээрэнгүй зан байдал, бас амьдрал хэцүү, гэр бүл дотор байсан хэрүүл шуугианаас болж би өөрийгөө үзэн яддаг байлаа. Хүн болж төрсөндөө харамсч, зүгээр л нохой болоод төрсөн бол энэ бүхнийг ойлгож мэдрэхгүй ходоодондоо л хоолтой бол ичиж зовохгүй ч амьдарч байх байсан даа гэж боддог байлаа. Тэгээд 6 ангид сурч байхдаа мэдрэлийн ядаргаанд ороод эмнэлэгт бараг сар хагас хэвтсэн. Тэрнээс хойш байнга толгой өвддөг өвчинтэй болсон доо. Байнга л толгой өвдөж, заримдаа толгой өвдсөнөөс болж юм ч идэж чадахгүй бөөлжөөд, даралт хүртэл ихсээд байдаг болсон байсан.

Тэгээд л би халширч, хичээлээ таслаад л гадуур тэнэдэг болж эхэлсэн. Хүмүүс гадуур тэнэдэг хүүхдүүдэд дургүй. Гэхдээ тэд нар яагаад гадуур тэнэдгийг би өөрийн биеэр туулсан болохоор тэдгээр хүүхдүүдийг буруутгадаггүй. Гэхдээ тэднийг буруу замаар орж, хулгайч, дээрэмчид л битгий болоосой гэж хүсдэг юм.

Хоёр ч удаа тэгж сургуулиа хаясан даа. Ээж маань багш нараас намайг сургуульд буцааж авахыг аминчлан гуйж, чихэр боов бариад л гүйж байсан. Би тэгэхэд дөнгөж л 12 настай болохоор учирыг сайн ухаараагүй л байж дээ. Өөр сургуульд оруулсан ч дахиад л хичээлээ таслаад л хөөгдчихсөн. Одоо хүмүүс намайг хараад намайг тэгж гадуур тэнэж, сургуулиа хаяж байсан гэвэл бараг л итгэхгүй дээ. Гэхдээ энэ бол бодит үнэн юм. Миний амьдралын тэр жилүүд үнэхээр хэцүү жилүүд байсан юм. Би тэгэхэд ухаан суугаагүй болохоор төрөлх зөнгөөрөө “зовлонгоос дайжих” замыг л сонгож байсан нь тэр юм байлгүй дээ. Ирээдүйд юу болохыг ойлгохгүй, хичээл сургууль хэрэгтэй гэж мэдэхгүй. Сургуульдаа өдөр болгон хоцорч багшдаа загнуулахгүй, хүүхдүүдэд шоолуулахгүй, ээждээ загнуулахгүй, хүнд математикийн бодлогоо бодох хийх гэж уйлж суухгүй, өдөр болгоны хэрүүл зодооноос түр ч гэсэн хол байх нь л сайхан санагдсан болохоор л тэр. Бодоод байхад би гудамжны тэнүүлчин хүүхдүүдийн нэг болоход тун ч ойрхон байж дээ гэж санагдаад байдаг юм. Чухам миний ээж ухаалаг, боловсролтой хүн болохоор л намайг тийм замаар уруудахаас аварсан юм.

Гэхдээ зовлон ингээд дуусаагүй ээ. Би хэдий ахлах ангид орсон ч гадуур тэнэдэг балай зуршлаа бүрэн тавиагүй байсан шиг байгаа юм. Тэгээд ч миний өсвөр нас эхэлж, угаас гомдол тээж явсан зүрх маань өчүүхэн зүйлд ч амархан сөхөрдөг болчихсон юм шиг. Юм л болж уурлаж, уцаарлаж байдаг байсан. Тэгээд л хичээлдээ осолдохгүй л явдаг ч хичээлээ огт хийдэггүй, хичээлээ тараад л ангийнхаа 2 охинтой бас л дэмий тэнээд л явдаг байсан. 10 ангид ордог жил тэр 2 маань ч эвдэрч, хулигаан охидтой нийлээд архи уугаад, тамхи татаад ер нь буруу тийшээ яваад эхлэхээр нь би ч дэмий тэнэдэг ч гэсэн багын гэрийн хүмүүжлээрээ тэдэн шиг болохыг хүсээгүй болохоор зайгаа барьсан юм. Сүүлд бараг л 3 жилийн өмнө сураг сонсоход нэг охин лав 2 ч удаа хүнтэй гэрлээд салсан гэж байсан, нөгөө охин нь бараг л 7 хоног болоод л найз залуугаа сольдог ч гэх шиг сонин зүйл сонссон. Сургуульд ч орж чадаагүй болохоор хувийн сургуульд сурч байгаа гэж сонсогдож байсан. Гэр бүл гэдэг, үерхэл ч тэр зүгээр л амаа арчаад л хаядаг сальфетка шиг зүйл биш шүү дээ. Тэднийг одоо илүү сайхан амьдарч байгаа гэж найдаж байна даа. Чадвал гадагшаа явахаасаа өмнө хаа юу хийж яваа сургийг нь гаргаад, болж өгвөл уулзчих юм сан.

10 ангиа төгсөөд конкурс өгөх үеэр ээж маань эмнэлэгт хэвтээд, цөсний хагалгаанд орж, ээж аав маань банкны өрнөөс болж байраа зарсан болохоор аав дүү нар маань манай нагац эгчийн лагерьт түр толгой хорогдож байсан юм. Үүнээс болоод би айлд конкурсаа дуустал түр байрлах хэрэгтэй болсон юм даа.

10 жилдээ залхуу байсны хар гайгаас болж, конкурсанд бэлдэхийн тулд өдөрт 2 цаг унтаж, хичээлээ давтсан даа. 5 номны бодлогыг 10 хоногт бодсон. Гэхдээ бүгдийг нь дуусгаагүй ч бүгдийг нь талд нь ортол бодсон. Унтахдаа ч бодлогоо зүүдэлтэл бодлого бодсон доо. Хичээл зүтгэлийн хүчээр конкурсандаа тэнцсэн. Манай ангийн онц сурлагатан ч тэнцээгүй байхад би гэдэг хүн тэнцчихсэн юм даа. Конкурсанд ороход надад бүх бодлогын зөв хариутай шабломыг надад давтлага өгч байсан математикийн маань багш өгсөн хэдий ч би тэрнийг нь хэрэглээгүй юм. Хүн болгон л миний тэнэгийг гайхаж байсан. Тийм сайхан бэлэн хоолыг зүгээр л гударч орхихгүй, юу гэж өөрөө бодох гэж улайрсан юм гээд л бараг бүх хүн л хэлж байсан. Гэхдээ л ӨӨРИЙН ХҮЧЭЭР ОЛСОН ЮМ БҮХЭН АМТТАЙ. Тийм болохоор л би сэтгэл бардам, өөрийгөө хэдий алдсан ч хийж чадна гэдгээ өөртөө батлахын тулд л тэгсэн юм.

Тэр айлын эзэгтэй ч орой давтлагаа тараад харихад “манайх өдөр хоолоо хийж иддэг, бид нар хоолоо хийгээд идчихсэн, чи юу идэж өөрийгөө болгохоо өөрөө л мэд” гээд хоол өгөхгүй. Цаг ямагт л гэрт нь хулгайч, гудамжны хүн ороод ирчихсэн юм шиг өрөөн дотуур дагаад явна. Хамаагүй юмыг нь үзвэл “наадах чинь төдөн төгрөгний үнэтэй, буцааж байранд нь тавь” гэж шивнэнэ. Бас болоогүй намайг гэрээс нь ээмэг, зүүлтнийх нь хослолыг хулгайлсан энэ тэр гэж худлаа ярьсан байгаам даа. Би хэдий ядуу, хоосон байсан ч хүний юмыг хулгайлах ёс суртахуунгүй хүн биш. Надад өөрийн гэсэн ёс журам, хүмүүжил гэж юм байдаг. Намайг 1 курсээ төгсөөд мэргэжлээ солиход тэр эмэгтэй надад “чам шиг толгой муутай хүүхэд ийм ангид сурч чадахгүй. Эхний жилдээ л хөөгдөнө. Чи байтугай чамаас илүү олимпиадын алт, мөнгөн медальтай хүүхдүүд сурч чадахгүй сургуулиа хаядаг юм.” гэж хэлж байсан юм. Би одоо тэр үгийг нь өөрт нь буцаагаад хэлэхийг маш их хүсч байна. Сураад барахгүй төгсөөд дээр нь өөрийнхөө хүчээр тэтгэлгээр сурах гэж байгаа гэдгээ чангаар хэлмээр санагдаж байнаа. Тэрний сая саяар нь төлж, багш нарыг нь хахуулдаж онц сургасан “ухаантай” хүүхдүүд хэр хол явсныг хармаар л байна шүү. Үнэхээр манай ангид сурч байсан олон хүүхэд сургуулиа хаясан. Зарим нэг нь төгссөн ч гэсэн мэргэжлээрээ ажиллахгүй, одоо дахиж өөр мэргэжлээр сурч байгаа.

Миний хичээл зүтгэл, итгэл найдвар, үзсэн туулсан амьдрал, он жилүүд шал дэмий байгаагүй гэдгийг юм бүхнээс илүүгээр тодоор мэдэрч байна. Энэ бүх он жилүүдэд үргэлж миний дэргэд байж, зааж зөвлөж, чиглүүлж, урам өгч, зоригжуулж, бас хамгаалж байсан энэ хорвоо дээр миний олж авсан хамгийн том эрдэнэ ээждээ баярлалаа. Таньгүйгээр би хэн ч биш байх байсан. Та л ганцхан надад итгэж, намайг урамшуулж, зоригжуулж байсан шүү. Харанхуй газар гэрэл болж, хүйтэн газар дуулаацуулах илч болж, бороотой өдөр шүхэр минь болж, унах үед минь тосч авах зөөлөн гар байж, муу бүхнээс хамгаалах бамбай болж байдаг хорвоогийн бүх л цэцэгс ч бүгдээрээ нийлээд ч энэ зэрэгцэхгүй үзэсгэлэн гоо, далай мэт гүн ухаан төгс ижий минь. Бурханы надад өгсөн хамгийн том бэлэг бол та юм шүү. Би энэ хорвоод хэний ч үгийг сонсохгүй, тоохгүй байж чадах ч ганцхан таны л үгийг сонсоно. Миний төлөө өөртөө байгаа бүхнээ зориулсан болохоор таныг би юунд ч буруутгахгүй. Хангалуун өсгөөгүй, хайраар дутаасан, хүссэн бүхнийг минь авч өгөөгүй энэ тэр гэж гомдлохгүй.

Энэ хорвоод хүн болгож төрүүлсэн гавъяа чинь л тэр бүх гомдлыг цайруулахад хангалттай. Энэ хорвоод хүн болж төрсөн байна гэдэг л дангаараа том аз завшаан, аз жаргал. Та намайг төрүүлээгүй байхад л би энэ бүхнийг ингэж ойлгож, суралцаж, ийм нэгэн сайхан мөрөөдөл биелэсэн сайхан мөчийн жаргалыг амсахгүй байсан. Хэрвээ үүн дээр нэмээд өсгөсөн, асарсан, хамгаалсан, зөвлөсөн, тусалсан, хайрласан хайр бүхний чинь ач, элбэрэл гэдэг миний энэ насандаа хариулж барахгүй зүйл. Өөрийнхөө далай мэт гүн ухааныхаа дуслыг надад өгсөн баярлалаа. Тэрхүү дуслыг би чадах чинээгээрээ олон хүнд түгээхийг хичээнээ. J

Эх хүний гавъяа гэдэг үнэхээр агуу юм байна. Хүн болж төрөх тэр азтай хувь заяаг бэлэглэдэг хүмүүс болохоор л хүмүүс эмэгтэй хүнийг хүндэлдэг байх.

Хорвоо дээр ээжтэй бүх хүмүүст зориулъя. Энэ бол хорвоо дээрх бүх ээж нарын хүсдэг зүйл. Үр хүүхдээ сайн сайхан явахыг харах л тэдний ач, элбэрэлийн хариуд хангалттай байдаг. Хүн болж төрсөн энэ гайхамшигтай хувь заяагаа битгий буруу зүйлд зориулаарай. Буруу замаар явж байсан ч зөв замдаа орж болдог юм шүү. Чадах чинээгээрээ энэ гайхамшигтай амьдралынхаа хором мөч бүрийг хайрлаж амьдраарай. Зугаацаж наргиж цэнгэнэ гэдэг бол нэг хормын л жаргал. Хормын жаргалын төлөө насан туршын аз жаргалаа битгий сүйтгээрэй.

АЗ ЖАРГАЛЫН ТӨЛӨӨХ АМЬДРАХ АМЬДРАЛЫН ХОРОМ МӨЧ БҮР АЗ ЖАРГАЛ БАЙДАГ.

Friday, February 19, 2010

2012 онд дэлхий сөнөх үү?

2012 гэдэг кино гарч, мөн интернэтээр, сонин хэвлэлээр 2012 онд тэр тусмаа 2012 оны 12 сарын 21-нд ертөнцийн төгсгөл ирнэ гэж шуугиад байгаа. Хүмүүс тус бүрдээ янз бүрийн л дүгнэлт хийж байгаа байх. Нэг хэсэг хүмүүс "энэ чинь шал худлаа. Юу гэж сүйрдэг юм." гэхэд нэг хэсэг нь "Сүйрвэл сүйрнэ л биз. Тэр болтол нь сайхан жаргаж байгаад үхнээ" гэх юм. Ер нь янз бүрээр л дүгнэх байх л даа. Гэхдээ бодоод байхад 1999 онд доошоо харсан 666 буюу дэлхий сүйрэл ирнэ гээд л байдаг байсан. Дараа нь 2006 онд дэлхий гарцаагүй сүйрнэ, Библид тэгж бичсэн байдаг л гээд байсан. Одоо болохоор 2012 онд дэлхий сүйрнэ гээд л шуугиад байна. Чухам үнэн худал гэдгийг 2012 болохоор л харах байх даа. Гэхдээ ямар нэг дүгнэлт хийхээсээ өмнө сүйрнэ гэж зөгнөөд байсан хүмүүс чухам яагаад ингэж хэлэх болсон талаар тодорхой тайлбар байх л ёстой. (Угийн инженер, математикч хүмүүсийн зан. Нотолгоо байхгүй цагт юуг ч үгүйсгэж, бас юунд ч шууд итгэх хэрэггүй.) Тэр үүднээс жаал интернэт ухлаа.

Миний хувьд 2012 оныг тэгтлээ сонирхох болсон нь бас нэг шалтгаантай. Би нэг тун сонин зүүд 2009 оны 9 сард зүүдэлсэн юмаа. Тэгээд санаандгүй интернэт ухаж яваад зүүдтэйгээ тун төстэй нэг зүйл олж үзсэн юм. Тэгээд сайтар ухаад байсан чинь тэр нь нар хиртэлт, маяа үндэстний календар энэ тэр зэрэг зүйл болж хувирсан. Тэгээд л анх энэ 2012 оны зөгнөлийн тухай интернэтээс олж үзсэн юм. Тэр явдлын дараахнаас 2012 кино нээлтээ хийж, кинотеатруудад гарч эхэлсэн. Тэгээд л энэ сонирхолтой зөгнөлийг сонирхож үзсэн юм. Миний зүүдэнд тэнгэрт 3 зүйл гарч харагдаж байсан. Нэг нь нар хиртэлт, бас сар, түүнээс гадна 3 дагч гариг ч юмуу чухам юу нь ойлгогдохгүй бас нэг зүйл. Тэгээд 3 зүйл зэрэг гарч харагдаж байсан. Яг түүнтэй төстэй зүйлийг тэр 2012 оны зөгнөлийн тухай нэгэн баримтат киноноос олж харсан юм. Сонирхуулах үүднээс тэрхүү киноны линкийг орууллаа.



Ямартаа ч энэ зөгнөлийн талаарх зарим нэг зүйлийг оруулъя.

2012 оны зөгнөлөөр 2012 оны 12 сарын 21 эсвэл 23-нд ямар нэг гамшиг эсвэл шилжилтийн үйл явц болно гэсэн байдаг. Чухам энэ өдөр нь эртний Маяа үндэстний он тооллын 5125 дах жилийн цикл дуусч байгаа өдөр юм.

Зарим нэг шашныхан энэ үед Дэлхий болон түүн дээр амьдардаг бүхий л амьтан ургамалд сүнсний эсвэл бие махбодийн өөрчлөлт явагдаж, 2012 он нь шинэ эриний эхлэл болно гэж үзэж байхад зарим нь 2012 нь энэ ертөнцийн төгсгөл болж, дахин шинэ амьдрал эхэлнэ гэж үзэж байна. Дэлхийн төгсгөл болоход дэлхий өнгөрч явсан гаригтай (ихэвчлэн "Niburu" гэж нэрлэдэг) эсвэл хар нүхтэй эсвэл ойр байсан нарны системийн гаригтай мөргөлдөнө гэсэн байдаг. Маяа үндэстний он тооллын нэг циклийн төгсгөл бүрд ямар нэг байгалийн гэнэтийн үйл явдал болж байсан байна. Үүнээс үүдэн энэ удаагийн циклийн төгсгөлд бас ямар нэг зүйл тохиолдоно гэсэн таамаглал бий болгож байгаа юм. Тэр нь дэлхий Нибуру гэдэг гаригтай эсвэл хар нүхтэй мөргөлдөж магадгүй гэсэн таамаглал юм. Өөр нэг таамаглал нь, нарны гадаргуу дээр үүссэн соронзон шуурга сүүлийн үед илтэд мэдэгдэхүйцээр хурдасч ойр ойрхон соронзон шуурга үүсэх болсон байна. Энэ үзэгдэл энэ байдлаараа явагдсаар байвал аажимдаа дэлхийд нөлөөлж, маш хүчтэй соронзон шуурга дэлхий дээр явагдана гэсэн нэг таамаглал байгаа. Наран дээрх соронзон шуурганы идэвхжил 2012 онд хамгийн хүчтэй болно гэж эрдэмтэд тооцоолж байгаа юм.





Маяа үндэстний он тооллын календараас гадна нэрт зөнч Нострадамус мөн 2012 оны сүйрлийг зөгнөж байсан байна. Нострадамусын зөгнөлөөр бол дэлхий Нибуру гэдэг гаригтай маш хүчтэй мөргөлдөж, солир далайд унаж маш том цунамиг үүсгэн, цунамын долгион Олимп уулыг (2917 метер өндөр) бүрхэхээр байна гэсэн байна. Хэрэв түүний зөв бол энэ нь бараг л ертөнцийн сүйрэл шиг л харагдаж байна. Та бүхэн 2012 кино Нострадамусын энэхүү зөгнөл дээр үндэслэн хийгдсэн гэдгийг мэдэх байхаа.



Өөр нэг зөгнөл нь унтарсан байгаа галт уулнууд идэвхжиж дэлбэрч магадгүй гэсэн зөгнөл юм. Учир нь галт уулнууд сэрэх тодорхой цикл байдаг юм байна. Тэрнийхээ дагуу одоо сэрэх дөхөж байгаа галт уул 2012 онд сэрч магадгүй гэсэн таамаг байгаа юм.



Мөн анзаараад байхад сүүлийн үед байгалийн гамшиг урд өмнө байснаас илүү ойрхон тохиолдох болсон байна. Цунами, үер, газар хөдлөлт, хар салхи гээд л хаа сайгүй л янз бүрийн гамшигт үзэгдэл бараг л өдөр тутам болж байдаг зүйл гэж хүлээж авах хэмжээнд ойр ойрхон болдог болжээ. Энэ нь ч бас нэг зүйлийг хэлээд байх шиг. Мөн янз бүрийн өвчнүүд үүсэх болж, ханиад хүртэл янз бүрийн хэлбэртэй болж, амархан эдгэдэг өвчин биш болж, хүмүүсийн оюун ухаан ч бохирдож, ёс суртахууны доройтолд орсон байна. Дэлхий ертөнц маань илүү ачаанаасаа салж, өөрийгөө цэвэрлэхийг хүсч байгаа ч юм билүү.
Хэрвээ энэ үнэн бол энэ нь бидэнд илгээсэн анхааруулга дохио ч байж болох юм.


Миний зүүд
Миний тэр хачирхалтай зүүд их сонин, энгийн биш зүүд байсан. Тэнд олон хүмүүс цуглараад бүгд тэнгэр лүү ширтээд ямар нэг зүйл болохыг хүлээгээд байгаа юм шиг л. Тэнд байсан нэг хүн нь чухам юу болох гэж байгаа талаар тайлбарлан ярьж байсан. Тэр хүний хэлсэн нэг үг нь тун сонин, ухаалаг байсан. Тэр хүн хэлэхдээ "дэлхий, нар, сар, гариг, ертөнц бүгдээрээ нэгэн цогц юм. Тэртээ олон мянган гэрлийн жилийн зайтай байгаа од эсвэл гариг дээр дэлбэрэлт болоход тэрхүү глактикт байгаа бүх гариг, эрхэс, тэдгээр дээр байгаа амьтан ургамалд ч нөлөөлдөг. Хүмүүсийн зохиосон одон орны зурхай гэдэг бол гариг эрхэсийн хөдөлгөөн хүний амьдрал, оюун ухаан, хувь заяанд хэрхэн нөлөөлж байгааг ажиглаж мэдээд хийсэн тун бүдүүн тойм зүйл юм. Хэрвээ нарийн ажиглаж, энэ ертөнцийн бүхий л гариг эрхэсийн хөдөлгөөнд үндэслэж зурхай зохиовол тэр зурхай энэ дэлхий дээр байгаа бүхий л элс, шорооны ширхэг бүрд хүрэлцэхээр, нэг нэгэндээ дахин давхцахгүй байхаар тийм нарийн зурхай зохиож болно. Энэ дэлхий дээр байгаа хүний тоо энэ дэлхий дээр байгаа бүх элсний ширхэгээс ч цөөхөн биз? Тэгвэл гариг эрхэс гэдэг тийм л их хүчээр хүний амьдралд нөлөөлж байдаг юм. Хүн болгонд зориулсан давтагдахгүй зурхайг зурж өгч болно гэсэн үг. Хүмүүс энэ нөлөөллийг мэдэрдэггүй болохоороо бодсон бодлоо ч өөрөө бодсон гэж, хувь заяагаа ч бүгдийг өөрөө шийдэж байна гэж бодоод явдаг. Гэхдээ энэ нөлөөллөөр ямар ч хүний оюун ухаанд нөлөөлж, хувь заяаг нь өөрчилж болдог юм." Тэр ингэж хэлсэн. Тун хачин. Миний толгойд л өдий хүртэл амьдрахад ийм санаа орж ирээгүй юм даг. Хүний бодол санаа, хувь заяаг хөндлөнгөөс өөрчилж болдог гэнэ шүү. Тэр хүний хэлснээр бол гариг эрхэсийн хөдөлгөөнөөс болж тухайн хүний онцлог, хэзээ, ямар цаг, хоромд энэ хорвоод төрж, махбодь авснаас шалтгаалж, хүний зан араншин ч дагаад өөрчлөгддөг гэж байсан. Хувь заяа нь ч бас өөрчлөгддөг гэнэ. Яагаад гэвэл гариг, од эрхэс ч бас нэг бодисоос үүсдэг, тэр бодис нь бидний биеийг ч бүтээдэг бололтой юм. Тэр хүн өөр олон зүйл ярьсан. Маш сонин олон зүйл. Бас тэнгэрт харагдаад байсан 3 дагч "гариг" юу болохыг ч тайлбарласан. Тэр зүйлээ юу гэж нэрлэдгийг ч хэлсэн гээч. Тэгээд тэр хүн хэлэхдээ "нар, сар, тэр 3 дагч "гариг" тэнгэрт нэг шугаманд зэрэг харагдах үед сансараас нэгэн энерги урсан орж ирнэ, тэр энерги хүн бүрд өөрөөр нөлөөлөх учираас үүнээс болж дэлхий дээр зарим нэг үзэгдэл явагдана. Гэхдээ зарим нэг хүмүүс хамгаалагдана. Тэр мөчид тэрхүү энерги хамгийн хүчтэй илрэх газарт байсан хүмүүс хамгаалагдаж тэр энерги тэдэнд сайнаар нөлөөлөх болно. " гэж хэлсэн шүү.
Энэ энгийн зүүд гэж үү? Ямар нэг иймэрхүү кино үзэж байснаа ч санахгүй байна. Би сайн хэлж мэдэхгүй ч ямар нэг зүйлийг л сануулах гээд байгаа ч юм уу эсвэл анхааруулах гээд байгаа ч юм уу. Оюун ухаанаас хэт давсан зүйл болохоор ийм зүйлийг ойлгоход ухаан ерөөсөө хүрдэггүй юмаа. Мэдэх юм алга. Эсвэл миний 6 дах мэдрэхүй хөгжөөд янз бүрийн зүйлийг хараад мэдээд байдаг болоод байгаа ч юм уу. Ойлгохгүй байнаа.


Хэрвээ бид өөрсдийн амьдралаа дугуй байна гэж төсөөлөөд тэр дугуй уулын уруу өнхөрч явна гэж бодвол бид замдаа таарах том хадыг эрт олж харж чадвал чиглэлээ өөрчлөн тэрхүү хаданд бут цохигдон бутрахгүйгээр тойроод гарч болох юм. Тойрч гардаггүй юмаа гэхэд бага зэрэг гэмтээд л бүрэн бүтэн үлдэж болох л юм. Ирээдүй бол хараахан биелэгдээгүй байгаа учир түүнийг өөрчлөх боломж үргэлж байдаг. Хэрвээ та ирээдүйд юу болохыг мэдэж байгаа бол түүнийг өөрчлөх боломж нь ч таны гарт байна гэсэн үг. 2012 оны зөгнөл битгий биелээсэй. Биелэсэн байсан ч хор хөнөөл нь бага байгаасай билээ. Хүмүүсээ зөв бодолтой явж, буян ихийг хураагаарай. Бодол санаагаа ч сайтар нягтлан хянаж яваарай. Бүх муу зүйл эхлээд бодлоос л гардаг юм шүү.

Thursday, February 18, 2010

Blue light Orb Phenomenon

Миний амьдралд энгийн биш гэмээр сонин үзэгдлүүд нэг биш удаа болж байсан хэдий ч би тэр тухайгаа нэг их олон хүнд яриад байдаггүй юм. Ихэнхдээ хүмүүс иймэрхүү зүйлд итгэдэггүй бөгөөд ийм зүйлийг "хий юм харах" энэ тэр гэж тодорхойлдог. Гэхдээ бас ийм хачирхалтай үзэгдэл янз бүрийн байгалийн үзэгдэл, бас цахилгаан соронзон орон, мөн тархины ухамсаргүйгээр өөрөө дүрслэн бодсон бодлын илрэл, эсвэл сэрүүнээрээ зүүдэлсэн зүүд ч байж болдог. Гэхдээ ямар ч тайлбар хэлсэн бай үүнийг 100% үгүйсгэж, эсвэл нотолж бас болдоггүй. Бүрэн дүүрэн няцаалт, тайлбар, нотолгоо гэж байхгүй. Тэгэхээр яг юу гэж бодох нь хувь хүний л үзэл бодол, итгэл үнэмшлийн асуудал юм.

Миний харсан зүйл бол цэнхэр өнгийн бөмбөлөг байсан. Энэ хачирхалтай зүйлийг би өчигдөр өглөө буюу 2 сарын 17-нд харсан юм.

Би унтаж байгаад гэнэт сэрсэн. Хэн нэгэн сэрээчихсэн юм шиг л цочоод л сэрчихсэн. Яг хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна. Сэрээд л харсан чинь агаарт надаас 30-40 см орчим зайтай нэг бөмбөлөг байсан. Тэр бөмбөлөгийг тойроод нэг дөрвөлжин хүрээ шиг зүйл солонгорон үүссэн байсан. Тэр хүрээ нь яг л хөөс яаж солонгорч харагддаг билээ тэрэн шиг л солонгорон туяарч байсан.

Харин тэр бөмбөлөг шиг зүйл яг энэ зураг дээр байгаа шиг цэнхэр өнгөтэй байсан. Усан цэнхэр ч гэх юмуу, тэнгэрийн цэнхэр ч гэх юмуу тийм өнгөтэй. Гэхдээ энэ зураг дээрх бол миний харсан "бөмбөлөг" биш шүү. Би интернэтээс төстэй зураг олсон юм.

Тэр хачин зүйл хэсэг хугацааны дараа замхраад л алга болсон. Тэр хачин зүйлийг харж гайхаж байгаад буцаад унтаад өгсөн байна лээ. Дараа нь ээжийг сэрээд гал тогооны өрөөнд сав суулга түчигнүүлэх үед дахиад сэрээд цаг харсан чинь 8.30 болж байсан. Яг тэр үзэгдлийг харах үед цаг хэд болж байсныг нарийн хэлж мэдэхгүй байна. Ямар ч л байсан гадаа нэлээн гэгээтэй болсон байсан. 7 цагийн орчим байж магадгүй л юм.

Би өнөөдөр ёгийн хичээлдээ явахдаа багшаасаа асуунаа. Ямар нэг тайлбар хэлж өгч магадгүй юм.

Thursday, February 04, 2010

Гайхамшигт Moola Mantra

Энэ бол үнэхээр гайхамшигтай мантра юм. Үүнийг сонсох болгонд л өөрийн эрхгүй нулимс урсаад байдаг. Үүнийг дуу болгон амилуулсан Deva Premal гэдэг гайхалтай тэнгэрлэг уянгалаг хоолойтой бүсгүйн дуулснаар толилуулъя.

Ум Сат-Чит- Ананда Прабарама
Пурушотама параматма
Шри Бхагавати Самета
Шри Бхагаватэ Намаха





Би энэхүү мантраны утгыг яг сайн нарийн хэлж мэдэхгүй байгаа тул өөрийнхөөрөө орчуулан бичье. Энэхүү мантраны утгыг мэдэлгүйгээр даган дуулахад л түүний бурханлиг хүч чадал нөлөөлдөг байна. Утгыг мэдээд чин сэтгэлээсээ бясалган зүрх сэтгээлээсээ дуудваас хэдэн сая дахин илүү их хүчтэй байдаг байна. Хэдий тийм ч энэхүү мантрын утгыг мэдэж байх нь чухал гэнэ. Мантраг сонсох төдий л түүний хүч чадлыг мэдэрч болдог байна.

Moola Mantra нь эрүүл мэнд, эд баялаг, аз жаргал, гүн тайвшрал, амар амгалан, болон ухамсрын илүү өндөр түвшнийг бий болгодог гэсэн байна.

Энэ мантра нь Бурханыг дуудан, бүхий л өвчин зовлон, гачлал, хагацал бүхнээс авран хамгаалж, чөлөөлж өгөхийг хүссэн мэдрэмжин дээр суурилдаг. Moola Mantra нь түүнийг дуудсан, сонссон бүхий л хүмүүст аз жаргал, баяр баясгалан, амар амгаланг бэлгэлдэг бөгөөд тэдгээр хүмүүст шалтгаангүйгээр бусдыг хайрлах сэтгэлийг оюун ухаанд нь төрүүлдэг байна. Энэ гайхалтай мантраг даган дуулснаар л амжилт, аз жаргал, амар амгаланг өөртөө авчрах болно. Мөн энэхүү мантра нь эмчлэх шидтэй. Энэхүү мантра нь таны сэтгэл зүрхэн дэх бурханлиг чанарыг дуудан сэрээж, олон өвчнийг эдгээн илааршуулдаг байна. Мөн Аджна(гуравдагч мэлмий) болон Сахасрара(титэм хүрд) чакрануудыг идэвхжүүлдэг байна.

Энэ Мантра нь хэн нэгнийг дуудахтай л адил. Зүгээр л тэр хүнийг дуудаад, тэр хүн тань дээр хүрч ирэхэд түүний байгааг та мэдэрч байгаа шиг л та өөрийнхөө эргэн тойронд байгаа гайхамшигтай энергийг тод мэдрэх болно. Энэ хорвоо ертөнц нь яг тухайн мөчдөө нэгэн зэрэг хаа сайгүй оршдог тул тэрхүү энерги ч хаана ч хэзээ ч таны эргэн тойронд мэдрэгдэх болно. Хамгийн гол нь өөрийгөө бусдаас илүү гэсэн бодолгүйгээр гүн хүндэтгэлтэйгээр дуудах нь илүү хүчтэй болгоно гэдгийг мэдэх нь чухал юм.

Ум
Ум нь 100 өөр утга илэрхийлдэг. Эхлэл бол Дээд түвшний үг байсан бөгөөд энэ үг нь бүх зүйлийг бүтээсэн. Энэ үг бол УМ юм. Хэрэв та нам гүмд гүн гүнзгий бясалгаж байвал энэхүү УМ гэсэн авиаг өөрийн дотроос олж сонсоно. Бүхий л бүтээл бүгд УМ гэсэн авиаг агуулах бөгөөд бүхий л ертөнц тэр аяараа энэ авиаг гаргаж байдаг. УМ нь мөн өндөр түвшний энергийг урин дуудах гэсэн утгатай. Энэхүү бурханлиг авиа нь бүтээх, тэтгэх, устгах, оршин буй бүхий л зүйлсийн хөдөлгөөн, амьдрал бэлэглэх хүчтэй юм.

САТ-ЧИТ-АНАНДА:
САТ гэдэг нь хэлбэргүй, дүрсгүй, одоо цагт хаа сайгүй оршин буй, шинж чанаргүй, ертөнцийн үзэгдлийн чанаргүй оршихуй юм. Ертөнцийн хоосон байдлын тухай ойлголт юм. Энэ нь мэдрэгдэхгүй дүрслэгдэшгүй юм. Нэг үгээр ертөнцийн статик бие гэж хэлж болно. Аливаа хэлбэр дүрстэй мэдрэгддэг бүхий л зүйлс нь энэхүү мэдрэгдэшгүй зүйлээс урган бий болдог. Бүхий л мэдрэхүйн хэлбэрийн доор огт мэдрэгдэшгүйгээр оршдог.Үүнийг зөвхөн
нэгдмэл нэгэн цогц болж хэлбэр дүрстэй болж эхлэх үед л харж болдог. Бид Ертөнцөд амьдарч, Ертөнц бидний дотор оршдог. Бид бол үр дүн бөгөөд Ертөнц бидний шалтгаан болж, шалтгаан нь өөрийгөө үр дүн болгон харуулдаг.

ЧИТ бол Хорвоо ертөнцийн төгсгөлгүй, Хорвоо ертөнцийн оршин буй хүч чадлыг мэдрүүлэгч Цэвэр ариун ухамсар юм. Хөгжин буй бүхий зүйлсийг Динамик энерги буюу хүч гэж нэрлэж болно. Энэ бол хөдөлгөөн, таталцал, соронзон орон гэх зэрэг шиг л мэдрэгдэгч ухамсар юм. Мөн биесийн хөдөлгөөн, үйлдэл зэрэг шиг мэдрэгддэг. Энэ бол Хамгийн өндөр түвшний Сүнс юм.

АНАНДА гэдэг нь аз жаргал, хайр, нөхөрлөл, хорвоо ертөнцийн жам ёсыг илэрхийлдэг. Энэхүү бүтээлийн Хамгийн дээд энергийг (САТ) мэдэрч Оршихуйн нэг хэсэг болвол эсвэл Цэвэр ариун ухамсарын (ЧИТ) үзэгдлийг үзвэл та Бурхны зэрэгт хүрч төгсгөлгүй, дуусашгүй аз жаргалыг (АНАНДА) мэдрэх болно. Энэ бол Хорвоо ертөнцийн шинж чанарын эхлэх цэг, Оюун ухааны илүү өндөр түвшинд хүрсний хувьд хамгийн агуу, хамгийн төгс аз жаргалыг мэдэрч болох хамгийн дээд сэрэхүйгээр мэдрэх түвшин юм.


ПРАБАРАМА бол орон зай болон цаг хугацаанаас ангид оршигч Абсольют орчин дах Төгс Оршихуй юм. Энэ бол хэлбэр дүрстэй болон дүрсгүйгээр Ертөнцийн хамгийн чухал шинж чанар юм. Энэ бол Төгс, хамгийн дээд бүтээгч юм.

ПУРУШОТАМА гэдэг үг нь маш олон утгатай. Пуруша гэдэг нь сүнс, Утама гэдэг нь төгс оршихуй. Өөрөөр бас төгс дээд ертөнцөөс бидэнд зааж, чиглүүлж байдаг хүчний энерги гэсэн утгыг илэрхийлдэг.
Пуруша нь мөн Хүн гэсэн утгатай ба Пурушотма гэдэг нь хүн төрөлхтөнд туслах, чиглүүлэх гэж хүний шинжийг агуулсан Аватараас (хүний биед төрсөн буюу шилжсэн бурхан) ирэх энерги бөгөөд энэрэл нигүүлсэхүйтэй бүтээл гэдэгтэй илүү ойр холбогдсон байна.

ПАРАМАТМА гэж амьд болон амьгүй бүх бүтээл, амьд организм, эд зүйлсд байдаг төрөлхийн дотоод төгс энергийг хэлдэг. Энэ бол хаа сайгүй оршиж, өөрийн гэсэн хэлбэр дүрсгүй боловч ямар ч хэлбэрт хувирч чаддаг Antaryamin юм. Энэ бол таны хэзээ хүссэн цагт хаа хүссэн газарт чинь ирж танд туслан чиглүүлдэг хүч юм.

ШРИ БХАГАВАТИ бол Төгс Оюун ухаан, Хүч чадлын (The Shakti) шинжийг харуулдаг бөгөөд энэ нь бүтээх үйл явцын эмэгтэй үзэгдэл буюу Эх Дэлхийг (Divine Mother) гэсэн утгыг заадаг.

САМЕТА гэдэг нь хамтдаа байж бодол санаагаа хуваалцаж, ижил итгэл үнэмшилтэй байх гэсэн утгатай.

ШРИ БХАГАВАТЭ бол Бүтээх үйл явцын өөрчлөгдөшгүй, тогтвортой Эрэгтэй үзэгдэл.

НАМАХА гэдэг бол УМ болон САТ-ЧИТ-АНАНДА -н үнэт чанарыг агуулсан зориулга мөргөл, хаа сайгүй оршдог, тухайн цаг мөчид өөрчлөгдөшгүй бас өөрчлөгддөг давхар шинжтэй, хүний дүрстэй болон дүрсгүй төгс гэгээрсэн сүнс, орон зайд баригддагүй, төгс оюун ухаантай, гэгээрсэн эрэгтэй болон эмэгтэй янз бүрийн "хүмүүст" тусалж, чиглүүлдэг хүч, хүн бүрд ижил тэгш ханддаг найрсаг байдал зэрэг бүгдээр мөн юм. Би таны оршихуй болон тусламжийг үргэлжид эрж хайж байна.

Жич: Миний орчуулга төдий л сайн, утга төгөлдөр болсонгүй. Хэрвээ утгыг нь гуйвуулсан, буруу орчуулсан, хэлбэрдсэн, хэллэгийн алдаа зэрэг янз бүрийн алдаа гаргасан байвал өршөөж хайрлаарай. Миний мэдлэг маруухан, бас хэл шинжлэл, англи хэлний мэдлэг ч төдий сайн биш болохоор ийм алдаа гаргасан гэдгийг ойлгоорой.

Ум сайн амгалан болтугай.

Wednesday, February 03, 2010

Хулгайч хүмүүс, бас өнөөгийн нийгэм

Надад ийм блог байдаг гэдгийг таг мартчихсан байгаад санамсаргүй тохиолдлоор тодруулбал, манай ангийн хүүхэд миний блогийн хаягийг google-s олж мэдэж авч надаас асууснаар мартагдсан блогоо сэргээх санаа төрлөө.

Би энд сэтгэл өвтгөсөн асуудлын талаар бичмээр байна. Өнөөдөр би хичээлээ тарж яваад гэгээн цагаан өдрөөр гар утсаа алдчихлаа. Хэдхэн хоногийн өмнө буюу 1 сарын 29-нд манай дарга дээрэмдүүлсэн юм. Түүнийг гэртээ харьж явах замд нь 3 хүн дайрч боомилж ухаан алдуулаад түрийвч, laptop компьютер, зөөврийн хард диск зэрэг зүйлсийг нь аваад зугтсан байсан гэсэн. Аз болж ойрхон хөдөлгөөнт эргүүл явж таараад 1 нөхрийг нь барьж авснаар laptop-г буцаан өгсөн юм. Өнөөдөр би бас утсаа алдаад тэр хулгайч нөхрийг барьж авсан ч аль хэдийн дамжуулчихсан байсан болхоор яаж ч чадаагүй. Гэхдээ өөр олон хүн эд зүйлээ алдаасай гэж хүсээгүй болохоор ямар ч л байсан цагдаагийн газар утасдаад хэлчихсэн. Бараг утсаа олох найдвар байхгүй ч гэсэн өөр бусад дунд сургуулийн хүүхдүүд, хүмүүс энэ мэтээр эд зүйлсээ алдахаас сэргийлэх нь иргэн хүний үүрэг гэж бодлоо. Жич: надад туслахыг хичээсэн 2 залууд талархсанаа илэрхийлье.

Миний хамгийн харамсаж байгаа зүйл бол монголчууд бараг худалч хүнд бүгдээрээ "хулгайч" болж байгаа явдал юм. Хүмүүс хялбар аргаар мөнгө олохыг юунаас ч илүү чухалчлах болсон явдал юм. Тэр хулгайч нөхөр бол хөдөлмөрийн насны 28-35 орчим насны л хүн байсан. Түүн шиг ид насандаа байгаа олон залуус ийм аргаар мөнгө олж, бас ид насандаа байгаа залуус харийн орныг зорьж боолын хөдөлмөр эрхлэхийг өөрийн эх орондоо ажиллаж амьдрахаас хэд дахин илүү гэж бодох болж харийн оронд залуу нас эрч хүч залуу насаа зориулцгааж, бас яг тийм насандаа энд хөдөлмөр эрхэлж байгаа залуус авилга, хээл хахууль зэргээр албан тушаалаа худалдаж, бусдын нэрийг зээлдэж өөрийн болгон оюуны хулгай хийж амьдралаа залгуулж байна. Өшөө бас дээр нь арай томхон албан тушаалтай, эрх мэдэлтэй хүмүүс нь өөрийн эх орны баялгийг өөрсдөөсөө хулгайлан харийн нөхдүүдэд зарж байна. Үйлдвэрлэл явуулдаг нөхдүүд мөн л граммаас нь хулгайлна, өөр зүйл холино энэ тэр гээд л мөн л "хулгай". Үүнийг чухам юу гэх вэ. Бараг л бүх шатанд янз бүрийн түвшинд хулгай хийж байх шиг л санагдах юм. Үүнийг зохицуулдаг хууль эрх зүй нь алга. Өнөөдөр өөрийн эх орондоо амар тайван, аюулгүй, амьд явах нөхцөл үнэндээ алга байна. Үүний буруутан хэн бэ? Чухам яаж яваад өнөөгийн ийм нөхцөл байдалд орчихов доо.

Энэ бүхэн анхнаасаа зөв замаар, зөв голдрилоор яваагүйн дээр өнөөдөр ийм байдалд орчихоод байхад хүртэл засах арга хэмжээг авахгүй байгаагаас ийм болсон байна гэж би хувьдаа бодож байна.

Манж Чин улсын дарлалд Монголчууд 220 жил дарлуулсны гол буруутан хэн байсан бэ? Би өөрийн түүхийн талаарх өчүүхэн мэдлэг дээрээ тулгуурлан өнөөгийн нийгмийн ийм байдал, ядуурал тэр үед гаргасан алдаанаас улбаатай гэж бодож байна. Монголчууд тэр үед Манжийн дарлалд орохооргүй хүчирхэг байсан боловч өөрсдийн эв нэгдэлгүй, атаархуу, үргэлж бие биетэйгээ тээцэж, өөр хоорондоо тэмцэлдэж байдаг зан, бие тоосон, хэтэрхий бардам зан, шуналтай, нэр төрд дуртай зангаасаа болж Манж гүрний явуулсан бодлогод автаж өөрсдийнхөө сүр хүчийг сулруулж, өөрсдийгөө Манж гүрний дарлалд орох нөхцлийг бүрдүүлсэн байна. Гэхдээ үүнийг хийсэн буюу эх орноо худалдсан хүмүүс бол цөөн тооны нэр нөлөөтэй ноёдууд байсан. Тэдний аминчхан үзлээс болж Монгол түмэн 200 гаран жил харь орны дарлалд зовж зүдрэн, харанхуй ядуу тарчиг амьдарсан. Хэдий сүүлд Монгол улс өөрийн тусгаар тогтнолоо тунхаглан бие даасан улс болж чадсан ч тэр үед бусад улс орнууд, дэлхий дахины хүмүүсийн хөгжил аль хэдийн хэдэн зуунаар түрүүлчихсэн байсан нь тодорхой. Тэр цагаас л өнөөгийн монголын ядуу амьдрал эхэлсэн бололтой. Бусад орноос гуйлга түүлгэ, тусламж гуйж, аль нэг орныг түшихээс аргагүй байдалд орсон нь тодорхой. Тийм л учраас Сүхбаатар тэргүүтэй хүмүүс тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалан Орос орныг дагах нь илүү зөв сонголт байна гэж үзсэн байх. Тэгээд л нөгөө социлизм энэ тэр гээд өнөөгийн "ардчилсан" үзэлтнүүдийн үзэн ядаад байдаг тогтолцоонд шилжсэн. Гэхдээ харамсалтай нь тэдгээр нөхдүүд амалсан зүйлийнхээ бараг талыг нь ч гүйцэлдүүлсэнгүй. Өнөөдөр бид хэлмэгдүүлэлтийн үеийн тухай ярьж, тэр үед олон гэмгүй хүнийг алж бас олон соёлын үнэт өвийг устгасан тухай ярьдаг. Тэгвэл арьдчилал гарч ирснээрээ өмнөх үеийнхнийхээ хийж байсан зүйлсийг устгаж, үйлдвэрүүдийг дампууруулж, үүнээс болж олон хүмүүс ажилгүй болж, архин далайд живж, амьдрахын эрхэнд наймаанд явж эхэлж байсан. Амьдрахын тулд ангаахай шиг бяцхан үрсээ орхиод найманд явж хөл дээрээ босох тэнхэлтэй болсон ч өнөөдөр мөнгөнөөс ч илүү үнэтэй нэгэн зүйлийг орхигдуулж байсан нь тодорхой болж байна. Дунд сургуульд сурч төгссөн хүүхдүүд бүгд эрдэмтэд, суутнууд болох албагүй, бүгд их дээд сургуульд сурах ч албагүй. Хамгийн гол нь тэд бүгд ХҮН болж төлөвшсөн л байх ёстой. ХҮН л нийгмийг бүтээж, ХҮН л шинжлэх ухааны нээлт хийж, бүтээж, байгуулж, ХҮН л бүгдээрээ нийлж улс орон, ард түмэн болдог гэдгийг бүгд мартсан. Үүний үр дүн өнөөгийн нийгмийн аймшигтай гэхэд хатуудмаар боловч бас эмгэнэлтэй ч гэж хэлэхэд хэцүү ийм нэгэн нийгмийг бий болгосон байна. Энэ бол эхнээсээ буруу эхэлсэн нийгмийн алдаа. Хэрвээ тэдгээр "ардчилсан" нөхдүүд үйлдвэрүүдийг дампууруулалгүй, өөрсдөө идэж ууж баяжлаа ч гэсэн ард түмнээ амьдрах нөхцөлийг тэр хэвээр нь хадгалж, аажмаар өөрчилж, сайжруулах замаар явсан бол өнөөгийн ийм байдалд хүрэхгүй л байсан байх. Тэр олон эцэг эхчүүд ч наймаанд явж, мөнгөний төлөө үхэн хатан зүтгэхгүй, тэдний хүүхдүүд ч эцэг эхтэйгээ элэг бүтэн амьдарч, илүү зөв бодолтой, зөв хүмүүжилтэй иргэд болон төлөвшиж, өнөөдрийн тэр хулгайч нөхөр ч бидний дунд ажил хөдөлмөр эрхлээд энгийн хүний амьдралаар амьдраад явж байх байсан ч байж болох л юм. Энэ бол мөнгө гэдэг зүйлийг хамгийн чухал зүйл, мөнгөтэй хүн юу ч хийж болдог, мөнгө олохын тулд юу ч хийж болно гэсэн ойлголт өнөөгийн залуучуудын ихэнхийнх нь тархинд бат сууснаас ийм байдал руу түлхэн оруулж байна гэж бодож байна. Би алдсан гар утсандаа тэгтлээ ч их харамсахгүй, дахиад шинийг худалдаад л авна. Хамгийн гол нь хүн чанар гээч зүйлээ өдрөөс өдөрт алдсаар байгаа энэ нийгэм дэндүү харамсалтай байна. Хүн алдсан мөнгө, утас, эд зүйлээ олж авдаггүй юмаа гэхэд дахиад шинийг авч болдог байхад хүн алдсан хүн чанар, ёс суртахуунаа хаанаас ч худалдаад олж авч чаддагүй л гэдгийг зориудаар тэмдэглэн хэлмээр байна.

Бас энд заавал хэлэхийг хүсч байгаа нэгэн чухал зүйл байна. Урьд цагт Манжуудад эх орноо худалдсан шиг тийм алдааг өнөө цагт баригч этгээдүүд давтан хийж байна. Үүнийгээ бүр мөсөн оройтхоос нь өмнө зогсоогоосой, өөрчлөөсөй. Хүн өөрөөсөө хулгайлаад хэзээ ч баяждаггүй юм. Бидний хэдэн цөөхөн монголчууд бие биенээ мөлжөөд өөдлөхгүй. Өөр ямар ч хүчирхэг улс гүрэн ийм замаар хүчирхэгжиж, хөгжиж байсан удаагүй. Америк (хүмүүсийн эрх чөлөөний орон гэж ихэд дуртай байдаг) гүрэн л гэхэд нэг үндэстэн биш хирнээ тэр олон янзын хэл, соёл, арьс үстэй нөхдийг нэгэн гүрэн мэт нэг үндэстэн мэт үзэл бодлоор хүмүүжүүлж, америк хүн гэдгээрээ бахархах сэтгэгдлийг л төрүүлж чадсанд л энэ гүрэн ингэж хөгжиж чадсаны гол учир байдаг гэдэг.

Эх оронч гэсэн үзлийг төрийн дуулал дагаж амаа хөдөлгөх төдийхнөөр биш, бараг л хэлд орж, ухаан орж эхэлсэн цагаас нь хүмүүсийн сэтгэхүйд суулгаж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгж эх орноороо үнэн сэтгэлээсээ бахархах сэтгэлтэй, хайрлах сэтгэлтэй хүмүүс дор хаяж гудамжинд хог хаяхгүй, бусдыг дайрч доромжлохгүй, хүний нутагт ч нэг нэгэндээ туслах сэтгэлтэй байж, ажлаа хийхдээ ч түүнийгээ үнэн сэтгэлээсээ бахархах сэтгэлээр хийж, үйлдвэрүүд ч нэг ч гологдол чанаргүй бүтээгдэхүүн гаргахгүй байхыг хичээж, хүн бүгд дор бүрнээ хичээн зүтгэвэл нэг л мэдэхэд миний эх орон гадны ямар ч орноос дутахгүй ажиллаж амьдрах нөхцөл бүрдсэн, амар амгалан, хангалуун сайхан орон болж чадна гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байна. Тийм сайхан цаг үе ч ирнэ гэж найдаж байна. Гэхдээ үүнийг бий болгоход хамгийн гол нь хүмүүсийн итгэл найдвар, нэгдмэл байдал, зөв бодлого л хэрэгтэй.

Наад зах нь манай орон маш том газар нутагтай. Хөрс нь эрүүл, шим тэжээлтэй байхад яагаад заавал хятадын намагт тарьж ялгадсаар бордсон ногоог худаалдаалхаар нөхцөл байдалтай байна вэ? Хятад тэрбум гаран хүнээ тэжээгээд болоод байхад Монголынхоо 2,7 сая хүнийг яагаад хүнсээр нь хангаад байж болдоггүй юм бол..? Хүнсний хэдхэн үйлдвэртэй. Бараг л гарын хуруунд багтахаар цөөхөн хэдхэн хүнсний үйлдвэрүүдээ яагаад олигтойхон хянаад дэмжээд хэрэглэгчид хуурамч, хортой бүтээгдэхүүн зарахааргүй болтол нь хянаад байж болдгүй юм болоо?? Тэр том том үйлдвэрүүдээ больё гэхэд ядаж хүнснийхээ үйлдвэрүүдийг олигтойхон дэмжээд, бас төрөөс үнийг нь барьж байдаг байхаар зохицуулаад байж болохгүй байгаа нь үнэхээр сонин байна. Бас тэр тариа ногоог бол тийм үнэтэй заруулаад байлгүй, тариачдыг ч сайн дэмжээд, хямд үнээр зараад байвал хэн хятадын ногоог худалдаж авч идэн өөрсдийгөө хордуулахыг хүсэх билээ дээ.

Эцэст нь хэлэхэд, энэ олон "хулгайч" нөхдүүд энэ их хүч чадлаа эх орныхоо тусын тулд ашиглавал мөн ч хурдан хөгжинө дөө. Тэдгээр "хулгайч" нөхдийг ч бас ажилтай байлгахын тулд үйлдвэрүүд хэрэгтэй. Ажлын байр хэрэгтэй. Гэтэл өнөөдөр шал угаагч хийхэд л наад зах нь царай зүс, нуруу туруу, нас, хэл ус гээд наян янзын шалгуур тавьдаг болсон байх юм. Ийм байхад ажилгүйчүүд олон байхаас ч яахав. Ажилгүй хүмүүс амьдрахын тулд биеэ үнэлэх, хулгай дээрэм хийх зэрэг буруу арга хэрэглэх зам руу л орж байна шүү дээ. Энэ хүмүүсийг ажилтай болгоод өгвөл ядаж л хулгай, дээрэм нь багасна даа. Хөөрхий энэ хүмүүсийг яалтай ч билээ дээ.

Төр түмэн нүдтэй гэдэг дээ. Тэр олон нүднийхээ ганцыг нь ч болов нээгээд ямар нэг арга хэмжээ авч л байгаасай даа.


Эх орон минь айх аюулгүй, дайн дажингүй амгалан байж, элгэн садан, эх орон нэгтнүүд минь эв нэгдэлтэй байж, төр нь хүчтэй байж, түмэн олон минь энх тунх байх болтугай!

Иргэн