Wednesday, May 11, 2011

Амьдрал итгэл дээр тогтддог

Эмэгтэйчүүдийн нэг сул тал нь жижиг зүйлсд ч дэндүү их ач холбогдол өгч дэндүү их зүйл боддогт байдаг бололтой. Миний толгой надаас хамааралгүйгээр хэрэгтэй хэрэггүй олон зүйлийн тухай бодоод, тэрэндээ дэндүү их ач холбогдол өгөөд үүнээсээ болоод стрессдээд байх юм. Толгой доторхоо хэн нэгэнд уудлан ярьж чаддаггүй юм бол бичээд ч болов өөрийгөө тайтаруулъя даа.

Амьдрал итгэл дээр тогтддог. Яагаад гээч. Амьдралд тохиолдох олон үйл явдал, тэрэнд бидний хандах хандлага тэр чигээрээ бидний өөрсдийн итгэл үнэмшлээс хамаарч байдаг болохоор тэр.

Хэрвээ амьдрал хайр дээр тогтдог бол итгэл түүний мөнхийн дагуул. Итгэлгүйгээр хайр гэж хэзээ ч байдаггүй. Ээж, аав, эх үрийн хайр, ах дүүсийн хайр, найз нөхдийн хайр, хайр дурлал гээд "бүх төрлийн" хайр итгэлгүйгээр цор ганцаар хэзээ ч оршин тогтнодоггүй. Итгэл үгүй болсон хайр амьгүй бие цогцостой л адил.

Итгэл бол амьдралын мөнхийн шавхагдашгүй эрч хүчний эх үүсвэр, олон гайхамшигийн эхлэх цэг. Өчүүхэн өт хорхой, жоом бясаанаас эхлүүлээд бүхий л амьд биет амьд үлдэх өчүүхэн боломжийн төлөө хэрхэн амьд үлдэхийн төлөө тэмцэж, саад бэрхшээлийн өөдөөс тэмцэх төрөлхийн байгалаас заяасан инстинкттэй байдаг. Энэ инстинкт хүмүүн төрөлхтний хувьд "зовсоны эцэст жаргал ирнэ. Бүх зүйл сайхан болно" гэсэн бодлоор зовлон бэрхшээлийг даван туулах итгэл найдвар байдаг. Энэ итгэл найдвар бол эдгэшгүй хүнд өвчнийг ч эдгээх, тэсвэрлэшгүй олон зовлон бэрхшээлийг даван туулах, хэзээ ч бүтэхгүй биелэхгүй санааг ч бодит болгох олон гайхамшигийг бүтээх хүч чадлыг бэлэглэгч билээ.

Итгэл найдвар бол аз жаргалын төлөө зогсолтгүй тэмцэх гинжин урвалын эхлэл. Бидний үргэлж эрж хайдаг төгс төгөлдөр байдал, зөв буруун тухай ойлголт, үнэлэлт дүгнэлт хийх, диваажин, тамын тухай ойлголт, шашин шүтлэг ч гэсэн бүгд итгэл найдвараас эхлэлтэй. Бидний бий болгосон хууль дүрэм, журам, өөрийгөө болоод бусдыг үнэлэх үнэлэмж, ёс заншил, өдөр тутмын зуршил, үйлдэл бүгд бидний тархинд хадаастай ИТГЭЛ гэдэг зүйл дээр үндэслэж бий болсон байдаг.

Итгэл гэдэг зүйл бүх хүнд харагдах байдал өөр байлаа ч нөлөөлөх чадвар нь ижил байдаг. Хэн нэгний итгэлийг алдана гэдэг, хэн нэгэнд итгэл алдарна гэдэг бүх хүнд ижилхэн хүндээр тусдаг. Харин хэнд юунд итгэх, яаж итгэх зэрэг итгэл дээр үндэслэсэн үнэлэмж бүх хүнд өөр байдаг.

Бидний боловсрол мэдлэг ч гэсэн итгэл дээр үндэслэж боловсрогдож байдаг. Бид ямар нэг шинэ зүйлийг сурч мэдэхийн тулд бидний уншиж байгаа бүхэн, харж байгаа бүхэн, сонсож байгаа бүхэн, бидэнд ирж байгаа мэдээлэл үнэн зөв гэдэгт заавал итгэх хэрэгтэй байдаг. Хэрвээ ирж буй мэдээлэл үнэн гэдэгт итгэж чадахгүй бол тэр мэдээлэл бидний мэдлэгийн нэг хэсэг болж чаддаггүй. Бид зөвхөн үнэн гэж бодсон мэдээллээ мэдлэг болгон авч тэр мэдлэгээ шинэ мэдлэгтэй харьцуулж, холбож, хуучин мэдлэг дээрээ нэмэрлэх маягаар суралцдаг. Тийм болохоор итгэл бол мэдлэгийн эх сурвалж.

Итгэл бол маш хүчтэй нөлөөлөгч, тархийг угаагч хэрэгсэл. Хүний итгэлийг олж авна гэдэг амаргүй байж болох ч итгэлээр нь дамжуулж утсан хүүхэлдэй болгон тоглох амархан. Тийм ч учраас тархийг нь угаахыг хүссэн хүмүүсд өгөх мэдээллийг маш зөв үнэн зүйл мэт харагдуулж итгүүлж чадах аваас гагцхүү нэг хүний амьдралыг бусниулаад, тэр байтугай амийг нь егүүтгээд зогсохгүй улс үндэстнээр нь сөнөөж ч бас болдогт итгэлийн өөр нэгэн хүч чадал оршиж байгаа юм даа.


Хайр Дурлал ч бас итгэлээр дамжин бидэнд ирдэг. Хэдэн жилийн өмнө арай залуу байхдаа хайр дурлалын тухай нэгэн теорем зохиосон юм. Тэр нь юу вэ гэвэл, хайр дурлал гэдэг зүйл хэзээ ч биетээр оршдоггүй, зөвхөн бидний төсөөлөлд л байдаг зүйл гэсэн "онол" юм. Миний "онолоор" бол хүмүүс бусад хүмүүсийг хараад тэр хүний тухай авч буй мэдээллээ (гадна харагдах байдал, дотоод сэтгэл) өөрийн үнэлэмжээр үнэлээд тэр хүний тухай төсөөллийг тархиндаа зурдаг. Хэрвээ тухайн хүн маш олон сайн гэсэн үнэлэмж авсан байвал хүмүүс бид ихэнхдээ тэр сайн талуудыг дэндүү хэтрүүлэн үнэлж, "тэрнээс сайхан нь үгүй, тэр үнэхээр алт шиг хүн" гэх мэт гэсэн үнэмшлийг өөрсдөдөө бий болгодог. Тэр үнэмшил, тархиндаа зурсан зургийн сайхныг бишрэх эсвэл муухайг жигших тусам хайр дурлал, итгэл, хүндэтгэл, атаархал, үзэн ядалт, дургүйцэл, тавгүйтэл гэсэн олон янзын мэдрэмжүүдийн аль нэг төрж эхэлдэг. Үнэн чанартаа бид хэзээ ч хэнийг ч бүрэн дүүрэн таньж мэддэггүй, зөвхөн өөртөө байгаа мэдээлэлдээ үндэслэж дүгнэлт хийдэг болохоор бидний тархин дахь зураг хэзээ ч тухайн хүнийг бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй.
Тийм ч учраас хайр дурлал бол бидний хайрыг татсан тухайн бодит хүндээ биш харин бидний тэр хүний тухай тархиндаа зурсан зураг-төсөөлөлд дурласан сэтгэлийн үр дүн юм.
Тийм болохоор миний ойлголтоор хайр дурлал гэдэг зүйл бодитоор оршдоггүй, зөвхөн бидний төсөөлөл үнэн гэдгийг баталсан итгэлтэй нэгдсэн цагт л жинхэнэ хайр болдог. (PS: Тэгэхээр үнэндээ би хэзээ ч хайр дурлалд итгэдэггүй, бас дурладаггүй хүн байх нь. :-P)


Итгэл бол маш хүчтэй нөлөөлөгч, тархийг угаагч, гайхамшигийг бүтээгч, амжилтын үндэс, амьдралын салшгүй нэгэн хэсэг. Тийм ч учраас амьдрал яалт ч гүй итгэл дээр тогтдог. (Гэхдээ миний итгэл үнэмшлээр шүү дээ. ;) )


Амьдрал бол диваажин биш. Зовлон бэрхшээлийн өмнө өвдөг сөхөрч, сэтгэлээр унан гутарч суугаа бол зүгээр л ИТГЭ. Итгэл бол бүх л өвчнийг анагаах гайхалтай чадвартай  эм. Зүгээр л энэ бүх бэрхшээл зовлон удахгүй ирэх гайхалтай амьдралын төлөө урьдчилан төлж байгаа төлөөс юм шүү гэж үнэн сэтгэлээсээ итгэж чадвал тун удахгүй үнэхээр тэр аз жаргал урдаас чинь инээмсэглэн угтаж явааг олж харах болно. Миний зөв гэдэгт би итгэж байна.