Friday, October 22, 2010

Гэрээ санаад байнаа

Одоо энд улирлын хамгийн муухай цаг агаартай үе нь эхэлж байна гэж манай байрны эзэгтэй өчигдөр надад хэлж байсан. Цаг агаар муухай байгаа болохоор тэр үү, эсвэл шинэ газар сайн дасаагүй болоод тэр үү ойрд гэрээ санаад дэпрэссдээд эхэллээ. 6 сард анх германд ирэхэд бас 7, 8 сард гэрээ санаад бас л хэцүү байсан ч удалгүй гайгүй болсон. Гэтэл энд ирээд удалгүй дахиад л гэрээ санаад эхэллээ.

Ядаж байхад миний энд ирсэн эхний долоо хоногт л нар гарсан. Тэрнээс хойш тувт саарал бүүдийсэн үүлтэй тэнгэр.. Өнөөдөр үүлэн завсраар анх нарны гэрэл олж харлаа. Хичнээн сайхан байсан гээч. Нарыг ингэж их санах гэж. Тэгээд л 2-хон минут болоод л нар үүлэн цаагуур орчихсон.
Ийм нэг бүүдгэр саарал өдөр хэрвээ би гэртээ байсан бол ээжийн чанасан аагтай сүүтэй будаатай бас банштай цайг уугаад л энэ тэрнийг хүүрнэж яриад л сууж байх байсан даа. Сайхан дулаахан...
Аагтай будаатай цайгаа үнэхээр их санаж байна. Гэртээ байхад цаанаа л нэг сайхан байдаг даа. Цаанаа л нэг сайхан, бүрэн бүтэн, хамгаалагдсан мэт мэдрэмж төрдөг. Гэртээ л өөрийн дураар байж, халуун дулаан хайрыг мэдэрдэг. Тийм ч болохоор хэрвээ би ядарвал, эсвэл сэтгэлээр унавал, таагүй зүйл тохиолдвол хамгийн түрүүнд гэртээ л харихыг хүсдэг. Тэгээд энэ тухайгаа ээждээ хэлэхийг хүсдэг. Одоо харин би гэртээ харимаар л байна. Өнөөдөр даарч, толгой өвдөөд алхаж явахдаа хурдан л гэртээ хариж унтаж амрая л гэж бодож жижигхэн умгар өрөөндөө орж ирэхэд хичнээн онцгүй байсан гээч. Надад зориулж тавьсан халуун хоол байхгүй, хүйтэн 4 ханатай л харанхуй өрөө л угтаж байгаа юм даа.
Өмнө нь гадаадад сурахаар явсан хүмүүс ингэж гэрээ санаж, дэпрэссддэг гэж зөндөө л хэлж байсан. Яах гэж энд ирвээ, гэртээ монголдоо л байж байхгүй, юу хийж энэ хол газар ирэв дээ гэж уйлах үе гардаг юм шүү гэж хэлж л байсан. Гэхдээ бүгдээрээ л энэ сэтгэл гутрал, ганцаардлыг даваад л гарч, бүгдээрээ л амжилттай сайн сурсан болохоор би ч бас тэгж чадна гэж итгэж л байна. Гэхдээ бас л санасныг бодвол амаргүй л байна шүү. Өөртөө байн байн, "энэ чиний л хүсч зорисон зүйл. Чи өөрөө л үүнийг хүссэн шүү дээ. Чиний хийсэн сонголт учраас өөртөө эзэн бай." гэж хэлж сануулж л байна шүү.

Би өмнө нь өөрт төрсөн сэтгэгдэл дурсамжаа тэмдэглэлийн дэвтэрт бичиж үлдээдэг байсан. Хожим нь уншихад тэр үеийн бүх дурсамж сэргэдэг болохоор өөөрийгөө хэрхэн ухаажиж, бас алдаж онож явснаа дүгнэх боломж олгодог юм. Тэр цаг үед амьдарч байсан би гэж хүн ийм зүйл хүсч мөрөөдөж, ингэж боддог ийм охин байж дээ гэж дүгнэж чаддаг болохоор тэмдэглэл хөтөлдөг юм.
Энэ тэмдэглэл ч бас миний энэ цаг үед төрсөн сэтгэгдэлийг л харуулж байна даа. Дараа нь ирээдүйн нэг өдөр "Монгол руу яваад яах юм бэ. Шороотой, утаатай, хүмүүс нь бүдүүлэг, соёлгүй. Тэгснээс өөр орноор аялсан нь дээр." гэж хэлдэг болох байх л даа. Тэр үед л энэ тэмдэглэлийг гаргаж уншия. Гэхдээ л тэр утаатай Улаанбаатар чинь миний төрсөн гэр шүү дээ.

Wednesday, October 13, 2010

Хөгжлийн өөр нэг гарц - Ургах зарчим

Хөгжлийн өөр нэг гарц - Ургах зарчим
Өнөөдөр Монгол орны маань нийгэм тэр чигээрээ үнэндээ харанхуй, мэдээлэл байхгүй, хүнд сурталтай, бүх зүйл хахууль мөнгө албан тушаалаар шийдэгддэг, мөнгө байхгүй, ажил байхгүй, ажил байлаа ч цалин нь амьдралд хаанаа ч хүрэхгүй, цаг заваа өнгөрөөчих олигтой газар ч байхгүй, ядуу зүдүү хүнд хэцүү амьдаралаар амьдарч байна. Үүнийг өөрчилөх санаа гаргасан хүмүүс авилгалд тэр чигтээ идэгдсэн хүнд сурталтай төрөөсөө болоод энэ бүхний хажуугаар дуугүй өнгөрөөд мөрөө хөөж явахаас аргагүй ийм л хэцүү нийгэм дунд амьдарч байна. Хамгийн харамсалтай нь нийгэм бүхэлдээ ийм байна. Нийгмийн нэг хэсэг хүмүүс ийм байвал өөр хэрэг. Ийм байдлаас болоод монголчууд бид үнэндээ бор зүрхээрээ л арай ядан өдөр хоногоо өнгөрөөж байна. Өнөөдөр хоолноос маргаашийн хоол гэж л хоног өдрөө барж байна шүү дээ. Гэсэн ч энэ хүнд суртал өнөөгийн нийгэм өөрчлөх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бидний амьдрал, бидний ирээдүй, бидний ая тухтай орчин, бидний амьдрал тэр чигтээ үүнээс л хамаарч байгаа болохоор тэр.
Үнэндээ бид ардын хувьсгалаас өмнөх “хөмөрсөн тогоо доторх” байдалтай тун төстэй байдалд өнөөдөр орчихоод байна. Хэдий мэдээлэлийн эрин зуун ч гэлээ бид өнөөдөр мэдээллээр тун хомс амьдарч байна. Хэсэг бусаг хүмүүс биднээс мэдээллээ нуун түүгээрээ бизнес хийж байна шүү дээ. Бидний өөрсдөдөө хэрэгцээтэй мэдээлэл авч чаддагүйн нэг шалтгаан бол хүнд суртал. Төрийн бүх шатанд байгаа энэ хүнд суртлаас болж ард иргэд хангалттай зөв мэдээлэл авч чадахгүй байна. Бидний энэ харанхуй байдлыг ашиглаж албан тушаал, мөнгөний төлөө худал “бор шувуу” гээч юмыг нисгэж бидний тархийг угааж түүгээрээ бизнес хийж байна.
Бидний үүний эсрэг юу хийж чадах вэ??? Та үүний эсрэг юу хийж чадах вэ? Өөрөөсөө ингэж асуугаад үз. Ямар нэг хариулт олж чадах аваас та өөдрөг үзэлтэй бөгөөд энэ нийгмийг өөрчлөхийн төлөө санаагаа зовоож явдаг хүмүүсийн нэг байна. Гэвч та энэ санаагаа хэрэгжүүлэхийн төлөө ямар нэг зүйл хийж үзсэн үү? Заавал хууль санаачлах энэ тэр гэсэн том зүйл байх албагүй ээ. Дор хаяж л хогоо хогийн саванд хаях энэ тэр гэсэн жижиг зүйл байсан ч болно. Хэрвээ ямар нэг зүйл огт хийж байгаагүй бол одоо хөдлөх цаг болсон. Тэнгэрээс мөнгөөр бороо орохыг хүлээнэ гэдэг боломжгүй зүйл шиг бидний төлөө лонхон дотроос бирд гарч ирээд бүх асуудал шийдэгдэхийг хүлээх хэрэггүй. Хэн нэгэн шидтэн эсвэл сод ухаантан гарч ирээд бидний төлөө ямар нэг гайхамшиг бүтээхийг хүлээх хэрэггүй.
Ардчилал гарч ирэхдээ бидэнд энэ гайхамшигийг бүтээж өгнө гэж амалсан. Гэхдээ 20 жил дотор энэ гайхамшиг үнэхээр биелэсэн үү? Зарим нэг хэсэг бүлэг хүмүүст л тэр нь биелэсэн байх. Гэхдээ би хүний эрх чөлөөний тухай ойлголтыг үгүйсгэхгүй. Хэдийгээр олон сайхан дэвшил гарсан ч монголчууд бид ядуу хэвээрээ л байна.
Би бүх монголын ард түмэн сэтгэл хангалуун байж, ажилтай, амьдралтай, нийгмийн халамж үйлчилгээ хүнд сурталгүйгээр хүрэх ёстой бүх хүндээ хүрч, хүн бүр хүний ёсоор эдлэх ёстой эрх чөлөөгөө эдэлж байгаасай гэж хүсч байна. Хэрэв та надтай санал нэг байгаа бол бүгдээрээ нэгдэж, энэ нийгмийг өөрчлөхийн төлөө ажиллаад үзье.
Хоосон ярьж бичиж, нэг нэгнээ үгүйсгэж буруутгаж, хөлөө жийлцэж, талцаж байхаа больцгоож бодит ажил хэрэг болгох гээд үзье. Хийж үзэж байж дараа бүтэх бүтэхгүй талаар дүгнэлт гаргана шүү дээ. Эхлээд хийж үзэх хэрэгтэй.
Хөгжлийн 2 зам байдаг гэнээ. Нэг нь бол дээрээсээ доошоо хөгжих зам. Төр нь зөв бодлого явуулж амьдрал дээр хэрэгжүүлсэнээр хөгжих зам. Харин нөгөө зам нь бол доороосоо дээшээ буюу “Ургах” зарчим юм. Өөрөөр хэлбэл ард иргэд дотроо нэгдэж, хүн бүр эх орноо хөгжүүлэхэд сэтгэл гарган, хүн болгон хийж чадах бүхнээрээ хичээнгүйлэн ажилласанаар хөгжих зам юм. Миний бодлоор энэ зам л бидний өнөөгийн нийгмийг өөрчлөхөд хамгийн зөв гарц байж магадгүй. Нэгэнт төрийн өнөөгийн тогтолцоог тэр чигээр нь өөрчлөхгүй бол өнөөгийн авилгал хахуульд идэгдсэн нүсэр том “толгойтой” төрөө өөрчлөх арга байхгүйгээс дороосоо дээшээ хөгжих нь дээрээсээ доошоо хөгжихөөс илүү хурдан бөгөөд илүү үр дүнтэй байж ч магадгүй.
Үүний тулд бидний хийх ёстой эхний алхам бол дараагийн шатанд төрийн тавцанд гарч ирэх шинэ үеийнхнийг хөгжүүлэх, хүмүүжүүлэх юм. Манай Монгол орны бараг 70%-г залуучууд эзэлдэг гэж ярьдаг шүү дээ. Хэдий залуучууд олонтой боловч залуучуудад хандсан үйлчилгээ, чөлөөт цагаа өнгөрөөх газар хэд байдаг билээ?! Үнэндээ ховорхон шүү дээ. Диско баарнаас өөр газар бараг л олдохгүй дээ. Тэгээд ч өнөөгийн залуучууд маань нэг хэсэг нь гадаадад гараад явсан, зарим хэсэг нь архинд толгойгоо мэдүүлсэн, үлдсэн хэсэг нь санаа байвч сачий хүрэхгүй гээд урдахаа хийгээд л өдөр хоногийг барж байна. Аль ч хэсгийн залуучуудыг буруутгах аргагүй. Тийм ч учраас өнөөгийн бааранд архи ууж согтуурах залуусыг үнэндээ буруутгах арга байхгүй. Архи ууж бааранд суух залуучууд нэгэнт ажил байхгүй, амьдрал хэцүү, бас дээр нь цагаа зөв боловсон өнгөөрчих өөр олигтой газар байхгүй болохоор буруутгах аргагүй. Нөгөө талаасаа ч энэ нь тэдний эрх учраас бааранд сууж байгаа тэднийг хүчээр хорих ч аргагүй. Гадаадад гарсан хүмүүс нэгэнт эх орондоо хангалуун амьдарч чадахгүй, өнөөгийн нийгмийн хүнд байдлаас болж амьдралаа дээшлүүлэхээр явж байгаа болохоор буруутгах аргагүй. Гэсэн ч бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Ингээд л амьдраад байвал байдал улам л дордоод байхаас дээрдэхгүйг бидний хэн хэн нь мэдэж байгаа.
Нэгэнт манай орны ард түмний ихэнх нь залуучууд байгаагаас залуучуудад хандсан, залуучуудыг хөдөлгөөнд оруулах үйл ажиллагааг ихээр зохион байгуулах ажлыг ихээр зохион байгуулах хэрэгтэй. Нэгэнт хаа газрын оюутан, залуучууд мөнгө тийм ч ихтэй байдаггүй учраас оюутан, залуучуудад зориулсан хямд үнэтэй эсвэл гишүүнчлэлтэйгээр илүү хямд үнээр үйлчлүүлэх боломжтой спорт клубууд байх хэрэгтэй. Энэ тал дээр их дээд сургуулиудын оюутны холбоодууд анхаарч ажиллах хэрэгтэй. Залуучуудын анхаарлыг архи, баарнаас өөр чигт хандуулах хэрэгтэй. Тэгэхгүй л юм бол өнөөгийн байдлыг дээшлүүлэх арга байхгүй. Өөр бас нэг санаа бол залуучуудын дунд судалгаа явуулах хэрэгтэй. Залуучууд ямар үйлчилгээ, хаана цагаа өнгөөрөөхийг хүсч байгааг судлаад тэдний үйлчлүүлэхийг хүссэн газаруудтай холбогдож илүү хямд үнээр үйлчлүүлэх боломж байгаа эсэхийг судлах хэрэгтэй.
Оюутан, залуучууд чөлөөт цагаараа хийх боломжтой цагийн ажлууд байвал тун зүгээр юм байна лээ. Хамгийн гол нь ажлын байр. Компани, аж ахуйн нэгжүүд их дээд сургуулиудтай илүү ойр ажиллаж оюутнуудын бүтээлч сэтгэлгээг дэмжих янз бүрийн уралдаан олноор зохион байгуулах хэрэгтэй. Их дээд сургуулиудын төгсөгчдийн мэдлэг чадвар тутмаг байдаг гээд л яриад байдаг. Аж ахуйн нэгжүүд тэр дутагдаад байгаа мэдлэг чадварыг бий болгоход их, дээд сургуулиудад туслах хэрэгтэй.
Өөр бас нэг чухал зүйл бол нэгэнт төгсөөд гарсан төгсөгчид дараагийн оны төгсөгч нартаа туслах хэрэгтэй. Тийм холбоо энэ тэр байвал уул нь зүгээр л юм. Тэгж чадвал оюутнууд бодит амьдрал дээр ямархуу орчин хүлээж байгааг оюутан байхдаа ямар мэдлэг, чадвар эзэмших хэрэгтэйг ухаарч үүнд өөрсдийгөө бэлдэж чадна.
Надад нэг шинэ санаа дэмжих “Мэдээллийн технологийн оновчтой шийдэл” уралдаан үнэхээр таалагдсан. Гэхдээ гарч ирсэн шинэ санааг бодит амьдрал дээр хэрэгжүүлбэл бүр илүү сайн байна. Энэ үйл ажиллагааг ганц дан IT ч биш бүх салбарт хэрэгжүүлбэл тун сайн юмсан. Зарим суут санаа жирийн нэг оюутнаас гардаг шүү дээ. Тэднийг дэмжих хэрэгтэй. Энэнд бол хэн хэдэн настай, хэр их туршлагатай байх нь огт хамаагүй. Нас, туршлага, албан тушаалаараа түрий барьж залуучуудын хүсэл эрмэлзэл, урам зоригийг мохоох хэрэггүй.
Бас нэг санал болгох зүйл залуучуудад зориулсан боломжийн хямд үнэтэй орон сууцнууд байвал тун зүгээр юмсан. Худалдаж авдаггүй юмаа гэхэд удаан хугацаагаар хөлслөж амьдрах боломжтой орон сууцнууд байвал... Одоогийн байдлаар баригдсан барилгууд тэнгэрт хадсан үнэтэй, зээл авъя гэхээр тавьж байгаа нөхцөл нь баргийн хүн сар бүр төлөөд байж барамгүй үнэ харагддаг. Барилгын компаниуд мөнгө багатай залуучуудаа бодолцож үздэггүй нь харамсалтай. Янз бүрийн орлоготой хүмүүс хамрагдаж болохоор нөхцөлтэй барилгууд байвал эргээд барилгын компанидаа ч ашигтай. Мөнгө эргэж байвал зүгээр шүү дээ. Боломжийн үнэтэй байвал хурдан зарагдана. Бодолцож үзээрэй.
Эцэст нь бүгдэд нь хандаж хэлэхэд, нэг нэгнийхээ урам зоригийг мохоох хэрэггүй. “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэж үг байдаг даа. Шинэ санаа болгоныг дэмж. Нэг нэгэндээ урам зориг өг. Бие биенээсээ мэддэг чаддаг зүйлээрээ тусал. Мэддэг зүйлээ бусдад хэлчихвэл бусад нь өөрөөс нь мундаг болчих вий гэсэн утгагүй амиа бодсон үзлээсээ салах хэрэгтэй. Бусдад урам өгсний хариу нь амьдралын дараагийн эргэлтэнд чиний талд зогсох хамтрагчаа бэлдэж байнаа гэсэн үг юм шүү.
Хэрвээ бид иймэрхүү маягаар залуучуудыг дэмжиж, хөдөлгөж чадвал зөв амьдралын хэв маягтай, зөв ухамсартай, илүү холыг харж чадах дараагийн төрийн эргэлтэнд зөв бодлого явуулж, тэргүүлж чадах ирээдүйн төрийн түшээд нарыг бэлдэж чадна гэж бодож байна.
Нэгэнт бид өнөөгийн төрийн түшээдүүдийг хүмүүжүүлж чадахгүйгээс хойш ирээдүйн төрийн түшээдүүдийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Өнөөгийн залуучууд архинд донтсон, хүсэл мөрөөдөлгүй, амиа бодсон, хулгайч, худалч байвал дараагийн 20 жилд бидний байдал улам л дордоно. Ийм нийгэмд хүмүүжиж байгаа хүмүүсээс бид илүү сайхныг хүсэх аргагүй. Үүнийг хүн болгон бодож үзээрэй. Миний дээр дэвшүүлсэн санаануудыг холбогдох үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, компани, оюутны холбоод бодолцож үзээсэй гэж хүсэх байна. Мөн энэ талаар энэ төрлийн үйл ажиллагаа таньдаг эрхэлдэг хүмүүстээ уламжлаарай. Өөр илүү дээр санаа байвал тун сайн байна. “Ургах” хэрэгтэй шүү, хүмүүсээ. Миний хувьд шинэ санаа бүрийг дэмжинэ.
Цаг гаргаж нийтлэлийг минь уншсанд баярлалаа. Таныг ч бас надтай нэг санаатай гэдэгт итгэж байна. Та ч бас ард түмний нэг хэсэг, таны санаа, үйл хэрэг Монгол оронд хэрэгтэй.

Wednesday, October 06, 2010

Хятад хүмүүс бид нарыг юу гэж боддогийг хоёр чихээрээ сонслоо

Шинэ хотод ирээд мастерийнхаа хичээл өнөөдрөөс суугаад эхэлчихлээ.
Манайд ерөөсөө 7 оюутан л байна. Нэг бодлын амар ч юмуу. Цөөхүүлхнээ.
Өнөөдөр манай багш нар бүгд манайд ангид орж ирж бид нар танилцлаа. Анхны сэтгэгдэл бол дажгүй л байна. Гэхдээ урам хугалсан нэг онцгүй зүйл байнаа. Манайд нэг хятад оюутан байна. Би анх хараад дотроо адилхан л азиа тивээс ирсэн хүн байна, ашгүй дээ, бас хөрш орон юм чинь гэж бодсон чинь эндүүрсэн байнаа. Манай хятад тэгж бодохгүй байгаа бололтой. Тэрийгээ ч өчигдөр харуулаад л байсан л даа. Надтай жоохон дээрэнгүй байдалтай харьцаад болдгүй. Миний үзгийг шууд надаас асуулгүй шүүрч аваад, надаас юм асуухдаа миний ширээг гараараа зохиж энэ тэр. Нэг л биш. Би бодохдоо хол замд ядраад тэгж байгаа болов уу гэж бодож байтал өнөөдөр үнэхээр миний дотрыг өмөлсөн айхтар зүйл хэлдэг юм даа.
Би ямар нэг буруу зүйл хийсэн эсвэл хэлсэн эсэхээ мэдэхгүй. Чадахаараа л мэддэг зүйлээ хэлж тусалхыг л хийчээсэн. Адилхан анх удаа гадаадад ирж байгаа болохоор мэдэхгүй зүйл их байх гэж л бодож байлаа. Тэгсэн өнөөдөр анхны лекц орж багш нартайгаа танилцаж, нэр усаа мэдэлцэж, хаанаас ирснээ хэлж танилцуулсан. Манай хятадын ээлж ирэхэд багш "Аль Хятадаас ирсэн бэ?" гэж асуусан юм. Мань хүн "Нэг л Хятад байдаг шд" гэсэн. Тэгсэн багш "Тайвань, Хонг Конг бас Хятадын бүрэлдэхүүнд ордог болохоор л тэгж асуусан юмаа" гэсэн. Тэгсэн мань хүн "Тайвань одоохондоо Хятадын бүрэлдэхүүн биш, гэхдээ 8 жилийн дотор Хятадын бүрэлдэхүүнд орно." гэдэг юм. Тэгээд миний ээлж ирээд Монголоос ирсэн гэсэн чинь "Монгол удахгуй 18 жилийн дараа хятадийнх болно" гэж хэлдэг юм даа. Дотор нэг юм шатаад үсэрч очоод ам руу алгадчихмаар санагдсан гээч. Аймаар уур хүрсэн гэж.
Хятадууд Монголыг ингэж боддог байх нь байна шд. Мань хүний тэгж дээрэнгүй зан гаргаад байсан нь ч гарцаагүй ингэж боддогтой нь холбоотой байх гэж бодож байна. Хамгийн гол нь тэр улс төрийн үзлээ ингэж гаргаад байх нь надад үнэхээр таалагдахгүй байна. Зүгээр л нэг ангийн хүүхдүүд байж энгийн л байхгүй. Эсвэл Хятадын засгийн газар оюутан, сурагчид, иргэдээ зориуд ийм мэдээлэл өгдөг байх. Тэгж яг таг төдөн жилийн дараа гэж хэлээд байхыг бодвол тийм бодлого явуулж хүмүүсийнхээ тархийг ч ингэж хүмүүжүүлдэг байх гэж санагдсан. Тэр балай Хятадын оронд Солонгос юмуу Япон бол арай дээр байсан байх. Ядаж л дор хаяж ийм сонин зан гаргахгүй, ядаж үндэсний үзлээ дотроо нуух байсан байлгүй.

Энэ муусайн хятадуудад Монгол сөнөх болоогүй гэдгийг харуулнаа гайгүй. Хүмүүсээ, Монгол ахан дүүс минь ийм аймшигтай ирээдүйг Монгол эх орондоо авчрахыг битгий зөвшөөрөөрэй. Тэгж Монгол улсын минь бидний өвөө эмээ нарын тэмцэж цусаа урсгаж бидэнд авчирсан энэ тусгаар тогтнолоо ингэж гутамшигтайгаар алдахыг бүү зөвшөөрөөрэй.

Бидний Монгол орон хорвоод ганцхан нүүдэлчин өвөрмөц соёл, уламжлалтай, сайхан уудам нутагтай орон билээ. Бидний үе л үүнийгээ хадгалж аварч үлдэхгүй бол бидний орон үнэхээр хүнд нөхцөлд байна шүү. Хүмүүсээ анхаараарай.

Алив миний хөөрхөн бөндгөр найз ороорой

Нэг мэдсэн аль хэдийнээ 4 сарын хугацаа өнгөрч герман хэлний курс маань ч дуусч өөр хот руу нүүж хичээлдээ суухаар явах цаг болсон байна. Миний ачаа гэж наддаа дэндүү ахадсан их новш байгаа болохоор нөгөөхөө чемодан савандаа багтаах гэж хамаг хөлсөө гойжуулж үүргэвч, чемодантайгаа ноцолдох хэрэг гарваа хөөрхий. Амьхандаа тэмээний ноосон хөнжил монголоос авч ирсэн юмсан. Нөгөө муу хөнжлөө үүргэвчиндээ багтаах гэж ёстой л үүргэвчтэйгээ дээр доороо орж ноцолдох хэрэг гарваа. Багтахгүй болохоор нь “алив миний бөндгөр найз багтаарай, ороорой” гэж байж нэг юм арай гэж багтаав. Миний бөндгөр найз маань нөгөө муу хөнжил маань юм шүү дээ.
Freiburg хотоос нүүх цаг болсон байна. Дахиад л шинэ газар, шинэ хүмүүс, шинэ орчин гэж бодохоор нэг л сонин. Одоо анх ирсэнээ бодвол арай туршлагажсан болохоор гайгүй л байх.
Одоо яаж энэ олон бөндгөр юмнуудаа дагуулаад вагоноор явнаа. Зүрхшээж л байна шүү.

2010 оны 9 дүгээр сар 29