Wednesday, April 13, 2011

Хөгжил юунаас эхэлдэг вэ?

Өнгөрсөн долоо хоногт тун зав муутай байлаа. Энэ 7 хоногоос даалгавар овоо гайгүй болох төлөвтэй. Гэхдээ өчигдөр шөнөжин суугаад шөнийн 3.45 цагийн үед л орондоо орох шиг болсон. Өнөөдөр бас л өөр нэг даалгавраа нухсаар өдөржин сургууль дээр өнжөөд орой 9 болох дөхөж байхад гэрийн бараа харах шив. Гэхдээ хэнийгээ буруутгахав. Цагийг нь тулгаж байж хийдэг зангаа л буруутгаж суухаас. :-P

Гэхдээ бас муугүй ээ. Өнөөдөр хийсэн даалгавраа бол 3 цаг хагас орчим хугацаанд хийж дуусгасан. Энэ чинь миний хувьд рекорд байхгүй юу. Би иймэрхүү докунмэнт бичих даалгаврыг бол их л хурданаар бодоход 6 цаг сууж байж дуусгадаг юм. Ганц дан бичээд суухгүй, хажуугаар нь ном нтр хайж, интернэт ухаж, мэдээлэл цуглуулаад, эхлээд юу хийх гээд байгаагаа ойлгоод, дээр нь бас хажуудаа словарь нтр барьж байгаад бичдэг байхгүй юу. Миний англи хэл үнэхээр муу байнаа. Нэг өгүүлбэр бичих гэж бараг 10 мин болно гэж. Кэцүү кэцүү.

Энэ ч бас гайгүй. Герман хэл дээр испани хэл сурах гэж бас л нусаа хацартаа нааж байна. Санасныг бодвол амаргүй юмаа. Багш нэг юм асуухаар нь хариулахын тулд толгойн дотроо германаас монгол руу орчуулаад, буцаагаад испани руу орчуулах гэж оролдох үнэхээр амаргүй ажил байна. Бодсоор байтал намайг юу ч ойлгоогүй, мэдэхгүй байна гээд л бодчихож байгаа юм чинь. Амьхандаа л ихээхэн давтаж ирсэн байдаг, нөгөөх нь.


За одоохондоо нэг ном 5 дахь өдөр хүртэл унших даалгавар, 4 дэхэд proposal бичих даалгавраас өөр юм алга байгаа дээр нь өнгөрсөн хагас сайнд хотын номын санд суухад бодогдсон зүйлийн талаах бичье.

Санаа нь бол их энгийн. "Хөгжил юунаас эхэлдэг вэ?" 
Хотын номын санд үнэгүй 1 сар үйлчлүүлэх эрхээ эдлэхээр өнгөрсөн хагас сайнд тийшээ очсон юм. Хамгийн ихээр анхаарал татсан зүйл бол тэнд байсан ном зээлээр авах болон авсан номоо эргүүлж өгөх зориулалтай машинууд юм. Нэг иймэрхүү машинууд зэрэгцүүлээд тавьчихсан байсан:
Source:[ http://www.ruhrnachrichten.de/]
Номнуудаа нэг нэгээр тавихаар автоматаар хэр удаан зээлж болох хугацаатай нь, номынх нэртэй нь цуг электрон үнэмлэхэнд хадгалаад байгаа юм л даа. Нэг ном уншуулахад 1 сек-с ихгүй хугацаа л орж байсан. Их хурдан, шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ юм даа.
Номоо буцааж өгөхдөө арай өөр машин дээр очоод номуудаа нэг нэгээр нь хийгээд л болоо. Ямар ч чирэгдэл, очир хүлээж цаг алдах хэрэггүй.

Энэ нэг ёсондоо хөгжлийн түвшинг харуулж байгаа нэг үзүүлэлт гэж би хувьдаа дүгнэсэн. Сургуулийн номын сан болохоор ийм машин хэрэглэдэггүй. Бар код уншигч ашигладаг юм. Тэр ч бас хурдан шуурхай үйлчилгээ. Гэхдээ хотын номын сангийн энэ автоматууд надад их таалагдсан. Эхлээд их гайхсан л даа. Энэ нөхөр машинууд яаж энэ номуудыг таниад байгаа хэрэг вэ гэж бодсон. Тэгээд номнуудыг ажиглаад явтал ихэнх нь ардаа баркодтой байсан юм. Тэгэхээр баркодыг нь уншдаг юм болов уу гэж бодов. Тэгсэн баркодгүй нь ч бас юм. Тэгээд л эргүүлж тойруулж үзэж байгаад учрыг нь олов. Нөгөө номнууд бүгд арын хавтасны дотор талд цагаан өнгийн туузтай байв. Намайг гайхшруулсан зүйл ердөө л ийм энгийн зүйл байсан байх нь байж шүү дээ гэж бодогдсон. Хар ухаанаар бодоход л тэрхүү автоматууд яаж ажилладагыг ойлгож болохоор тийм энгийн аж.
Нэг үг байдаг даа. Хамгийн агуу зүйл хамгийн энгийн зүйл байдаг гэж. Тэгвэл ийм хурдан шуурхай чирэгдэлгүй үйлчилгээ ийм хямдхан үнээр бий болдог аж.
Хэрвээ эргэн тойрны олон зүйлүүдийг энэ мэтээр ажиглаад яваад байвал энэ бүхний цаана тун айхтар бодож олсон олон ийм энгийн хирнээ ухаалаг шийдлүүдийг олж харж болохоор байгаа юм.

Тэгэхээр хөгжил гэдэг зүйл ийм энгийн зүйлд л байдаг байх нь.

Бас өөр нэгэн энгийн жишээ.
Source: [http://ecx.images-amazon.com/]
Энэ бол бидний мэдэх энгийн л нэг шалны мод. Гэхдээ энэ энгийн зүйлд олон энгийн хирнээ авууштай шинжүүд бий. Жишээ нь,
  • Мэдээж тонгойн газар мөлхөж шал угаагаас хамаагүй хурдан
  • Иш нь хэд угаараа эргэдэг учраас өрөөний булан тохой зэргийг угаахад ямар ч асуудалгүй
  • Алчуур нь тусгай microfaser гэж нэрлэгддэг өвөрмөц материалаар хийгдсэн болохоор шалны хир, тоос тортгыг маш сайн арилгадаг
  • Мушгих гэж хамаг гарынхаа арьсыг хуулах шахах шаардлагагүй
  • Иш нь 2 дахин сунадаг болохоор тавилганы доогуурх шалыг угаах гэж хамаг тавилгаа нааш цааш хөдөлгөх шаардлагагүй
  • Шалны алчуурыг модноос нь салгах их амархан. Хөлөөрөө тэр хар дөрвөлжин "кноп" дээр гишгээд болоо.
Тун хялбархан бүтэцтэй энэ эдэд ийм олон авууштай талууд байгаа юм. Энэ шалны модыг жишээ авсан шалтгаан нь манайх "гэртээ" нэгийг хэрэглэдэг болохоор л тэр. Амьдралд ойр нэгэн жишээ.

Өөр зөндөө олон жишээ дурдаж болох ч гэсэн үүгээр би "ХӨГЖИЛ ГЭДЭГ МАШ ЭНГИЙН ЗҮЙЛЭЭС ЭХЭЛДЭГ ЮМ БАЙНА ШҮҮ" гэдгийг л харуулах гэсэн юм.

Нийтлэлийн эхэнд асуугаад орхисон асуултандаа орьё. Ийм энгийн зүйлийг хэн ч бодоод олж болохоор. Гэхдээ шийдэл гэдэг зүйл түүнийг эрж хайгаагүй байгаа цагт харагддаггүй онцлогтой.

Тэгэхээр хөгжил гэдэг бол аливаа улс орон хэр ухаантайг илэрхийлдэггүй. Харин тэдний хэр их зөв шийдлийг эрж хайдаг хүмүүс вэ гэдгийг илэрхийлдэг. Хамгийн энгийнээр хувь хүний хөгжлийг л аваад үзье. Эргэн тойрны найз нөхөд, ах дүү, таньдаг хүмүүсийнхээ тухай бодоод үз. Би л гэхэд "толгой сайтай хүмүүс болгон тэр хэрээр бодож байсан шиг минь сайн явж байхыг үзсэнгүй. Харин тийм сурлага сайтай байгаагүй ч сайн сайхан амьдраад явж байгаа хүмүүс байх юм." гэж хэлэх маш олон хүнтэй таарч байсан. Би ч үүнтэй санал нийлнэ. Хэрвээ зүгээр л хүн дээр л ажиглавал амьдралдаа арчаатай, сүйхээтэй, бизнэс ухаантай (ө.х наймааны ухаантай) эсвэл дундаас дээш боловсролгүй боловч авъяас чадварынхаа хүчээр хангалуун амьдарч яваа гээд боловсрол, толгой сайтай биш ч сайхан амьдарч олон хүний жишээг харж болно. Өөр өөр мэргэжлийн, өөр түвшний боловсролтой байсан ч хангалуун сайхан амьдарч байгаа тэр бүх хүмүүст нэг л нийтлэг шинж байдаг. Үүнтэй адил улс оронд ч бас ийм нэгэн нийтлэг шинж байдаг аж. Тэр нь юу гэвэл тэдгээр хүмүүс хэзээ ч нэг байрандаа удаан байдаггүй. Тэд үргэлж шинэ зүйлийг эрж хайж, байнга өөрчлөлтийг хийж байдаг хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, ажилсаг хүмүүс юм.

Өндөр хөгжилтэй оронд ч өөрчлөн сайжруулах шаардлагатай зүйлүүд бас байдаг аж. Сонин байгаа биз. Хэхэ.
Манайд орж байгаа нэг хичээл дээр манай профессор биднээс нэгэн тун өвөрмөц даалгавар гүйцэтгэхийг санал болгосон юм. Тэр нь юу вэ гэвэл, жил ирэх тусам оюутнуудын чадвар улам бүр муудаж байгаа гэнэ. Манайд ч бас иймэрхүү асуудал байгаа тухай сонсч байсан юм байна. Энэ асуудал хаа сайгүй байгаа гэнэ. Америк, Канад, Австралид хүртэл ийм асуудал байгаа гэнэ. Оюутнуудын дундажаас дээш сайчуудын эзлэх хэмжээ жил ирэх бүр тодорхой хувиар буурч байгаа гэнэ. Оюутнуудын чадвар, потенциал муудсанаас болоод инженерийн салбарт элсэгчдийн ерөнхий тоо хэмжээ муудаад тэр хэрээр өөрчлөх шаардлагатай олон асуудал ар араасаа гарч ирж байгаа гэнэ. Оюутнуудын ихэнх нь бизнесийн удирдлагаар сурах илүү сонирхолтой байдаг гэнэ. Энэ нь нэг талаас энэ мэргэжлийн хүмүүс имиж (i.e офис маягаар хувцаслах), нэр хүнд, мөнгө хурдан олдог, сурахад хялбар зэрэг шалтгаанаас болдог гэнэ. Герман орны хувьд бүх төрлийн инженерийн салбар нь дэлхийд маш алдартай, инженерүүд дэлхийн хаана ч өндрөөр үнэлэгддэг мэргэжилтнүүд байдаг боловч нөгөө талаасаа яг энэ байдлаас нь болоод оюутан, сурагч нар "айгаад" элсдэггүй гэнэ.
Тэгээд биднийг "програм хангамжийн инженер" гэсэн нэртэй энэхүү ангийн нэрийг яаж инженер гэсэн үгийг оруулахгүйгээр эвтэйхэн өөрчилөх вэ, нөгөө талаас баклаврын "програм хангамжийн инженер" ангийн кирикклюмыг хэрхэн сурагч нарын анхаарал сонирхолыг татахаар болгож өөрчлөх вэ гэдэг тал дээр сайтар бодолцоод зарим нэг аргачлал боловсруул гэсэн юм. Хэрвээ бидний санаа үнэхээр сонирхол татахуйц бөгөөд хэрэгжих боломжтой бол үүнийг бодитоор бүх төлөвлөгөө, менежментийг нь гаргаад бодитоор амьдрал дээр хэрэгжүүлж эхлэх юм. Нэг талаасаа бидэнд маш том хичээл, туршлага болох боловч нөгөө талаасаа маш том эрсдэл дагуулж байгаа үйл ажиллагаа байгаа биз. Бидэнд бол ямар ч алдагдалгүй зүйл боловч манай деканы хувьд нэлээн хариуцлагатай үйл ажиллагаа болох юм л даа.
Нэг ийм маш сонирхолтой ажил хийх гэж байгаа юм даа. Тэгээд би энэ бүх оюутнуудад хийсэн судалгааны дүгнэлтүүдийн талаар сонсож суухдаа "Өндөр хөгжилтэй оронд ч бас сайжруулах асуудал санаснаас олон байдаг байх нь ээ" гэж бодож суусан юм. Энэ бодол дээр үндэслээд өнөөдөр энэхүү нийтлэлийг бичихээр шийдсэн минь энэ.

Эцэст нь, заавал нэг зүйлийг хэлмээр байна.

"Асуулт тавих нь зөв хариултыг олохын үндэс. Зөв хариулт зөв шийдэлд хүргэж, зөв шийдэл илүү дээр нөхцөл байдал, илүү сайхан амьдрал бий болгох үндэс болдог.
Шалтгааныг олж харж чадвал нөхцөл байдлаа өөрчлөх замыг мөн олж харж чадна. Шалтгааныг олж харах арга зам бол асуулт тавих юм"

Учир шалтгаангүйгээр аливаад шууд үнэмшиж, итгэхээсээ өмнө "яагаад би үүнд итгэх ёстой вэ? энэ яагаад ийм байна? ийм байдлыг юу бий болгож байна? яаж үүнийг бий болгох вэ?" гэж бодож явбал гарцаагүй арга зам олдож, монголын залуучууд яг ингэж бодож чадаж байвал бид гарцаагүй хөгжинө. Энэ бол гарцаагүй хөгжлийн эхлэл. Ердөө л аргачлал, харах өнцөгөө өөрчилж чадвал боломж гарцаагүй байж л байгаа.

Thursday, April 07, 2011

My 25

Маргааш би 25 нас хүрнэ. Бага байхдаа 25 настай хүн гэхээр л их том болсон хүн гэж боддог байжээ. Тэгсэн 25 нас хүрээд өөрийгөө харахад нэг их ч том хүн шиг санагдахгүй л байна. Бүх хүмүүс магад тэгдэг байх л даа. Бидний хүрээгүй байгаа бүхэн биднээс хамаагүй хол, хүрэхэд хэцүү мэт санагддаг байх. Амжилт ч тэр, нас ч тэр. Хараахан хүрээгүй байгаа нас илүү ахмад том мэт, эсвэл хөгшин мэт санагдаж, хүрээгүй байгаа амжилтанд хүрсэн хүнийг хараад би энэ амжилтанд хүрч чадахгүй дээ гэж. Эсвэл би одоо энийг сураад ч яах вэ. Хэзээ хэрэглэнэ гэж сурна гэж боддог. Тэгтэл цаг хугацаа явсаар л нэг л мэдэхэд биднээс алс хол байсан зүйл ойртож ирэх үед "тэр үед би үүнийг хийж байх минь яалаа, хэрвээ тэгсэн бол" гэж харамсан боддог.
Аль эсвэл хэзээ ч хийхгүй гэж өөртөө амлаж байсан зүйлээ хийчихсэн л байдаг.
Зүгээр л нэг зуршил болчихож. Шинэ он гарахаар, эсвэл нэг нас нэмэхээр энэ хүртэл юу хийж, ямар замаар яваа вэ би гэж эргэж хардаг зуршилтай болчихож. Өнөөдөр миний 24 настай байгаа сүүлийн өдөр. 25 нас тун өвөрмөц нас. Учир нь хүүхдийн гэнэн зангаа хаяагүй орь залуу нас 25 насаар дуусч, оронд нь илүү томоожсон залуу нас ирдэг болохоор тэр.

Надад 18 нас тийм ч онцгой нас шиг санагддагүй. 18 наснаас илүү 17 нас илүү сэтгэл татам санагддаг болохоор тэр. 17 нас бол хууль ёсоор насанд хүрээгүй нас. Тэр ч утгаараа сэтгэл татам.

Миний хувьд 18 наснаас 19 нас илүү өвөрмөц нас байсан. Урьд тэгтлээ Бурхан шүтээд сүйд болдоггүй, бараг л шүтлэггүй байсан хирнээ 19 нас хүрээд гэнэт Бурханы шашныг маш хүчтэй сонирхож, аажимдаа тэр нь итгэл үнэмшил болж хувирсан даа. Учир нь тэр үеэс би хүмүүст атаархаж, аливаад тэгтлээ шунаж, бухамдаж эсвэл ямар нэг зүйлийг хэт эмзэгээр хүлээж авах нь багассан. Нэг ёсондоо neutral хүн болоод л хувирчихсан. Зарчмын хувьд өсвөр нас дууссан юм болов уу даа. ;) Нэг талаасаа энэ нь хүн шашингүй үзэлтэй байсан ч түүнтэй дүйцэх итгэл үнэмшилтэй байх ёстой юм байна гэдгийг ухааруулсан.
 Бас нөгөө талаас биднийг зовоож байдаг олон зовлонгийн шалтгаан бидний атаа, хорсол, хүсэл шунал, мунхаг байдлаас үүдэж байдаг юм байна гэдгийг ойлгуулсан.

Олон зүйлд шаналахаа больж, хэрэгтэй хэрэггүй зүйлд анхаарлаа хандуулж, бусад хүмүүсийн бодлыг хүчтэй хүлээж авахаа больсноос хойш амьдралыг арай өөр нүдээр харж эхэлсэн дээ.
 Урьд нь амьдрал зүгээр л зовлонгийн хар далай, шудрага бус мэт санагддаг байтал харин тэр үеэс амьдрал үнэндээ агуу том, гайхамшигаар дүүрэн юм байна гэж мэдрэгдэж эхэлсэн дээ.
Сургууль төгсөөд анх ажиллаж эхэлсэн 22 наснаас илүү 23 нас нь өвөрмөц онцгой байлаа. 23 нас хүрээд ажиллаж байхдаа үеийнхнээ хараад, ажиллаж байгаа орчноо хараад "би энд байх ёсгүй юм байна. Би арай өөр газар байх ёстой хүн юм шиг байна" гэсэн мэдрэмж төрсөн. Тэгээд өөрийнхөө байх ёстой газрыг хайж эхэлсэн. Энэ үед маш олон ажил хийсэн ч аль ч сэтгэлд хүрсэнгүй. Нөгөө талаас олигтой ажил ч олдохгүй л байв. Гаднаас нь харахад азгүйтэлтэй ч төстэй юм шиг харагдах энэ нөхцөл байдал үнэндээ намайг огт өөр газар руу чиглүүлж байсныг сүүлд нь ойлгосон юм. Энэ хорвоод шалтгаангүй зүйл нэг ч үгүй,  гаднаас нь харахад азгүйтэл мэт харагдах үйл явдал бүхэн мууг зөгнөж байдаггүй байх нь гэж бодогдсон.
Бага зэргийн алдаа, бэрхшээл, азгүйтэл угаас амьдралд байх ёстой зүйл бөгөөд түүнийг хүлээж авч сурах ёстой юм байна гэдгийг 23 нас надад ойлгуулав.
24 нас хүрээд ойлгосон зүйл бол амжилт гэдэг бол олон жилийн хүч хөдөлмөр, уйгагүй оролдлого, хичээл зүтгэл, алдаа, оноо, олон бэрхшээл саадыг даван туулсны үр дүн юм байна гэдгийг ухааруулсан. Хэрвээ хүссэндээ хүрье гэвэл бэрхшээлийг даван туулах стратеги боловсруул. ;) Бэрхшээл үндсэндээ бидний одоохондоо харж чадахгүй байгаа асуудлаас л болж үүсдэг юм шиг санагдсан. Хэрвээ ирээдүйгээс ирж яваа бэрхшээлийг олж хараад түүнийг даван туулах аргаа боловсруулбал бэрхшээл амжилтанд хүрэх нэг гишгүүр л болж хувирдаг юм байна.

Би энд ирээд олон зүйл сурч байноо. Ганц дан эрдэм номноос гадна, хувь хүнийхээ хувьд ч зохион байгуулалтанд орж, урьд нь байгаагүй олон чадварыг хар аяндаа л өөртөө бий болгож байна. Одоо бол ямар нэг асуудал тулгарвал азгүйтвэл дотроо "надад нэг том сургамж, нэгэн том хичээл боллоо" гэж боддог болсон. Одоо бас нэг жижиг асуудал надаас зууралдаад байж байна. Энэ асуудал сайнаар шийдэгдсэн байсан ч муугаар шийдэгдсэн байсан ч надад сургамж болсон энэ үйл явдлын тухай бичнээ. Магадгүй дэндүү гэнэн ч юм шиг тэнэг ч юм шиг алдаа ч гэсэн надад энэ алдаа "аливааг хэтрүүлэн үнэлж болохгүй. хашир зан хэзээд илүүдэхгүй" гэдэг хичээлийг зааж өгөх шив дээ.

Одоо миний сурч авч байгаа нэг том хичээл бол "маш сайн хувийн зохион байгуулалттай бол. цагаа ч, мөнгөө ч зөв зохицуул. Юмыг цаг алдалгүй аль болох түргэн барьж авч бай. Хүчээ зөв хуваарьла. Цаг алдах тусам бэрхшээл улам олноор гарч ирдэг. Айдастай нүүр тулах нь айдсыг ялах цорын ганц арга. Дээр нь спорт эрүүл байхын нэгэн томоохон үндэс гэдгийг ч бас хүлээн зөвшөөрч байна." Энэ бүхэнгүйгээр сурна гэдэг бүтэхгүй нь ээ. Нэг бол ядаргаанд орно. Эсвэл өөрийнхөө жинхэнэ чадвараа бүрэн дүүрэн харуулж, ашиглаж чадахгүй. :(
Тэгээд дээр нь нэмэхэд "Зөв сонголт хамгаас чухал. Зөв шийдвэр, зөв сонголт, сайн бодож боловсруулсан төлөвлөгөө ямар нэг амжилт заавал авчирдаг. Харин зөв сонголт, зөв шийдвэр амьдралын туршид хуримтлуулсан туршлагад дээр үндэслэдэг. Тийм болохоор туршлагатай, мэдлэгтэй хүнээс асууж, тусламж хүсч байх нь хэзээд илүүдэхгүй."

Миний суралцаж хичээл илүү ахимаг насны хүн болгоны хэлэх зүйл ч, "амжилтанд хүрэх дүрэм" гэсэн утга агуулгатай ном бүхэнд бичээстэй байдаг зүйл боловч хамгийн гол нь би одоо энэ бүхнийг өөрийн амьдрал дээрээсээ энэ бүхэн нь зөв зүйл юм байна гэдгийг алхам тутамдаа мэдрээд байгаа юм. Хүссэн хүсээгүй ч нөхцөл байдал аяндаа ийм хичээл заагаад байгаа юм даа.

Миний хорин хэдэн нас надад маш их зүйл сургаж, бас ухааруулж байна даа. Харин энэ бүхнийг үүнээс илүү эрт ухаарч болдоггүй нь харамсалтай. Ингээд бодоход үнэндээ хүн 18 насандаа биш 20 нэлээн гарч байж "том хүн" болж төлөвшдөг бололтой.

"Нас ахилаа гээд хөгширч байна гэж баярлах юмуу" гэж хүмүүс ярьдаг ч тэр хүртэл амьдралдаа туулж өнгөрүүлсэн бүхэн, түүний үнэ цэнэ бүхэн өнгөрч буй цаг хугацааны бидэнд өгсөн бэлэг билээ.

Сайн байна уу, миний 25 нас.