Monday, April 09, 2007

Хөгшрөлт гэж юу вэ

Нүүрэн дээр нь үрчлээс тогтож, явж хөдлөхөд хэцүү болж, хөл гар нь янгинан өвчин зовлонд нэрвэгдэн, үс нь буурал болохыг хөгшрөлт гэх үү? Үгүй дээ анд минь. Үнийг хөгшрөлт гэлгүй зүгээр л өөрчлөлт гэж болно. Хамгийн гол нь бодож сэтгэж, хүсч мөрөөдөж, зөв бурууг ялгахаа больж амьдралаас залхаж эхэлвэл үүнийг чинь хөгшрөлт гэдэг юм. Хэдэн настай ч бай хамаагүй амьдрах итгэл сэтгэл дүүрэн, зорилго тэмүүлэлтэй байвал болох нь тэр. Би нэг өвөөгийн тухай сонссон юм байна. Тэр өвөө Их Британых гэл үү юу билээ. 93 настайдаа оксфордын их сургуулийн докторийн зэрэг хамгаалсан гэж байгаа. Манайханд 93 нас гэдэг юу вэ? Юун сургуульд сурах байтугай юм болно биз дээ. Зарим нөхдүүд тэр өвөөг ийм хөгшин болж өнөө маргаашгүй болчихоод үхсэнээ хийж сургуульд сурдаг юм, тэр доктороо хэзээ хэрэглэх гэсэн юм гэх байх л даа. Миний бодоход огт тийм биш хүний насыг цаг хугацаагаар биш, тэр хүний сэтгэлгээгээр хэмждэг юм шүү дээ. Хамгийн гол амьдралд юу чухал вэ гэдэг л байхгүй юу. Хамгийн зөв, 100% үнэн байх арга зам гэж огт байхгүй. Хүн болгон л өөрийнхөө "хамгийн" зөв замыг сонгодог. Тэр зам нь заавал хамгийн сайн сайхан, аз жаргалд хүргэх албагүй. Хамгийн гол тэр хүн өөрөө л энэ замыг сонгосондоо харамсахгүй байвал болоо. Миний хөгшрөлтөөс хамгийн их айдаг зүйл нь зөнөгрөл. Зөнөгрөх л юм бол тэгээд л дуусаа. Тэрнээс биш үрчлээс мэт бол байх л зүйл шд. Тэр өвөөгийн хамгийн их баярласан зүйл надад бас их таалагдсан зүйл нь тэр өвөө оройтсон ч гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлсэн нь юм. Хөгшин болсон гээд бууж өгөөгүй нь хамгийн их таалагдсан. Ойлгож байна уу? Биднээс илүү хүчтэй зүйл болох цаг хугацааг ялж чадсан байхгүй юу.
Бидэнд цаг үргэлж сонголт тулгарч байдаг. Гэхдээ энэ сонголт заавал ямар нэг том сонголт, ж-нь ханиа сонгох ч юмуу, мэргэжлээ сонгох ч юмуу тиймэрхүү биш маш олон янзын жижиг сажиг, том янз бүрийн сонголт тулгарч байдаг. Гэхдээ хүмүүс жижиг сажиг сонголт амьдралд нь нэг их нөлөө үзүүлэхгүй юм шиг бодоод байдаг. Гэтэл тэр жижиг сонголтууд нь хүртэл бидний ирээдүйн амьдралд асар их өөрчлөлт авчирч байдаг. Тухайлбал, за байз өнөөдөр гэр лүүгээ энэ замаар нэг л явмааргүй байх чинь. Яах уу? Сурсан замаараа харих уу, өөр замаар явах уу? Тэгээд нөгөөх маань явдаг замаараа явахаар шийдээд явж байтал.................????болдог л байхгүй юу. Тэгэхээр амьдралд жижиг сажиг гэлтгүй сонголтыг зөв хийж сурах хэрэгтэй болно доо. Гэхдээ уул нь хүн хэмээгч чинь эхээс төрөхөөсөө өмнө үүнд нь суралцчихсан байдаг мөртлөө (за байз, өнөөдөр гарчихдаг ч юм билүү. За за болъё. Ээж маань бэлтгэлгүй байх шиг байна) яг цагаа тулахаараа ерөөсөө зөв шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь хачин шүү. Угтаа энэ алдаа гаргах шалтгаан нь "Чи намайг тэг гэж ятгасаар байгаад тийм шийдвэр гаргасан. Энэ бүгд чамаас боллоо", "өө, энэ архинаас л боллоо, архи л уугаагүй бол би гэдэг чинь энхийн цагаан гэмгүй тагтаа шүү дээ", "тэр өөрөө миний урдуур ороогүй бол ийм юм болохгүй байсан. Өөрийнх нь хохь", "ерөөсөө ээжээс л болж байгаа юм. Ээж намайг хөөрхөн төрүүлсэн байсан бол би тэрэнтэй суугаад сайхан байхгүй юу", "энэ хүн хараад байхаар нь би хальтраад уначихлаа гэх ч юмуу" эсвэл "би тэрэнд таалагдах гэж ийм зүйл хийсэн. Тэрнийг хэн миний нүдэнд ийм хөөрхөн харагд гэсэн юм" гэх зэрэг нь ерөөсөө бишээ. Бурхан минь, шалтгаан бол тоо томшгүй л олон бий. Хаа хамаагүй огт танихгүй хүнийг ч буруутгачихаж болно. Тийм шалтгаан үргэлж олддог юм. Тун амархан гээч. Хамгийн хэцүү нь өөрөө яг ямар буруутай вэ гэдгийг олж харах л байдаг юм даа.
PERSONAL QUOTE: Амьдралд санаандгүй болдог зүйл гэж нэг ч байхгүй. Бүх зүйл тухайн хүний хийсэн урьд өмнөх алдаа болон сонголтын үр дагавар байдаг.
Бидний хийсэн өчүүхэн алхам ч бидний дараагийн амьдралыг шийдэхэд хангалттай хүрэлцэнэ. Бид үнэндээ сонголтоос сонголтын хооронд амьдарч байна. Бид өөрөөсөө юуг ч нууж чадахгүй. Үүнтэй адил бид бусдыг, өөрийгөө ч хуурчихаж дөнгөх боловч амьдралыг хэзээ ч хуурч чадахгүй. Нэг талаас биднээс шууд хамаарарлтай байдлаар нөгөө талаас хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөн дор бидний хийсэн зүйлийн үр дүн бидэн дээр эргэж ирдэг. Энэ нь яг жоомтой адил. Яагаав нөгөө овоо босгоогүй бол шаазгай юундаа суунав шүү дээ. Жоом бол амьдрах нөхцөлийг бүрдүүлээд өгвөл баярлаад л үржээд байдаг амьтан. Бид хэдий чинээ бохир заваан байна төдий хэрээр жоом олон үржинэ гэдэгтэй л адил. Аа, бас өөр айлаас жоом орж ирнээ бас. Тэгэхээр бидний хийсэн аливаа алдаа оноо, үйлдэл бүхэн "жоом үржих" нөхцөл болж байдаг гэсэн үг. Тэгэхээр эндээс дүгнэлт хийгээд нэг үгийг хэлчихэж болно. Энэ нь:
PERSONAL QUOTE: Хувь тавилан бидний сонголтоор бий болдог нь үнэн. Бас урьдаас бичигдсэн байдаг нь ч үнэн.
Энэ хоёр үзэл хоёулаа зөв юм. Би хэлсэн шүү дээ. Сайн муу хоёр нэгэн зэрэг хамтдаа оршдог хорвоо шүү дээ энэ чинь.
Тэгэхээр бидний өмнө тулгарах нэг том асуулт бол ЮУГ САЙН ЮУГ МУУ ГЭХ ВЭ? БАС ЗӨВ СОНГОЛТЫГ ЯАЖ ХИЙХ ВЭ? юм. Юун түрүүнд биднийг алдаа гаргах нөхцлийг бүрдүүлэгч нар нь юу вэ буюу "жоомны амьдрах нөхцлийг" бүрдүүлээд байгаа зүйл юу вэ? гэдгийг оношлох нь зүй. Энэ бол тун энгийн. ЕРДӨӨ Л БИДНИЙ ХАРАЛГАН БАЙДЛААС БОЛДОГ ХЭРЭГ. Буруу гэсээр байхад гүйгээд очдог. Үхнэ шүү гээд байхад үсрээд орчихдог. Ердөө л бид "маш ухаантай" мөртлөө цагаа тулахаар гөлөгнөөс долоон дор болчихдогт л байгаа юм. Урд нь томоос том нүх байгааг харсаар байгаад үсэрч орчихоод нисч явахдаа "өө ямар мангар юм бэ? Би нүх байгааг харсан шдээ" гээд л бодоод явдаг байхгүй юу. Эсвэл ерөөсөө анхнаасаа харахгүй явж байгаад уначихаад "ХӨӨЕ ТА НАР ХАРСААР БАЙЖ НҮХ БАЙГААГ ХЭЛЭХГҮЙ ЯАГАА ВЭ? МУУСАЙН АМИА БОДСОН ЮМНУУД. ХАРЖ БАЙГААРАЙ БИ ТА НАРААС БОЛЖ ҮХСЭН ШҮҮ" гээд л дуусдаг байхгүй юу. Яг л ийм зүйлтэй төстэй зүйлийг хийгээд, яриад хэнийг ч хамаагүй буруутгаж сэтгэлээ тайтгаруулаад явдаг байхгүй юу. Хар даа бид яахын аргагүй солиотой хүмүүс мөн байгаа биз. Жинхэнэ солиотонгуудаас ялгагдах ялгаа нь бид ийм тэнэг байдлаа маш чадварлагаар нууж чаддагт л оршино. Жинхэнэ солиотонгуудад ийм чадвар байдаггүй эсвэл үүнийгээ гээчихсэн хэрэг. Бид ийм тэнэг байдлаа хэрхэн нуудаг вэ гэвэл их инээдтэй. Наад зах нь аятайхан харагдахыг хичээнэ. Ганган биш юмаа гэхэд солиотой хүн шиг харагдахгүй байхаар хувцаслана. Бас харьцааны соёл, ёс суртахуун, хууль дүрэм гэдэг гоё гоё нэртэй үгүүдээр халхавч хийн их л мундаг хүний дүр эсгэнэ. Бас тэгээд нэг их шударга хүний дүр эсгэнээ бас. Өөрт нь байгаа ч юмуу байхгүй ч юмуу бүү мэд ямар нэг чухал хүний дүрийг эсгэж явдаг. Бас их гоё гоё юм ярина. (Жишээ нь би яг одоо үүнийг чинь л хийгээд байна.) Нээг их мундаг ухаантай хүний дүр эсгээд ядаж байхад нөгөө дүрдээ итгээд угаасаа л ийм байсан юм шиг бодноо бас. Би ийм хүн биш та нар намайг буруу ойлгосон гэх шиг юм яриад л. Хэн ч намайг мэдэхгүй, ойлгохгүй, би л ганцаараа өөрийгөө мэднэ ч гэх шиг. Үнэндээ өөрийгөө ч мэдэхгүй явж байгаа шд. Цаадах чинь. Өөрийгөө мэдсэн юм бол арай өөр зүйл л хийгээд явж байсан байхгүй юу. Аа бас залуу эмэгтэйчүүдэд анзаарагддаг бас нэг иймэрхүү зүйл. Анх суунгуутаа л хайлсан тугалга шиг хадам аав ээждээ их мундаг ажилсаг бэр болж үзэгдэх гээд л бэлэг сэлт өгөөд л, хоолыг нь хийгээд л, гэрийг нь цэвэрлээд эгээ л хөл долоо гэвэл долоочих гээд л нөхрөө жихтэйхэн халамжлаад жигтэйхээн жигтэйхэн. Гэхдээ ер ийм байдлаар хэр удаан тэсэх юм бол доо чааваас. Хүн л юм болсон хойно нэг л өдөр үглээд л, аашлаад л эхэлдэг байхгүй юу. Эрчүүд нь ч ялгаагүй. Чи миний нар, надад чамаас илүү нь байхгүй, чи бол миний олж болох хамгийн нандин эрдэнэ гэх шиг ярьж авч суучихаад тогоо шиг гэдэстэй болоод нүүрээ ч будаж янзлахгүй, сэвхтээд таргалаад царай алдангуут өөр нэг "хамгийн нандин эрдэнийн" эрэлд гарна даа. нөгөө анчин гуай чинь.
Ийм л учраас бидний хүрээлээд ийм тэнэг тэнэг зүйл хийхэд хүргэдэг бидний нүдийг сохолдог, хаадаг зүйлийг л зөв олж таньж сурах хэрэгтэй дээ анд минь. Наад зах нь иймэрхүү хуурмаг багууд, завсрын салхийг олж харах, мөн нарийвчилбал мөнгө, сайхан хүн гэж хэнийг хэлэх вэ, сайхан харагдах нь сайн уу муу юу, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, үнэртэй ус, хар тамхи, архи, тамхи, секс, алдар нэрд дурлах явдал, хийрхэл, бусдыг дорд үзэх, хов ярих, өөрийгөө хамгийн чухал мундаг хүн гэж бодох, бас өөрийгөө хог шаар гэж бодох, найз нөхөд, дурлал, үерхэл, шохоорхол, гээд л маш олон зүйл ер нь бидний эргэн тойрон болон бидний дотор байх бүх зүйл "жоом үржих бохир орчин" болоход асар их нөлөө үзүүлдэг юм даа. Тийм учраас л би энэ бүхний төлөө өөрийгөө хамгийн гол нь өөрийгөө бүү худалдаарай хэмээн гуйгаад байгаа хэрэг. Энэ бол алдахад эргээд олдоход хамгийн хэцүү бидэнд байгаа хамгийн үнэт баялаг юм шүү. Юу ч хүсч мөрөөдөж болно. Харин үүний чинь золиос чи өөрөө, эсвэл өөр хэн нэгэн байж хэрхэвч болохгүй. Чи өөрөө энэ хорвоогийн алтан наран адил хэнийг ч ялгалгүй гийж, бусдын замаа зөв сонгоход туслах гэрэлт дэнлүү байх ёстой болохоос биш өөрийнхөө, өрөөл бусдын яллан шийтгэгч байж болохгүй. Үгүйдээ л гэхэд өөрийгөө хамгаалж үлдэх хэрэгтэй. Үзэгдэх биегүй, баригдах юмгүй эд шүү дээ эдгээр "хананууд" чинь. Тийм учраас буузэвсэг огт тус болохгүй. Тэмцэх цорын ганц арга бол өөрийгөө хадгалж өөрийгөө энэ бүх бохир зүйлсийн өсөн үржин амьдрах орчин болгож болохгүй.

No comments: