Monday, April 09, 2007

Хүсэл, зорилго

Ямарваа нэг зүйлийг төгс хийдэг болно гэдэг нь огт боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Гэхдээ ямарваа нэгэн зүйлд маш сайн мэргэжсэн хүмүүс гэж байдаг. Гэхдээ энэ нь ч тодорхой хүрээний дотор л боломжтой зүйл. Өөрөөр хэлбэл ямарваа нэг анги хамт олны дотор хамгийн сайн нь гэж нэрлэгдэх хэн нэгэн байлаа гэж бодоход хотын хэмжээнд, улсын хэмжээнд, олон улсын хэмжээнд хамгийн сайн нь гэж ярихаар ямар болох вэ? Тэгээд хэн нэгнийг хамгийн сайнд, тэр тусмаа төгс мэргэжилтэнд өргөмжиллөө гэхэд түүнээс сайн нь гарч ирж болохыг үгүйсгэх аргагүй. Маш өрөөсгөл байгаа биз. Тухайлбал хэн нэгэн хүн ямар нэг гадаад хэлийг төгс сурах зорилго тавьсан байлаа гэж бодъё. Энэ огт боломжгүй. Наад зах нь бидний анх эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаас эхлэн сонсч, ярьж өссөн монгол хэлээ ч төгс сайн мэдэх монгол хүн хэр их олон бол? Дүрмийн хувьд л гэхэд андуурч алдаа гаргах явдал их байхаас гадна бидний амьдралдаа ч сонсож байгаагүй монгол үгнүүд хэдэн мянгаараа л байдаг шүү дээ. Тэгэхээр ямарваа нэг хүн өөрийнхөө зорилгод нийцүүлж аливаа зүйлийг сурч, мэддэг учиртай. Тэгвэл зорилго хаанаас бий болдог вэ?
Зорилго хүслээс бий болдог. Зорилгоо хэр их гүн тодорхойлно төдий хэрээр тэр замаар явах аялал урт байна.
Хүсэл бол сайн ч зүйл биш, бас муу зүйл ч бас биш. Гэхдээ сайн эсвэл муу зүйл болж хувирах эсэх нь тухайн хүнээсээ л шалтгаална. Бидний амьдралыг чимж, амьдрах тэнхэл өгдөг зүйлүүдийн нэг бол хүсэл юм. Хүн өөртөө байхгүй ямар нэг зүйлийг бусдаас олж харах үед хүнд хүсэл төрдөг. Тэгээд өөртөө бий болгохыг хүссэн зүйлээ бий болгох ямар арга замыг сонгоно түүнээс хүсэл сайн зүйл болох, муу зүйл болж хувирах эсэх нь хамаарна. Хүслийг зөв зохион байгуулж чадвал энэ нь зорилго болно. Хэрэв хүслийг хэт их дэврээн атаархах сэтгэлээр тэжээвэл энэ нь шунал гэгч зүйл болж хувирна даа. Тэгээд л "шунал ихэдвэл шулам болно" гэгч болно доо. Юуны түрүүнд юу хүсч байгаагаа мэдэх хэрэгтэй. Зорилгоо ч бас зөв тодорхойлох нь чухал. Бас хүсэлдээ хязгаарлалт тавих хэрэгтэй. Гэхдээ хүсэл зогсоно гэж байхгүй л дээ. Хүсэл маш их хүчтэй байх аваас юунд хүргэж ч болзошгүй. Ж-нь амь насаа бооцоонд тавиад үхлийн тоглоомоор нааддаг хүмүүс, янз бүрийн туршилтанд сайн дураараа оролцдог хүмүүсийг энд дурьдаж болно.
Намайг бага байхад эгч маань хааяадаа үлгэр уншиж өгдөг байлаа л даа. Заримдаа уншаад өгөөч гэхээр унтууцаад байдаг байв. Би тэр үед 3 юмуу 4 настай л байсан байх. Тэгээд уншиж өгөхгүй болохоор нь яаж уншихыг заагаад өг гэдэг байв. Хариуд нь эгч маань тэртэй тэргүй чи сургуульд ороод уншаад сурчихна гэдэг байв. Тэгээд би гэдэг нөхөр сургуульд орох цагаа хүлээгээд л байв, хүлээгээд л байв. Тэгсэн ч гэсэн сургуульд орох цаг маань болоогүй л байв. Тэгэхээр нь аргаа бараад өөрөө уншиж сурсан даа. Томчууд тэгээд нээх муухай. Заагаад өгчихгүй. Аргаа барахдаа гэрт байсан орос цагаан толгойн үсгийг дуурайлган бичиж байж бичиж сурав. Гэхдээ Е үсэгийг буруу харуулж бичээд, ш щ үсгийг андуураад байдаг байв. Гэхдээ л би хэний ч туслалцаагүйгээр уншиж бичээд сурчихсан л юм даа. Анхны юм унших оролдлого маань тун амжилттай болсон. Би монгол телевизийн хөтөлбөрийг уншиж байсан чинь ээж хараад маш их гайхаж байсан. Хөөх чи хэзээ яаж уншаад сурчихваа гээд л. Тэгээд л би өөрийгөө зөв уншиж байгааг мэдсэн юм даа. Хүн бол өөрөө асар их баялаг. Тэр тусмаа өөрөө хөгжих асар их чадвартай байдаг.
PERSONAL QUOTE: Хүсэл зогсох хязгаар бол амьдралаас, бас өөр зүйлээс ч тэр хүсэх зүйл байхгүй болвол, амьдралаас залхвал, эсвэл ТӨГС ХҮН болж бүхнийг авсан цагт хүсэл зогсоно. Энэ тохиолдолд амьдрах шалтгаан байхгүй болно. Гэхдээ үхнэ гэж хэлж байгаа хэрэг огт биш. Хийх зүйл зөндөө байсаар байхад дуусчихдаг амьдрал шүү дээ, энэ чинь.
PERSONAL QUOTE: Хүмүүс зовж байх үедээ бусдын амьдралыг сонирхох тэнхэлтэй байдаг. Хүмүүс өөрсдөө зовж байх үедээ бусдын зовлонг хамгийн сайн хуваалцаж чаддаг.

Хайр дурлал хоёрын ялгаа юу вэ?
Хүмүүс ихэнхдээ энэ хоёр зүйлийн ялгааг тийм сайн ойлгодоггүй. Би ч бас сайн мэдэхгүй ч гэлээ өөрийнхөөрөө энэ хоёрын ялгааг хэлье. Аль аль нь сэтгэлд бий болдог зүйл. Хүмүүс "Дурлал амьдралд олон. Хайр бол ганц" гэж яриад байдаг. Гэхдээ би үүнийг үнэн эсэхийг мэдэхгүй. Гэхдээ миний хэлж чадах зүйл бол аль аль нь сэтгэлийн тусгал.
Сэтгэл бол толь. Сэтгэлийн мөн чанар тольтой, бас устай их төстэй. Хүн болгоны мэдрэмж, үзэл бодол өөр байдаг нь угтаа сэтгэлийн энэ чанараас болдог хэрэг. Хүн мэдээлэл хүлээн авах сувгуудаараа орж ирсэн янз бүрийн мэдрэмжийг дотор нь ангилан тодорхой нэр оноож үүнийгээ сэтгэлдээ зурж байдаг. Бид бол зураач. Гэхдээ бидэнд ямар бийр, ямар будаг оногдсоноосоо хамаарч, бас ямар сэтгэгдэл, мэдрэмж төрснөө сэтгэл гэдэг нэртэй цаасан дээрээ зурж байдаг. Тэгээд үүнийгээ дурсамж, хайр, дурлал, аз жаргалтай мөч, хүнд хэцүү цаг, миний хамгийн хайртай хүн, юм, хамгийн дургүй зүйл, хүсэл мөрөөдөл, миний мөрөөдлийн бүсгүй, залуу гэх мэтчилэн нэр өгч үүнийгээ нийтэд нь АМЬДРАЛЫН ТУРШЛАГА буюу МИНИЙ АМЬДРАЛ хэмээн нэрийдэн сэтгэлдээ хадгалдаг юм. Хайр дурлал аль аль нь энэ олон зурагнуудын нэг нь юм.
Хүн болгоны нэг л зүйлийг харж зурсан нь өөр өөр байдаг нь үүнтэй холбоотой. Одоо дотор нь илүү нарийвчлан тайлбарлая. Жишээ нь А гэгч залуу Б гэгч бүсгүйтэй анх удаа уулзлаа гэж бодъё. Энэ үед хэн хэн нь А болон Б гэсэн нэртэй зурагнуудыг сэтгэлдээ зурна. А нь Б-г, Б нь А-гийн зургийг сэтгэлдээ зурна. Тэгээд ярианы өнгө, үзэл бодол, хувцаслалт, гаднах байдал, зан харилцаа, боловсролын түвшин, амьдралын боломж гээд маш олон зүйлийг нь харж байж нөгөө зургаа зурна шүү дээ. Тэгээд энэ бүхнээ нэгтгээд А бол ийм хүн, Б бол ийм хүн гэсэн ойлголтыг авна. Энэ сэтгэгдэл маань дараа дараагийн уулзалтуудад улам бүр батжих юмуу эсвэл, зарим хэсгийг нь баллуурдаж хаяад зарим зүлийг нэмэх гэх мэтчилэн явсаар байгаад хэсэг хугацааны дараа зурсан зураг нь таалагдах юм бол энэ нь дурлал эсвэл дурлалын эхлэл болдог аж. Дурлал гэдэг нь угтаа энэ хүн ерөсөө л миний хайж байсан хүн мөн байна гэх итгэл төрөх үед үүсдэг зүйл юм. Өөрөөр хэлбэл, тэр хүн нь энэ хорвоогийн хамгийн сайхан нь биш гэхэд тийм хүнтэй зүйрлүүлж болохоор харагдаж итгэгдсэн үед дурлал үүсэж байна гэсэн үг юм. Гэтэл хэсэг хугацааны дараа тэр итгэл сэтгэгдэл алга болох ямар нэг зүйл болох үед эсвэл түүнээс илүү сайхан хүн байна гэдгийг мэдэнгүүт дурлал орших үндэн байхгүй болно гэсэн үг юм. Харин хайр бол дурлалаас илүү тогтвортой зүйл. Хайр гэж чухамдаа юу вэ гэвэл хүн төрөлхтөнд байдаг янз бүрийн мэдрэмжүүд дотроос хамгийн нандин гайхалтай бас хүчтэй мэдрэмж юм.
PERSONAL QUOTE: Хэн нэгэн хүнийг хайрлахын тулд ямар нэг шалтгаан байх хэрэггүй. Хайрлаж байгаа нь ч, хайрлуулж байгаа нь ч заавал "хамгийн сайн, сайхан" нь байх албагүй. Өөрөөр хэлбэл, сайнтай муутай нь, сайхантай муухайтай нь яг байгаа чигээр нь хайрлахыг, өөр илүү юуг ч хүсэлгүйгээр хайрлахыг ЖИНХЭНЭ ХАЙР гэж нэрлэнэ. Би чамайг хайрласан чи намайг бас заавал хайрлах ёстой гэж л байвал энэ хайр биш. Хайр бол ямар нэг өр шир, авлага өглөгө биш юм.
Хайранд хамгийн ойр хайр бол ихэнхдээ эхийн хайр байдаг юм даа.
Тэгэхээр жинхэнэ хайраа бэдэрч яваа хөөрхий харалган юмнуудад завсрын салхинууд дундуур салхилаад толгойг нь эргүүлээд алдаа гаргуулаад байхыг нь яанаа. Тийм нөхдүүд уг чанартаа хэн бэ гэхээр нөгөө нэг баг зүүгч хүний зовлонгоор жаргал хийгч нөхдүүд байхгүй юу. Эрэгтэй ч эмэгтэй ч бай ялгаагүй. Ядаж байхад жирийн нэг нөхдүүд нь хүртэл нэг их мундаг амьтан болж харагдах гээд худлаа залаад perfume цацаад мөнгөгүй байж үнэтэй ресторанд орох гэх мэтчилэн. Энэ бүх байдал нь хүмүүсийг танихад тун хэцүү болгоод үүнээс болж хүмүүс амьдралдаа алдаа гаргах нь тун олон. Аль болохоор завсрын салхинуудыг салхилуулахгүй байсан нь дээр байдаг юм даа. Зүгээр л байгаагаараа байж үзээд таалагдахгүй байвал явж л орхихгүй юу. Хэн хэндээ амар. Өчнөөн юм болж болж үр хүүхэд, эхнэр нөхөртөө тулсан хойноо эсвэл тийм болсон хойноо багаа хуулж байснаас хамаагүй хохирол багатай байхгүй юу. Ядаж хүүхэд хэмээгч гуравдагч этгээдийн амьдралыг там болгож зовоохгүй.

No comments: