Friday, October 22, 2010

Гэрээ санаад байнаа

Одоо энд улирлын хамгийн муухай цаг агаартай үе нь эхэлж байна гэж манай байрны эзэгтэй өчигдөр надад хэлж байсан. Цаг агаар муухай байгаа болохоор тэр үү, эсвэл шинэ газар сайн дасаагүй болоод тэр үү ойрд гэрээ санаад дэпрэссдээд эхэллээ. 6 сард анх германд ирэхэд бас 7, 8 сард гэрээ санаад бас л хэцүү байсан ч удалгүй гайгүй болсон. Гэтэл энд ирээд удалгүй дахиад л гэрээ санаад эхэллээ.

Ядаж байхад миний энд ирсэн эхний долоо хоногт л нар гарсан. Тэрнээс хойш тувт саарал бүүдийсэн үүлтэй тэнгэр.. Өнөөдөр үүлэн завсраар анх нарны гэрэл олж харлаа. Хичнээн сайхан байсан гээч. Нарыг ингэж их санах гэж. Тэгээд л 2-хон минут болоод л нар үүлэн цаагуур орчихсон.
Ийм нэг бүүдгэр саарал өдөр хэрвээ би гэртээ байсан бол ээжийн чанасан аагтай сүүтэй будаатай бас банштай цайг уугаад л энэ тэрнийг хүүрнэж яриад л сууж байх байсан даа. Сайхан дулаахан...
Аагтай будаатай цайгаа үнэхээр их санаж байна. Гэртээ байхад цаанаа л нэг сайхан байдаг даа. Цаанаа л нэг сайхан, бүрэн бүтэн, хамгаалагдсан мэт мэдрэмж төрдөг. Гэртээ л өөрийн дураар байж, халуун дулаан хайрыг мэдэрдэг. Тийм ч болохоор хэрвээ би ядарвал, эсвэл сэтгэлээр унавал, таагүй зүйл тохиолдвол хамгийн түрүүнд гэртээ л харихыг хүсдэг. Тэгээд энэ тухайгаа ээждээ хэлэхийг хүсдэг. Одоо харин би гэртээ харимаар л байна. Өнөөдөр даарч, толгой өвдөөд алхаж явахдаа хурдан л гэртээ хариж унтаж амрая л гэж бодож жижигхэн умгар өрөөндөө орж ирэхэд хичнээн онцгүй байсан гээч. Надад зориулж тавьсан халуун хоол байхгүй, хүйтэн 4 ханатай л харанхуй өрөө л угтаж байгаа юм даа.
Өмнө нь гадаадад сурахаар явсан хүмүүс ингэж гэрээ санаж, дэпрэссддэг гэж зөндөө л хэлж байсан. Яах гэж энд ирвээ, гэртээ монголдоо л байж байхгүй, юу хийж энэ хол газар ирэв дээ гэж уйлах үе гардаг юм шүү гэж хэлж л байсан. Гэхдээ бүгдээрээ л энэ сэтгэл гутрал, ганцаардлыг даваад л гарч, бүгдээрээ л амжилттай сайн сурсан болохоор би ч бас тэгж чадна гэж итгэж л байна. Гэхдээ бас л санасныг бодвол амаргүй л байна шүү. Өөртөө байн байн, "энэ чиний л хүсч зорисон зүйл. Чи өөрөө л үүнийг хүссэн шүү дээ. Чиний хийсэн сонголт учраас өөртөө эзэн бай." гэж хэлж сануулж л байна шүү.

Би өмнө нь өөрт төрсөн сэтгэгдэл дурсамжаа тэмдэглэлийн дэвтэрт бичиж үлдээдэг байсан. Хожим нь уншихад тэр үеийн бүх дурсамж сэргэдэг болохоор өөөрийгөө хэрхэн ухаажиж, бас алдаж онож явснаа дүгнэх боломж олгодог юм. Тэр цаг үед амьдарч байсан би гэж хүн ийм зүйл хүсч мөрөөдөж, ингэж боддог ийм охин байж дээ гэж дүгнэж чаддаг болохоор тэмдэглэл хөтөлдөг юм.
Энэ тэмдэглэл ч бас миний энэ цаг үед төрсөн сэтгэгдэлийг л харуулж байна даа. Дараа нь ирээдүйн нэг өдөр "Монгол руу яваад яах юм бэ. Шороотой, утаатай, хүмүүс нь бүдүүлэг, соёлгүй. Тэгснээс өөр орноор аялсан нь дээр." гэж хэлдэг болох байх л даа. Тэр үед л энэ тэмдэглэлийг гаргаж уншия. Гэхдээ л тэр утаатай Улаанбаатар чинь миний төрсөн гэр шүү дээ.

2 comments:

золбаяр said...

хамгийн сайхан газар хаана байдаг вэ? гэж хэн нэгэн асуувал би гэрээ л гэнэ. гэхдээ өнөөдөртөө наана үлд.
тэс тэвч
тэсвэр тэвчээр бол хүнийг амжилтанд хүргэхэд нөлөө үзүүлж чадах хамгийн чухал чадваруудын нэг.
хэдий хэцүү байсан ч тэвч, тэс, зорилгодоо үнэн ч бай.
өнөөдөр үүнийг хийснээр маргааш тохиолдох сайн сайхан зүйлсийн талаар бод. нээх сайхан зориг ороод улам их эрч хүчтэй болдог юм шүү. :р

Tserenpil said...

@Золбаяр,

Үнэхээр баярлалаа. Үнэхээр эрч хүч оруулах сайхан үг байна. Одоо сэтгэлээр унаад хэцүү байвал энэ үгийг чинь уншиж өөрийгөө илүү тэсвэр тэвчээртэй, эрч хүчтэй болгож байнаа.