Wednesday, October 13, 2010

Хөгжлийн өөр нэг гарц - Ургах зарчим

Хөгжлийн өөр нэг гарц - Ургах зарчим
Өнөөдөр Монгол орны маань нийгэм тэр чигээрээ үнэндээ харанхуй, мэдээлэл байхгүй, хүнд сурталтай, бүх зүйл хахууль мөнгө албан тушаалаар шийдэгддэг, мөнгө байхгүй, ажил байхгүй, ажил байлаа ч цалин нь амьдралд хаанаа ч хүрэхгүй, цаг заваа өнгөрөөчих олигтой газар ч байхгүй, ядуу зүдүү хүнд хэцүү амьдаралаар амьдарч байна. Үүнийг өөрчилөх санаа гаргасан хүмүүс авилгалд тэр чигтээ идэгдсэн хүнд сурталтай төрөөсөө болоод энэ бүхний хажуугаар дуугүй өнгөрөөд мөрөө хөөж явахаас аргагүй ийм л хэцүү нийгэм дунд амьдарч байна. Хамгийн харамсалтай нь нийгэм бүхэлдээ ийм байна. Нийгмийн нэг хэсэг хүмүүс ийм байвал өөр хэрэг. Ийм байдлаас болоод монголчууд бид үнэндээ бор зүрхээрээ л арай ядан өдөр хоногоо өнгөрөөж байна. Өнөөдөр хоолноос маргаашийн хоол гэж л хоног өдрөө барж байна шүү дээ. Гэсэн ч энэ хүнд суртал өнөөгийн нийгэм өөрчлөх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бидний амьдрал, бидний ирээдүй, бидний ая тухтай орчин, бидний амьдрал тэр чигтээ үүнээс л хамаарч байгаа болохоор тэр.
Үнэндээ бид ардын хувьсгалаас өмнөх “хөмөрсөн тогоо доторх” байдалтай тун төстэй байдалд өнөөдөр орчихоод байна. Хэдий мэдээлэлийн эрин зуун ч гэлээ бид өнөөдөр мэдээллээр тун хомс амьдарч байна. Хэсэг бусаг хүмүүс биднээс мэдээллээ нуун түүгээрээ бизнес хийж байна шүү дээ. Бидний өөрсдөдөө хэрэгцээтэй мэдээлэл авч чаддагүйн нэг шалтгаан бол хүнд суртал. Төрийн бүх шатанд байгаа энэ хүнд суртлаас болж ард иргэд хангалттай зөв мэдээлэл авч чадахгүй байна. Бидний энэ харанхуй байдлыг ашиглаж албан тушаал, мөнгөний төлөө худал “бор шувуу” гээч юмыг нисгэж бидний тархийг угааж түүгээрээ бизнес хийж байна.
Бидний үүний эсрэг юу хийж чадах вэ??? Та үүний эсрэг юу хийж чадах вэ? Өөрөөсөө ингэж асуугаад үз. Ямар нэг хариулт олж чадах аваас та өөдрөг үзэлтэй бөгөөд энэ нийгмийг өөрчлөхийн төлөө санаагаа зовоож явдаг хүмүүсийн нэг байна. Гэвч та энэ санаагаа хэрэгжүүлэхийн төлөө ямар нэг зүйл хийж үзсэн үү? Заавал хууль санаачлах энэ тэр гэсэн том зүйл байх албагүй ээ. Дор хаяж л хогоо хогийн саванд хаях энэ тэр гэсэн жижиг зүйл байсан ч болно. Хэрвээ ямар нэг зүйл огт хийж байгаагүй бол одоо хөдлөх цаг болсон. Тэнгэрээс мөнгөөр бороо орохыг хүлээнэ гэдэг боломжгүй зүйл шиг бидний төлөө лонхон дотроос бирд гарч ирээд бүх асуудал шийдэгдэхийг хүлээх хэрэггүй. Хэн нэгэн шидтэн эсвэл сод ухаантан гарч ирээд бидний төлөө ямар нэг гайхамшиг бүтээхийг хүлээх хэрэггүй.
Ардчилал гарч ирэхдээ бидэнд энэ гайхамшигийг бүтээж өгнө гэж амалсан. Гэхдээ 20 жил дотор энэ гайхамшиг үнэхээр биелэсэн үү? Зарим нэг хэсэг бүлэг хүмүүст л тэр нь биелэсэн байх. Гэхдээ би хүний эрх чөлөөний тухай ойлголтыг үгүйсгэхгүй. Хэдийгээр олон сайхан дэвшил гарсан ч монголчууд бид ядуу хэвээрээ л байна.
Би бүх монголын ард түмэн сэтгэл хангалуун байж, ажилтай, амьдралтай, нийгмийн халамж үйлчилгээ хүнд сурталгүйгээр хүрэх ёстой бүх хүндээ хүрч, хүн бүр хүний ёсоор эдлэх ёстой эрх чөлөөгөө эдэлж байгаасай гэж хүсч байна. Хэрэв та надтай санал нэг байгаа бол бүгдээрээ нэгдэж, энэ нийгмийг өөрчлөхийн төлөө ажиллаад үзье.
Хоосон ярьж бичиж, нэг нэгнээ үгүйсгэж буруутгаж, хөлөө жийлцэж, талцаж байхаа больцгоож бодит ажил хэрэг болгох гээд үзье. Хийж үзэж байж дараа бүтэх бүтэхгүй талаар дүгнэлт гаргана шүү дээ. Эхлээд хийж үзэх хэрэгтэй.
Хөгжлийн 2 зам байдаг гэнээ. Нэг нь бол дээрээсээ доошоо хөгжих зам. Төр нь зөв бодлого явуулж амьдрал дээр хэрэгжүүлсэнээр хөгжих зам. Харин нөгөө зам нь бол доороосоо дээшээ буюу “Ургах” зарчим юм. Өөрөөр хэлбэл ард иргэд дотроо нэгдэж, хүн бүр эх орноо хөгжүүлэхэд сэтгэл гарган, хүн болгон хийж чадах бүхнээрээ хичээнгүйлэн ажилласанаар хөгжих зам юм. Миний бодлоор энэ зам л бидний өнөөгийн нийгмийг өөрчлөхөд хамгийн зөв гарц байж магадгүй. Нэгэнт төрийн өнөөгийн тогтолцоог тэр чигээр нь өөрчлөхгүй бол өнөөгийн авилгал хахуульд идэгдсэн нүсэр том “толгойтой” төрөө өөрчлөх арга байхгүйгээс дороосоо дээшээ хөгжих нь дээрээсээ доошоо хөгжихөөс илүү хурдан бөгөөд илүү үр дүнтэй байж ч магадгүй.
Үүний тулд бидний хийх ёстой эхний алхам бол дараагийн шатанд төрийн тавцанд гарч ирэх шинэ үеийнхнийг хөгжүүлэх, хүмүүжүүлэх юм. Манай Монгол орны бараг 70%-г залуучууд эзэлдэг гэж ярьдаг шүү дээ. Хэдий залуучууд олонтой боловч залуучуудад хандсан үйлчилгээ, чөлөөт цагаа өнгөрөөх газар хэд байдаг билээ?! Үнэндээ ховорхон шүү дээ. Диско баарнаас өөр газар бараг л олдохгүй дээ. Тэгээд ч өнөөгийн залуучууд маань нэг хэсэг нь гадаадад гараад явсан, зарим хэсэг нь архинд толгойгоо мэдүүлсэн, үлдсэн хэсэг нь санаа байвч сачий хүрэхгүй гээд урдахаа хийгээд л өдөр хоногийг барж байна. Аль ч хэсгийн залуучуудыг буруутгах аргагүй. Тийм ч учраас өнөөгийн бааранд архи ууж согтуурах залуусыг үнэндээ буруутгах арга байхгүй. Архи ууж бааранд суух залуучууд нэгэнт ажил байхгүй, амьдрал хэцүү, бас дээр нь цагаа зөв боловсон өнгөөрчих өөр олигтой газар байхгүй болохоор буруутгах аргагүй. Нөгөө талаасаа ч энэ нь тэдний эрх учраас бааранд сууж байгаа тэднийг хүчээр хорих ч аргагүй. Гадаадад гарсан хүмүүс нэгэнт эх орондоо хангалуун амьдарч чадахгүй, өнөөгийн нийгмийн хүнд байдлаас болж амьдралаа дээшлүүлэхээр явж байгаа болохоор буруутгах аргагүй. Гэсэн ч бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Ингээд л амьдраад байвал байдал улам л дордоод байхаас дээрдэхгүйг бидний хэн хэн нь мэдэж байгаа.
Нэгэнт манай орны ард түмний ихэнх нь залуучууд байгаагаас залуучуудад хандсан, залуучуудыг хөдөлгөөнд оруулах үйл ажиллагааг ихээр зохион байгуулах ажлыг ихээр зохион байгуулах хэрэгтэй. Нэгэнт хаа газрын оюутан, залуучууд мөнгө тийм ч ихтэй байдаггүй учраас оюутан, залуучуудад зориулсан хямд үнэтэй эсвэл гишүүнчлэлтэйгээр илүү хямд үнээр үйлчлүүлэх боломжтой спорт клубууд байх хэрэгтэй. Энэ тал дээр их дээд сургуулиудын оюутны холбоодууд анхаарч ажиллах хэрэгтэй. Залуучуудын анхаарлыг архи, баарнаас өөр чигт хандуулах хэрэгтэй. Тэгэхгүй л юм бол өнөөгийн байдлыг дээшлүүлэх арга байхгүй. Өөр бас нэг санаа бол залуучуудын дунд судалгаа явуулах хэрэгтэй. Залуучууд ямар үйлчилгээ, хаана цагаа өнгөөрөөхийг хүсч байгааг судлаад тэдний үйлчлүүлэхийг хүссэн газаруудтай холбогдож илүү хямд үнээр үйлчлүүлэх боломж байгаа эсэхийг судлах хэрэгтэй.
Оюутан, залуучууд чөлөөт цагаараа хийх боломжтой цагийн ажлууд байвал тун зүгээр юм байна лээ. Хамгийн гол нь ажлын байр. Компани, аж ахуйн нэгжүүд их дээд сургуулиудтай илүү ойр ажиллаж оюутнуудын бүтээлч сэтгэлгээг дэмжих янз бүрийн уралдаан олноор зохион байгуулах хэрэгтэй. Их дээд сургуулиудын төгсөгчдийн мэдлэг чадвар тутмаг байдаг гээд л яриад байдаг. Аж ахуйн нэгжүүд тэр дутагдаад байгаа мэдлэг чадварыг бий болгоход их, дээд сургуулиудад туслах хэрэгтэй.
Өөр бас нэг чухал зүйл бол нэгэнт төгсөөд гарсан төгсөгчид дараагийн оны төгсөгч нартаа туслах хэрэгтэй. Тийм холбоо энэ тэр байвал уул нь зүгээр л юм. Тэгж чадвал оюутнууд бодит амьдрал дээр ямархуу орчин хүлээж байгааг оюутан байхдаа ямар мэдлэг, чадвар эзэмших хэрэгтэйг ухаарч үүнд өөрсдийгөө бэлдэж чадна.
Надад нэг шинэ санаа дэмжих “Мэдээллийн технологийн оновчтой шийдэл” уралдаан үнэхээр таалагдсан. Гэхдээ гарч ирсэн шинэ санааг бодит амьдрал дээр хэрэгжүүлбэл бүр илүү сайн байна. Энэ үйл ажиллагааг ганц дан IT ч биш бүх салбарт хэрэгжүүлбэл тун сайн юмсан. Зарим суут санаа жирийн нэг оюутнаас гардаг шүү дээ. Тэднийг дэмжих хэрэгтэй. Энэнд бол хэн хэдэн настай, хэр их туршлагатай байх нь огт хамаагүй. Нас, туршлага, албан тушаалаараа түрий барьж залуучуудын хүсэл эрмэлзэл, урам зоригийг мохоох хэрэггүй.
Бас нэг санал болгох зүйл залуучуудад зориулсан боломжийн хямд үнэтэй орон сууцнууд байвал тун зүгээр юмсан. Худалдаж авдаггүй юмаа гэхэд удаан хугацаагаар хөлслөж амьдрах боломжтой орон сууцнууд байвал... Одоогийн байдлаар баригдсан барилгууд тэнгэрт хадсан үнэтэй, зээл авъя гэхээр тавьж байгаа нөхцөл нь баргийн хүн сар бүр төлөөд байж барамгүй үнэ харагддаг. Барилгын компаниуд мөнгө багатай залуучуудаа бодолцож үздэггүй нь харамсалтай. Янз бүрийн орлоготой хүмүүс хамрагдаж болохоор нөхцөлтэй барилгууд байвал эргээд барилгын компанидаа ч ашигтай. Мөнгө эргэж байвал зүгээр шүү дээ. Боломжийн үнэтэй байвал хурдан зарагдана. Бодолцож үзээрэй.
Эцэст нь бүгдэд нь хандаж хэлэхэд, нэг нэгнийхээ урам зоригийг мохоох хэрэггүй. “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэж үг байдаг даа. Шинэ санаа болгоныг дэмж. Нэг нэгэндээ урам зориг өг. Бие биенээсээ мэддэг чаддаг зүйлээрээ тусал. Мэддэг зүйлээ бусдад хэлчихвэл бусад нь өөрөөс нь мундаг болчих вий гэсэн утгагүй амиа бодсон үзлээсээ салах хэрэгтэй. Бусдад урам өгсний хариу нь амьдралын дараагийн эргэлтэнд чиний талд зогсох хамтрагчаа бэлдэж байнаа гэсэн үг юм шүү.
Хэрвээ бид иймэрхүү маягаар залуучуудыг дэмжиж, хөдөлгөж чадвал зөв амьдралын хэв маягтай, зөв ухамсартай, илүү холыг харж чадах дараагийн төрийн эргэлтэнд зөв бодлого явуулж, тэргүүлж чадах ирээдүйн төрийн түшээд нарыг бэлдэж чадна гэж бодож байна.
Нэгэнт бид өнөөгийн төрийн түшээдүүдийг хүмүүжүүлж чадахгүйгээс хойш ирээдүйн төрийн түшээдүүдийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Өнөөгийн залуучууд архинд донтсон, хүсэл мөрөөдөлгүй, амиа бодсон, хулгайч, худалч байвал дараагийн 20 жилд бидний байдал улам л дордоно. Ийм нийгэмд хүмүүжиж байгаа хүмүүсээс бид илүү сайхныг хүсэх аргагүй. Үүнийг хүн болгон бодож үзээрэй. Миний дээр дэвшүүлсэн санаануудыг холбогдох үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, компани, оюутны холбоод бодолцож үзээсэй гэж хүсэх байна. Мөн энэ талаар энэ төрлийн үйл ажиллагаа таньдаг эрхэлдэг хүмүүстээ уламжлаарай. Өөр илүү дээр санаа байвал тун сайн байна. “Ургах” хэрэгтэй шүү, хүмүүсээ. Миний хувьд шинэ санаа бүрийг дэмжинэ.
Цаг гаргаж нийтлэлийг минь уншсанд баярлалаа. Таныг ч бас надтай нэг санаатай гэдэгт итгэж байна. Та ч бас ард түмний нэг хэсэг, таны санаа, үйл хэрэг Монгол оронд хэрэгтэй.

No comments: