Wednesday, February 03, 2010

Хулгайч хүмүүс, бас өнөөгийн нийгэм

Надад ийм блог байдаг гэдгийг таг мартчихсан байгаад санамсаргүй тохиолдлоор тодруулбал, манай ангийн хүүхэд миний блогийн хаягийг google-s олж мэдэж авч надаас асууснаар мартагдсан блогоо сэргээх санаа төрлөө.

Би энд сэтгэл өвтгөсөн асуудлын талаар бичмээр байна. Өнөөдөр би хичээлээ тарж яваад гэгээн цагаан өдрөөр гар утсаа алдчихлаа. Хэдхэн хоногийн өмнө буюу 1 сарын 29-нд манай дарга дээрэмдүүлсэн юм. Түүнийг гэртээ харьж явах замд нь 3 хүн дайрч боомилж ухаан алдуулаад түрийвч, laptop компьютер, зөөврийн хард диск зэрэг зүйлсийг нь аваад зугтсан байсан гэсэн. Аз болж ойрхон хөдөлгөөнт эргүүл явж таараад 1 нөхрийг нь барьж авснаар laptop-г буцаан өгсөн юм. Өнөөдөр би бас утсаа алдаад тэр хулгайч нөхрийг барьж авсан ч аль хэдийн дамжуулчихсан байсан болхоор яаж ч чадаагүй. Гэхдээ өөр олон хүн эд зүйлээ алдаасай гэж хүсээгүй болохоор ямар ч л байсан цагдаагийн газар утасдаад хэлчихсэн. Бараг утсаа олох найдвар байхгүй ч гэсэн өөр бусад дунд сургуулийн хүүхдүүд, хүмүүс энэ мэтээр эд зүйлсээ алдахаас сэргийлэх нь иргэн хүний үүрэг гэж бодлоо. Жич: надад туслахыг хичээсэн 2 залууд талархсанаа илэрхийлье.

Миний хамгийн харамсаж байгаа зүйл бол монголчууд бараг худалч хүнд бүгдээрээ "хулгайч" болж байгаа явдал юм. Хүмүүс хялбар аргаар мөнгө олохыг юунаас ч илүү чухалчлах болсон явдал юм. Тэр хулгайч нөхөр бол хөдөлмөрийн насны 28-35 орчим насны л хүн байсан. Түүн шиг ид насандаа байгаа олон залуус ийм аргаар мөнгө олж, бас ид насандаа байгаа залуус харийн орныг зорьж боолын хөдөлмөр эрхлэхийг өөрийн эх орондоо ажиллаж амьдрахаас хэд дахин илүү гэж бодох болж харийн оронд залуу нас эрч хүч залуу насаа зориулцгааж, бас яг тийм насандаа энд хөдөлмөр эрхэлж байгаа залуус авилга, хээл хахууль зэргээр албан тушаалаа худалдаж, бусдын нэрийг зээлдэж өөрийн болгон оюуны хулгай хийж амьдралаа залгуулж байна. Өшөө бас дээр нь арай томхон албан тушаалтай, эрх мэдэлтэй хүмүүс нь өөрийн эх орны баялгийг өөрсдөөсөө хулгайлан харийн нөхдүүдэд зарж байна. Үйлдвэрлэл явуулдаг нөхдүүд мөн л граммаас нь хулгайлна, өөр зүйл холино энэ тэр гээд л мөн л "хулгай". Үүнийг чухам юу гэх вэ. Бараг л бүх шатанд янз бүрийн түвшинд хулгай хийж байх шиг л санагдах юм. Үүнийг зохицуулдаг хууль эрх зүй нь алга. Өнөөдөр өөрийн эх орондоо амар тайван, аюулгүй, амьд явах нөхцөл үнэндээ алга байна. Үүний буруутан хэн бэ? Чухам яаж яваад өнөөгийн ийм нөхцөл байдалд орчихов доо.

Энэ бүхэн анхнаасаа зөв замаар, зөв голдрилоор яваагүйн дээр өнөөдөр ийм байдалд орчихоод байхад хүртэл засах арга хэмжээг авахгүй байгаагаас ийм болсон байна гэж би хувьдаа бодож байна.

Манж Чин улсын дарлалд Монголчууд 220 жил дарлуулсны гол буруутан хэн байсан бэ? Би өөрийн түүхийн талаарх өчүүхэн мэдлэг дээрээ тулгуурлан өнөөгийн нийгмийн ийм байдал, ядуурал тэр үед гаргасан алдаанаас улбаатай гэж бодож байна. Монголчууд тэр үед Манжийн дарлалд орохооргүй хүчирхэг байсан боловч өөрсдийн эв нэгдэлгүй, атаархуу, үргэлж бие биетэйгээ тээцэж, өөр хоорондоо тэмцэлдэж байдаг зан, бие тоосон, хэтэрхий бардам зан, шуналтай, нэр төрд дуртай зангаасаа болж Манж гүрний явуулсан бодлогод автаж өөрсдийнхөө сүр хүчийг сулруулж, өөрсдийгөө Манж гүрний дарлалд орох нөхцлийг бүрдүүлсэн байна. Гэхдээ үүнийг хийсэн буюу эх орноо худалдсан хүмүүс бол цөөн тооны нэр нөлөөтэй ноёдууд байсан. Тэдний аминчхан үзлээс болж Монгол түмэн 200 гаран жил харь орны дарлалд зовж зүдрэн, харанхуй ядуу тарчиг амьдарсан. Хэдий сүүлд Монгол улс өөрийн тусгаар тогтнолоо тунхаглан бие даасан улс болж чадсан ч тэр үед бусад улс орнууд, дэлхий дахины хүмүүсийн хөгжил аль хэдийн хэдэн зуунаар түрүүлчихсэн байсан нь тодорхой. Тэр цагаас л өнөөгийн монголын ядуу амьдрал эхэлсэн бололтой. Бусад орноос гуйлга түүлгэ, тусламж гуйж, аль нэг орныг түшихээс аргагүй байдалд орсон нь тодорхой. Тийм л учраас Сүхбаатар тэргүүтэй хүмүүс тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалан Орос орныг дагах нь илүү зөв сонголт байна гэж үзсэн байх. Тэгээд л нөгөө социлизм энэ тэр гээд өнөөгийн "ардчилсан" үзэлтнүүдийн үзэн ядаад байдаг тогтолцоонд шилжсэн. Гэхдээ харамсалтай нь тэдгээр нөхдүүд амалсан зүйлийнхээ бараг талыг нь ч гүйцэлдүүлсэнгүй. Өнөөдөр бид хэлмэгдүүлэлтийн үеийн тухай ярьж, тэр үед олон гэмгүй хүнийг алж бас олон соёлын үнэт өвийг устгасан тухай ярьдаг. Тэгвэл арьдчилал гарч ирснээрээ өмнөх үеийнхнийхээ хийж байсан зүйлсийг устгаж, үйлдвэрүүдийг дампууруулж, үүнээс болж олон хүмүүс ажилгүй болж, архин далайд живж, амьдрахын эрхэнд наймаанд явж эхэлж байсан. Амьдрахын тулд ангаахай шиг бяцхан үрсээ орхиод найманд явж хөл дээрээ босох тэнхэлтэй болсон ч өнөөдөр мөнгөнөөс ч илүү үнэтэй нэгэн зүйлийг орхигдуулж байсан нь тодорхой болж байна. Дунд сургуульд сурч төгссөн хүүхдүүд бүгд эрдэмтэд, суутнууд болох албагүй, бүгд их дээд сургуульд сурах ч албагүй. Хамгийн гол нь тэд бүгд ХҮН болж төлөвшсөн л байх ёстой. ХҮН л нийгмийг бүтээж, ХҮН л шинжлэх ухааны нээлт хийж, бүтээж, байгуулж, ХҮН л бүгдээрээ нийлж улс орон, ард түмэн болдог гэдгийг бүгд мартсан. Үүний үр дүн өнөөгийн нийгмийн аймшигтай гэхэд хатуудмаар боловч бас эмгэнэлтэй ч гэж хэлэхэд хэцүү ийм нэгэн нийгмийг бий болгосон байна. Энэ бол эхнээсээ буруу эхэлсэн нийгмийн алдаа. Хэрвээ тэдгээр "ардчилсан" нөхдүүд үйлдвэрүүдийг дампууруулалгүй, өөрсдөө идэж ууж баяжлаа ч гэсэн ард түмнээ амьдрах нөхцөлийг тэр хэвээр нь хадгалж, аажмаар өөрчилж, сайжруулах замаар явсан бол өнөөгийн ийм байдалд хүрэхгүй л байсан байх. Тэр олон эцэг эхчүүд ч наймаанд явж, мөнгөний төлөө үхэн хатан зүтгэхгүй, тэдний хүүхдүүд ч эцэг эхтэйгээ элэг бүтэн амьдарч, илүү зөв бодолтой, зөв хүмүүжилтэй иргэд болон төлөвшиж, өнөөдрийн тэр хулгайч нөхөр ч бидний дунд ажил хөдөлмөр эрхлээд энгийн хүний амьдралаар амьдраад явж байх байсан ч байж болох л юм. Энэ бол мөнгө гэдэг зүйлийг хамгийн чухал зүйл, мөнгөтэй хүн юу ч хийж болдог, мөнгө олохын тулд юу ч хийж болно гэсэн ойлголт өнөөгийн залуучуудын ихэнхийнх нь тархинд бат сууснаас ийм байдал руу түлхэн оруулж байна гэж бодож байна. Би алдсан гар утсандаа тэгтлээ ч их харамсахгүй, дахиад шинийг худалдаад л авна. Хамгийн гол нь хүн чанар гээч зүйлээ өдрөөс өдөрт алдсаар байгаа энэ нийгэм дэндүү харамсалтай байна. Хүн алдсан мөнгө, утас, эд зүйлээ олж авдаггүй юмаа гэхэд дахиад шинийг авч болдог байхад хүн алдсан хүн чанар, ёс суртахуунаа хаанаас ч худалдаад олж авч чаддагүй л гэдгийг зориудаар тэмдэглэн хэлмээр байна.

Бас энд заавал хэлэхийг хүсч байгаа нэгэн чухал зүйл байна. Урьд цагт Манжуудад эх орноо худалдсан шиг тийм алдааг өнөө цагт баригч этгээдүүд давтан хийж байна. Үүнийгээ бүр мөсөн оройтхоос нь өмнө зогсоогоосой, өөрчлөөсөй. Хүн өөрөөсөө хулгайлаад хэзээ ч баяждаггүй юм. Бидний хэдэн цөөхөн монголчууд бие биенээ мөлжөөд өөдлөхгүй. Өөр ямар ч хүчирхэг улс гүрэн ийм замаар хүчирхэгжиж, хөгжиж байсан удаагүй. Америк (хүмүүсийн эрх чөлөөний орон гэж ихэд дуртай байдаг) гүрэн л гэхэд нэг үндэстэн биш хирнээ тэр олон янзын хэл, соёл, арьс үстэй нөхдийг нэгэн гүрэн мэт нэг үндэстэн мэт үзэл бодлоор хүмүүжүүлж, америк хүн гэдгээрээ бахархах сэтгэгдлийг л төрүүлж чадсанд л энэ гүрэн ингэж хөгжиж чадсаны гол учир байдаг гэдэг.

Эх оронч гэсэн үзлийг төрийн дуулал дагаж амаа хөдөлгөх төдийхнөөр биш, бараг л хэлд орж, ухаан орж эхэлсэн цагаас нь хүмүүсийн сэтгэхүйд суулгаж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгж эх орноороо үнэн сэтгэлээсээ бахархах сэтгэлтэй, хайрлах сэтгэлтэй хүмүүс дор хаяж гудамжинд хог хаяхгүй, бусдыг дайрч доромжлохгүй, хүний нутагт ч нэг нэгэндээ туслах сэтгэлтэй байж, ажлаа хийхдээ ч түүнийгээ үнэн сэтгэлээсээ бахархах сэтгэлээр хийж, үйлдвэрүүд ч нэг ч гологдол чанаргүй бүтээгдэхүүн гаргахгүй байхыг хичээж, хүн бүгд дор бүрнээ хичээн зүтгэвэл нэг л мэдэхэд миний эх орон гадны ямар ч орноос дутахгүй ажиллаж амьдрах нөхцөл бүрдсэн, амар амгалан, хангалуун сайхан орон болж чадна гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байна. Тийм сайхан цаг үе ч ирнэ гэж найдаж байна. Гэхдээ үүнийг бий болгоход хамгийн гол нь хүмүүсийн итгэл найдвар, нэгдмэл байдал, зөв бодлого л хэрэгтэй.

Наад зах нь манай орон маш том газар нутагтай. Хөрс нь эрүүл, шим тэжээлтэй байхад яагаад заавал хятадын намагт тарьж ялгадсаар бордсон ногоог худаалдаалхаар нөхцөл байдалтай байна вэ? Хятад тэрбум гаран хүнээ тэжээгээд болоод байхад Монголынхоо 2,7 сая хүнийг яагаад хүнсээр нь хангаад байж болдоггүй юм бол..? Хүнсний хэдхэн үйлдвэртэй. Бараг л гарын хуруунд багтахаар цөөхөн хэдхэн хүнсний үйлдвэрүүдээ яагаад олигтойхон хянаад дэмжээд хэрэглэгчид хуурамч, хортой бүтээгдэхүүн зарахааргүй болтол нь хянаад байж болдгүй юм болоо?? Тэр том том үйлдвэрүүдээ больё гэхэд ядаж хүнснийхээ үйлдвэрүүдийг олигтойхон дэмжээд, бас төрөөс үнийг нь барьж байдаг байхаар зохицуулаад байж болохгүй байгаа нь үнэхээр сонин байна. Бас тэр тариа ногоог бол тийм үнэтэй заруулаад байлгүй, тариачдыг ч сайн дэмжээд, хямд үнээр зараад байвал хэн хятадын ногоог худалдаж авч идэн өөрсдийгөө хордуулахыг хүсэх билээ дээ.

Эцэст нь хэлэхэд, энэ олон "хулгайч" нөхдүүд энэ их хүч чадлаа эх орныхоо тусын тулд ашиглавал мөн ч хурдан хөгжинө дөө. Тэдгээр "хулгайч" нөхдийг ч бас ажилтай байлгахын тулд үйлдвэрүүд хэрэгтэй. Ажлын байр хэрэгтэй. Гэтэл өнөөдөр шал угаагч хийхэд л наад зах нь царай зүс, нуруу туруу, нас, хэл ус гээд наян янзын шалгуур тавьдаг болсон байх юм. Ийм байхад ажилгүйчүүд олон байхаас ч яахав. Ажилгүй хүмүүс амьдрахын тулд биеэ үнэлэх, хулгай дээрэм хийх зэрэг буруу арга хэрэглэх зам руу л орж байна шүү дээ. Энэ хүмүүсийг ажилтай болгоод өгвөл ядаж л хулгай, дээрэм нь багасна даа. Хөөрхий энэ хүмүүсийг яалтай ч билээ дээ.

Төр түмэн нүдтэй гэдэг дээ. Тэр олон нүднийхээ ганцыг нь ч болов нээгээд ямар нэг арга хэмжээ авч л байгаасай даа.


Эх орон минь айх аюулгүй, дайн дажингүй амгалан байж, элгэн садан, эх орон нэгтнүүд минь эв нэгдэлтэй байж, төр нь хүчтэй байж, түмэн олон минь энх тунх байх болтугай!

Иргэн

1 comment:

Anonymous said...

у нас на этом сайте подобран громадный ассортимент интересных статей про [url=http://www.rk-37.ru/]модные сайты для девушек[/url].