Tuesday, February 08, 2011

Оюутан залуустаа өгөх зөвлөгөө - I

Удаан бодсоны эцэст өөрийн 18 жил сургуульд сурсан "туршлагадаа" үндэслэн
  • Сурах арга барилаа тодорхойлох: Ном унших, Шалгалтандаа үр дүнтэй бэлдэх
  • Гадаад хэл сурах
  • Гадаадын их дээд сургуульд болон тэтгэлэгт материал өгөхдөө
    анхаарах зүйлүүдийн талаар бичихээр шийдлээ. Хэдийгээр дунд сургууль, их сургууль гээд нийтдээ 18 жил сурсан хирнээ сүүлийн хэдхэн жилд л бий болгосон, цаашид ч сайжруулсаар байх миний "сурах арга барил"-д түшиглэсэн зөвлөмжөө "урд ургасан чихнээс хожуу ургасан эвэр урт" хэмээж оюутан сурагч дүү нартаа хэрэг болох боловуу гэж цаг гарган нийтэлж байгааг минь хүлээн авна уу. 
    [Бодоод байхад эртхэн сурах арга барилд суралцсан бол илүү сайн суралцах байж дээ гэж бодогдоод байдаг юм. Одоо ч гэсэн ялгаа алга. ;) Бас л суралцсаар л явна даа, хөөрхий.]

    Эхний хэсэг - Сурах арга барилаа тодорхойлох, Ном унших талаар зөвлөмж.

    Тэгэхээр сайн суралцахын тулд мэдэх ёстой эхний зүйл бол өөрийнхөө сурах арга барилыг тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл суралцахад бас суралцах хэрэгтэй гэх үү дээ. Хүн сурах арга барил тухайн хүний ой тогтоолт, тухайн хүний онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг шүү дээ. Тухайлбал, зарим хүмүүс ажиглаж суралцдаг, өөрөөр хэлбэл ийм хүмүүс харааны ой тогтоолт сайтай. Зарим ийм хүмүүс унших дуртай. Зарим хүмүүс илүү идэвхтэй үйл ажиллагаанд дуртай. Өөрөөр хэлбэл, ийм хүмүүс өөрийн биеэр туршиж үзэж, дадлага хийснээр илүү сайн сурдаг. Зарим хүмүүс сонсох дуртай. Ийм хүмүүс лекц сонсох, эсвэл уншихаас илүүгээр бусдаар яриулж  илүү сайн ойлгодог хүмүүс байдаг.
    Зарим хүмүүс чимээгүй орчинд ганцаараа сууж  ажилласнаар илүү сайн суралцдаг байхад зарим хүмүүс олуулаа сууж хичээлээ давтахыг илүүд үздэг гэх мэт.

    Сурах арга барилаа тодорхойлохын тулд 1-рт, өөрийнхөө өдрийн аль цагт хамгийн идэвхтэй байдгаа олж мэдэх хэрэгтэй. Зарим хүмүүс өглөөгүүр илүү идэвхтэй, үр дүнтэй ажилладаг байхад нөгөө хэсэг нь оройн цагаар илүү үр дүнтэй ажилладаг. Гэхдээ ихэнх дундаж хүмүүс өглөө 9-12 цаг болон 14-18 цаг хүртэл хамгийн үр дүнтэй ажилладаг. Миний туршлагаас харахад өглөөгүүр унших, цээжлэх хичээлээ хийж, үдээс хойш илүү тархи ажиллах шаардлагатай (Математик гэх мэт.) ажлуудаа хийвэл үр дүнтэй. Ялангуяа унших хичээлээ өглөөгүүр 7 цагаас 8 цагийн хооронд уншвал хамгийн сайн. Өглөө 6 цагийн үед босоод усанд орж нойроо сэргээгээд цайгаа уучихаад тэгээд хичээлээ уншвал маш сайн. Учир нь 7 цаг гэхэд нойр чинь аль хэдийн сэргэчихсэн байх учир тэр үеэр уншсан зүйл чинь маш сайхан ойлгогдож тогтоогдоно гэдэгт эргэлзэх хэрэггүй.
    2-рт, дээр дурьдсанчлан өөрийн суралцах онцлогт тохирсон сурах арга барилаа тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал, ном, нийтлэл унших, тэмдэглэл хийх, шалгалтанд бэлдэх гэх зэрэг.

    Магадгүй ном унших сурах арга барилд ямар хамаатай юм бэ гэж бодож байж болох юм. Гэхдээ энэ нь маш их хамаатай. Ямар төрлийн мэргэжлээр сурч байгаагаас үл хамааран хэн бүхэнд энд тэндээс нэмэлт материал хайх, уншиж ойлгох, судлах шаардлага байнга л гарч ирж байдаг. Дор хаяж зөвхөн өөрийн хувийн хэрэгцээндээ, сонирхлоороо ямар нэг сэдвийг бие дааж суралцахаар боллоо ч гэсэн өөртөө тохирсон ном материалаа хайж олно гэдэг бас тийм ч амар ажил биш. Зөвхөн гарчигийг нь хараад л ном авчихаж болохгүй!!!
    Би 3 курсийн оюутан байхдаа нэг удаа зөвхөн гарчигийг нь хараад л нэг ном авчихаж байсан юм. Тэгээд л нөгөө номоо судалж эхлээд л маш том алдаа хийснээ ойлгож байж билээ. Тэгэхээр ямарваа нэг ном, сурах бичгээ сонгохдоо дор хаяж бүлэг сэдвүүдийнх нь гарчигийг эхлээд нэг гүйлгээд харах хэрэгтэй. Тэрэн дотор чиний сонирхож байгаа сэдэв байгаа эсэхийг хар. Хэрвээ яг тодорхой нэг сэдвийг хайж байгаа бол тэр хэсгийг агуулсан бүлгийг нэг гүйлгээд хар. Номын тойм болон дүгнэлт гэсэн хэсгүүдийг уншиж үз. Мөн хамгийн эхний бүлгийг унш. Ихэнхдээ номын эхний бүлэгт тухайн номонд орсон сэдвүүд болон ерөнхий агуулгынх нь тухай бичсэн байдаг. Эхний бүлгийг нь гүйлгэж хараад л нэг  ойлгомжтой, тодорхой биш, эмх цэгцгүй байвал тэр номыг сонгон унших хэрэггүй гэж зөвлөх байна. Яг өөрт чинь хэрэгтэй байгаа мэдээллийг өгч чадах номыг олж автал эрлээ зогсоох хэрэггүй. ;) Ялангуяа өөрийн чинь нэг их сайн мэдэхгүй сэдэв байх тусам эрлээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, аливааг анхлан суралцахад анхны сэтгэгдэл, ойлголт ямагт хамгийн чухал байдаг болохоор тэр. Анх барьж авсан ном чинь л хэрэгтэй мэдээллийг өгч чадахгүй бол хамаг суралцах хүсэл, эрмэлзлийг чинь унтрааж, харин сайн ном тухайн сэдвээр улам их зүйл мэдэх хүсэл эрмэлзлийг төрүүлж байдаг юм.

    Хэрвээ тухайн сэдвээрээ өөр олон номноос судалгаа хийх бол гол чиг болгох номоо сайн судлаад харин бусад номноос зөвхөн тухайн номон дээр байхгүй хэсгийг л уншиж, тэмдэглэхэд хангалттай.

    Тэгэхээр номоо сонгосон бол одоо уншина даа. Гэхдээ уншихад бас их учир бий. Уншихаасаа өмнө аль хэсгийг илүү анхаарч унших, аль хэсгийг уншихгүй байх, эсвэл гүйлгэж уншихаа тодорхойлох хэрэгтэй. Тэгээд аль болох хурдан унших хэрэгтэй. Олон хоног сунжруулах хэрэггүй. Удах тусам уйдаж, уншсан өмнөх хэсгүүдээ мартаж эхэлнэ. Үүнээс болж уншсан хэсгүүдээ дахин дахин унших шаардлага гарна.
    Мөн аль болох уншсан хэсгүүдээ олон дахин уншихгүй байхыг хичээх хэрэгтэй. Үүний тулд тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Мөн номын гол хэрэгтэй гэсэн хэсгүүдээ тодруулж тэмдэглэж байвал их зүгээр байдаг юм. Гэхдээ номын сангийн номон дээр зураад байхгүйн тулд наалддаг цааснууд ашиглах хэрэгтэй. Номоо буцааж өгөхдөө хуулаад авчихна биз. ;)

    Тэмдэглэл хөтлөх талаар хэдэн зөвлөмж өгье. Тэмдэглэл хөтлөхдөө номон дээр байгаа өгүүлбэрүүдийг тэр чигт нь хуулж бичих хэрэггүй. Тэгж бичсэний оронд зүгээр л канондчихсон нь дээр. Эсвэл канондоод хэрэгтэй хэсгүүдийг хайчилж аваад дэвтэртээ нааж болох юм. Тэмдэглэл аль болох товч бөгөөд өөрт чинь ойлгомжтой байх хэрэгтэй. 
    Жишээ нь, би нэг бүлэг сэдвийн тэмдэглэл хийхэд дэвтрийн 1 нүүр болдог. Ерөнхийдөө 1 хуудаснаас хэтэрдэггүй. Тэмдэглэлдээ чухал нэр томъёо болон, тэдгээрийн тодорхойлолтууд болон гол утга санааг тэмдэглэж авахаас гадна тэдгээрийн байрлаж байгаа хуудасны дугаар болон бүлэг сэдвийн нэр зэргийг тэмдэглэж авдаг. Мөн бүлэг сэдэв, дэд сэдэв зэргийн нэрийг бичихдээ догол мөр үлдээж бичдэг бөгөөд дараа нь тэмдэглэлээ уншихад аль сэдэв нь ерөнхий аль нь дэд сэдэв, аль ухагдахуун хаана "харъяалагдаж" байгааг төвөггүй харж болдог юм.

    Дараагийн нийтлэлд шалгалтандаа үр дүнтэй бэлдэх талаар зөвлөмж.

    5 comments:

    Галаа said...

    Чамд амжилт хүсье!
    Эхний үеийн бичлэгүүд чинь нэлээд "сэтгэхүйн" шинжтэй байсан. Харин сүүлийн үед "тэмдэглэл" шинжтэй болжээ. Магадгүй илүү дутуу зүйл бодох завдалгүй байгаа байх л даа?

    Tserenpil said...

    Сайн уу, Галаа.
    Сүүлийн үед илүү дутуу юм бодох зав үнэндээ алгоо. Тэгээд ч одоо нэг үеээ бодвол миний ертөнцийг үзэх үзэл төлөвшөөд, өөрийн гэсэн амьдралын зарчимтай болсон болохоор одоо тэгж нэг их олон юм бодохоо байчихаж дээ. Харин сүүлийн үед их бодож байгаа зүйл бол яаж эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулах вэ гэдэг л байна. Эх орноо хөгжүүлж, харийн оронд мөнгөний төлөө залуу нас, эрүүл мэнд, зарим нэг нь бүр амь насаараа хохирч байга энэ олон залуусыг эх орондоо эргэн ирж, сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд миний хийж чадах зүйл юу вэ гэж боддог болоод байна даа. Өчигдөр солонгост ажиллаж байгаа хүмүүсийн тухай нэг нийтлэл уншаад бараг уйлах шахсан. Link ni: http://chandag.miniih.com/index.php//home/post/1859 Ямар ч байсан сурна гэсэн бүхнээ сураад, хийнэ гэж бодсон зүйлээ хийгээд гэртээ харихдаа богцоо энэ талаар бодсон, хэрэгжүүлэх санаануудаар дүүргээд очно доо л гэж бодож байна. ;)

    Tserenpil said...

    Бас нэг зүйл хэлэхээ мартчихаж. "Тэмдэглэлийн" тухайд бол би 5-р ангид байхаасаа тэмдэглэл хөтөлж ирсэн. Дараа нь тэмдэглэлийн дэвтрээ уншихад өөрийгөө хэрхэн өөрчлөгдсөнөө, өмнө нь ямархуу байснаа олж хардаг. Зарим нэг тэмдэглэлээ уншихаар "энийг үнэхээр би бичсэн юм байх даа" ч гэж бодогддог юм. Харин тэмдэглэлийн дэвтрээ гэртээ орхиод ирсэн болохоор өөрийн дурсамжаа үлдээхийн тулд бас аав, ээж, ах, дүү нартаа сайн яваагаа мэдэгдэж байхын тулд блогоороо дамжуулаад л тэмдэглэл хөтлөөд байна даа. ;)

    E said...

    DAAD тэтгэлэгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч тавигддаг шаардлагууд гэх мэт... Амжилт хүсье.

    E said...

    ...