Thursday, June 10, 2010

Германд хөл тавьсан анхны өдөр

Энэ өдрийн тухай дурсамж мартагдаж алга болохоос өмнө бичиж үлдээе гэж бодлоо. Дараа нь энэ үед юу мэдэрч, юу бодож байснаа нэг нэгэнгүй санахгүй байж магадгүй юм.
Миний хувьд өмнө нь Эрээн хот руу л явж байснаас өөрөөр хилийн дээс алхаж үзээгүй, онгоцонд ч сууж үзээгүй нэгэн билээ. Гэхдээ энэ 2010 он миний хувьд их аз гийсэн жил болж, энэ жил би Европд магистрт суралцах хоёр томоохон олон улсын хэмжээний тэтгэлэгт тэнцсэн юм. 22 сарын хугацаатай Европын Холбооны Тэтгэлэг болох Erasmus Mundus хөтөлбөрөөр Италийн Тренто хотод тэтгэлэгтэй сурах эрх, мөн Герман Улсын засгийн газрын тэтгэлгээр германд герман хэлний курсд сураад магистрт сурах тэтгэлэгт тэнцсэн юм. Ингэж надад бүхий л соёл шинжлэх ухааны өлгий нутаг болсон Европ тивд хөл тавих алтан боломж олдсон юм.
Хэдийгээр би 2 тэтгэлэгт тэнцсэн ч заавал аль нэгийг нь сонгох хэрэгтэй байсан болохоор германыг сонгосон. Ер нь бол анхнаасаа л хоёуланд нь тэнцвэл германыг нь сонгоно доо гэж бодож байсан юм. Тэгээд тэр бодлоороо германаа л сонгосон. Erasmus Mundus тэтгэлгийн хувьд миний оронд явах болсон хүн нь монголоос байгаасай л гэж хүсч байна. Нэг ч гэсэн монгол хүн сайн явбал эх орны минь нэр хүнд, бас нэг монгол айлын амьдрал сайн явнаа гэсэн үг шүү дээ.
Миний герман хэлний курс 2010 оны 5 дугаар сарын 31-д эхэлж байсан ч визний болон бас бус асуудлаас болоод хугаацаанаасаа хоцорч 2010 оны 6 дугаар сарын 6-д явах онгоцны билетийг 3 удаа солиулж байж худалдаж аваад германыг зорьсон доо.
Урьд нь онгоцны буудал дээрээс хүн гаргаж өгөхдөө “би нэг ингээд чирдэг чимодан чирээд онгоцны буудлаас гаргуулаад л явах юмсан” гээд л боддог байж билээ. Гэхдээ тэр мөрөөдөл маань биелэсэн ч бодсон шиг сайхан байсангүй ээ. Гаалиар ороод ганцаараа ороод л явахад өөрийн эрхгүй хоолой зангираад, нулимс гоожих гээд байдаг юм байна лээ. Ингээд л гэрийнхнийгээ дахиад мөд харахгүй, энэнээс цаашаа би гэдэг хүн өөрийгөө л тэжээгээд аваад явах тэр зам эхэлж байна даа гэж бодогдоод, нэг л их ганцаардаад эвгүй байсан. Намайг юу хүлээж байгаа, ямар орчин хүлээж байгаа, ямар амьдрал хүлээж байгаа талаар ямар ч төсөөлөлгүй тэгээд л ганцаараа явах ёстой замаараа явж эхэлж байгаа юм даа.
Онгоцонд суухын өмнө гар тээшээ шалгуулахад заавал laptop, гар утас, зөөврийн хард диск энэ тэрийг гаргаж байж шалгуулдаг гээд тэгээд үүргэвчиндээ баахан юм чихчихсэн байсан чинь laptop-оо гаргах гэж нэлээн зүдэрсэн. Арай гэж нэг шалгуултал “наад дотор чинь сэрээ байна. Сэрээгээ гарга” гээд. Нөгөө сэрээг нь хайх ажилдаа орсон. Тэгтэл нэг ширхэг сэрээ цүнхний хажуугаар хийсэн байлаа. Тэрийг нь хурааж аваад “за одоо болсон” гэв. Би хэдэн бичиг баримт, laptop энэ тэрээ буцааж багтаах гэж нэлээн зүдэв. Буцаагаад цахилгааныг нь татах гэсэн бас болдоггүй. Тэгэхээр нь тэр чигт нь онгорхой орхиод declaration гэдэг юмаа бөглөв. Тэгээд нэг юм хүлээлгийн танхимд орвоо хөөрхий... Хамаг хөлс цуваад ядаж байхад нээх олон юм давхарлаад өмсчихсөн, ачаа нь хүнд, бас дээр нь цахилгааныг нь буцааж татах гэж байдгаараа ноцолдоод хөлс гойжоод ёстой нэг хачин царайтай юм... Арай гэж нухаж нухаж нөгөө цүнхнийхээ цахилгааныг татав гэж... Ёоххх. Ингэж нэг юм татах гэж.... гэж бодоод сууж байтал онгоцондоо суух болчихдог юм даа. Тэгээд л үүргэвчиндээ түүртэж ядаад нэг юм онгоцондоо орж суув. Миний суух суудал 16C гэдэг суудал байв. Ингээд л эхнээсээ асуудал өөрөө гараад ирээд байдаг. Нөгөө суудлаа олдоггүй ээ. Тэгээд үйлчлэгчээс нь асууж аваад олж суув. Нөгөө үүргэвчээ дээд талын тавиурт нь тавих гээд үүргэвчиндээ цохиулж унах шахав... Тэгсэн нэг хүн над дээр гүйж ирээд надад тусалж нэг юм хийж өгөв. Би ч “thank you thank you” гээд л нэг юм суудал дээрээ суугаад “Ёохх.. энэ үүргэвчийг ерөөсөө онгойлгох ч хэрэггүй, бас дээрээс буулгах ч хэрэггүй юм байна” гэж бодож байв. Миний хажууд суусан нэг нөхөр надтайгаа таарсан анх удаа сууж үзэж байгаа бололтой. Хараажаар тэр нь тодорхой байв. Тэрэнтэй 2 эмэгтэй цуг явж байсны нэг нь ээж нь бололтой. Ээжээ би таныг зургийг авъя, та миний зургийг ав гээд л баахан зураг энд тэндээс дараад л байсан. Kkkk. Би бас өөрөө адилхан анх удаа онгоцонд сууж байж дотроо бас “юм үзээгүй юм шиг юун ч инээдтэй юм” гээд л бодож байгаамаа. Удалгүй мань залуу суудлаа солиод ээжийнхээ дэргэд суув. Тэгээд бүх хүмүүс онгоцондоо суусны дараа нэг ч их удалгүй онгоц хурдаа авч удалгүй агаарт хөөрөв. Бие хачин болоод толгой эргээд өөрийн эрхгүй нүдээ анив. Тэгтэл миний ард суусан гурав бас л эвгүйрхсэн бололтой дуу алдаад л нэг эмэгтэй нь “зүгээр зүгээр” гээд л байсан. Удалгүй агаарт хөөрсний дараа онгоц чичирч, толгой эргэхээ болив. Цонхоор хартал үүлэн дээгүүр нисч яваа нь харагдав. Надад онгоц зүгээр л агаарт тогтчихсон юм шиг л сэтгэгдэл төрсөн. Харьцуулах зүйл байхгүй болохоор явж байгааг нь хэлэхэд хэцүү юм билээ.
Тэгээд 6 цаг орчим нисээд удалгүй цагаан хоолойгоор “ Манай онгоц ойролцоогоор 35 минутын дараа Москвагийн нисэх онгоцны буудал дээр бууж 40 минут зогсоно. Москва дээр буух хүмүүст бидэнтэй хамт аялсанд баярлалаа. Дараа дахиж манайхаар үйлчлүүрэй. Манай онгоцны багийнхан та бүхэнд сайн сайхныг хүсч байна. Харин цааш Берлин явах хүмүүс буухдаа ачаагаа болон пасспорт, онгоцны билетээ марталгүй биедээ авч буухыг сануулж байна.” гэдэг юм. Би дотроо ч “Ёохх... Нөгөө бул хар чулууг дээрээсээ буулгах болох нь дээ” л гэж бодож байв. Арай гэж өөрийгөө болон хажууд байсан хүнээ цохиж унагалгүйгээр үүргэвчээ буулгаваа. Бас үүрэх гэж хөөрхөн хөлсөө гоожуулах хэрэг гарна.
Тэгээд л Москва хотын онгоцны буудал дээр буулаа. Анх удаа Орос оронд хөл тавьж байгаа нь тэр. Онгоцноос буугаад л нөгөө хоолой дотуураа яваад пасспорт шалгадаг хэсэг дээр очсон чинь тэнд 2 орос эмэгтэй, 2 орос эрэгтэй хүмүүсээс юм асуугаад л 2 тийш нь хуваагаад л тэнд оч гээд л заагаад байв. Би эхэндээ сайн ойлгохгүй байсан болохоор ахимаг насны орос эмэгтэй дээр очтол надаас “Where are you going, Madam?” гэж орос аялгуугаар асуулаа. Тэгэхээр нь “Berlin” гэлээ. Тэгсэн надад нэг шар цаас өгөөд ийшээ яв гээд заалаа. Тэгсэн нөгөө гар тээшээ дахиад шалгуулах хэрэг гарав. Өө бас нэг юм хэлэхээ мартав. Тэгээд миний шалгуулах ээлж болоход би үүргэвчээ ухалгүйгээр шууд байгаа чигээр нь л аваачаад өгсөн. Нөгөө орос эмэгтэй над руу хараад орсоор нэг юм хэлээд байх юм. Би байгаа байдлаас нь гар утас байгаа юу гэж байна гэж ойлгоод толгой сэгсрэв. Гадуур хувцасаа тайлаад сагсан дээр тавь гэж байгаа бололтой. Гадуур цуваа тайлаад сагсанд нь хийгээд мэдрэгчээр нь шалгуулаад оров. Тэгээд тэр дотуур явж байхдаа Мөнхтуул гэдэг эмэгтэйгээ (аавын 10 жилийн ангийн найз гэсэн) олж аваад дагаад л яваад байлаа. Тэр эгч намайг хараад цуг явсан 2 эмэгтэйдээ “энэ охин урьд нь огт гадаад явж байгаагүй юм гэсэн. Намайг хаа сайгүй дагаад л яваад байна” гэж хэлэв. Миний хувьд очих газартаа л онгоц энэ тэрээсээ хоцролгүй очиж байвал дагаад л явж байсан нь дээр гэж бодоод л дагаад байлаа. Тэгсэн манай онгоцыг дуудаад онгоцондоо 15 хаалгаар орж сууна уу гэж орос, англиар зарлаж эхлэв. Онгоцондоо буцаж суугаад нөгөө аймаар хүнд цүнхээ үйлчлэгч эмэгтэйтэй хамжиж байгаад дээд тавиурт тавив. Дотроо бодсон зүйл бол “дахиж л ийм аймаар хүнд үүргэвч гар тээшинд авч орох хэрэггүй юм байна. Ачаанаасаа хүнд хэсгийг нь чимодандаа хийгээд хөнгөн зүйлсээ гар тээшиндээ хиймээр юм байна. Өөр хол газар аялах хүн байвал гар тээшээ битгий хүнд болгоорой. Зүдрэх юм байна шүү гэж захина даа” гэж бодож суув. Тэгээд цагаан хоолойгоор “бид 2 цаг 30 орчим явж берлинд хүрнэ. Та бүхнийг тухтай аялахыг хүсье” гэж зарлав. Ингээд 2 цаг 40 орчмын дараа Берлиний барааг олж харав. Энэ удаа буухдаа арай жаахан туршлагатай болсон болохоор гэр тээшээ аль болох эвтэйхэн буулгав. Ингээд германд хөл тавилаа даа. Гадаа их дулаахан байв. Үүргэвч хүнд бас дээр нь олон давхар хувцастай болохоор хөлс хувингаар цутгаж эхлэв. Тэгээд биднийг нэг автобус ирж аваад нэг газар аваачаад буулгав. Тэнд ирээд мөн пасспортоо шалгуулаад тамга даруулаад германы хилээр нэвтрэв. Тэнд нэг ачаа хүлээдэг хэсэг дээр ачаагаа хүлээж нэлээн зогсов. Удалгүй ачаанууд эргэлдэж эхлэв. Би тэндээс 2 бөндгөр боодолтой ачаагаа аваад нөгөө эгчийгээ дагаад л явж эхлэвээ. Миний 2 бөндгөр ачаа бас хүнд юмаа. Нэг гар нэлээн ядарч байв. Үүргэвчийг нь үүрэх аргагүй бөндгөр болгосон байв. Чирээд л яваад байхаас өөр замгүй. Тэгээд удалгүй тэнд амьдардаг монгол эмэгтэй миний цуг явсан 3 эмэгтэй дээр ирэв. Тэр эмэгтэй болон Мөнхтуул гэдэг эмэгтэй миний ачаанаас дамжилж явж намайг Берлины галт тэрэгний буудал ордог чиглэлтэй автобусанд суулгаж өгөв. Мөнхтуул гэдэг эгч “энэ охин яаж ганцаараа ийм их ачаатай явнаа. Хүнтэй л дамжлахгүй бол хэцүү дээ” гэж хэлээд л “за сайн яваарай. Сайн сураарай” гээд үлдэв. Би ч бас дотроо айж байлаа. Юу л болдог бол доо л гэж бодож байв. Автобусанд суухдаа жолоочид нь мөнгөө төлж билет авдаг юм байна лээ. Би хүмүүсийг харж байгаад тэрийг анзаараад 5 euro өгтөл жолооч нь германаар нэг юм хэлэв. Би ойлгоогүй болохоор “айн” гэсэн чинь “ein Ticket, one Ticket” гэв. Тэгэхээр нь “yeah yeah” л гэв. Тэгээд билет гаргаж өгөөд би гэдэг хүн хаана буухаа ч мэдэхгүй аялалаа эхлэв. Энэ миний германд ирээд анх удаа мөнгө зарцуулсан үйлдэл болов. Буудал болгон дээр автоматаар буудлын нэрийг зарлаад буудлын нэр нь харагддаг юм байна лээ. Тэрийг нь харж байгаад буудал дээрээ буулаа. Michael-н хэлснээр шилэн байшин байна лээ. Яг буудлын өөдөөс хараад байшин дээр нь томоос том “Haupt-Bahnhof” гэж бичсэн байв. Би ч баацагнан байж тэр байшинд оров. Өөдөөс хараад Information Service гэж бичсэн байв. Арай гэж очоод нөгөө MIAT-ийн билетээ үзүүлээд асуулаа. “Би монголд байхдаа MIAT-р билет захиалсан юмаа. Намайг энэ дугаарыг оруулаад билетээ хэвлээд ав гэсэн. Би хаана очиж яаж билетээ авах вэ” гэлээ. Тэгсэн “ миний ард автомат машин байгаа. Чи тэнд очоод энэ дугаараа оруулаад билетээ хэвлэнэ. Тэгээд очих газар руугаа явж болно” гэв. Би тэгээд тэр автомат дээр нь очиход нэлээн оочертай байв. Миний ээлж болоход би өмнөө бас нэг том бэрхшээл зогсч байгааг олж харав. Бүх тайлбар заавар герман хэл дээр бичигдсэн байгаа автомат машиныг олж харав. Юугы ч ойлгодгүй ээ. Хаана дугаараа оруулахыг ч мэдэхгүй баахан гайхаж зогсов. Тэгж зогсоод бүтэхгүйг угаасаа мэдэх болохоор миний ард намайг дуусахыг хүлээж зогссон герман эмэгтэйгээс тусламж гуйв. Байгаа бүх шалтгаанаа тоочлоо. Тэгсэн тэр эмэгтэй “би ийм билет өмнө нь ашиглаж байгаагүй ээ. Гэхдээ оролдоод үзье” гэлээ. Тэгээд оролдож байгаад баахан сонголттой дэлгэц гаргав. Тэндээс нь би нэг зүйлийг ойлгов. Үнэндээ зүгээр л дугаар оруулаад гараад ирэхгүй, тэр олон сонголтоос яг өөрийнхөө билетний төрлийг сонгох ёстой юм байна гэж ойлгов. Надаас ямар төрлийн билет вэ гэж асуухаар нь өмнө нь нэтээс илет дээр байсан чиглэлийг хайж байгаад Rail and fly гэсэн site руу орж байснаа санаад Rail-and-fly гэж хэлэв. Тэрийг нь сонготол дараа нь дугаар оруулах цонх гарч ирдэг юм байна. Тэнд дугаараа оруултал билет хэвлэгдээд гараад ирэв. Гэвч тэрэн дээр Freiburg гээгүй харин Railway энэ тэр гэсэн шал өөр чиглэл байх юм. Гайхаад энэ яагаад ийм байгаа юм болоо гэтэл тэр эмэгтэй “би мэдэхгүй байнаа. Чи хаашаа явах юм” гэв. Би Freiburg орно гэтэл тийм үү, 2 өөр Freiburg байдаг. Нэг нь хойд зүгт нэг нь өмнө зүгт байдаг. Чи яг аль руу нь явахын гэв. Би нөгөө Michael-н явуулсан email-г харж байгаад Freiburg im Breisgau гэсэн чиглэл олж үзээд харуулав. Тэгсэн тэр эмэгтэй “би ч бас тийшээ явна. Чи хүсвэл цуг явж болно. Чи гэхдээ наад билет чинь Freiburg руу явж болох эсэхийг асуусан нь дээр.” гэв. Намайг Information Service дээр дахиж очоод байж байтал нөгөө эмэгтэй над дээр хүрч ирснээ “би ерөөсөө чамд тус болохоор шийдлээ. Би асуугаад өгье. Хэрвээ хүсвэл чи бидэнтэй цуг явж болно.” гэв. Тэр эмэгтэй миний билетийг аваад германаар баахан ярьснаа надад “чи энэ билетээр хаашаа явах гэж байгаа аль ч чиглэлийн галт тэрэгэнд сууж болно гэж байна” гэв. Чиглэл хамаарахгүй хүчинтэй билет юм байна л даа. Тэгээд тэр эмэгтэй найз залуу дээрээ ирээд надаас юм уухуу, эсвэл жаахан юм идэх үү гэж асуулаа. Бид нар явж юм идлээ. Тэгэхгүй бол 7 цаг явж байж Freiburg орно. Галт тэргэн дотор идэх юм үнэтэй байдаг гэж байна. Би ч юм хэлсэнгүй. Удалгүй тэр эмэгтэй 3 ундаа барисаар хүрч ирээд надаас дуртайгаа ав гэв. Би алимны ундааг нь сонгов. Удалгүй тэд нар дээшээ шатаар өгсөхөд нь би ч бас дагалаа. Нөгөө олон ачаандаа түүртээд хоцорч яваад урсдаг шатан дээр чемоданаа гараас алдаад баахан түгжрэл үүсгээд яах учраа олохоо болив. Харин тэнд байсан хүмүүс над руу ууртай нүдээр хараад байхаас хэн ч туслахгүй юм. Удалгүй нэг хүн миний нэг үүргэвчийг газраас шүүрээд авав. Нөгөө эмэгтэй маань надад туслахаар ирсэн нь тэр байж. Тэгээд л би талархалаа илэрхийлээд түүнийг дагаад л явж өгөв. Тэгээд удалгүй нэг галт тэрэг ирээд тэрэнд суув. Яараад байсан нь тийм учиртай байж. Тэгэхгүй бол дахиад 1 цаг хүлээх хэрэгтэй болох байсан байх. Тэгээд л 3 уулаа сууж аваад явав. Ингээд анх удаа баахан шар толготой хүмүүсийн дунд ганцаараа ази царайтай суух ямар байдгийг мэдрэв. Хүмүүс над руу их л сонин харах юм. Ази хүн сонин харагддаг юм болов уу. Эсвэл яагаад тэгж хараад байгаам бүү мэд. Манай замын 2 найз нэг их яриа хүмүүс биш байна. Би тэдний байдлаас тэд аялалаас буцаж явааг нь мэдэв. Бас тийм ч их баян хүмүүс биш болохыг анзаарав. Миний ажигласнаар тэр эмэгтэйн найз залуу надад тийм ч таатай биш байгааг гадарлав. Гэхдээ тэр эмэгтэй германаар миний тухай ямар нэг зүйл хэлээд байхыг бодвол гайгүй л хүн байна шдээ, бид туслах хэрэгтэй шд гээд байгаа бололтой. Гэхдээ бидний аялалын төгсгөлд түүний найз залуу надад арай элэгсэг хандаж эхэлсэн юм. Учир нь тэр миний ачаанаас өргөлцөж бас надтай юм яриж эхэлсэн бөгөөд маргааш өглөө нь ч машинаараа хүргэж өгсөн юм. Замд явж байхдаа маш их ядарч нойр хүрээд өөрийн эрхгүй унтаад байлаа. Тэр эмэгтэй маань надад герман зайрмаг авч өгөв. Шоколад нь яг Kinder шоколад шиг амттай юм байна лээ. Замд явж байхад нөгөө эмэгтэй маань надаас хаана хонохыг асуув. Би 1 хоног буудалд хонох хэрэгтэй болсоноо хэлэв. Тэгсэн нэлээн хугацааны дараа надад “бид чамайг 1 хоног гэртээ хонуулахаар шийдлээ. Хэрвээ чамд очих газар, таньдаг хүн байхгүй бол бид чамд ор засаад хонуулъя. Маргааш бид нар хотын төв орно. Тэгэхдээ чамайг Гёте институт дээр хүргэж өгье.” гэв. Эхлээд би жаахан эргэлзсэн. Замын найздаа итгэх үү, эсвэл буудалд хонох уу гэж нэлээн бодов. Гэхдээ хөгшин аавын зөвлөснөөр бол чамд туслъя гэж ирсэн хүнд итгэх хэрэггүй, харин чи өөрөө тусламж гуйсан бол өөр хэрэг” гэж хэлж байсныг бодоод бас дээр нь ийм их ачаатай би гэдэг хүн taxi барихаас өөр замгүй таксинд 10 euro, дээр нь буудлын мөнгө 40 euro төлнө. Дээр нь маргааш нь ч бас нөгөө хэлний курсээ олох гэж бөөн юм болно гэж бодоод зөвшөөрчихөв. Тэр үед ээжийгээ их санав. Би үргэлж ямар нэг шийдвэр гаргахдаа ээжээс асуугаад сурчихсан бололтой. Ээж цуг байвал асуумаар байдаг, эсвэл утас байвал утасдаад асуумаар байдаг. Гэтэл би өөрөө л шийдвэр гаргах хэрэгтэй болоод байдаг. Шийдвэр гаргана гэдэг бас нэг бэрхшээл болов. Ингээд орой 8.30 цагийн үед бид нар Freiburg-д ирлээ. Тэгээд нөгөө 2-ыгоо дагаж явсаар гэрт нь ирэв. Мань 2 хотоос нэлээн зайдуу амьдардаг бололтой. Тэнд манай 2 замын найз маань айлын 1 өрөө байр хөлсөлж амьдардаг юм байна. Ингээд миний таамаг зөв болох нь батлагдлаа. Манай 2 лав л Michael-н олдог хэмжээний мөнгө олдоггүй, германдаа бол ядуу талдаа хүмүүс болох нь тодорхой байлаа. Гэсэн хэдий ч манай 2 надад шпагетти хийж өгөн нэг өрөөндөө орж засч унтуулав. Намайг усанд орж болно. Гэртээ байгаа юм шиг л бай гэж байв. Манай 2-н очихыг хүсдэг газар нь Орос орон байлаа. Орос дуу сонсоно. Оросын тухай их зүйл мэднэ. Орос хэл бас бага зэрэг мэддэг юм байна лээ. Гэсэн хэдий ч орост очиж байгаагүй юм байна лээ. Манай аав, ээж Орост төгссөн гэхээр хөөх, ямар сайхан юм л гэнэ. Намайг яагаад германд сурахаар ирсэн юм бэ гэж асуугаад л байсан. Бас энд байдаг монголчуудыг мэддэг юм байна лээ. Монголчууд фракц байгуулаад шоудаад л явдаг гэж яриж байсан. Монголчуудаа гэж идэж ууж, наргиж цэнгэх, архиддаг, зодолддгоороо алдартай хүмүүс юмуу даа. Маргааш өглөө нь манай 2 найз миний өглөөний цайнд зориулж шинэхэн амттай талхнууд авчирсан байлаа. Мөн надад каппучино хийж өгөв. Дараа нь машинаараа Гёте институт дээр хүргэж өгөв. Тэнд хүрээд хүсвэл манахайхаар зочилж байгаарай гээд явцгаалаа. Гёте институтын хүн намайг их азтай юмаа. Ийм сайхан сэтгэлтэй эмэгтэйтэй тааралддаг гэж хэлж байсан. Тэр ч үнэн шүү. Надад туслах сайхан сэтгэлтэй хүмүүс олдоод л байдаг юм. Дараа хэрвээ монголд явж байхад бас төөрсөн гадаад хүн тааралдвал энэн шиг тусалдгүй юмаа гэхэд очих газраа олж очиход нь чадахаараа туслах хэрэгтэй юм байна даа гэж бодсон.
Тэгээд л би шууд герман хэлний шалгалт өгөв. Тэгээд л шууд хичээлдээ орчирхсон. Цоо шинэ орчин намайг тосч авлаа. Олон орны хүмүүс. Энэтхэг, Танзаниа, Иран, Тайван, Хятад, Итали, Испани, Мексик, Бразил, Азарбейжан, Турк, Сингапур гээд л дэлхийн бараг өнцөг булан бүрээс ирсэн өнгө өнгийн хүмүүс сууж байлаа. Маш сонин байлаа. Анх удаа л ийм олон янзын орноос ирсэн хүмүүстэй цуг суралцаж байна. Тэдний бас олонх нь миний адилаар тэтгэлгээр сурч байгаа хүмүүс байв. Гэхдээ бүгд өөр өөр мэргэжлээр. Энэ хүмүүс дараа нь аягүй бол монгол гэхээр л надаар төсөөлөх байх даа. :-P Сонин юмаа. Би гэж хүн ингээд улсынхаа нэг төлөөлөл болчих гэж... Аль болох л хүний нүдэнд өртөхгүй байхыг хичээдэг хүн чинь.... Kkkk. Юм гэдэг хачин юм даа.
Намайг германаар их сайн зөв дуудлагаар дуудаж байна гэсэн. Аргагүй л дээ. Би муу ч гүй 1 сар сурсан шүү дээ. Мартчихсан л болохоос биш. Гэхдээ л угийн монгол зангаараа залхуураад хялбарчлах аргаа хайгаад багшаас урьтаж хийх гээд л... Тэгсэн манай ангийн гадаад нөхдүүд багшаас асууж байж болно гээд л байх юм. Тэгээд багшаас асуугаад миний зөв байнгуут чи яаж мэдсэн юм гээд л асуугаад байна. Би яахав логикоор бодоод л энэ ингэж байна даа гээд таагаад байгаам чинь. Яг ингэж мэдсэн гэх юмгүй болохоор би зүгээр л тэгж бодсон юм гээд л хэлээд л сууж байна.
Энд янз бүрийн оюутан залуучуудад зориулсан үйл ажиллагаа их болох юмаа. Аялалаар явах, музей үзэх, спорт тэмцээн уралдаан, концерт тоглолт гээд... Их л болдог шиг байгаа юм. Гэхдээ тэрэнд нь орохдоо мөнгөө төлнө л дөө. Бүртгүүлээд оролцдог шиг байгаа юм. Хэрвээ дараагийн удаа Франц, Швейцарь руу аялал зохион байгуулбал оролцоноо. Лав л хамаагүй хямд бас найдвартай болох байх. Би энэ долоо хоногийн сүүлээр Францад байдаг Страссбург хотод Буддистуудын цугларалтанд орохоор явна. Манай байрны эзэн эмэгтэй буддист шашинтай бөгөөд намайг ч бас буддист болохоор хүсвэл дагаад яв гэсэн. Надаас мөнгө авахгүй гэж байна лээ. Хоолны, байрны, бас замын зардлын мөнгө гэж. Цаашаа Парис орж амжихгүй л юм байна лээ. Гэхдээ чадвал тэнд гайгүй хүмүүстэй танилцвал дараа намайг газарчлаад өгөх хүн олдож магадгүй л юм. Тэгээд ч хальт Франц оронтой танилцаад авах боломж гарч байхад алдах хэрэггүй байх гэж бодож байна.

3 comments:

Anonymous said...

kkk, sain baina, Egchiin duu.

Duugee sain siahan yavaag duulahad ih saihan baina. Amjilt huseye. Good luck!

Bulgaa : ) said...

hi blogoor chin zochilson chin ih talagdla. bi bas germand suraltsahig hvsdeg tm-s chamas zarim heregtei medellig asuj todrulah gsima id-ga ogch bolhuu?

Tserenpil said...

Сайн уу, Булгаа.
Миний блогоор зочилсонд баярлалаа. Хэрвээ чамд хэрэгтэй мэдээлэл миний мэдэх зүйл байвал дуртайяа хариулахад бэлэн байна. ;) My Yahoo id: emerald_486