Wednesday, March 14, 2007

Uhel ba amidraliin tuhai heden ug

Үхэл гэж юу вэ?

Би үхэл гэдгийн талаар хүмүүсийн тогтсон ойлголтоос арай өөр бодолтой байдаг л даа. Үүнээсээ хуваалцая гэж бодлоо.
Үхэл бол төгсгөл биш харин эхлэл юм. Death is not only end of the life, also beginning of another life.
Бид зөвхөн хоол идэж байж хоолноос энерги олж авдаг хэрэг биш юм. Бид өөрсдөө нэг төрлийн энергийн эх үүсвэр. Тухайлбал бид ямар нэг зүйл бодохын тулд заавал хоол идэх хэрэгтэй байдаг гэж үү? Бидний бодол санааны зарим хэсэг, сэтгэл энэ "энергиэс" үүдэлтэй. Өөрөөр хэлбэл бид хоол тэжээл, өөр бусад зүйлээс олж чадахгүй тийм зүйлийг бий болгож амьдардаг билээ. Энэ л бидний амьдралын эх үүсвэр болдог юм. Нөгөө талаас та бүхэн нэг зүйлийг мэднэ дээ. Энерги устаж үгүй болдоггүй, шинээр бий болдоггүй, нэгээс нөгөө хэлбэр лүү шилжиж байдаг. Энэ хууль бидний хувьд ч хүчинтэй байдаг. Гэхдээ бас нэг зүйл бас бий. Зарим тохиолдолд энерги дахин хуучин хэлбэр лүүгээ хэзээ ч хувирч чадахааргүй болдог. Тухайлбал, хоол хийж байгаад шатаачихвал хоолоо шатсан хүнсний бүтээгдэхүүнээр дахин хийж чадахгүй билээ.
Энергийн зарим хэсэг дулаан болж задардгийг бас мэднэ биз дээ. Энерги яг "бүхэл" хэвээрээ дараагийн хэлбэр лүү чадахгүй замдаа сарниж өөр зүйлд шингэдэг. Ийм ч учраас бид "өмнөх" амьдралынхаа талаар юу ч санадаггүй хэрэг. Гэхдээ сарнилт багатай, өөрөөр хэлбэл нэлээн хүчтэй энерги сарнилт багатай байж дараагийн хэлбэр лүүгээ бүтнээрээ биш ч нэлээн хэсгээ хадгалсан хэвээр шилжих боломжтой. Гайхалтай авяаслаг, суут хүмүүс жаахан байхаасаа л авъяас нь харагдаж эхэлдэг нь үүнтэй холбоотой болов уу.
Тэгэхээр бид өөрсдөө нэгэн төрлийн энергийн үүсгүүр юм бол хүссэнээрээ өөрсдийгөө "төгөлдөржүүлж" болох нь гэж асуувал чинь би тийм гэж хариулъя. Харин үүний тулд маш их тэвчээр, хичээл зүтгэл хэрэгтэй. Ганцхан зүйл л таны энэ их хөдөлмөрийг сөнөөж чадна. Энэ бол та өөрөө, хувь заяаныхаа эзэн та өөрөө юм. Таны хэн байх, ямар харагдах, мэдлэг боловсролын түвшин хэр байх, гарал үүслээс үл хамааран энэ хууль хүчинтэй бөгөөд цаг ямагт сонголт таны гарт байж бүх амьдралаа та өөрөө захирдаг гэдгийг бүү мартаарай. Үүнийг үхэл ч салгаж авч чадахгүй. Өөр хэн ч таныг эзэмшиж чадахгүй. Ганцхан хүн дэлхийг өөрчилөхөд хангалттай. Та хэний ч боол биш, хэрвээ та боол бол зөвхөн өөрийнхөө боол, та эзэн бол (та захирал байх үүнд огт хамаагүй) зөвхөн өөрийнхөө эзэн, өөр хэний ч эзэн биш. Энэ хорвоогоос АМЬДРАЛЫН танд олгосон цорын ганц зүйл бол зөвхөн таны бие л юм. Та өөр юутай ч энэ хорвоод ирсэнгүй. Таны өмссөн хувцас, эдэлж хэрэглэж байгаа бүхэн, тэр байтугай таны найз нөхөд, гэр бүл, нэр алдар, мөнгө, гоо үзэсгэлэн ч таных биш хэзээ ч таных болохгүй тийм зүйлүүд юм. Энэ бол амьдралын, үхлийн үнэн нүүр царай билээ.
Үхэл хүмүүсийн төсөөлдөг шиг яг унтаж байгаа юм шиг харанхуй байдаггүй. Эхэн үедээ тэгж санагдах боловч аяандаа тийм биш гэдгийг ойлгох болно. Ер нь ямар нэг өвчнийг мэдрэхгүй, их хөнгөн болсон юм шиг санагдаж болно. Их зовж үхсэн бол энэ байдал нь таалагдаж болно л доо. Гэхдээ энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй. Учир зарим зүйлийг мэдэрсээр байх болно. Уйлж чадахгүй ч сэтгэл шаналж, айдас хүйдэт автаж, урьд төсөөлж байгаагүй зүйлүүдтэй тааралдахын хэрээр улам хэцүү санагдана. Бодож сэтгэж чадах авч юу болоод байгааг ойлгохгүй, ямар нэг хэсэг зүйлээ алдсан мэт санагдан, бодож сэтгэхэд ч хүндрэлтэй, их хэцүү байх болно. Ямартаа ч амьд байсан шигээ сэтгэж чадахгүй. Хэрвээ аз таарвал хэн нэгэн туслахаар ирэх байх. Гэхдээ тэр маш учир битүүлэг, шаналал зовлонгоор дүүрэн, хоосон юм шиг, өрөвдсөн ч юм шиг харцаар харах болно доо. Тэр нэг их зүйл ярихгүй. Магадгүй их л сайндаа ганц хоёр үг хэлэх байх. Гэхдээ та түүний үгийг сонсох биш мэдэрч л чадна. Та өөрөө ч ярьж чадахгүй. Бас сонсож ч чадахгүй. Хэрвээ азгүй байвал юу ч харж чадахгүй ёстой пад ханхуй дундуур юу хийгээд хаашаа яваад байгаагаа ч ойлгохгүй тэмтчиж өгнө дөө.
Үхэл зарим хүнд аймшигтай, заримд нь боломжийн, заримд нь таалагдаж ч магадгүй. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн энэ нь бурхан ч бай, чөтгөр ч бай танаар тоглоод, эсвэл сориод, шийтгээд байгаа хэрэг огтхон ч биш. ГОЛ БУРУУТАН НЬ ТА ӨӨРӨӨ. ӨӨР ХЭН Ч БИШ. Амьдрал дээр ч бас яг ийм байдаг юм. Бурхан байдаг ч бай байхгүй ч бай тэр таныг хэзээ ч зовоохыг хүсдэггүй. Тийм учраас зовж, хэцүү амьдрал туулж байхдаа (гуйя) хэнийг ч буруутгахыг хэрэггүй. Хүмүүс бүр болохгүй бол (буруутан болдохгүй бол) бурхан ч юмуу чөтгөрийг буруутгадаг. Та одоо энэ ямар тэнэг хэрэг болохыг ойлгосон байх. Би ч бас заримдаа тэгдэг л дээ. Гэхдээ дор хаяж энэ тэнэг хэрэг гэдгийг ойлгодог болсон учраас аль болохоор энэ тэнэглэлийг удаан үргэлжлүүлэхийг хүсдэггүй. Би ч бас хүн. Тийм ч учраас бас тэнэг зүйл хийдэг. Би өөрийгөө их юм мэддэг ухаантан гэж бодохыг хүсдэггүй биш, харин айдаг. Энэ бүхэн тэнэг бодлууд өөр хэнийг ч биш намайг хорлох учраас тэр.
Та өөрийнхөө амьдралыг хэдээр худалдаж чадах вэ? Би ч мөн таны адил. Элдэв ёс суртахуун, харилцааны соёл ч гэх шиг зүйл бидний бүтээсэн инээдэмтэй ертөнцөд хүчин төгөлдөр байдаг. Та монголд монгол хэлээр ярих боловч өөр оронд тухайн орны хэлээр ярьж хуулийг нь дагах хэрэгтэй болдогтой л адил. Гэтэл бидний дотор тэр сайхан ёс суртахуун чинь хаана байнаа? Байгаа гэж та хэлэх үү? Тэгвэл би зоригтойгоор үгүй гэж хэлнэ. Бид өөрсдийгөө өндөр ёс суртахуунт, ухаант амьтан хэмээн нэрийдэж үүндээ итгэсэн болохоор тэр. Дэлхийн дайны үед хүмүүс өөрсдийн үнэн дүр төрхөө харуулж байсан учраас энгийн ард иргэд хүртэл хатсан талхны хэлтэрхий олж идэхийн тулд бие биенээ алж байсан бус уу. Тэр үед хорих лагерьт байсан хүмүүсийн хувьд ч аавийнх нь, найзынх нь амь талхны үртэснээс хямдхан байсан бус уу. Тэр гайхалтай ёс суртахуун хайр хаачсан юм бол? Унтаж байсан юм байхдаа. Үе үеийн хэрцгий хүмүүс аймшигтай байлаа ч энэ зан чанар бидний дотор утарсан галт уул адил оршсоор байгаа бус уу. Бид хэн бэ? Үүнийг олж мэдсэний дараа хайр сэтгэл, аз жаргалын талаар ярьж болноо. Үүний наана миний мэдэж байгаа зүйл бол "бид бол бурхан ч, чөтгөр нь ч". Гайхалтай биш гэж үү. Миний хамгийн гайхдаг зүйл бол биднийг хүрээлэн буй ертөнцөд сайн муу зэрэгцэн байдаг нь. Хамгийн гол энэ нь бүр нэгэн үндэснээс салаалан ургасан байдаг нь. Огт тэс ондоо мөртлөө хэзээ ч түлхэлцэлгүй нэгэн дор оршдог нь. Хүнд байдаг сайн, муу чанар нь хүртэл тус бүрдээ энэ шинжийг агуулсан байдаг нь. Жишээ нь, бардам байх нь сайн уу муу юу? Хүн бардам байснаар олж авах зүйл байх боловч алдах нь ч бас бий. Тэгвэл алуурчдын хувьд, тэд зарим талаар буянтай зүйл хийж байна гэвэл та намайг солиорчээ гэж хэлэх байх л даа. Чоныг бид юу гэдэг билээ? Сүргийн хамгийн сул дорой, өвчтэйг барьж идэж сүрэгийг цэвэрлэдэг гэдэг байхаа. Хүмүүн бид бие биендээ араатан юм биш үү? Амьрал бидний боддогоос огт өөр байдгийг арай өөр өнцгөөс харсан гэж найднам.
Та олж авч байгаа зүйлийнхээ төлөө хэр их зүйл өгч байгаа бол. Магадгүй хэтэрхий ихийг, хэзээ ч эргүүлэн авч чадахгүй, бусдаас хайгаад ч олохгүй зүйлээ өгч байгаа юм биш биз?

No comments: