Wednesday, April 13, 2011

Хөгжил юунаас эхэлдэг вэ?

Өнгөрсөн долоо хоногт тун зав муутай байлаа. Энэ 7 хоногоос даалгавар овоо гайгүй болох төлөвтэй. Гэхдээ өчигдөр шөнөжин суугаад шөнийн 3.45 цагийн үед л орондоо орох шиг болсон. Өнөөдөр бас л өөр нэг даалгавраа нухсаар өдөржин сургууль дээр өнжөөд орой 9 болох дөхөж байхад гэрийн бараа харах шив. Гэхдээ хэнийгээ буруутгахав. Цагийг нь тулгаж байж хийдэг зангаа л буруутгаж суухаас. :-P

Гэхдээ бас муугүй ээ. Өнөөдөр хийсэн даалгавраа бол 3 цаг хагас орчим хугацаанд хийж дуусгасан. Энэ чинь миний хувьд рекорд байхгүй юу. Би иймэрхүү докунмэнт бичих даалгаврыг бол их л хурданаар бодоход 6 цаг сууж байж дуусгадаг юм. Ганц дан бичээд суухгүй, хажуугаар нь ном нтр хайж, интернэт ухаж, мэдээлэл цуглуулаад, эхлээд юу хийх гээд байгаагаа ойлгоод, дээр нь бас хажуудаа словарь нтр барьж байгаад бичдэг байхгүй юу. Миний англи хэл үнэхээр муу байнаа. Нэг өгүүлбэр бичих гэж бараг 10 мин болно гэж. Кэцүү кэцүү.

Энэ ч бас гайгүй. Герман хэл дээр испани хэл сурах гэж бас л нусаа хацартаа нааж байна. Санасныг бодвол амаргүй юмаа. Багш нэг юм асуухаар нь хариулахын тулд толгойн дотроо германаас монгол руу орчуулаад, буцаагаад испани руу орчуулах гэж оролдох үнэхээр амаргүй ажил байна. Бодсоор байтал намайг юу ч ойлгоогүй, мэдэхгүй байна гээд л бодчихож байгаа юм чинь. Амьхандаа л ихээхэн давтаж ирсэн байдаг, нөгөөх нь.


За одоохондоо нэг ном 5 дахь өдөр хүртэл унших даалгавар, 4 дэхэд proposal бичих даалгавраас өөр юм алга байгаа дээр нь өнгөрсөн хагас сайнд хотын номын санд суухад бодогдсон зүйлийн талаах бичье.

Санаа нь бол их энгийн. "Хөгжил юунаас эхэлдэг вэ?" 
Хотын номын санд үнэгүй 1 сар үйлчлүүлэх эрхээ эдлэхээр өнгөрсөн хагас сайнд тийшээ очсон юм. Хамгийн ихээр анхаарал татсан зүйл бол тэнд байсан ном зээлээр авах болон авсан номоо эргүүлж өгөх зориулалтай машинууд юм. Нэг иймэрхүү машинууд зэрэгцүүлээд тавьчихсан байсан:
Source:[ http://www.ruhrnachrichten.de/]
Номнуудаа нэг нэгээр тавихаар автоматаар хэр удаан зээлж болох хугацаатай нь, номынх нэртэй нь цуг электрон үнэмлэхэнд хадгалаад байгаа юм л даа. Нэг ном уншуулахад 1 сек-с ихгүй хугацаа л орж байсан. Их хурдан, шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ юм даа.
Номоо буцааж өгөхдөө арай өөр машин дээр очоод номуудаа нэг нэгээр нь хийгээд л болоо. Ямар ч чирэгдэл, очир хүлээж цаг алдах хэрэггүй.

Энэ нэг ёсондоо хөгжлийн түвшинг харуулж байгаа нэг үзүүлэлт гэж би хувьдаа дүгнэсэн. Сургуулийн номын сан болохоор ийм машин хэрэглэдэггүй. Бар код уншигч ашигладаг юм. Тэр ч бас хурдан шуурхай үйлчилгээ. Гэхдээ хотын номын сангийн энэ автоматууд надад их таалагдсан. Эхлээд их гайхсан л даа. Энэ нөхөр машинууд яаж энэ номуудыг таниад байгаа хэрэг вэ гэж бодсон. Тэгээд номнуудыг ажиглаад явтал ихэнх нь ардаа баркодтой байсан юм. Тэгэхээр баркодыг нь уншдаг юм болов уу гэж бодов. Тэгсэн баркодгүй нь ч бас юм. Тэгээд л эргүүлж тойруулж үзэж байгаад учрыг нь олов. Нөгөө номнууд бүгд арын хавтасны дотор талд цагаан өнгийн туузтай байв. Намайг гайхшруулсан зүйл ердөө л ийм энгийн зүйл байсан байх нь байж шүү дээ гэж бодогдсон. Хар ухаанаар бодоход л тэрхүү автоматууд яаж ажилладагыг ойлгож болохоор тийм энгийн аж.
Нэг үг байдаг даа. Хамгийн агуу зүйл хамгийн энгийн зүйл байдаг гэж. Тэгвэл ийм хурдан шуурхай чирэгдэлгүй үйлчилгээ ийм хямдхан үнээр бий болдог аж.
Хэрвээ эргэн тойрны олон зүйлүүдийг энэ мэтээр ажиглаад яваад байвал энэ бүхний цаана тун айхтар бодож олсон олон ийм энгийн хирнээ ухаалаг шийдлүүдийг олж харж болохоор байгаа юм.

Тэгэхээр хөгжил гэдэг зүйл ийм энгийн зүйлд л байдаг байх нь.

Бас өөр нэгэн энгийн жишээ.
Source: [http://ecx.images-amazon.com/]
Энэ бол бидний мэдэх энгийн л нэг шалны мод. Гэхдээ энэ энгийн зүйлд олон энгийн хирнээ авууштай шинжүүд бий. Жишээ нь,
  • Мэдээж тонгойн газар мөлхөж шал угаагаас хамаагүй хурдан
  • Иш нь хэд угаараа эргэдэг учраас өрөөний булан тохой зэргийг угаахад ямар ч асуудалгүй
  • Алчуур нь тусгай microfaser гэж нэрлэгддэг өвөрмөц материалаар хийгдсэн болохоор шалны хир, тоос тортгыг маш сайн арилгадаг
  • Мушгих гэж хамаг гарынхаа арьсыг хуулах шахах шаардлагагүй
  • Иш нь 2 дахин сунадаг болохоор тавилганы доогуурх шалыг угаах гэж хамаг тавилгаа нааш цааш хөдөлгөх шаардлагагүй
  • Шалны алчуурыг модноос нь салгах их амархан. Хөлөөрөө тэр хар дөрвөлжин "кноп" дээр гишгээд болоо.
Тун хялбархан бүтэцтэй энэ эдэд ийм олон авууштай талууд байгаа юм. Энэ шалны модыг жишээ авсан шалтгаан нь манайх "гэртээ" нэгийг хэрэглэдэг болохоор л тэр. Амьдралд ойр нэгэн жишээ.

Өөр зөндөө олон жишээ дурдаж болох ч гэсэн үүгээр би "ХӨГЖИЛ ГЭДЭГ МАШ ЭНГИЙН ЗҮЙЛЭЭС ЭХЭЛДЭГ ЮМ БАЙНА ШҮҮ" гэдгийг л харуулах гэсэн юм.

Нийтлэлийн эхэнд асуугаад орхисон асуултандаа орьё. Ийм энгийн зүйлийг хэн ч бодоод олж болохоор. Гэхдээ шийдэл гэдэг зүйл түүнийг эрж хайгаагүй байгаа цагт харагддаггүй онцлогтой.

Тэгэхээр хөгжил гэдэг бол аливаа улс орон хэр ухаантайг илэрхийлдэггүй. Харин тэдний хэр их зөв шийдлийг эрж хайдаг хүмүүс вэ гэдгийг илэрхийлдэг. Хамгийн энгийнээр хувь хүний хөгжлийг л аваад үзье. Эргэн тойрны найз нөхөд, ах дүү, таньдаг хүмүүсийнхээ тухай бодоод үз. Би л гэхэд "толгой сайтай хүмүүс болгон тэр хэрээр бодож байсан шиг минь сайн явж байхыг үзсэнгүй. Харин тийм сурлага сайтай байгаагүй ч сайн сайхан амьдраад явж байгаа хүмүүс байх юм." гэж хэлэх маш олон хүнтэй таарч байсан. Би ч үүнтэй санал нийлнэ. Хэрвээ зүгээр л хүн дээр л ажиглавал амьдралдаа арчаатай, сүйхээтэй, бизнэс ухаантай (ө.х наймааны ухаантай) эсвэл дундаас дээш боловсролгүй боловч авъяас чадварынхаа хүчээр хангалуун амьдарч яваа гээд боловсрол, толгой сайтай биш ч сайхан амьдарч олон хүний жишээг харж болно. Өөр өөр мэргэжлийн, өөр түвшний боловсролтой байсан ч хангалуун сайхан амьдарч байгаа тэр бүх хүмүүст нэг л нийтлэг шинж байдаг. Үүнтэй адил улс оронд ч бас ийм нэгэн нийтлэг шинж байдаг аж. Тэр нь юу гэвэл тэдгээр хүмүүс хэзээ ч нэг байрандаа удаан байдаггүй. Тэд үргэлж шинэ зүйлийг эрж хайж, байнга өөрчлөлтийг хийж байдаг хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, ажилсаг хүмүүс юм.

Өндөр хөгжилтэй оронд ч өөрчлөн сайжруулах шаардлагатай зүйлүүд бас байдаг аж. Сонин байгаа биз. Хэхэ.
Манайд орж байгаа нэг хичээл дээр манай профессор биднээс нэгэн тун өвөрмөц даалгавар гүйцэтгэхийг санал болгосон юм. Тэр нь юу вэ гэвэл, жил ирэх тусам оюутнуудын чадвар улам бүр муудаж байгаа гэнэ. Манайд ч бас иймэрхүү асуудал байгаа тухай сонсч байсан юм байна. Энэ асуудал хаа сайгүй байгаа гэнэ. Америк, Канад, Австралид хүртэл ийм асуудал байгаа гэнэ. Оюутнуудын дундажаас дээш сайчуудын эзлэх хэмжээ жил ирэх бүр тодорхой хувиар буурч байгаа гэнэ. Оюутнуудын чадвар, потенциал муудсанаас болоод инженерийн салбарт элсэгчдийн ерөнхий тоо хэмжээ муудаад тэр хэрээр өөрчлөх шаардлагатай олон асуудал ар араасаа гарч ирж байгаа гэнэ. Оюутнуудын ихэнх нь бизнесийн удирдлагаар сурах илүү сонирхолтой байдаг гэнэ. Энэ нь нэг талаас энэ мэргэжлийн хүмүүс имиж (i.e офис маягаар хувцаслах), нэр хүнд, мөнгө хурдан олдог, сурахад хялбар зэрэг шалтгаанаас болдог гэнэ. Герман орны хувьд бүх төрлийн инженерийн салбар нь дэлхийд маш алдартай, инженерүүд дэлхийн хаана ч өндрөөр үнэлэгддэг мэргэжилтнүүд байдаг боловч нөгөө талаасаа яг энэ байдлаас нь болоод оюутан, сурагч нар "айгаад" элсдэггүй гэнэ.
Тэгээд биднийг "програм хангамжийн инженер" гэсэн нэртэй энэхүү ангийн нэрийг яаж инженер гэсэн үгийг оруулахгүйгээр эвтэйхэн өөрчилөх вэ, нөгөө талаас баклаврын "програм хангамжийн инженер" ангийн кирикклюмыг хэрхэн сурагч нарын анхаарал сонирхолыг татахаар болгож өөрчлөх вэ гэдэг тал дээр сайтар бодолцоод зарим нэг аргачлал боловсруул гэсэн юм. Хэрвээ бидний санаа үнэхээр сонирхол татахуйц бөгөөд хэрэгжих боломжтой бол үүнийг бодитоор бүх төлөвлөгөө, менежментийг нь гаргаад бодитоор амьдрал дээр хэрэгжүүлж эхлэх юм. Нэг талаасаа бидэнд маш том хичээл, туршлага болох боловч нөгөө талаасаа маш том эрсдэл дагуулж байгаа үйл ажиллагаа байгаа биз. Бидэнд бол ямар ч алдагдалгүй зүйл боловч манай деканы хувьд нэлээн хариуцлагатай үйл ажиллагаа болох юм л даа.
Нэг ийм маш сонирхолтой ажил хийх гэж байгаа юм даа. Тэгээд би энэ бүх оюутнуудад хийсэн судалгааны дүгнэлтүүдийн талаар сонсож суухдаа "Өндөр хөгжилтэй оронд ч бас сайжруулах асуудал санаснаас олон байдаг байх нь ээ" гэж бодож суусан юм. Энэ бодол дээр үндэслээд өнөөдөр энэхүү нийтлэлийг бичихээр шийдсэн минь энэ.

Эцэст нь, заавал нэг зүйлийг хэлмээр байна.

"Асуулт тавих нь зөв хариултыг олохын үндэс. Зөв хариулт зөв шийдэлд хүргэж, зөв шийдэл илүү дээр нөхцөл байдал, илүү сайхан амьдрал бий болгох үндэс болдог.
Шалтгааныг олж харж чадвал нөхцөл байдлаа өөрчлөх замыг мөн олж харж чадна. Шалтгааныг олж харах арга зам бол асуулт тавих юм"

Учир шалтгаангүйгээр аливаад шууд үнэмшиж, итгэхээсээ өмнө "яагаад би үүнд итгэх ёстой вэ? энэ яагаад ийм байна? ийм байдлыг юу бий болгож байна? яаж үүнийг бий болгох вэ?" гэж бодож явбал гарцаагүй арга зам олдож, монголын залуучууд яг ингэж бодож чадаж байвал бид гарцаагүй хөгжинө. Энэ бол гарцаагүй хөгжлийн эхлэл. Ердөө л аргачлал, харах өнцөгөө өөрчилж чадвал боломж гарцаагүй байж л байгаа.

1 comment:

Peta said...

Tuhlan suugaad unshiv, hicheej zutgej baigaa hunii taller unshij durtaildaa,bi ooroo togtvortoi suuj garaasaa yum gargaj chadku l bn..gehdee hicheenee