Friday, June 22, 2007

Дүн

Орчин үеийн Монгол залуучууд, охид, хөвгүүд маань хэтэрхий залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон гээд л хүн болгон л шүүмжлэх болсон цаг. Угтаа Монголчууд маань тийм аймаар дарлал мөлжлөг, зовлонг амсалгүй ёстой уудам тал хөндийдөө дураараа өссөн ард түмэн билээ. Үүний нэгээхэн хэсэг нь өнөөгийн бидний залуучууд. Угтаа бол омголон, бардам гал шиг цог хийморьтой Монголчуудын энэ хэт их хөөргөн занг нь заримдаа буулган, газардуулж байх хэрэгтэй байдаг. Гэтэл зах зээл гээч зүйл манай оронд морилон ирэх үед бараг л айл болгоны эцэг эх нь ангаахай мэт хэдэн хүүхдээ тэжээхийн тулд наймаанд явж, хүний нутагт ажил хийх болсноор хэдэн халтар хүүхдүүд нь харах хандах хүнгүй "эзэнгүй" шахам хоцорсоноор нөхдүүд ёстой дураараа доргиж, газарт нь буулгаж ирж хэдэн гурван үг дуулгадаг алган боовны амт үзүүлдэг эцэг эх байхгүй юм чинь юу дуртайгаа хийж эхлэнэ биз дээ. Ядаж байхад эмээ өвөөгийн үгэнд орохгүй, элэг бариад л эсвэл цаадуул нь бүр эрхлүүлээд л. Тэгээд л эцэг эх нь идэх хоол, өмсөх хувцасыг нь аваад ирнэ. Санаа зовох юмгүй юу дуртайгаа хийсээр өнөөгийн манай залуучуудын дүр төрх бүрэлдэж байгаа юм даа яахав тэгээд. Үүнд хэнийгээ ч, юугаа ч буруутгахав даа. Гэхдээ хараахан бүгд ч бас иймэрхүү дүр төрхийг бүрэлдүүлээд байгаа хэрэг биш л дээ. Жаахан юм хийе гэсэн сэтгэлтэй, зүрхтэй нөхдүүдийн хүч хөдөлмөрийг зөв үнэлээд ажилуулахгүй, дэмжихгүй байгаа болохоор зарим нь энд байх сонирхолгүй байх шиг. Хичнээн хичээгээд, зүтгээд мянга чадвартай байлаа гээд манайд чинь мөнгөтэй нь дээшээ явдаг хорвоо юм хойно ямар ч нэмэр тусгүй л байна даа. Жаахаан сэргэлэн нь бусад мангуунуудаа маллаж байгаад жаахан юм саагаад л өөрсдийгөө болгочихоо аядана. Иймэрхүү л залуучуудын төрх дөө. Үлдсэн хэсэг нь ёстой л хаа хамаагүй зүүд зэрэглээнд л найдаж амьдарч байх шиг.

За за тэгэхээр би энд манай нийтлэг оюутан, сурагч нарт ажиглагддаг нэг зүйлийн талаар бичих гэсэн юм. Энэ нь юу вэ гэвэл дүн гээч гайхал. Багш нарыг хамгийн их авилгач гэж байгаа. Гэхдээ сонирхолтой нь авилгал гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхөөр барахгүй бүр зайлшгүй байх ёстой зүйл гэж үздэг хүмүүс нэг биш нэлээд байдаг юм байна лээ. Мэдээж багшийг авилгадах цорын ганц гол шалтгаан бол дүн шив дээ. Бүр зарим тохиолдолд ханш энэ тэр байдаг гэж байгаа.
Гэхдээ эдгээр хүмүүс яагаад энэ дүн хэмээгч тоо, үсэгийн төлөө ингэтлээ зүтгээд байгаа хэрэг вэ. Энэ тийм чухал үнэ цэнэтэй зүйл үү, аан? Надад бол тийм чухал зүйл мэт санагдахгүй л байна. Үнэндээ бол энэ дүн хэмээгч нь хүний тодорхой мэдлэг, чадварыг үнэлэхэд зориулсан үнэлгээний нэг хэлбэр л дээ. Мэдээж цорын ганц арга биш. Зарим талаар маш өрөөсгөл, хүний чадварыг зөв үнэлж чаддаггүй хэрэгсэл юм. Би үүнийг яагаад тийм чухал биш, үүний төлөө хөлөө хугалчих гэж гүйж, багш нарын урдуур хойгуур гүйгээд, илүү дүн авсан нэгэнтэйгээ барьцаж хэрүүл хийгээд гүйгээд байсны хэрэггүй гээд байгаагийн нэг шалтгаан нь энэ юм. Би энд нэг жишээ дурьдая л даа. Бага байхад эцэг эхчүүд хүүхдээ онц сурхад нь их л магтаж, муу сурж байгаагаа болохоор түүн шиг сураач, эрүүл эрхтэн бүтэн атлаа гээд л загнаад байгааг нь харахад дүн их чухал зүйл шиг санагдаж онц сурахыг их хичээдэг байсан санагдана. Гэвч дараа нь жаахан том болсон хойноо томчуудын "ер нь тэгээд онц сурдаг хүүхэд болгон сайн яваад байдаггүй л юм. зарим маш муу сурдаг байсан хүүхдүүд онц сурдаг байсан хүүхдүүдээсээ илүү сайн ажил хийж сайхан амьдарч байдаг л юм. хүнд бас амьдралаа авч явах чадвар гэж байдаг бололтой" гэж ярихыг сонсоод заавал онц сурах гээд байсны хэрэггүй л юм байна гэж бодогдож байсан. Харин одоо бол учрыг нь бага ч гэсэн ойлгож байх шиг байна. Хэрвээ та одоо оюутан бол танд дунд сургуулийн дүнгүүд чинь хэр их хэрэг болж байна гэж асуумаар байна, хэрвээ та их сургуулаа дүүргээд ажиллаж байгаа бол танд их сургуулийн дүн чинь ажлаа хийхэд чинь хэр их тусалж байна гэж асуумаар байна. Зарим нэг онцгой тохиолдолыг жишээ нь та цааш үргэлжлүүлэн сурах сонирхолтой ч юмуу ажилд орох үед энэ дүнгүүд хэрэг болж байгаа байх л даа. Гэхдээ нэг хэдэн жил болоод туршлагажаад хүмүүс таныг мэддэг болоод үнэлээд ирэхээр энэ дүнгүүд нэг их ашиг тусаа өгөхөө болиод ирж байгаа биз дээ. Анх оюутан болж орж ирж байхад атестатны дүн гэдэг зүйл их зүйл шийдээд байх шиг санагдаж байсан. Энэ их мундаг онц сурлагатангуудын дунд яаж сурна даа гэ айж байсан л даа. Гэхдээ хэсэг хугацааны дараа энэ дүн огт хэрэггүй шахам зүйл болж хувираад, биднийг дунд сургуульд хэд сурч байснаар нь биш одоо их сургуульд ямар сурч байгаагаар нь дүгнэж эхэлсэн. Бид дунд сугуульд хэд сурч байсан нь огт хамаагүй нарийн яривал 10-р ангиа төгссөн эсэх нь ч огт хамааралгүйгээр бид ерөнхийдөө нэг гараанаас гүйх эрхтэй болсон гэх үү дээ. Ер нь дунд сургуулийн дүгнэдэг зарчмаас арай өөр маягаар дүгнэгдээд л... Гэхдээ энэ бол хараахан бүх зүйл үнэн зөв шударга дүгнэгддэг гэсэн үг биш л дээ. Ер нь дүнм бол багшийн үнэлэмжээр тавигддаг эд л дээ. Хэдий чинээ сайн харагдаж, өөрийгөө муугүй гэдгээ харуулж чадна төдий хэрээр сайн дүгнэгдэнэ гэсэн үг. Угтаа чи өөрөө хичнээн гайгүй сайн мэддэг байлаа ч үүнийгээ багшдаа мэдрүүлж чадахгүй бол авах ёстой дүнгээсээ доогуур л үнэлэгдэнэ гэсэн үг. Энэ тохиолдолд "дүнгийн төлөө" гүйх хэрэгтэй. Гэхдээ яг ч дүнгийн төлөө биш илүү бодитой дүгнэгдэхийн тулд гэхүү дээ. Зарим хүмүүч онолыг ойлгохдоо муу боловч практик дээр хийвэл илүү сайн ойлгож, сайн ойлгодог хүмүүс байдаг. Ийм хүмүүс онолдоо сайн нөхдөөс илүү хурдан ахиж дэвших боломжтой байдаг гэхүү дээ. Тэдний хувьд чадварыг нь гүйцэд үнэлнэ гэдэг их хэцүү байх нь мэдээж.
Харин сургуульд дүн авах гэж л сурдаг нөхдүүд. Сургуулиас гарахдаа сайн дүнтэй цааснаас өөр юм өвөртөлж гарахыг хүсдэггүй хүмүүс бол ёстой нөгөө бэлэн хоолны хүүхдүүд байхгүй юу. Хэдхэн онооны төлөө үхчих шахан хэрүүл хийж, тэр надаас муу мөртөө надаас илүү авсан байна энээ тэрээ гэж гүйдэг эсвэл эцэг эх танил тал, мөнгөний хүчээр асуудлаа шийдвэрлэдэг нөхдүүд тэр гоё хавцастай, ирийтэл худлаа мөртөө сайхан дүн өрүүлсэн цаасаараа юу хийх гэж байгаа юм бол доо. Түүнийгээ томоо гээчийн гоё жаазанд хийгээд ханан дээрээ хадах гэсэн юм байх даа.

Дүн гэдэг чинь тийм үнэ цэнэтэй зүйл биш шүү дээ. Аливаа зүйл хэдий хэр хөлс урсган, хэдий үнээр олж авсан төдий хэрээр үнэ цэнээ эзэндээ харуулдаг юм ш дээ. Хэдий их хичээл зүтгэл гаргана тэр хэрээр урагш ахин амжилт гаргадаг юм шүү дээ. Хэдий амар хялбар аргаар орж ирнэ төдий хэрээр хурдан замхран алга болж төдий хэрээрээ үнэ цэнэгүй байдаг юм. Яг адилхан 100 А гэж тавиулсан мөртлөө тэр хоёр оюутны, эсвэл сурагчийн гарасан сэтгэл, зүтгэл, урсгасан хөлс өөр байдаг юм. Та яг л адилхан дүн шд ялгаа байхгүй гэж хэлэх л байх л даа. Тэгвэл та эндүүрч. Хүч хөдөлмөр гаргасан нь ийм дүн авах ямар байдгийг сэтгэл тэнүүн мэдэрч жаргалтай, бас бардамаар нүүр дүүрэн инээж чаддаг юм. Бас гаргасан хүч хөдөлмөрийнхөө хэрээр амжилтанд хүрсэн байдаг. Харин нөгөөх нь хэзээ ч энэ жаргалыг мэдэрч чадахгүй. АЛИВАА ЗҮЙЛИЙГ ТА ОЛОХЫН ТУЛД ХЭР ИХИЙГ ТӨЛСӨН ТЭР ҮНЭЭР ТЭР ЗҮЙЛИЙН ҮНЭ ЦЭНЭ ТОДОРХОЙЛОГДОНО. ТЭР ҮНЭ Ч ХЭВЭЭРЭЭ ХАДГАЛАГДДАГ. Та магад хэсэг зуур ингэж баярлалаа гээд ямар жаргалтай болох биш баян болох биш гэж хэлэх байх л даа. ГЭХДЭЭ БИД ЭНЭ ЖАРГАЛТАЙ ХЭДХЭН ХОРМЫН ТӨЛӨӨ Л АМЬДАРДАГ ЮМ. Энэ хэсэгхэн хором биднийг жаргалтай болгож бидний амьдралыг чимэглэж байдаг юм даа.

Та зүгээр л төсөөл дөө. Тамирчид олон улсын томоохон тэмцээнүүд цаашлаад дэлхийн аваргын тэмцээнд орохын тулд, хэсэгхэн хором өөрийн хийж чадах бүхнээ харуулахын тулд хичнээн их хүч хөдөлмөр, мөнгө, цаг хугацааг зарцуулдагийг бодоод үз. Тэр хэсэгхэн хормын төлөө шүү дээ. Тамирчин хүний амжилт, тамирчин хүн болж төрсний утга учир, хүсэл, мөрөөдөл ердөө тэр хэдхэн хормоос хамаардгийг та бодоод үз. Бид ч мөн адил амьдралд нэг л тохиох хэсэгхэн жаргалыг мэдрэхийн төлөө бүхнээ зориулдаг. Та анхны хүүхдээ хүлээж байсныгаа эсвэл хүлээх тэр өдрөө төсөөлөөд үз. Ямар их сандарч балмагдаж, бас баярлаж хүлээгээ бол. Амьдралд чинь тохиосон жаргалтай үеээ дурсдаа. Маш богинохон мөртлөө хэзээ ч мартагдахгүй жаргалтай хормууд. Үүний төлөө л бид амьдардаг юм. Бидний амьдралын зорилго бол жаргалтай амьдрах. Тэгвэл тэр аз жаргал энэ богинохон хоромд л байдаг юм. Тийм болохоор юу нь илүү үнэ цэнэтэй, чи юуны төлөө, хэний төлөө сурч байгаагаа, амьдарч байгаагаа бодоод үз. Тэгвэл юуг илүү их анхаарч, юунд илүү их хүч зарцуулах ёстойг гадарлаж эхлэнэ. Энэ зүйл чинь л чамайг илүү жаргалтай болгоно. Өөрийгөө ч, бусдыг ч хуурах хэрэггүй.

No comments: