Friday, June 22, 2007

Уучлах нь

Хүмүүс хамтдаа хэлэгддэг үгнүүдийг ихэнхдээ адил утгатай гэж андуурдаг бололтой. Гэхдээ бага зэрэг ялгаа бас бий. Жишээлбэл манан, будан гэдэг үгний хувьд будан нь илүү өтгөн байдаг бололтой юм билээ. Уучлах, өршөөх гэдэг үгийг хувьд өршөөх гэдэг нь хийсэн хэргийг нь цагаатгах буюу ор мөргүй мартах гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, хэрвээ та хэн нэгнийг өршөөж байгаа бол та түүний хийсэн зүйлийг бүгдийг мартаж таныг гомдоохоос өмнө та яаж хайрлаж, яаж хандаж байсан тэр сэтгэлээрээ хандана гэсэн үг л дээ. Хэрвээ тэ хэн нэгнийг уучлаж байгаа бол түүнд алдаа засах нэг боломж олгож байна гэсэн үг. Гэхдээ таны гомдол бүр мөсөн арилаагүй, та тэр гомдолоо сэтгэлдээ тээгээд үлдэхийг л хэлж байгаа юм л даа. Гэхдээ би энд хэл шинжлэлийн хичээл заах гэсэнгүй. Уучлах гэдэг зүйлийн тухай л бичих гэсэн юм.

Хүмүүст заримдаа бусдыг уучлах гэдэг тийм амаргүй хэрэг байдаг. Тухайлбал, таны цорын ганц хайртай хүүг хэн нэгэн хороовол та тэр алуурчинг уучилж чадах уу, хэн нэгэн таны насаараа үхэхээс наагуур юм болж байж хуримтлуулсан бүхнийг булааж аваад таныг гудамжинд хөөж гаргаад таны хажуугаар жаргалтай аргагүй инээж байвал, эсвэл таныг насаараа тахир дутуу, бусдын гар харсан амьтан болгож хаячихаад ямар ч ял зэмлэлгүй явж байвал, бүр эсвэл таныг огт хийгээгүй хэрэгт гүтгэн шоронд суулгавал та энэ бүхнийг уучлаж чадах уу??? Аймшигтай сонсогдож байгааг би мэдэж байнаа. Энэ бүхэн тэр болгон хүн бүрт тохиолдоод байхгүй ч хэрвээ ийм зүйл болвол та яах вэ? Энэ хорвоод тулах түших хэн ч үгүй мэт санагдаж, хорвоо танаас нүүр буруулж, итгэж байсан бүхэн алга болж, бүх зүйл утгагүй, бүх хүмүүс таныг үзэн ядах мэт санагдаж, дахиад нэг л өдөр амьдрах нь үхэхээс дор мэт санагдаж, энэ хорвоод хүн болж төрснөөс золыин нохой болж төрсөн нь дээр мэт бодогдож эхлэвэл та яах вэ? Заримдаа ийм зүйл танд биш боловч таны дэргэд байгаа, эсвэл таны мэддэг хэн нэгэнд тохиолдож л байгаа. Танд тохиолдсон, эсвэл танд тохиолдох тохиолдохгүйг хэн батлах вэ?
Гэхдээ надад ч ийм зүйл тохиолдвол юун түрүүн үхэх тухай бодож эхлэх л байх л даа. Надад яг ийм зүйл тохиолдож байгаагүй ч би амьдрал ямар өнгөтэйг мэднэ. Би нэг удаа маш их сэтгэл санааны дарамтанд орж, мэдрэлийн ядаргаа тусан эмнэлэгт сар гаран хэвтэй эмчлүүлж байсан л даа. (Энэ бол одоогоор миний хамгийн хэцүү үе. Ирээдүйд юу болохыг би мэдэхгүй шүү дээ.) Үүний хор уршигаар ер нь болж өгвөл жилдээ нэг удаа эмчилгээ хийлгэх шаардлагтай болсон. Гэхдээ би өнөөдөр хоёр хөл дээрээ явж, бас ярьж, бодож сэтгэж, сургуульд сурч, ирээдүйн тухай мөрөөдөж чадаж, бусдын гар дор биш байгаадаа маш их баярладаг. Маш хүнд өвчтэй, нэг хоног ч болохноо ертөнцийн нарыг харах гэж хичнээн их зүтгэн үхэлтэй тэмцэн тарчилж буй хүмүүсийн дэргэд би хамаагүй их азтай бас жаргалтай хүн. Ийм учраас би олон юм ярьж гомдоллож суух эрх байхгүй. Гэхдээ миний санахад энэ хэцүү байдлаас гарах хамгийн зөв зам бол уучлах юм. Энэ тийм амар бишээ, би мэднэ. Маш хэцүү байдаг. Гэхдээ амьдрал үргэлжилж байна. Амьдрал үргэлжилж байхад бидэнд зогсох эрх бий гэж үү. Хэцүү байсан ч босон урагшлах л хэрэгтэй. Алдсаан зөндөө ихийг алдсан. Гэхдээ дахиж илүү ихийг алдахгүйн тулд урагшлах хэрэгтэй. Алдсан зүйлийнхээ хойноос илүү ихийг алдах хэрэггүй. Төлөх ёстой үнэнээсээ илүү ихийг төлөхийг хэн ч хүсэхгүй. Та зуун мянгын үнэтэй зүйлийг зуун саяар авахыг хүсэхгүй нь лавтай. Илүү их үнэ төлснөө мэдсэн ч цаг хугацааг ухрааж болохгүй учраас алдсанаасаа ихийг алдаж бүр мөсөн хоосрохоосоо өмнө явах хэрэгтэй шүү дээ. Тийм л учраас гэмтэй хүний төлөө, таныг гомдоосон хүний төлөө биш өөрийнхөө төлөө уучлах хэрэгтэй. Би өршөөх хэрэгтэй гэж хэлээгүй, уучлах хэрэгтэй гэж хэлж байна. Жишээлбэл, та төсөөлөөд үз л дээ. Би нэгэн эмэгтэйд тохиолдсон явдлыг яръя л даа. Тэр нэг залууд маш их хайртай байсан. Тэд хамтдаа амьдарч, бараг гэрлэх тухай бодоцгоож байсан ч нэг өдөр найз залуу түүнээс салах хүсэлтэй байгаагаа хэлж л дээ. Тэр охин түүнээс битгий салаач гэж гуйж, загнаж, уурлаж янз бүрээр гуйгаад авч үлдэж чадсангүй. Найз залуу нь бүх юмаа боож аваад явах гэхэд нь тэр охин бүр хөлнөөс нь зүүгдэн уйлж байсан гэдэг. Гэхдээ найз залуу нь түүнийг түлхэж хаячихаад л гараад явчихсан. Тэр үеэс хойш тэр охин хайр, дурлал гэдэг зүйлд огт итгэхээ больж хэн ч хамаагүй таарсан хүнтэйгээ л унтаж хэвтээд явдаг болчихсон. Түүний эрэгтэй хүнтэй тогтоосон харилцаанд сексээс өөр юу ч байхгүй. Би дахин дахин хэлье. Алдсаныхаа хойноос дахин дахин битгий алдаач. Алдсан алдаагаа дахин давтаж болноо. Гэхдээ өөрийг чинь гомдоосон хүнийг шийтгэхийн оронд өөрийгөө л дахин дахин шийтгээд байгаа хэрэг шүү дээ. Өс хонзон, гомдол зүрхэндээ тээлээ гээд та хэзээ ч баян болохгүй, гомдол цөхрөлөөс болж та илүү ихийг алдана уу гэхээс юу ч олж авч чадахгүй. Би бас нэг нийтлэг түүхийн нэгийг яръя л даа. Ихэнхдээ энэ бол бардам, оргилуун залуу хүмүүст их тохиолддог.
Тухайлбал, залуу хосууд салахаараа нэг нэгэндээ тунирхаж, хэн хэндээ салснаараа илүү сайн яваагаа харуулах гэж, эсвэл аль болохоороо шархалсан зүрхээ хурдан эдгээх гэж бараг л хэн ч хамаагүй тааралдсан хүнтэйгээ үерхдэг ч юмуу эсвэл бүр гэрлээд хүүхэдтэй болчихдог. Иймэрхүү маягаар нэг насаараа харамсахаар алдаа бишгүйдээ л хийнэ. Бодвол гомдоосон хүнээ гудамжинд ч юмуу хаа нэгтээ харахаар сэтгэл нь шимширч, эгцэлж харах нь байтугай холуур зөрж өнгөрөх ч хэцүүхэн байдаг бололтой. Ядаж худлаа ч гэсэн бардам харцаар эгцлэн ширтэх гэсэндээ ингэдэг болов уу даа. Ингэх хэрэг байна уу даа, аан? Үүний оронд сэтгэлд бугласан цөхрөл, гуниг, гомдлоо л мартчих л даа. Нэгэнт амьдралын уртаа замд таарах нэгэхэн тохиол л биз дээ. Үүний төлөө нулимсаа урсган, зүрхээ шарлуулах хэрэг юун. Хайран нулимсаа өөр зүйлд зарцуул даа. Нэгэнт гомдлоо мартсан бол хажуугаар нь цөхрөл гуниг гомдол дүүрэн нүдээр хуурмаг аз жаргалыг илэрхийлэн зөрөх шаардлагагүй л болно шүү дээ.

Хайран сайхан насаа амьдралын замдаа зөрөн өнгөрөх бүхнийг ажиглаад л ийм зүйл байдаг юм байна даа гэж бодоод л өнгөрөх ёстой зүйлийн төлөө хэтэрхий их ач холбогдол өгөн жаргалтай амьралаа сүйдлэх хэрэггүй. Ийм хүмүүс байдаг юм. Тэднийг муу хүмүүс гэж нэрлэдэг гэж мэдээд таньдаг болоод л буц даа. Гэхдээ бүх хүнийг ийм байдаг гэж өрөөсгөлөөр бодон ганц амталсан амтаар бүх амтыг дүгнэх хэрэггүй, ганц харсан өнгөөрөө хорвоог тэр чигт нь будах хэрэггүй. Хорвоо олон янзын амттай, үнэртэй, өнгөтэй тэднийхээ нэгийг л амтлуулсан хэрэг.

No comments: