Monday, September 05, 2011

Аз жаргалын мэдрэмж хаанаас бий болдог вэ?

 Удаан бодсоны эцэст надад яг юу дутагдаад байгааг олж мэдлээ. Сэтгэл санаа нэг л хоосроод, ганцаардаад ямар нэг зүйл үгүйлэгдээд дутагдаад ч байх шиг санагдаад байсан юмаа. Одоо л яг юу болохыг нь ойлгоод байна. Надад дутагдаж байгаа зүйл бол аз жаргалын мэдрэмж. Хэрвээ хүн аз жаргалын мэдрэмжийг авч чадаж байвал хүн амьдралдаа ч өөртөө ч сэтгэл хангалуун байдаг гэнэ. Энэ мэдрэмжийг авч чадахаа болихоороо сэтгэлээр унаж, ганцаардаж, өөр ямар нэг зүйлээс энэ мэдрэмжийг авах гэж оролддог гэнэ. Тэгээд энэ аз жаргалын мэдрэмж яагаад надад "дутуу" мэдрэгдээд байна вэ?

Надад дутуу мэдрэгдэж байгаа тэр мэдрэмж бол хайр. Хайр бол ямар ч эд зүйлс, зугаа цэнгэлээр товчхондоо өөр бусад юугаар ч нөхөж болдоггүй мэдрэмж билээ.

Монголдоо гэртээ байхад нэг тийм сайхан мэдрэмж төрдөг байсан. Идэх хоолгүй, мөнгөгүй байлаа ч бүрэн дүүрэн, миний бие махбодь ямар нэгэн сайхан зүйлээр дүүрсэн мэт, өлссөн ходоодыг ч дүүргэж чадах, халдашгүй дархан цайз хэрэмээр хамгаалагдсан мэт мэдрэмж төрдөг байсан. Энэ сайхан мэдрэмж одоо надад төрөхгүй байна. Сэтгэлд ч юмуу ямар нэгэн хоосон орон зай үүсээд тэр орон зайд нь ганцаардлын хүйтэн салхи үлээгээд байна.

Арай залуухан байхдаа эрдэм боловсролтой бие даасан эмэгтэй болоод хэнээс ч хамааралгүй сайхан амьдрана гэж боддог байлаа. Харин одоо би буруу бодож байснаа ойлгож байна. Гэр бүл гэдэг хүний аз жаргалын маш том уурхай бөгөөд хүний амьдралын томоохон орон зай төдийгүй хүний сэтгэл дэх тэрхүү хоосон орон зайг дүүргэж байддаг тэр ид шидтэй хайрыг бий болгож байдаг үнэт зүйл юм байна. Тэрхүү орон зайг ямар ч эд зүйл нөхөж чадахгүй зөвхөн халуун бүлээн цустай, зүрх сэтгэлтэй амьд хүн л дүүргэж чаддаг юм байна. Хүн хүнээр дутна гэдэг л энэ бололтой. Ганцаардал. Зав чөлөөгүй амьдрал, зогсоо зайгүй хөлхөх хүмүүсийн цуваа, сэтгэл мэдрэмжээс илүү бодолд тулгуурласан амьдрал, нэгэн хэвийн, уйтгартай, гаднаас нь харахад сайхан ч, сэтгэл дотроо жавартай, далд ганцаардал, далд стресс, гажиж болохгүй дүрэм журам... Яг л робот мэт монотоник амьдралын хэлхээс... Гэхдээ бид чинь хүн шүү дээ. Хэрвээ хүн зүрх сэтгэлгүй оюун ухаантай бол робот л гэсэн үг. Би өгсөн даалгаварыг бодож боловрсруулаад хариу үйлдэл хийдэг робот. Хэрвээ хүн зөвхөн эд юмс цуглуулах гэж, идэх гэж, хэрэглэх гэж амьдардаг бол араатан амьтнаас ялгаагүй. Хураагаад хураагаад дараа нь иднэ гэж хадгалдаг амьтдаас өөрцгүй. Хүн төрөлхтөний гол мөн чанар болсон хүн гэж нэрлэгдэхэд хүргэдэг гол 2 хүчин зүйлс нь оюун ухаан, зүрх сэтгэл хоёр. Харин энэ зав чөлөөгүй амьдрал дунд хүмүүс оюун ухаан, мэдлэг боловсролд хэт их анхаараад өөр нэгэн маш чухал мөн чанар болох зүрх сэтгэлийг мартжээ дээ. Гэвч зүрх сэтгэл хоосон оргиод өөрийн орон зайгаа эрэлхийлсээр л байна. Зүрх сэтгэл хоосон бол аз жаргалын мэдрэмж хэзээ ч төрөхгүй. Зүрх сэтгэл хайраар тэжээгдэж тэтгэгддэг. Зүрх сэтгэлд хайр байхгүй бол хайраас бидэнд өгдөг гэрэл гэгээгээр дүүрэн халуун дулаан мэдрэмж төрөхгүй.

Би бусдыг хайрлаж, бас бусдаас хайрыг мэдрэмээр байна. Аав ээж, эгч дүүс, найз нөхөд, амраг хайрт чухам хэн ч бай зөвхөн хүн л энэхүү гайхамтай хайрыг бэлэглэж халуун дулаан мэдрэмжийг төрүүлнэ. Ганцаардал дундаас энэ мэдрэмж төрөхгүй. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй ээ гэж... Мөн ухаантай хэлж дээ.

Бодоод байхад энэхүү завгүй нийгмийн хүмүүст өгч байгаа сөрөг нөлөөллүүд болох архидалт, тамхидалт, замбараагүй бэлгийн амьдрал, янз бүрийн дон, жишээ нь компьютерийн тоглоом, хар тамхи гээд олон сэтгэл эмзэглүүлсэн үйл явдлууд үнэндээ бидний сэтгэл дэх хоосон орон зайгаа дүүргэх гэсэн оролдлогуудаас болж үүсдэг бололтой. Жишээ нь, орчин цагт хүмүүс хайранд итгэхээ больсон, хариуцлагаас аль болох зайлсхийхийн тулд хайраас зугтаадаг. Аль болох амар хялбар аргаар өөрийн дутагдаад байгаа мэдрэмжийг нөхөж авахын тулд наргиж цэнгэж, нэг шөнийн жаргалаар нөхөх гэж оролдож, стресс бухимдалаа мартахын тулд архи ууж, зарим нь бүүр хар тамхи татаж мансуурцгаах болжээ. Завгүй стрессээр дүүрэн монотон нэгийн хэвийн цуврах амьдралын хэлхээсээс залхсан зарим нэг нь амь сорьсон спортоор хичээллэж, орилоо чарлаа дуу сонсож, аль болох энэхүү амьдралаас зугтаахын тулд гадаад орныг зорих аж. Сэтгэл зүрх амар амгалан байх тусмаа бид илүү амар тайван хөгжим сонсч, илүү амар амгалан үйлдлийг хийх аж. Сэтгэл зүрх бухимдлаар дүүрэн байхад зөөлөн аялгуу ч бухимдсан сэтгэлийг амрааж, аргадаж чадахгүй байх шиг.
Чухам үүнээс л болж хүмүүс амьдралдаа алдаа гаргаж, буруу сонголт хийдэг юм шиг байна. Чухам үүнээс л болж хүмүүс архинд орж, бүрэн гүйцэт сэтгэл санаа нь тогтворжоогүй өсвөр насныхан ид хөгжих, сурах насан дээрээ буруу замаар орж, сурах идэвх нь буурч байх шиг байна.

Би ч бас энэхүү стрессээс салах аргаа олж ядаж байна. Ийм стрессд орохоороо шууд автоматаар үүнээсээ бушуухан салах арга хэмжээг аваад байгаа юм л даа. Гэхдээ л буруудаад байх шиг байна. Даван туулах хэрэгтэй.

5 comments:

Unknown said...

Хүн хүнээрээ дутна гэдэг ёстой үнэн юм билээ. Хүмүүс ингэж их техник технологийг эцэст нь тултал хөгжүүлж яах гэж байгааг хаяа боддог болоод байгаа

Tjey said...

Гайхалтай сайхан бичжээ.Юу гэдэг билээ яг л загтасан газар маажих шиг боллоо. Сэтгэл онгойгоод ч байх шиг за юу ч болсон баярлалаа. Ширээн дээрх компьютер шигээ зөвхөн ажилладаг үүрэгтэй болчихгүйн тулд, амьд байгаагаа мэдрэх зүрхэндээ ачаалал өгөх л дутагдаад байгаан.

Tjey said...

Knowing is not enough; we must apply.
Willing is not enough; we must do.

Anonymous said...

Hi there friends, good article and good urging
commented here, I am actually enjoying by these.
Here is my blog post ; green coffee bean extract canada

Anonymous said...

I'm not sure why but this blog is loading incredibly slow for me. Is anyone else having this problem or is it a issue on my end? I'll check
back later on and see if the problem still exists.
my webpage > gastric acid reflux treatment