Monday, September 05, 2011

Аз жаргалын мэдрэмж хаанаас бий болдог вэ?

 Удаан бодсоны эцэст надад яг юу дутагдаад байгааг олж мэдлээ. Сэтгэл санаа нэг л хоосроод, ганцаардаад ямар нэг зүйл үгүйлэгдээд дутагдаад ч байх шиг санагдаад байсан юмаа. Одоо л яг юу болохыг нь ойлгоод байна. Надад дутагдаж байгаа зүйл бол аз жаргалын мэдрэмж. Хэрвээ хүн аз жаргалын мэдрэмжийг авч чадаж байвал хүн амьдралдаа ч өөртөө ч сэтгэл хангалуун байдаг гэнэ. Энэ мэдрэмжийг авч чадахаа болихоороо сэтгэлээр унаж, ганцаардаж, өөр ямар нэг зүйлээс энэ мэдрэмжийг авах гэж оролддог гэнэ. Тэгээд энэ аз жаргалын мэдрэмж яагаад надад "дутуу" мэдрэгдээд байна вэ?

Надад дутуу мэдрэгдэж байгаа тэр мэдрэмж бол хайр. Хайр бол ямар ч эд зүйлс, зугаа цэнгэлээр товчхондоо өөр бусад юугаар ч нөхөж болдоггүй мэдрэмж билээ.

Монголдоо гэртээ байхад нэг тийм сайхан мэдрэмж төрдөг байсан. Идэх хоолгүй, мөнгөгүй байлаа ч бүрэн дүүрэн, миний бие махбодь ямар нэгэн сайхан зүйлээр дүүрсэн мэт, өлссөн ходоодыг ч дүүргэж чадах, халдашгүй дархан цайз хэрэмээр хамгаалагдсан мэт мэдрэмж төрдөг байсан. Энэ сайхан мэдрэмж одоо надад төрөхгүй байна. Сэтгэлд ч юмуу ямар нэгэн хоосон орон зай үүсээд тэр орон зайд нь ганцаардлын хүйтэн салхи үлээгээд байна.

Арай залуухан байхдаа эрдэм боловсролтой бие даасан эмэгтэй болоод хэнээс ч хамааралгүй сайхан амьдрана гэж боддог байлаа. Харин одоо би буруу бодож байснаа ойлгож байна. Гэр бүл гэдэг хүний аз жаргалын маш том уурхай бөгөөд хүний амьдралын томоохон орон зай төдийгүй хүний сэтгэл дэх тэрхүү хоосон орон зайг дүүргэж байддаг тэр ид шидтэй хайрыг бий болгож байдаг үнэт зүйл юм байна. Тэрхүү орон зайг ямар ч эд зүйл нөхөж чадахгүй зөвхөн халуун бүлээн цустай, зүрх сэтгэлтэй амьд хүн л дүүргэж чаддаг юм байна. Хүн хүнээр дутна гэдэг л энэ бололтой. Ганцаардал. Зав чөлөөгүй амьдрал, зогсоо зайгүй хөлхөх хүмүүсийн цуваа, сэтгэл мэдрэмжээс илүү бодолд тулгуурласан амьдрал, нэгэн хэвийн, уйтгартай, гаднаас нь харахад сайхан ч, сэтгэл дотроо жавартай, далд ганцаардал, далд стресс, гажиж болохгүй дүрэм журам... Яг л робот мэт монотоник амьдралын хэлхээс... Гэхдээ бид чинь хүн шүү дээ. Хэрвээ хүн зүрх сэтгэлгүй оюун ухаантай бол робот л гэсэн үг. Би өгсөн даалгаварыг бодож боловрсруулаад хариу үйлдэл хийдэг робот. Хэрвээ хүн зөвхөн эд юмс цуглуулах гэж, идэх гэж, хэрэглэх гэж амьдардаг бол араатан амьтнаас ялгаагүй. Хураагаад хураагаад дараа нь иднэ гэж хадгалдаг амьтдаас өөрцгүй. Хүн төрөлхтөний гол мөн чанар болсон хүн гэж нэрлэгдэхэд хүргэдэг гол 2 хүчин зүйлс нь оюун ухаан, зүрх сэтгэл хоёр. Харин энэ зав чөлөөгүй амьдрал дунд хүмүүс оюун ухаан, мэдлэг боловсролд хэт их анхаараад өөр нэгэн маш чухал мөн чанар болох зүрх сэтгэлийг мартжээ дээ. Гэвч зүрх сэтгэл хоосон оргиод өөрийн орон зайгаа эрэлхийлсээр л байна. Зүрх сэтгэл хоосон бол аз жаргалын мэдрэмж хэзээ ч төрөхгүй. Зүрх сэтгэл хайраар тэжээгдэж тэтгэгддэг. Зүрх сэтгэлд хайр байхгүй бол хайраас бидэнд өгдөг гэрэл гэгээгээр дүүрэн халуун дулаан мэдрэмж төрөхгүй.

Би бусдыг хайрлаж, бас бусдаас хайрыг мэдрэмээр байна. Аав ээж, эгч дүүс, найз нөхөд, амраг хайрт чухам хэн ч бай зөвхөн хүн л энэхүү гайхамтай хайрыг бэлэглэж халуун дулаан мэдрэмжийг төрүүлнэ. Ганцаардал дундаас энэ мэдрэмж төрөхгүй. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй ээ гэж... Мөн ухаантай хэлж дээ.

Бодоод байхад энэхүү завгүй нийгмийн хүмүүст өгч байгаа сөрөг нөлөөллүүд болох архидалт, тамхидалт, замбараагүй бэлгийн амьдрал, янз бүрийн дон, жишээ нь компьютерийн тоглоом, хар тамхи гээд олон сэтгэл эмзэглүүлсэн үйл явдлууд үнэндээ бидний сэтгэл дэх хоосон орон зайгаа дүүргэх гэсэн оролдлогуудаас болж үүсдэг бололтой. Жишээ нь, орчин цагт хүмүүс хайранд итгэхээ больсон, хариуцлагаас аль болох зайлсхийхийн тулд хайраас зугтаадаг. Аль болох амар хялбар аргаар өөрийн дутагдаад байгаа мэдрэмжийг нөхөж авахын тулд наргиж цэнгэж, нэг шөнийн жаргалаар нөхөх гэж оролдож, стресс бухимдалаа мартахын тулд архи ууж, зарим нь бүүр хар тамхи татаж мансуурцгаах болжээ. Завгүй стрессээр дүүрэн монотон нэгийн хэвийн цуврах амьдралын хэлхээсээс залхсан зарим нэг нь амь сорьсон спортоор хичээллэж, орилоо чарлаа дуу сонсож, аль болох энэхүү амьдралаас зугтаахын тулд гадаад орныг зорих аж. Сэтгэл зүрх амар амгалан байх тусмаа бид илүү амар тайван хөгжим сонсч, илүү амар амгалан үйлдлийг хийх аж. Сэтгэл зүрх бухимдлаар дүүрэн байхад зөөлөн аялгуу ч бухимдсан сэтгэлийг амрааж, аргадаж чадахгүй байх шиг.
Чухам үүнээс л болж хүмүүс амьдралдаа алдаа гаргаж, буруу сонголт хийдэг юм шиг байна. Чухам үүнээс л болж хүмүүс архинд орж, бүрэн гүйцэт сэтгэл санаа нь тогтворжоогүй өсвөр насныхан ид хөгжих, сурах насан дээрээ буруу замаар орж, сурах идэвх нь буурч байх шиг байна.

Би ч бас энэхүү стрессээс салах аргаа олж ядаж байна. Ийм стрессд орохоороо шууд автоматаар үүнээсээ бушуухан салах арга хэмжээг аваад байгаа юм л даа. Гэхдээ л буруудаад байх шиг байна. Даван туулах хэрэгтэй.

Wednesday, May 11, 2011

Амьдрал итгэл дээр тогтддог

Эмэгтэйчүүдийн нэг сул тал нь жижиг зүйлсд ч дэндүү их ач холбогдол өгч дэндүү их зүйл боддогт байдаг бололтой. Миний толгой надаас хамааралгүйгээр хэрэгтэй хэрэггүй олон зүйлийн тухай бодоод, тэрэндээ дэндүү их ач холбогдол өгөөд үүнээсээ болоод стрессдээд байх юм. Толгой доторхоо хэн нэгэнд уудлан ярьж чаддаггүй юм бол бичээд ч болов өөрийгөө тайтаруулъя даа.

Амьдрал итгэл дээр тогтддог. Яагаад гээч. Амьдралд тохиолдох олон үйл явдал, тэрэнд бидний хандах хандлага тэр чигээрээ бидний өөрсдийн итгэл үнэмшлээс хамаарч байдаг болохоор тэр.

Хэрвээ амьдрал хайр дээр тогтдог бол итгэл түүний мөнхийн дагуул. Итгэлгүйгээр хайр гэж хэзээ ч байдаггүй. Ээж, аав, эх үрийн хайр, ах дүүсийн хайр, найз нөхдийн хайр, хайр дурлал гээд "бүх төрлийн" хайр итгэлгүйгээр цор ганцаар хэзээ ч оршин тогтнодоггүй. Итгэл үгүй болсон хайр амьгүй бие цогцостой л адил.

Итгэл бол амьдралын мөнхийн шавхагдашгүй эрч хүчний эх үүсвэр, олон гайхамшигийн эхлэх цэг. Өчүүхэн өт хорхой, жоом бясаанаас эхлүүлээд бүхий л амьд биет амьд үлдэх өчүүхэн боломжийн төлөө хэрхэн амьд үлдэхийн төлөө тэмцэж, саад бэрхшээлийн өөдөөс тэмцэх төрөлхийн байгалаас заяасан инстинкттэй байдаг. Энэ инстинкт хүмүүн төрөлхтний хувьд "зовсоны эцэст жаргал ирнэ. Бүх зүйл сайхан болно" гэсэн бодлоор зовлон бэрхшээлийг даван туулах итгэл найдвар байдаг. Энэ итгэл найдвар бол эдгэшгүй хүнд өвчнийг ч эдгээх, тэсвэрлэшгүй олон зовлон бэрхшээлийг даван туулах, хэзээ ч бүтэхгүй биелэхгүй санааг ч бодит болгох олон гайхамшигийг бүтээх хүч чадлыг бэлэглэгч билээ.

Итгэл найдвар бол аз жаргалын төлөө зогсолтгүй тэмцэх гинжин урвалын эхлэл. Бидний үргэлж эрж хайдаг төгс төгөлдөр байдал, зөв буруун тухай ойлголт, үнэлэлт дүгнэлт хийх, диваажин, тамын тухай ойлголт, шашин шүтлэг ч гэсэн бүгд итгэл найдвараас эхлэлтэй. Бидний бий болгосон хууль дүрэм, журам, өөрийгөө болоод бусдыг үнэлэх үнэлэмж, ёс заншил, өдөр тутмын зуршил, үйлдэл бүгд бидний тархинд хадаастай ИТГЭЛ гэдэг зүйл дээр үндэслэж бий болсон байдаг.

Итгэл гэдэг зүйл бүх хүнд харагдах байдал өөр байлаа ч нөлөөлөх чадвар нь ижил байдаг. Хэн нэгний итгэлийг алдана гэдэг, хэн нэгэнд итгэл алдарна гэдэг бүх хүнд ижилхэн хүндээр тусдаг. Харин хэнд юунд итгэх, яаж итгэх зэрэг итгэл дээр үндэслэсэн үнэлэмж бүх хүнд өөр байдаг.

Бидний боловсрол мэдлэг ч гэсэн итгэл дээр үндэслэж боловсрогдож байдаг. Бид ямар нэг шинэ зүйлийг сурч мэдэхийн тулд бидний уншиж байгаа бүхэн, харж байгаа бүхэн, сонсож байгаа бүхэн, бидэнд ирж байгаа мэдээлэл үнэн зөв гэдэгт заавал итгэх хэрэгтэй байдаг. Хэрвээ ирж буй мэдээлэл үнэн гэдэгт итгэж чадахгүй бол тэр мэдээлэл бидний мэдлэгийн нэг хэсэг болж чаддаггүй. Бид зөвхөн үнэн гэж бодсон мэдээллээ мэдлэг болгон авч тэр мэдлэгээ шинэ мэдлэгтэй харьцуулж, холбож, хуучин мэдлэг дээрээ нэмэрлэх маягаар суралцдаг. Тийм болохоор итгэл бол мэдлэгийн эх сурвалж.

Итгэл бол маш хүчтэй нөлөөлөгч, тархийг угаагч хэрэгсэл. Хүний итгэлийг олж авна гэдэг амаргүй байж болох ч итгэлээр нь дамжуулж утсан хүүхэлдэй болгон тоглох амархан. Тийм ч учраас тархийг нь угаахыг хүссэн хүмүүсд өгөх мэдээллийг маш зөв үнэн зүйл мэт харагдуулж итгүүлж чадах аваас гагцхүү нэг хүний амьдралыг бусниулаад, тэр байтугай амийг нь егүүтгээд зогсохгүй улс үндэстнээр нь сөнөөж ч бас болдогт итгэлийн өөр нэгэн хүч чадал оршиж байгаа юм даа.


Хайр Дурлал ч бас итгэлээр дамжин бидэнд ирдэг. Хэдэн жилийн өмнө арай залуу байхдаа хайр дурлалын тухай нэгэн теорем зохиосон юм. Тэр нь юу вэ гэвэл, хайр дурлал гэдэг зүйл хэзээ ч биетээр оршдоггүй, зөвхөн бидний төсөөлөлд л байдаг зүйл гэсэн "онол" юм. Миний "онолоор" бол хүмүүс бусад хүмүүсийг хараад тэр хүний тухай авч буй мэдээллээ (гадна харагдах байдал, дотоод сэтгэл) өөрийн үнэлэмжээр үнэлээд тэр хүний тухай төсөөллийг тархиндаа зурдаг. Хэрвээ тухайн хүн маш олон сайн гэсэн үнэлэмж авсан байвал хүмүүс бид ихэнхдээ тэр сайн талуудыг дэндүү хэтрүүлэн үнэлж, "тэрнээс сайхан нь үгүй, тэр үнэхээр алт шиг хүн" гэх мэт гэсэн үнэмшлийг өөрсдөдөө бий болгодог. Тэр үнэмшил, тархиндаа зурсан зургийн сайхныг бишрэх эсвэл муухайг жигших тусам хайр дурлал, итгэл, хүндэтгэл, атаархал, үзэн ядалт, дургүйцэл, тавгүйтэл гэсэн олон янзын мэдрэмжүүдийн аль нэг төрж эхэлдэг. Үнэн чанартаа бид хэзээ ч хэнийг ч бүрэн дүүрэн таньж мэддэггүй, зөвхөн өөртөө байгаа мэдээлэлдээ үндэслэж дүгнэлт хийдэг болохоор бидний тархин дахь зураг хэзээ ч тухайн хүнийг бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй.
Тийм ч учраас хайр дурлал бол бидний хайрыг татсан тухайн бодит хүндээ биш харин бидний тэр хүний тухай тархиндаа зурсан зураг-төсөөлөлд дурласан сэтгэлийн үр дүн юм.
Тийм болохоор миний ойлголтоор хайр дурлал гэдэг зүйл бодитоор оршдоггүй, зөвхөн бидний төсөөлөл үнэн гэдгийг баталсан итгэлтэй нэгдсэн цагт л жинхэнэ хайр болдог. (PS: Тэгэхээр үнэндээ би хэзээ ч хайр дурлалд итгэдэггүй, бас дурладаггүй хүн байх нь. :-P)


Итгэл бол маш хүчтэй нөлөөлөгч, тархийг угаагч, гайхамшигийг бүтээгч, амжилтын үндэс, амьдралын салшгүй нэгэн хэсэг. Тийм ч учраас амьдрал яалт ч гүй итгэл дээр тогтдог. (Гэхдээ миний итгэл үнэмшлээр шүү дээ. ;) )


Амьдрал бол диваажин биш. Зовлон бэрхшээлийн өмнө өвдөг сөхөрч, сэтгэлээр унан гутарч суугаа бол зүгээр л ИТГЭ. Итгэл бол бүх л өвчнийг анагаах гайхалтай чадвартай  эм. Зүгээр л энэ бүх бэрхшээл зовлон удахгүй ирэх гайхалтай амьдралын төлөө урьдчилан төлж байгаа төлөөс юм шүү гэж үнэн сэтгэлээсээ итгэж чадвал тун удахгүй үнэхээр тэр аз жаргал урдаас чинь инээмсэглэн угтаж явааг олж харах болно. Миний зөв гэдэгт би итгэж байна.

Wednesday, April 13, 2011

Хөгжил юунаас эхэлдэг вэ?

Өнгөрсөн долоо хоногт тун зав муутай байлаа. Энэ 7 хоногоос даалгавар овоо гайгүй болох төлөвтэй. Гэхдээ өчигдөр шөнөжин суугаад шөнийн 3.45 цагийн үед л орондоо орох шиг болсон. Өнөөдөр бас л өөр нэг даалгавраа нухсаар өдөржин сургууль дээр өнжөөд орой 9 болох дөхөж байхад гэрийн бараа харах шив. Гэхдээ хэнийгээ буруутгахав. Цагийг нь тулгаж байж хийдэг зангаа л буруутгаж суухаас. :-P

Гэхдээ бас муугүй ээ. Өнөөдөр хийсэн даалгавраа бол 3 цаг хагас орчим хугацаанд хийж дуусгасан. Энэ чинь миний хувьд рекорд байхгүй юу. Би иймэрхүү докунмэнт бичих даалгаврыг бол их л хурданаар бодоход 6 цаг сууж байж дуусгадаг юм. Ганц дан бичээд суухгүй, хажуугаар нь ном нтр хайж, интернэт ухаж, мэдээлэл цуглуулаад, эхлээд юу хийх гээд байгаагаа ойлгоод, дээр нь бас хажуудаа словарь нтр барьж байгаад бичдэг байхгүй юу. Миний англи хэл үнэхээр муу байнаа. Нэг өгүүлбэр бичих гэж бараг 10 мин болно гэж. Кэцүү кэцүү.

Энэ ч бас гайгүй. Герман хэл дээр испани хэл сурах гэж бас л нусаа хацартаа нааж байна. Санасныг бодвол амаргүй юмаа. Багш нэг юм асуухаар нь хариулахын тулд толгойн дотроо германаас монгол руу орчуулаад, буцаагаад испани руу орчуулах гэж оролдох үнэхээр амаргүй ажил байна. Бодсоор байтал намайг юу ч ойлгоогүй, мэдэхгүй байна гээд л бодчихож байгаа юм чинь. Амьхандаа л ихээхэн давтаж ирсэн байдаг, нөгөөх нь.


За одоохондоо нэг ном 5 дахь өдөр хүртэл унших даалгавар, 4 дэхэд proposal бичих даалгавраас өөр юм алга байгаа дээр нь өнгөрсөн хагас сайнд хотын номын санд суухад бодогдсон зүйлийн талаах бичье.

Санаа нь бол их энгийн. "Хөгжил юунаас эхэлдэг вэ?" 
Хотын номын санд үнэгүй 1 сар үйлчлүүлэх эрхээ эдлэхээр өнгөрсөн хагас сайнд тийшээ очсон юм. Хамгийн ихээр анхаарал татсан зүйл бол тэнд байсан ном зээлээр авах болон авсан номоо эргүүлж өгөх зориулалтай машинууд юм. Нэг иймэрхүү машинууд зэрэгцүүлээд тавьчихсан байсан:
Source:[ http://www.ruhrnachrichten.de/]
Номнуудаа нэг нэгээр тавихаар автоматаар хэр удаан зээлж болох хугацаатай нь, номынх нэртэй нь цуг электрон үнэмлэхэнд хадгалаад байгаа юм л даа. Нэг ном уншуулахад 1 сек-с ихгүй хугацаа л орж байсан. Их хурдан, шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ юм даа.
Номоо буцааж өгөхдөө арай өөр машин дээр очоод номуудаа нэг нэгээр нь хийгээд л болоо. Ямар ч чирэгдэл, очир хүлээж цаг алдах хэрэггүй.

Энэ нэг ёсондоо хөгжлийн түвшинг харуулж байгаа нэг үзүүлэлт гэж би хувьдаа дүгнэсэн. Сургуулийн номын сан болохоор ийм машин хэрэглэдэггүй. Бар код уншигч ашигладаг юм. Тэр ч бас хурдан шуурхай үйлчилгээ. Гэхдээ хотын номын сангийн энэ автоматууд надад их таалагдсан. Эхлээд их гайхсан л даа. Энэ нөхөр машинууд яаж энэ номуудыг таниад байгаа хэрэг вэ гэж бодсон. Тэгээд номнуудыг ажиглаад явтал ихэнх нь ардаа баркодтой байсан юм. Тэгэхээр баркодыг нь уншдаг юм болов уу гэж бодов. Тэгсэн баркодгүй нь ч бас юм. Тэгээд л эргүүлж тойруулж үзэж байгаад учрыг нь олов. Нөгөө номнууд бүгд арын хавтасны дотор талд цагаан өнгийн туузтай байв. Намайг гайхшруулсан зүйл ердөө л ийм энгийн зүйл байсан байх нь байж шүү дээ гэж бодогдсон. Хар ухаанаар бодоход л тэрхүү автоматууд яаж ажилладагыг ойлгож болохоор тийм энгийн аж.
Нэг үг байдаг даа. Хамгийн агуу зүйл хамгийн энгийн зүйл байдаг гэж. Тэгвэл ийм хурдан шуурхай чирэгдэлгүй үйлчилгээ ийм хямдхан үнээр бий болдог аж.
Хэрвээ эргэн тойрны олон зүйлүүдийг энэ мэтээр ажиглаад яваад байвал энэ бүхний цаана тун айхтар бодож олсон олон ийм энгийн хирнээ ухаалаг шийдлүүдийг олж харж болохоор байгаа юм.

Тэгэхээр хөгжил гэдэг зүйл ийм энгийн зүйлд л байдаг байх нь.

Бас өөр нэгэн энгийн жишээ.
Source: [http://ecx.images-amazon.com/]
Энэ бол бидний мэдэх энгийн л нэг шалны мод. Гэхдээ энэ энгийн зүйлд олон энгийн хирнээ авууштай шинжүүд бий. Жишээ нь,
  • Мэдээж тонгойн газар мөлхөж шал угаагаас хамаагүй хурдан
  • Иш нь хэд угаараа эргэдэг учраас өрөөний булан тохой зэргийг угаахад ямар ч асуудалгүй
  • Алчуур нь тусгай microfaser гэж нэрлэгддэг өвөрмөц материалаар хийгдсэн болохоор шалны хир, тоос тортгыг маш сайн арилгадаг
  • Мушгих гэж хамаг гарынхаа арьсыг хуулах шахах шаардлагагүй
  • Иш нь 2 дахин сунадаг болохоор тавилганы доогуурх шалыг угаах гэж хамаг тавилгаа нааш цааш хөдөлгөх шаардлагагүй
  • Шалны алчуурыг модноос нь салгах их амархан. Хөлөөрөө тэр хар дөрвөлжин "кноп" дээр гишгээд болоо.
Тун хялбархан бүтэцтэй энэ эдэд ийм олон авууштай талууд байгаа юм. Энэ шалны модыг жишээ авсан шалтгаан нь манайх "гэртээ" нэгийг хэрэглэдэг болохоор л тэр. Амьдралд ойр нэгэн жишээ.

Өөр зөндөө олон жишээ дурдаж болох ч гэсэн үүгээр би "ХӨГЖИЛ ГЭДЭГ МАШ ЭНГИЙН ЗҮЙЛЭЭС ЭХЭЛДЭГ ЮМ БАЙНА ШҮҮ" гэдгийг л харуулах гэсэн юм.

Нийтлэлийн эхэнд асуугаад орхисон асуултандаа орьё. Ийм энгийн зүйлийг хэн ч бодоод олж болохоор. Гэхдээ шийдэл гэдэг зүйл түүнийг эрж хайгаагүй байгаа цагт харагддаггүй онцлогтой.

Тэгэхээр хөгжил гэдэг бол аливаа улс орон хэр ухаантайг илэрхийлдэггүй. Харин тэдний хэр их зөв шийдлийг эрж хайдаг хүмүүс вэ гэдгийг илэрхийлдэг. Хамгийн энгийнээр хувь хүний хөгжлийг л аваад үзье. Эргэн тойрны найз нөхөд, ах дүү, таньдаг хүмүүсийнхээ тухай бодоод үз. Би л гэхэд "толгой сайтай хүмүүс болгон тэр хэрээр бодож байсан шиг минь сайн явж байхыг үзсэнгүй. Харин тийм сурлага сайтай байгаагүй ч сайн сайхан амьдраад явж байгаа хүмүүс байх юм." гэж хэлэх маш олон хүнтэй таарч байсан. Би ч үүнтэй санал нийлнэ. Хэрвээ зүгээр л хүн дээр л ажиглавал амьдралдаа арчаатай, сүйхээтэй, бизнэс ухаантай (ө.х наймааны ухаантай) эсвэл дундаас дээш боловсролгүй боловч авъяас чадварынхаа хүчээр хангалуун амьдарч яваа гээд боловсрол, толгой сайтай биш ч сайхан амьдарч олон хүний жишээг харж болно. Өөр өөр мэргэжлийн, өөр түвшний боловсролтой байсан ч хангалуун сайхан амьдарч байгаа тэр бүх хүмүүст нэг л нийтлэг шинж байдаг. Үүнтэй адил улс оронд ч бас ийм нэгэн нийтлэг шинж байдаг аж. Тэр нь юу гэвэл тэдгээр хүмүүс хэзээ ч нэг байрандаа удаан байдаггүй. Тэд үргэлж шинэ зүйлийг эрж хайж, байнга өөрчлөлтийг хийж байдаг хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, ажилсаг хүмүүс юм.

Өндөр хөгжилтэй оронд ч өөрчлөн сайжруулах шаардлагатай зүйлүүд бас байдаг аж. Сонин байгаа биз. Хэхэ.
Манайд орж байгаа нэг хичээл дээр манай профессор биднээс нэгэн тун өвөрмөц даалгавар гүйцэтгэхийг санал болгосон юм. Тэр нь юу вэ гэвэл, жил ирэх тусам оюутнуудын чадвар улам бүр муудаж байгаа гэнэ. Манайд ч бас иймэрхүү асуудал байгаа тухай сонсч байсан юм байна. Энэ асуудал хаа сайгүй байгаа гэнэ. Америк, Канад, Австралид хүртэл ийм асуудал байгаа гэнэ. Оюутнуудын дундажаас дээш сайчуудын эзлэх хэмжээ жил ирэх бүр тодорхой хувиар буурч байгаа гэнэ. Оюутнуудын чадвар, потенциал муудсанаас болоод инженерийн салбарт элсэгчдийн ерөнхий тоо хэмжээ муудаад тэр хэрээр өөрчлөх шаардлагатай олон асуудал ар араасаа гарч ирж байгаа гэнэ. Оюутнуудын ихэнх нь бизнесийн удирдлагаар сурах илүү сонирхолтой байдаг гэнэ. Энэ нь нэг талаас энэ мэргэжлийн хүмүүс имиж (i.e офис маягаар хувцаслах), нэр хүнд, мөнгө хурдан олдог, сурахад хялбар зэрэг шалтгаанаас болдог гэнэ. Герман орны хувьд бүх төрлийн инженерийн салбар нь дэлхийд маш алдартай, инженерүүд дэлхийн хаана ч өндрөөр үнэлэгддэг мэргэжилтнүүд байдаг боловч нөгөө талаасаа яг энэ байдлаас нь болоод оюутан, сурагч нар "айгаад" элсдэггүй гэнэ.
Тэгээд биднийг "програм хангамжийн инженер" гэсэн нэртэй энэхүү ангийн нэрийг яаж инженер гэсэн үгийг оруулахгүйгээр эвтэйхэн өөрчилөх вэ, нөгөө талаас баклаврын "програм хангамжийн инженер" ангийн кирикклюмыг хэрхэн сурагч нарын анхаарал сонирхолыг татахаар болгож өөрчлөх вэ гэдэг тал дээр сайтар бодолцоод зарим нэг аргачлал боловсруул гэсэн юм. Хэрвээ бидний санаа үнэхээр сонирхол татахуйц бөгөөд хэрэгжих боломжтой бол үүнийг бодитоор бүх төлөвлөгөө, менежментийг нь гаргаад бодитоор амьдрал дээр хэрэгжүүлж эхлэх юм. Нэг талаасаа бидэнд маш том хичээл, туршлага болох боловч нөгөө талаасаа маш том эрсдэл дагуулж байгаа үйл ажиллагаа байгаа биз. Бидэнд бол ямар ч алдагдалгүй зүйл боловч манай деканы хувьд нэлээн хариуцлагатай үйл ажиллагаа болох юм л даа.
Нэг ийм маш сонирхолтой ажил хийх гэж байгаа юм даа. Тэгээд би энэ бүх оюутнуудад хийсэн судалгааны дүгнэлтүүдийн талаар сонсож суухдаа "Өндөр хөгжилтэй оронд ч бас сайжруулах асуудал санаснаас олон байдаг байх нь ээ" гэж бодож суусан юм. Энэ бодол дээр үндэслээд өнөөдөр энэхүү нийтлэлийг бичихээр шийдсэн минь энэ.

Эцэст нь, заавал нэг зүйлийг хэлмээр байна.

"Асуулт тавих нь зөв хариултыг олохын үндэс. Зөв хариулт зөв шийдэлд хүргэж, зөв шийдэл илүү дээр нөхцөл байдал, илүү сайхан амьдрал бий болгох үндэс болдог.
Шалтгааныг олж харж чадвал нөхцөл байдлаа өөрчлөх замыг мөн олж харж чадна. Шалтгааныг олж харах арга зам бол асуулт тавих юм"

Учир шалтгаангүйгээр аливаад шууд үнэмшиж, итгэхээсээ өмнө "яагаад би үүнд итгэх ёстой вэ? энэ яагаад ийм байна? ийм байдлыг юу бий болгож байна? яаж үүнийг бий болгох вэ?" гэж бодож явбал гарцаагүй арга зам олдож, монголын залуучууд яг ингэж бодож чадаж байвал бид гарцаагүй хөгжинө. Энэ бол гарцаагүй хөгжлийн эхлэл. Ердөө л аргачлал, харах өнцөгөө өөрчилж чадвал боломж гарцаагүй байж л байгаа.

Thursday, April 07, 2011

My 25

Маргааш би 25 нас хүрнэ. Бага байхдаа 25 настай хүн гэхээр л их том болсон хүн гэж боддог байжээ. Тэгсэн 25 нас хүрээд өөрийгөө харахад нэг их ч том хүн шиг санагдахгүй л байна. Бүх хүмүүс магад тэгдэг байх л даа. Бидний хүрээгүй байгаа бүхэн биднээс хамаагүй хол, хүрэхэд хэцүү мэт санагддаг байх. Амжилт ч тэр, нас ч тэр. Хараахан хүрээгүй байгаа нас илүү ахмад том мэт, эсвэл хөгшин мэт санагдаж, хүрээгүй байгаа амжилтанд хүрсэн хүнийг хараад би энэ амжилтанд хүрч чадахгүй дээ гэж. Эсвэл би одоо энийг сураад ч яах вэ. Хэзээ хэрэглэнэ гэж сурна гэж боддог. Тэгтэл цаг хугацаа явсаар л нэг л мэдэхэд биднээс алс хол байсан зүйл ойртож ирэх үед "тэр үед би үүнийг хийж байх минь яалаа, хэрвээ тэгсэн бол" гэж харамсан боддог.
Аль эсвэл хэзээ ч хийхгүй гэж өөртөө амлаж байсан зүйлээ хийчихсэн л байдаг.
Зүгээр л нэг зуршил болчихож. Шинэ он гарахаар, эсвэл нэг нас нэмэхээр энэ хүртэл юу хийж, ямар замаар яваа вэ би гэж эргэж хардаг зуршилтай болчихож. Өнөөдөр миний 24 настай байгаа сүүлийн өдөр. 25 нас тун өвөрмөц нас. Учир нь хүүхдийн гэнэн зангаа хаяагүй орь залуу нас 25 насаар дуусч, оронд нь илүү томоожсон залуу нас ирдэг болохоор тэр.

Надад 18 нас тийм ч онцгой нас шиг санагддагүй. 18 наснаас илүү 17 нас илүү сэтгэл татам санагддаг болохоор тэр. 17 нас бол хууль ёсоор насанд хүрээгүй нас. Тэр ч утгаараа сэтгэл татам.

Миний хувьд 18 наснаас 19 нас илүү өвөрмөц нас байсан. Урьд тэгтлээ Бурхан шүтээд сүйд болдоггүй, бараг л шүтлэггүй байсан хирнээ 19 нас хүрээд гэнэт Бурханы шашныг маш хүчтэй сонирхож, аажимдаа тэр нь итгэл үнэмшил болж хувирсан даа. Учир нь тэр үеэс би хүмүүст атаархаж, аливаад тэгтлээ шунаж, бухамдаж эсвэл ямар нэг зүйлийг хэт эмзэгээр хүлээж авах нь багассан. Нэг ёсондоо neutral хүн болоод л хувирчихсан. Зарчмын хувьд өсвөр нас дууссан юм болов уу даа. ;) Нэг талаасаа энэ нь хүн шашингүй үзэлтэй байсан ч түүнтэй дүйцэх итгэл үнэмшилтэй байх ёстой юм байна гэдгийг ухааруулсан.
 Бас нөгөө талаас биднийг зовоож байдаг олон зовлонгийн шалтгаан бидний атаа, хорсол, хүсэл шунал, мунхаг байдлаас үүдэж байдаг юм байна гэдгийг ойлгуулсан.

Олон зүйлд шаналахаа больж, хэрэгтэй хэрэггүй зүйлд анхаарлаа хандуулж, бусад хүмүүсийн бодлыг хүчтэй хүлээж авахаа больсноос хойш амьдралыг арай өөр нүдээр харж эхэлсэн дээ.
 Урьд нь амьдрал зүгээр л зовлонгийн хар далай, шудрага бус мэт санагддаг байтал харин тэр үеэс амьдрал үнэндээ агуу том, гайхамшигаар дүүрэн юм байна гэж мэдрэгдэж эхэлсэн дээ.
Сургууль төгсөөд анх ажиллаж эхэлсэн 22 наснаас илүү 23 нас нь өвөрмөц онцгой байлаа. 23 нас хүрээд ажиллаж байхдаа үеийнхнээ хараад, ажиллаж байгаа орчноо хараад "би энд байх ёсгүй юм байна. Би арай өөр газар байх ёстой хүн юм шиг байна" гэсэн мэдрэмж төрсөн. Тэгээд өөрийнхөө байх ёстой газрыг хайж эхэлсэн. Энэ үед маш олон ажил хийсэн ч аль ч сэтгэлд хүрсэнгүй. Нөгөө талаас олигтой ажил ч олдохгүй л байв. Гаднаас нь харахад азгүйтэлтэй ч төстэй юм шиг харагдах энэ нөхцөл байдал үнэндээ намайг огт өөр газар руу чиглүүлж байсныг сүүлд нь ойлгосон юм. Энэ хорвоод шалтгаангүй зүйл нэг ч үгүй,  гаднаас нь харахад азгүйтэл мэт харагдах үйл явдал бүхэн мууг зөгнөж байдаггүй байх нь гэж бодогдсон.
Бага зэргийн алдаа, бэрхшээл, азгүйтэл угаас амьдралд байх ёстой зүйл бөгөөд түүнийг хүлээж авч сурах ёстой юм байна гэдгийг 23 нас надад ойлгуулав.
24 нас хүрээд ойлгосон зүйл бол амжилт гэдэг бол олон жилийн хүч хөдөлмөр, уйгагүй оролдлого, хичээл зүтгэл, алдаа, оноо, олон бэрхшээл саадыг даван туулсны үр дүн юм байна гэдгийг ухааруулсан. Хэрвээ хүссэндээ хүрье гэвэл бэрхшээлийг даван туулах стратеги боловсруул. ;) Бэрхшээл үндсэндээ бидний одоохондоо харж чадахгүй байгаа асуудлаас л болж үүсдэг юм шиг санагдсан. Хэрвээ ирээдүйгээс ирж яваа бэрхшээлийг олж хараад түүнийг даван туулах аргаа боловсруулбал бэрхшээл амжилтанд хүрэх нэг гишгүүр л болж хувирдаг юм байна.

Би энд ирээд олон зүйл сурч байноо. Ганц дан эрдэм номноос гадна, хувь хүнийхээ хувьд ч зохион байгуулалтанд орж, урьд нь байгаагүй олон чадварыг хар аяндаа л өөртөө бий болгож байна. Одоо бол ямар нэг асуудал тулгарвал азгүйтвэл дотроо "надад нэг том сургамж, нэгэн том хичээл боллоо" гэж боддог болсон. Одоо бас нэг жижиг асуудал надаас зууралдаад байж байна. Энэ асуудал сайнаар шийдэгдсэн байсан ч муугаар шийдэгдсэн байсан ч надад сургамж болсон энэ үйл явдлын тухай бичнээ. Магадгүй дэндүү гэнэн ч юм шиг тэнэг ч юм шиг алдаа ч гэсэн надад энэ алдаа "аливааг хэтрүүлэн үнэлж болохгүй. хашир зан хэзээд илүүдэхгүй" гэдэг хичээлийг зааж өгөх шив дээ.

Одоо миний сурч авч байгаа нэг том хичээл бол "маш сайн хувийн зохион байгуулалттай бол. цагаа ч, мөнгөө ч зөв зохицуул. Юмыг цаг алдалгүй аль болох түргэн барьж авч бай. Хүчээ зөв хуваарьла. Цаг алдах тусам бэрхшээл улам олноор гарч ирдэг. Айдастай нүүр тулах нь айдсыг ялах цорын ганц арга. Дээр нь спорт эрүүл байхын нэгэн томоохон үндэс гэдгийг ч бас хүлээн зөвшөөрч байна." Энэ бүхэнгүйгээр сурна гэдэг бүтэхгүй нь ээ. Нэг бол ядаргаанд орно. Эсвэл өөрийнхөө жинхэнэ чадвараа бүрэн дүүрэн харуулж, ашиглаж чадахгүй. :(
Тэгээд дээр нь нэмэхэд "Зөв сонголт хамгаас чухал. Зөв шийдвэр, зөв сонголт, сайн бодож боловсруулсан төлөвлөгөө ямар нэг амжилт заавал авчирдаг. Харин зөв сонголт, зөв шийдвэр амьдралын туршид хуримтлуулсан туршлагад дээр үндэслэдэг. Тийм болохоор туршлагатай, мэдлэгтэй хүнээс асууж, тусламж хүсч байх нь хэзээд илүүдэхгүй."

Миний суралцаж хичээл илүү ахимаг насны хүн болгоны хэлэх зүйл ч, "амжилтанд хүрэх дүрэм" гэсэн утга агуулгатай ном бүхэнд бичээстэй байдаг зүйл боловч хамгийн гол нь би одоо энэ бүхнийг өөрийн амьдрал дээрээсээ энэ бүхэн нь зөв зүйл юм байна гэдгийг алхам тутамдаа мэдрээд байгаа юм. Хүссэн хүсээгүй ч нөхцөл байдал аяндаа ийм хичээл заагаад байгаа юм даа.

Миний хорин хэдэн нас надад маш их зүйл сургаж, бас ухааруулж байна даа. Харин энэ бүхнийг үүнээс илүү эрт ухаарч болдоггүй нь харамсалтай. Ингээд бодоход үнэндээ хүн 18 насандаа биш 20 нэлээн гарч байж "том хүн" болж төлөвшдөг бололтой.

"Нас ахилаа гээд хөгширч байна гэж баярлах юмуу" гэж хүмүүс ярьдаг ч тэр хүртэл амьдралдаа туулж өнгөрүүлсэн бүхэн, түүний үнэ цэнэ бүхэн өнгөрч буй цаг хугацааны бидэнд өгсөн бэлэг билээ.

Сайн байна уу, миний 25 нас.

Monday, March 14, 2011

Mein Zimmer

Өчигдөр Германд ирлээ.
Буянт-Ухаа дээрээс гэрийнхэнээсээ салаад явахад бас л эвгүй байсан шүү. Гэхдээ анх явсанаа бодвол айх, санаа зовох зүйл хамаагүй бага болсон байсан. Миний сууж явсан онгоцонд УИХ гишүүн Дэмбэрэл болон түүнийг дагалдаж хэсэг хүмүүс мөн зурагтийнхан явж байсан. Онгоцоор явах бүрд заавал нэг олны танил хүмүүстэй цуг явж таарах юм. 2 сард Монгол руу явах замд хошин шогийн Өнгөт инээд хамтлагийнхан бас явж байж таарсан.
Түүнчлэн анх явахад барьж явсан ачаатай дүйцэхүйц хүнд ачаатай явсныг эс тооцвол сайн явж ирсэн шүү.
Өчигдөр орой Маннхаймаас Хайлбронн орох орон нутгийн гал тэрэгэнд ноён Зүрхэн Уултай тааралдав. Би түрүүн нь энэ хүний тухай бичиж байсан даа. Манай курсын декан, профессор гэж... Гэхдээ энэ семестрээс деканаар өөр хүн ажиллаж эхэлж байгаа. Түүнтэй удахгүй сургууль дээр уулзана.

Харин өнөө өглөө шинэ өрөөндөө нүүж орлоо.  Энэ семестрээс эхэлж дотуур байранд амьдрах юм л даа.  Надад лав таалагдав. Саруулхан, цэвэрхэн, хажуу өрөөний охин ч гайгүй зантай байж магадгүй охин шиг санагдсан. Түүнийг Клаудиа гэдэг. Румынаас ирсэн, ERASMUS-н оюутан солилцоогоор ирсэн, насны хувьд надаас лав 3-4 насаар дүү байж мэдэх, харин өөрөөсөө олон насаар ах найз залуутай. Найз залууг нь би лав 35-40 орчим насны гэж таамаглаж байгаа. Одоохондоо иймэрхүү л мэдээлэлтэй байна даа.

Өрөөгөө цэвэрлэж, юмнуудаа байрлуулсныхаа дараа хэдэн зураг дарсан юм.




Tuesday, February 08, 2011

Оюутан залуустаа өгөх зөвлөгөө - I

Удаан бодсоны эцэст өөрийн 18 жил сургуульд сурсан "туршлагадаа" үндэслэн
  • Сурах арга барилаа тодорхойлох: Ном унших, Шалгалтандаа үр дүнтэй бэлдэх
  • Гадаад хэл сурах
  • Гадаадын их дээд сургуульд болон тэтгэлэгт материал өгөхдөө
    анхаарах зүйлүүдийн талаар бичихээр шийдлээ. Хэдийгээр дунд сургууль, их сургууль гээд нийтдээ 18 жил сурсан хирнээ сүүлийн хэдхэн жилд л бий болгосон, цаашид ч сайжруулсаар байх миний "сурах арга барил"-д түшиглэсэн зөвлөмжөө "урд ургасан чихнээс хожуу ургасан эвэр урт" хэмээж оюутан сурагч дүү нартаа хэрэг болох боловуу гэж цаг гарган нийтэлж байгааг минь хүлээн авна уу. 
    [Бодоод байхад эртхэн сурах арга барилд суралцсан бол илүү сайн суралцах байж дээ гэж бодогдоод байдаг юм. Одоо ч гэсэн ялгаа алга. ;) Бас л суралцсаар л явна даа, хөөрхий.]

    Эхний хэсэг - Сурах арга барилаа тодорхойлох, Ном унших талаар зөвлөмж.

    Тэгэхээр сайн суралцахын тулд мэдэх ёстой эхний зүйл бол өөрийнхөө сурах арга барилыг тодорхойлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл суралцахад бас суралцах хэрэгтэй гэх үү дээ. Хүн сурах арга барил тухайн хүний ой тогтоолт, тухайн хүний онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг шүү дээ. Тухайлбал, зарим хүмүүс ажиглаж суралцдаг, өөрөөр хэлбэл ийм хүмүүс харааны ой тогтоолт сайтай. Зарим ийм хүмүүс унших дуртай. Зарим хүмүүс илүү идэвхтэй үйл ажиллагаанд дуртай. Өөрөөр хэлбэл, ийм хүмүүс өөрийн биеэр туршиж үзэж, дадлага хийснээр илүү сайн сурдаг. Зарим хүмүүс сонсох дуртай. Ийм хүмүүс лекц сонсох, эсвэл уншихаас илүүгээр бусдаар яриулж  илүү сайн ойлгодог хүмүүс байдаг.
    Зарим хүмүүс чимээгүй орчинд ганцаараа сууж  ажилласнаар илүү сайн суралцдаг байхад зарим хүмүүс олуулаа сууж хичээлээ давтахыг илүүд үздэг гэх мэт.

    Сурах арга барилаа тодорхойлохын тулд 1-рт, өөрийнхөө өдрийн аль цагт хамгийн идэвхтэй байдгаа олж мэдэх хэрэгтэй. Зарим хүмүүс өглөөгүүр илүү идэвхтэй, үр дүнтэй ажилладаг байхад нөгөө хэсэг нь оройн цагаар илүү үр дүнтэй ажилладаг. Гэхдээ ихэнх дундаж хүмүүс өглөө 9-12 цаг болон 14-18 цаг хүртэл хамгийн үр дүнтэй ажилладаг. Миний туршлагаас харахад өглөөгүүр унших, цээжлэх хичээлээ хийж, үдээс хойш илүү тархи ажиллах шаардлагатай (Математик гэх мэт.) ажлуудаа хийвэл үр дүнтэй. Ялангуяа унших хичээлээ өглөөгүүр 7 цагаас 8 цагийн хооронд уншвал хамгийн сайн. Өглөө 6 цагийн үед босоод усанд орж нойроо сэргээгээд цайгаа уучихаад тэгээд хичээлээ уншвал маш сайн. Учир нь 7 цаг гэхэд нойр чинь аль хэдийн сэргэчихсэн байх учир тэр үеэр уншсан зүйл чинь маш сайхан ойлгогдож тогтоогдоно гэдэгт эргэлзэх хэрэггүй.
    2-рт, дээр дурьдсанчлан өөрийн суралцах онцлогт тохирсон сурах арга барилаа тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал, ном, нийтлэл унших, тэмдэглэл хийх, шалгалтанд бэлдэх гэх зэрэг.

    Магадгүй ном унших сурах арга барилд ямар хамаатай юм бэ гэж бодож байж болох юм. Гэхдээ энэ нь маш их хамаатай. Ямар төрлийн мэргэжлээр сурч байгаагаас үл хамааран хэн бүхэнд энд тэндээс нэмэлт материал хайх, уншиж ойлгох, судлах шаардлага байнга л гарч ирж байдаг. Дор хаяж зөвхөн өөрийн хувийн хэрэгцээндээ, сонирхлоороо ямар нэг сэдвийг бие дааж суралцахаар боллоо ч гэсэн өөртөө тохирсон ном материалаа хайж олно гэдэг бас тийм ч амар ажил биш. Зөвхөн гарчигийг нь хараад л ном авчихаж болохгүй!!!
    Би 3 курсийн оюутан байхдаа нэг удаа зөвхөн гарчигийг нь хараад л нэг ном авчихаж байсан юм. Тэгээд л нөгөө номоо судалж эхлээд л маш том алдаа хийснээ ойлгож байж билээ. Тэгэхээр ямарваа нэг ном, сурах бичгээ сонгохдоо дор хаяж бүлэг сэдвүүдийнх нь гарчигийг эхлээд нэг гүйлгээд харах хэрэгтэй. Тэрэн дотор чиний сонирхож байгаа сэдэв байгаа эсэхийг хар. Хэрвээ яг тодорхой нэг сэдвийг хайж байгаа бол тэр хэсгийг агуулсан бүлгийг нэг гүйлгээд хар. Номын тойм болон дүгнэлт гэсэн хэсгүүдийг уншиж үз. Мөн хамгийн эхний бүлгийг унш. Ихэнхдээ номын эхний бүлэгт тухайн номонд орсон сэдвүүд болон ерөнхий агуулгынх нь тухай бичсэн байдаг. Эхний бүлгийг нь гүйлгэж хараад л нэг  ойлгомжтой, тодорхой биш, эмх цэгцгүй байвал тэр номыг сонгон унших хэрэггүй гэж зөвлөх байна. Яг өөрт чинь хэрэгтэй байгаа мэдээллийг өгч чадах номыг олж автал эрлээ зогсоох хэрэггүй. ;) Ялангуяа өөрийн чинь нэг их сайн мэдэхгүй сэдэв байх тусам эрлээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, аливааг анхлан суралцахад анхны сэтгэгдэл, ойлголт ямагт хамгийн чухал байдаг болохоор тэр. Анх барьж авсан ном чинь л хэрэгтэй мэдээллийг өгч чадахгүй бол хамаг суралцах хүсэл, эрмэлзлийг чинь унтрааж, харин сайн ном тухайн сэдвээр улам их зүйл мэдэх хүсэл эрмэлзлийг төрүүлж байдаг юм.

    Хэрвээ тухайн сэдвээрээ өөр олон номноос судалгаа хийх бол гол чиг болгох номоо сайн судлаад харин бусад номноос зөвхөн тухайн номон дээр байхгүй хэсгийг л уншиж, тэмдэглэхэд хангалттай.

    Тэгэхээр номоо сонгосон бол одоо уншина даа. Гэхдээ уншихад бас их учир бий. Уншихаасаа өмнө аль хэсгийг илүү анхаарч унших, аль хэсгийг уншихгүй байх, эсвэл гүйлгэж уншихаа тодорхойлох хэрэгтэй. Тэгээд аль болох хурдан унших хэрэгтэй. Олон хоног сунжруулах хэрэггүй. Удах тусам уйдаж, уншсан өмнөх хэсгүүдээ мартаж эхэлнэ. Үүнээс болж уншсан хэсгүүдээ дахин дахин унших шаардлага гарна.
    Мөн аль болох уншсан хэсгүүдээ олон дахин уншихгүй байхыг хичээх хэрэгтэй. Үүний тулд тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Мөн номын гол хэрэгтэй гэсэн хэсгүүдээ тодруулж тэмдэглэж байвал их зүгээр байдаг юм. Гэхдээ номын сангийн номон дээр зураад байхгүйн тулд наалддаг цааснууд ашиглах хэрэгтэй. Номоо буцааж өгөхдөө хуулаад авчихна биз. ;)

    Тэмдэглэл хөтлөх талаар хэдэн зөвлөмж өгье. Тэмдэглэл хөтлөхдөө номон дээр байгаа өгүүлбэрүүдийг тэр чигт нь хуулж бичих хэрэггүй. Тэгж бичсэний оронд зүгээр л канондчихсон нь дээр. Эсвэл канондоод хэрэгтэй хэсгүүдийг хайчилж аваад дэвтэртээ нааж болох юм. Тэмдэглэл аль болох товч бөгөөд өөрт чинь ойлгомжтой байх хэрэгтэй. 
    Жишээ нь, би нэг бүлэг сэдвийн тэмдэглэл хийхэд дэвтрийн 1 нүүр болдог. Ерөнхийдөө 1 хуудаснаас хэтэрдэггүй. Тэмдэглэлдээ чухал нэр томъёо болон, тэдгээрийн тодорхойлолтууд болон гол утга санааг тэмдэглэж авахаас гадна тэдгээрийн байрлаж байгаа хуудасны дугаар болон бүлэг сэдвийн нэр зэргийг тэмдэглэж авдаг. Мөн бүлэг сэдэв, дэд сэдэв зэргийн нэрийг бичихдээ догол мөр үлдээж бичдэг бөгөөд дараа нь тэмдэглэлээ уншихад аль сэдэв нь ерөнхий аль нь дэд сэдэв, аль ухагдахуун хаана "харъяалагдаж" байгааг төвөггүй харж болдог юм.

    Дараагийн нийтлэлд шалгалтандаа үр дүнтэй бэлдэх талаар зөвлөмж.

    Saturday, January 29, 2011

    Энэ семестрийн анхны дүн, шинэ туршлага

    Маш завгүй олон өдрийг өнгөрөөвөө би. Гэрээ ч цэвэрлэх, заримдаа бүр дэлгүүр ч орж идэх уух юмаа цуглуулах завгүй, өдөрт бараг дунджаар 10 цаг компьютерийн дэлгэц ширтэж суусаар 4 сар болсон байна. Одоо л нэг хичээл дуусаж, шалгалтууд эхэлнэ дээ. Шалгалт ч гэж уул нь 2 л шалгалт байгаа юм л даа. Гэхдээ л бас л бараг л багаар бодоход 10 хоног ном шагайж байж л өгөх чанга 2 шалгалт бий. Нэг нь бичгээр өгнө. Миний англи хэл сайн биш болохоор бичих гэж алж өгнөө, одоо яанаа. Хэхэ :-P
    Нөгөө шалгалт нь нэг баахан алгоритм, анализ энэ тэр хийх маягийн шалгалт шиг байгаа юм. Харамсалтай нь зөвхөн энэ шалгалтын дүнгээр л дүнг тооцох тул бас л хэцүү. Ноднингийн магиструуд бараг ангиараа унасан гэж байгаа.
    Гэхдээ миний санаанд бол багтаад л байгаа юм даа. Гол нь цаг нь дэндүү бага юм шиг санагдсан. 80 мин.
    Дараагийн Мягмар гаригт нэг хичээлийнхээ documentation-г өгчихвөл үндсэндээ ингээд даалгаврын цуваа энэ семестрийн хувьд дуусч байгаа юм даа.

    За хөө, одоо гол яриандаа орноо. Өнөөдөр энэ семестрийн хувьд анхны дүнг сонслоо. Манай декан бидэнд 2 хичээл ордог юм л даа. Аягүй шаардлага өндөртэй, хүн хүн гэсэн дуутай өндөр профессор байдаг юм. Нас нь нь тийм ч хөгшин биш байхаа. 40 гаран юмуу эсвэл 50 л дөнгөж гарч байгаа байх. Шаардлага өндөртэй, шахалт ихтэйг нь эс тооцвол надад анх хараад л таалагдсан л даа. Гэхдээ мэдээж хүнийхээ хувьд шүү дээ. Хараажаар их ухаалаг, мэргэжилдээ чадварлаг хүн шиг санагдсан. Нэг тийм өвөрмөц сэтгэхүйтэй. Гэвч бидэнд 2 дахь бие даалт даалгаврыг өгсөн цагаас л бүх асуудал эхэлсэн дээ. (Эхнийх нь програм бичих даалгавар байсан болохоор гайгүй.)Бидэнд өгсөн даалгаврын учрыг олох гэж би лав нийтдээ бараг сар гаран хугацаа зарцуулсан. Чухамдаа яг юу хий гэснийг нь ойлгох гэж шүү дээ. Манай ангийн герман оюутнууд нэг сонсоод л юу хий гэснийг нь ойлгоод дараа 7 хоногт нь хийгээд л ирсэн. Харин мань мэтийн өөр орноос ирсэн нөхдүүд ерөөсөө ойлгодоггүй. Уул шугамандаа биднийг нэг програмыг судлаад, тэрэндээ анализ хийгээд ямар нэг output гарга гэсэн байхгүй юу. Тэр output нь чухам юу ч байж болно гэж байгаа юм. Тэгээд л мань мэтийн толгой эргэчихсэн. Тэгээд тэр анализаа хэрхэн хийх, хэр их хугацаа зарцуулах болон ямар output гаргах талаар төлөвлөгөө бич гэсэн байхгүй юу. Нэг ёсондоо өөрөө өөртөө даалгавар өгнө гэсэн үг л дээ. Харин би бол байнга яг бэлэн байгаа савнаас хоол идээд сурчихсан хүн юу хий гээд байгааг нь ойлгох гэж их зүдэрсэн дээ. Тэгээд л нэг юм бичээд өгөхөөр ямар fluffy юм бээ энэ тэр гээд дахиж хий гээд би төлөвлөгөөгөө л гэхэд 3 удаа бичсэн гээд бод доо. Тэгээд дараа нь гол анализ хийх ажилдаа ороод тэгээд репорт бичээд өгсөн бас л "энэ чинь хүн уншиж ойлгохооргүй юм байна" дахиж хий гээд лав л 2 дахиж бичсэн юм даг. Тэгээд ч сэтгэлд хүрээгүй гэдгийг гадарласан л даа.
    Харин 2 дахь даалгаврыг үзүүлсэний дараа багш манай ангийн бүх оюутнуудад feedback өгсөн. Чухамдаа 2 дахь даалгаврыг хэр гүйцэтгэсэн болон цаашдаа ямар дүн авах боломжтой талаар л хэлсэн юм л даа. Тэгэхэд надад "би чиний ажлыг дүгнээд ерөнхийдөө acceptable гэсэн дүн тавих боломжтой юм байна гэж үзлээ." гэж хэлсэн дээ. Энэ нь яг ямар дүн болохыг яг сайн мэдэхгүй л байна. Миний мэдэж байгаагаар standard-д хүрсэн дундажид 3.0 (satisfactory), тэнцэх боломжтой хамгийн бага оноо нь 4.0 (sufficient). Тэгэхээр энэ хавьцаа л дүн тавих байсан юм боловуу даа.
    Харин манай ангийн өөр нэг охиныг бол "чи энэ удаад тэнцэх боломжгүй болохоор өөрийн хүсэлтээр гарах, эсвэл үргэлжлүүлээд сурсан байлаа гэхэд гарцаагүй унах болохоор сайн бодоод шийдээ гарга" гэж хэлсэн гэж. Тэгээд тэр охин дараа жил дахиж судлахаар болсон. Чухамхүү би ямар ч л байсан унахгүй ч гэсэн нэг их сайн дүн авахгүй юм байна даа гэж дүгнэсэн дээ.

    Тэгээд би аргаа өөрчлөхөөр шийдсэн дээ. Багш чухам яг юу шаардаад байгааг олж мэдэхээр шийдсэн гэхүү дээ. Тэгээд миний огт ойлгохгүй байгаад байгаа тэр сэдэв чухам юу болохыг олж мэдэхээр нэт ухаж надад тохирох номыг хайж эхэлвээ. Сургуулийн номын сангаар ч шагайж байгаа бүх номыг эргүүлж тойруулж үзлээ. Нэг л хол харагдаад, ойлгогдох янзгүй болохоор нь ерөөсөө л өөрөө ном худалдаж авъя гэж шийдлээ. Тэгээд Software Architecture гэсэн гарчигтай, агуулгатай номыг нэтээр нэг хайж, хүмүүсийн бичсэн номын талаарх сэтгэгдлийг уншиж үзсэний эцэст нэг номыг онцлон сонголоо. Нөгөө номоо номын дэлгүүрээс худалдаж авах гэсэн боловч 42 евроны үнэтэй тэгээд англиас захиалж авчрах болохоор 3 долоо хоногийн дараа ирнэ гэсэн хариу сонсоод, бас номын худалдагчийн зөвлөснөөр интернэтээр худалдаж авахаар шийдлээ. Тэгээд анх удаа интернэтээр ном худалдаж авлаа даа. Чухамдаа бол миний анхны англи хэл дээр бичигдсэн, мэргэжлийн бас интернэтээр худалдаж авсан ном болсон юм. Номоо авсан өдрөө ямар их баярласан гээч. Бараг л шүлсдэх нь л холгүй байсан гээд бод доо. Бэлэг авсан жаахан хүүхэд л шиг л хөөрсөн гэж. Хэхэ. Ном хараад тэгж баярлаж байх гэж. Amazon-д үнэхээр талархаж байгаа шүү. Хурдан шуурхай, найдвартай, бас дэлгүүрийн үнэтэй харьцуулбал хямд үнэтэй бараа авах боломжтой. Үнэхээр тун аятайхан эд байна лээ дээ.
    Тэгж байтал багш бүх оюутныг 1 сэдвээр илтгэл тавь гэсэн даалгавар өгөв. Сэдвээ өөрөө сонгож болно, эсвэл багш өөрөө санал болгож болно гэсэн. Ямар нэг програмд анализ хийж болно, эсвэл ямар нэг ном уншаад тэрнийхээ талаар илтгэл тавьж болно гэсэн. Тэгээд би бодож байгаад эхлээд номоо уншаад, ерөнхий ойлголт аваад, тэрэн дээрээ түшиглээд програмд анализ хийе гэсэн л дээ. Харин багш "хэрвээ тэгж хийвэл дэндүү их цаг орох болохоор зүгээр л номныхоо тухай ярьсан нь зүгээр" гэсэн. Тэгээд л нөгөө номоо уншиж алдсан даа. Харин миний сонголт үнэхээр зөв болж миний сонгосон ном үнэхээр эмх цэгцтэйгээс гадна яг л надад дутаад байсан тэр ойлгогдохгүй байгаад байсан зүйлийг ойлгуулж өгөх нь тэр. Гэхдээ энэ номыг үнэхээр төгс гэж хэлж чадахгүй ч тэндээс надад хэрэгтэй байсан гол мэдээллээ олж авсан юм.
    Тэгээд илтгэлээ бэлдэхдээ нэг шинэ стратеги туршиж үзэхээр шийдэв. Яагаад гэвэл уг ном маань 1-т дэндүү зузаан, бас дэндүү олон нэр томъёо, ухагдахуун багтаасан бөгөөд тэр олон нэр томъёог нь хасчихъя гэхээр номын үндсэн агуулга алга болчих гээд байсан болохоор л нэг санаа бодож олсон юм. Илтгэлийг сонсох хүмүүс тэр олон нэр томъёон дунд төөрөхгүй байх, миний өгөх гэсэн санааг яг миний ойлгож авсан шиг цэгцтэй, эмх дараатай, уялдаа холбоотой байлгахын тулд эхний хуудаснаас нь эхлүүлээд л санаагаа нэг нэгээр нь холбож, гол үндсэн ухагдахуунуудыг бүгдийг багтаасан диаграмм зураад, тэдгээр нь хоорондоо хэрхэн холбогдож байгааг диаграммдаа харуулаад, нэг нэгээр нь тайлбарлаж эхэлсэн дээ. Нэг сэдэв ярьж дуусаад нөгөө диаграммдаа буцаж очоод дараагийн ухагдахууныг тайлбарлах гэх мэтээр л үргэлжилнэ. Үүний үр дүнд тус номны үндсэн гол ухагдахуунууд зүгээр л нэг тодорхойлолт текст төдий биш бүхэл бүтэн хоорондоо уялдсан цогц мэдлэг болж очих л миний гол зорилт байв.
    Үр дүн нь ямар байсан гэж бодож байна? Үнэндээ миний хүлээж байсан үр дүнг би олж хараагүй л дээ. Ердийн үед бол багш бол илтгэл тавьж байгаа хүмүүсийн яриаг таслаад дундуур нь орж нэмэлт тайлбар тавиад бас асуулт асуугаад байдаг юм л даа. Харин намайг ярих үед миний яриаг огт таслахгүй л байгаад байсан. Би бараг гайхаж эхэлж байтал надаас 2 асуулт л асуусан. Гэхдээ би ядах юмгүй хариулсан л даа. Би тэр номыг эхнээс нь дуустал нь уншсан юм чинь. Үнэндээ анх удаа л мэргэжлийн ийм зузаан том номыг эхнээс нь дуустал уншиж үзэж байна.
    Гэхдээ төгсгөлд нь багш 2 зүйл дээр тайлбар хийсэн л дээ. Тэгээд намайг 1 сэдвийг дутуу ярилаа гэж хэлсэн. Би тэр сэдвийг орхих ёсгүйгээ мэдэж байсан ч цаг бага байсан болохоор slide-ндаа оруулж амжаагүй юм. Би уул нь их хичээж бэлдсэн байсан юмсан. Даанч нэг ч хүн надад урмын үг хэлээгүй болохоор нь жаахан сэтгэлээр унасан. :(

    Харин өнөөдөр тус хичээлийн хамгийн сүүлийн өдөр болж багш биднээс хичээл ямархуу байсан талаар асуугаад сайжруулахад юу хэрэгтэй талаар бидний саналыг асуусан юм. Бас cultural issue-н талаар ч ярьсан. Яагаад герман биш оюутнууд хичээлийн эхний өдрүүдэд тааруухан байсан талаар асууж ярилцсан. Дараа нь бидэнд нэг нэгээр бидний дүнг танилцуулсан юм.

    Тэгээд намайг хамгийн сүүлд дуудаад миний дүнг хэлэхдээ бас нэг тайлбар хийсэн юм. Багшийн өөрийнх нь хэлснээр бол "I was really impressed. You are talented. When I saw your presentation, I thought "hey, she is talented. Somebody is gradually achieved from so far down there to that high. You really good prepared, read the whole book and really understood.. I also learned a big lesson from you. " тэгээд л надад тавих гэж байсан дүнгээ өөрчлөөд сайн болгосон байлаа. Би ч их баярласан шүү. Миний хичээл, зүтгэл үр дүнгээ өгсөн байлаа. Бас багш намайг энэ эрчээрээ дараа дараагийнхаа семестрт амжилттай сураарай гэсэн. Нэгэн сайхан урамтай мөртлөө бас л завгүй өдөр.

    Нэг сайхан цагаа зохицуулаад хичээлд ингэж дарагдахаа байчихвал ядаж энэ амьдарч байгаа хотоо нэг бүтэн тойрчих юмсан даа. Гэхдээ ирэх семестрт хэрвээ би төлөвлөвсөн ажлуудаа хийгээд эхэлбэл бас л завгүй болно доо.